Орчуулга /шуудангийн үйлчилгээ/

2023-03-24


Тус ЭСЯ-ны Консулын хэлтэст дараах төрлийн орчуулгыг хийнэ. Үүнд:

1. Төрсний гэрчилгээ, холбогдох лавлагаа

2. Гэрлэлтийн гэрчилгээ, холбогдох лавлагаа

3. Нас барсны гэрчилгээ, холбогдох лавлагаа

4. Улсын бүртгэлийн лавлагаанууд, төрөл садангийн лавлагаа

5. Жолооны үнэмлэх /Төлбөр 775 иен, лавлагаа орчуулахгүй зөвхөн үнэмлэх орчуулна/ зэрэг бичиг баримтын баталгаат орчуулга хийнэ. 

*Бусад төрлийн орчуулга болон их дээд, дунд сургуулийн гэрчилгээ диплом зэргийг орчуулгын товчоогоор орчуулуулж, эх хувийн хамт ЭСЯ-нд "Орчуулгын баталгаажуулалт" хийлгэх боломжтой. Хувь хүн өөрөө орчуулгаа хийсэн бол орчуулга нь үнэн зөв, алдаагүй байх шаардлагатай.  

 Орчуулга хийлгэхэд шаардагдах материал: 

1. Тухайн бичиг баримтын эх хувь эсвэл нотариатаар батлуулсан хуулбар 
2. Төлбөр төлсөн баримт 1 хуудас орчуулга 775 иен, /орчуулга болон орчуулгын баталгаажуулалт хийх төлбөр адилхан/ 

Шуудангийн үйлчилгээ

3. Материалаа шуудангаар явуулж буй тохиолдолд нэмэлтээр Буцаах дугтуй  /хаягаа бүрэн гүйцэт бичсэн, холбогдох утас, хүлээж авах хүний нэр, шуудангийн 7 оронтой тоо  бичсэн баталгаат шуудангийн дугтуй  улаан レターパック プラス(赤),  цэнхэр ライト(青)эсвэл шуудангийн марк гүйцэт наасан шинэ дугтуй /書留/ -г материалтайгаа хамт ирүүлэх. 

 

Шуудангийн хугацаа

- ЭСЯ шуудангаар ирсэн орчуулгыг хүлээн авсан ажлын өдрөөс 1-2 өдрийн дотор хийж таны ирүүлсэн буцаах дугтуйнд хийж шууданд өгдөг. 

- Шуудан хэд хонож ЭСЯ-нд ирэх болон буцах хоёр талын зам хоногийг шуудангаасаа тодруулах, ЭСЯ-нд 1-2 өдөр болоод буцаж гардаг.  Хагас бүтэнсайнд шуудан ажиллахгүй.

- Доорх шуудангийн дугтуй нь зөвхөн нэг талын төлбөр төлөгдсөн дугтуй тул буцаах шинэ дугтуй хамт ирүүлнэ үү.  

 

 

 

 

Шуудангийн үйлчилгээ авч буй иргэдийн анхааралд,

2024 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс Ниппон юүбин ХК(日本郵便株式会社) нь дотоодын шуудан үйлчилгээний төлбөрөө нэмсэн. Тус Элчин сайдын яамны Консулын хэлтэст иргэдээс ирүүлэх буцах шуудан хэмжээнээсээ хамааран хамгийн багадаа 110 иен, мөн баталгаат шуудангийн төлбөр 430 иен болж тус тус нэмэгдсэн. Сүүлийн үед иргэдээс ирсэн буцах дугтуй дээрх марк шуудангийн төлбөрт хүрэхгүй байх тохиолдол олон удаа давтагдаж байгаа тул шуудангийн төлбөрөө бүрэн төлнө үү.

Мөн буцах шуудангийн дугтуйнд шуудангийн дугаар, гэрийн хаяг, утасны дугаараа бүрэн оруулж ирүүлэхийг хүсье.

 

ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia
Bank name: Mitsubishi UFJ /MUFG/
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589 /Touza/
Account holder: Embassy of Mongolia

 

ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
駐日モンゴル国大使館の口座番号
銀行: 三菱UFJ銀行
支店名: 渋谷明治通り
支店番号: 470
口座番号: 0458589 /当座/
口座名義: Embassy of Mongolia

 

Embassy of Mongolia /хаяг/:
21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047
Tel:      03-3469-2088
Fax:     03-3469-2216
E-mail:  [email protected]
Web:     http://tokyo.embassy.mn

 

 

  Япон Улсад шинээр жолооны үнэмлэх авах хүсэлтэй иргэдийн анхааралд


- Японы Замын Цагдаагийн газарт японы жолооны үнэмлэх авахаар хүсэлт гаргаж буй иргэн нь үнэмлэх авсанаас хойш 3-аас доошгүй сарын хугацаатай автомашин жолоодсон туршлагатай байхыг шаарддаг.

- Мөн аливаа төрлийн хуурамч бичиг баримтыг хүлээн авахгүй ба үнэмлэх эзэмшигч нь жолооны үнэмлэхээ авах үедээ Монгол улсад оршин сууж байсан байх хатуу шаардлага тавьдаг болохыг анхаарна уу.

- Японы зарим муж, дүүргийн Замын цагдаагийн газар Монгол Улсын жолооны үнэмлэхний талаар дэлгэрэнгүй лавлагаа шаарддаг болно. Энэхүү лавлагааг Монгол Улсын Замын цагдаагийн газраас авч болно. 

- Бусад бүрдүүлэх материалыг тухайн шалгалт өгөх гэж буй дүүргийн "Жолооны төв"-өөс тодруулна уу. 

 

Олон улсын жолооны үнэмлэхтэй иргэдийн анхааралд

Монгол Улсын жолооны үнэмлэх болон манай улсад олгогдож буй ОУ-ын жолооны үнэмлэхээр Япон улсад авто тээврийн хэрэгсэл жолоодох боломжгүй болохыг иргэд анхаарна уу.
Учир нь манай улс 1968 оны “Замын хөдөлгөөний тухай Веннийн Конвенц”-д 1997 онд нэгдэн орсон бөгөөд Япон улс нь зөвхөн 1949 оны “Замын хөдөлгөөний тухай Женевийн Конвенц”-д нэгдсэн улсын, гагцхүү тус конвенцид заагдсан шаардлага, стандартын дагуу хэвлэгдсэн жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрч, өөрийн нутагт хүчин төгөлдөрт тооцдог ажээ.
Иймд та бүхэн манай улсад олгогдож буй Олон Улсын жолооны үнэмлэхийг ашиглахдаа анхаарал болгоомжтой байж, дээр дурьдагдсан нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
https://www.keishicho.metro.tokyo.jp/multilingual/english/traffic_safety/drivers_licenses/index.html
http://www.traffic-institute.mn сайтуудаас тус тус авах боломжтой.