ЯПОН УЛСЫН ГЭНЭТИЙН АЮУЛЫН ДОХИОЛЛЫН СИСТЕМ J-ALERT-ЫН ТУХАЙ
2023-05-31
2023.05.31
Сүүлийн үед газар хөдлөлт болон Умард Солонгосын пуужингийн аюулаас сэрэмжлүүлж, гар утас болон телевизээр аюул дохиоллын J-Alert систем идэвхжсэн тохиолдол хэд хэдэн удаа гарав. Үүнтэй холбогдуулан энэ системийн тухай мэдээ бэлтгэн оруулж байна.
J-Alert нь 2007 оноос Япон Улсад үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн гэнэтийн аюулаас сэрэмжлүүлэх дохиоллын систем бөгөөд байгалийн гамшиг, террорист аюул занал зэрэг онцгой байдал үүссэн үед мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд түргэн шуурхай хүргэх тогтолцоо юм. Энэхүү аюулын дохиог гар утас, телевиз, радио гэх мэт янз бүрийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан шууд хэлбэрээр өгч байна. Дохиоллын үндсэн зорилго нь олон нийтийн аюулгүй байдлыг хангах, онцгой байдлын үед цаг алдалгүй зохих арга хэмжээг авахад нь туслах явдал юм.
Онцгой байдал үүссэн үед оршин суугчдыг цаг алдалгүй, зөв газар руу түргэн шуурхай нүүлгэн шилжүүлэхийн тулд бодит мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүргэх нь чухал байдаг. Иймд J-ALERT системээр баллистик пуужингийн довтолгоо, газар хөдлөлт, цунами, цаг агаарын онц ноцтой сэрэмжлүүлэх мэдээг сансрын хиймэл дагуул, цахилгаан холбооны шугамаар дамжуулан орон даяар муж, хот, сум, дүүргийн захиргаанд хүргэж, орон нутгийн засаг захиргаа нь цааш нь богино долгион зэргийг ашиглан автоматаар оршин суугчдад шуурхай мэдээг хүргэдэг.
Баллистик пуужингийн довтолгоо зэрэг иргэний хамгаалалттай холбоотой мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар эрхлэн гаргадаг бол газар хөдлөлт, цунами, цаг агаарын онцгой байдлын мэдээллийг Япон Улсын Цаг уурын агентлаг эрхлэн гаргадаг.
Гамшгийн мэдээлэл хариуцсан байгууллага болон хүлээн авч болох мэдээллийн талаар доорх холбоосоор орж харна уу.
https://tokyo.embassy.mn/page/642
Мөн J-ALERT системийн тухай мэдээллийг доорх холбоосоор орж харж болно.
The Fire and Disaster Management Agency
https://www.fdma.go.jp/about/organization/post-18.html /Япон хэл дээр/
https://www.fdma.go.jp/en/post1.html /Англи хэл дээр/
Иргэдийг хамгаалах портал сайт /Япон хэл дээр/
https://www.kokuminhogo.go.jp/kokuminaction/jalert.html
Civil Protevtion Portal Site /Англи хэл дээр/
https://www.kokuminhogo.go.jp/en/pc-index_e.html
Орон нутгийн засаг захиргаа өөрийн шугамаар мэдээлэл дамжуулахаас гадна Засгийн газраас үүрэн телефоны компаниудтай байгуулсан гэрээний дагуу J-ALERT-ын дохиоллын мэдээллийг гар утас хэрэглэгчдэд цахим шуудан хэлбэрээр (орон нутгийн мэйл /яаралтай мэдээний мэйл) дамжуулдаг.
J-Alert-ын мэдээлэл нь хариу үйлдэл хийх цаг бараг байхгүй нөхцөлд ашиглагддаг. Энэ үүднээс мэдээллийн боловсруулж, дохиолол болгон илгээх хугацааг богиносгох үүднээс 2019 оноос шинэ хүлээн авагч систем нэвтрүүлжээ.
Умард Солонгосын туршилт хийж буюу довтолгоо хийж харвасан пуужин нь Япон Улсын нутаг дэвсгэрт унах магадлал үүсвэл Засгийн газар "J-Alert"-ыг ашиглан гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай дуут дохио, мессеж илгээж, яаралтай цахим шуудан илгээдэг.
[Жишээ] Нэн даруй нүүн шилж. Нэн даруй нүүн шилж. Барилга дотор аль эсвэл газар доор нэн даруй ор. Пуужин ●● мужийн ойролцоо ●● цаг, минут орчимд унах төлөвтэй байна. Яаралтай нүүн шилжинэ үү.
Хэрэв танд J-Alert-ын мэдээлэл мессеж ирсэн бол тайван байж, дор дурдсан яаралтай арга хэмжээг аваарай. Үүнд:
Баллистик пуужин харвасан сэрэмжлүүлэг хүлээн авсан үед:
Гэртээ байгаа бол: Цонхноос аль болох хол байх, цонхгүй өрөөнд шилжих
Гадаа байгаа бол: Ойролцоох барилга эсвэл газар доорх хоргодох байгууламж руу орох, барилга байхгүй бол ямар нэг зүйлийн ард нуугдаж эсвэл газар хэвтээд толгойгоо хаах.
Ойролцоо пуужин унасан бол:
Гадаа байгаа бол: Ам, хамраа алчуураар боож, тэр хавиас даруй холдож, сайтар битүүмжилсэн өрөө аль эсвэл салхины эсрэг нүүн шилжих.
Газар хөдлөлтийн сэрэмжлүүлэг хүлээн авсан үед:
Гэртээ байгаа бол: Толгойгоо хамгаалж, бат бөх ширээн дор орох гэх мэтээр аюулгүй газар хоргодох.
Гадаа байгаа бол: Шил, хана, дээрээс юм нурж унах магадлалтай газраас холдох.
Цунамигийн сэрэмжлүүлэг хүлээн авсан үед:
Дотор байгаа бол: Илүү өндөр давхар руу шилжих
Гадаа байгаа бол: Илүү өндөр газарт шилжин байрлах
ЭСЯ, Консулын хэлтэс