ХҮЧТЭЙ ХАР САЛХИ ТАЙФҮ NO 7 -ГИЙН ТУХАЙ СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

2023-08-14


Кий хойгт газардах гэж буй тайфу хар шуурганаас болж үүсэх хүчтэй салхи, ширүүн борооны аюулын талаар цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ гарч байна. Үүнд: Хүчтэй ангиллын 7 дугаар тайфу хар салхи 8 дугаар сарын 15-ны өдрийн мягмар гараг гэхэд Кий хойгт газардаж, Кинки бүс нутаг, Хокурику бүс нутгийг хөндлөн туулж гарах төлөвтэй байна. Токаи болон Кинки бүс нутгуудаар маш хүчтэй салхи салхилж, ширүүн бороо орох аюултай. Шикокү, Канто-Коошин, Хокүрикү бүс нутгуудаар бороо, салхи мөн ширүүсэх болно. Бүс нутаг тус бүрээр хүчтэй салхи, ширүүн борооноос сэрэмжлэх ёстой цаг хугацааг тоймловол:

8 дугаар сарын 13-ны өдөр гэхэд 7 дугаар тайфу хар салхи “Хачижо” арлын өмнөд хэсгийн далай дээгүүр хойд зүг рүү нүүж байна. Тайфу хар салхи цаашдаа 14-ний өдөр Хоншү арлын өмнөд хэсгийн далай дээгүүр удаанаар хойд зүгт нүүж, 15-ний Мягмар гараг гэхэд Кий хойгт эх газар руу орж ирж, улмаар Хокурику бүс нутгийг хөндлөн туулах төлөвтэй байна. Улмаар 16-ны лхагва гараг гэхэд Япон тэнгис рүү нэвт гарч хойд зүг рүү холдон одох төлөвтэй байна. 7 дугаар тайфу хар салхины хурд аажуу байх тул хар салхийг газардахаас өмнө түүнийг тойрсон чийглэг агаар урсан орж ирснээр Канто-Кошин бүс нутгуудаар ширүүн бороо орох эрсдэлтэй байна. Түүнчлэн, далайн шуурганы хүрээ жижиг байх тул хар салхи дөхөж ирэх үеэр хүчтэй салхи гэнэт салхилах аюултай.

【Токай бүс】8 дугаар сарын 14-ний даваа гарагаас 15-ны өдрийн мягмар гараг хүртэл маш хүчтэй салхи үүсэх эрсдэлтэй. Мөн 8 дугаар сарын 14-ний даваа гарагийн өглөөнөөс эхлэн тайфу салхины орчимд үүссэн чийглэг агаарын урсгал уг бүс нутагт шилжин орж ирснээр борооны хүч ширүүснэ. 8 дугаар сарын 14-ний даваа гарагийн шөнөөс 15-ны мягмар гарагт хар салхины гаралтай өтгөн хар үүл үүсэж, ширүүн бороо орох аюултай. Ялангуяа Кий хойгийн зүүн өмнөд хэсгээр богино хугацаанд их хэмжээний хур тунадас орох магадлалтай. Хөрсний гулгалт, нам дор газрын усанд авталт, гол мөрний үерээс сэрэмжилнэ үү.

【Кинки бүс】8 дугаар сарын 14-ний даваа гарагаас эхлэн маш хүчтэй салхи үүсэж, 15-ны мягмар гарагт асар хүчтэй болох эрсдэлтэй. Мөн 14-ний даваа гарагт өмнөд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. 15-ны мягмар гарагт тайфу хар салхины гаралтай борооны үүл үүсэж, аадар борооны хүч дээд цэгтээ хүрэх төлөвтэй. Хүчтэй борооны гамшгаас сэрэмжилнэ үү.

【Шикокү арал】Тайфу хар салхи хойд зүгт шилжихийн хэрээр чийглэг агаар урсан орж ирж, цаг агаар тогтворгүй болно. 8 дугаар сарын 14-ний даваа гарагийн шөнөөс зарим нутгаар усархаг бороо орно. 8 дугаар сарын 15-ны мягмар гарагт тайфу хар салхины замд өртсөн нутгуудаар шуурга шуурч, хүчтэй аадар бороо орж болзошгүй байгаагаас сэрэмжилнэ үү.

【Канто-Кошин бүс】8 дугаар сарын 14-ний даваа гарагт хар салхинаас үүссэн чийглэг агаарын нөлөөгөөр үе үе түр зуурын бороо орно. Үдээс хойш зарим газраар аянга цахилгаантай ширүүн бороо орно. 15-ны мягмар гарагт зарим газраар үе үе түр зуурын ширүүн бороо орно. Канагава муж орчмоор анхааруулах түвшний ширүүн бороо орох эрсдэлтэй. Салхи ч хүчтэй болж, 15-ны мягмар гарагт Нагано муж орчмоор ширүүн салхи салхилна.

【Хокурику бүс】8 дугаар сарын 15-ны даваа гарагаас 16-ны мягмар гаригт зарим газраар хүчтэй салхилна. Тайфу хар салхины зам, хүчээс нь шалтгаалж хүчтэй салхи, хүчтэй аадар бороо орох эрсдэл үүснэ.

Токай, Кинки бүс нутгуудаар хүчтэй тайфу салхи дайран өнгөрөх үед нисэх онгоц, шинкансэн, төмөр зам зэрэг тээврийн хэрэгсэл нэлээд хугацаагаар саатаж магадгүй. Зам тээврийн хөдөлгөөний мэдээнд анхаарлаа хандуулна уу.

Далай тэнгис хүчтэй давлагаалах тул далайн эргээс хол бай. Мөн Токай, Кинки, Хокүрикү бүс нутгуудаар далайн түрлэг өндөр түвшинд хүрэх болно. Өндөр түрлэг, түрлэг болон давлагааны давхар нөлөөгөөр үер усны аюул болохоос сэрэмжлэх шаардлагатай.

Тайфу хар салхины явах зам, хурднаас нь хамаарч цаг агаарын байдал, үргэлжлэх хугацаанд өөрчлөлт гардаг тул хар салхины тухай сүүлийн үеийн мэдээнд анхаарна уу.

Далайн шуурганд бэлтгэх арга хэмжээ

Тайфу хар салхины гол аюул нь хүчтэй салхины бүсэд орсон хойно гадагш гарах боломж алдагддаг явдал юм. Иймд шуурга ирэхээс өмнө амжиж дараах 3 зүйлийн бэлтгэлийг хийсэн байх шаардлагатай.

Нэгдүгээрт, Бороо зайлуулах хоолой, шугамыг цэвэрлэж, ус зайлах боломжтой болгох хэрэгтэй. Унасан навч дүүрэх зэргээр ус зайлуулах шугам бөглөрсөн бол орчин тойрон, зам үер усанд автах аюултай.

Хоёрдугаарт, Гадаа тавьсан салхинд хийсэх зүйлс (Угаасан хувцасны хэц, цэцгийн сав, хогийн сав г.м) зэргийг дотогш оруулах, бэхлэх арга хэмжээ авах. Дэлгүүр зэрэг үйлчилгээний байгууллага нь гадна тавьсан самбар, автомат машин зэргээ салхинд хийсэж унах эрсдэлийг шалгана уу.

Гуравдугаарт, Салхинд хийссэн зүйлс цонх хагалахаас болгоомжилж, цонхоо түгжиж, борооны хаалт байвал ашиглах хэрэгтэй. Цонхны шилийг туузан наалтаар хөндлөн нааж салхины даралтыг тэсвэрлэх боломжтой болгох хэрэгтэй. Шил нь хагарсан ч шилний хагархайд өртөхгүйн тулд хөшгөө хаалттай байлгах нь зүйтэй.

Жич: Тус ЭСЯ-ны вэб хуудасны Сэрэмжлүүлэг буланд буй “ГАМШГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭХ ТОГТОЛЦОО”-ны тухай танилцуулгаас гамшгийн үед мэдвэл зохих холбооснуудыг олж үзнэ үү.

https://tokyo.embassy.mn/page/642

Консулын хэлтэс