НАРАНД ЦОХИУЛАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

2023-08-18


Япон Улсын цаг уурын агентлагаас гаргасан ажиглалтын мэдээгээр 2023 оны эхний хагас жил нь 19 дүгээр зууны сүүлчээс эхлэн орчин үеийн метеорологийн ажиглалт хийсэн 120 жилийн хугацаан дах хамгийн халуун байсан хагас жил болж байна. 7 дугаар сар ч дээд амжилтийг 45 жилийн дараа ахиулж хамгийн халуун сар болж өнгөрлөө.

Асахи Сонины газраас Япон улсын дундаж температурыг тооцох стандарт болгон ашигладаг 15 ажиглалтын цэгийн 1898 оноос хойших өдрийн дундаж температурт дүн шинжилгээ хийж үзэхэд 2023 оны 1-6 дугаар сарын эхний хагас жилийн дундаж цельсийн 12.14 градус байсан нь 2020 онд тогтоосон дээд амжилт болох 12.02 градусаас давж, шинэ дээд амжилт тогтоожээ. 3 дугаар сар 10.36 градус байсан нь 2021 оны 3 дугаар сарын 9.99 градусын дээд амжилтыг хол давсан бол 6 дугаар сар 2 дугаарт, 4 дүгээр сар 5 дугаарт орох халуун сар байсан нь үүнд нөлөөлжээ. 7 дугаар сар гараад ч халуун үргэлжилж, сарын дундаж температур 25.42 градус байсан нь 1978 оны 25.30 градусыг давж шинэ дээд амжилт тогтоожээ. 

Дэлхийн дулаарлын нөлөөгөөр сүүлийн 120 жилд дундаж температур цельсийн 1.7 градус орчмоор өссөн байна. Ялангуяа сүүлийн 4 жилийн эхний хагас жилийн дундаж температур 120 жилийн доторх хамгийн өндөр 10 үзүүлэлтэд  багтаж байгаа юм. Газрын ихэнх хэсэг нь асфальтаар хучигдаж, дулаан хуримтлагдах хандлагатай байдаг, автомашинаас ихээр халуун ялгардаг хот суурин газруудыг авч үзвэл сүүлийн 120 жилийн хугацаанд агаарын температур 3.0 градусаар өссөн дүн гарчээ. 

Ийнхүү Япон Улсад жилээс жилд зундаа улам халуун болж, иргэдийн дунд нарших, наранд цохиулах явдал жил ирэх тусам нэмэгдэж байгаа тул Японы Засаг захиргааны байгууллагууд тавих анхаарлаа нэмэгдүүлж, иргэдэд хандан сэрэмжлүүлэг, зөвлөлгөөг өгч байна. Япон Улсад тохиолддог байгалийн гамшигт багтдаггүй ч зуны цагт машид бүгчим халуун болдог нь Японд оршин сууж, түр зорчиж буй монголчуудын хувьд ч зайлшгүй анхаарч болгоомжлох ёстой зүйлийн нэг тул “наранд цохиулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-г цаг алдалгүй авч байхыг зөвлөж байна.

Энэ ташрамд Япон Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын Яамны Консулын хэлтсээс ЭСЯ-ны вэб хуудас  болон фейсбүүк хуудсаар дамжуулан Япон Улсад оршин суугаа болон түр зорчиж байгаа иргэдэд хандсан “Зөвлөмж” буланг 2023 оны 4 сараас эхлэн ажиллуулж байгааг анхааралдаа авна уу.

https://tokyo.embassy.mn/category/1055

Наранд цохиулсан тохиолдлын тоо:

Япон Улсын Засаг захиргааны яамны харьяа Гал түймэр, гамшигтай тэмцэх газрын мэдээгээр 6 дугаар сараас 9 дүгээр сар хүртэлх хугацаанд хэт халалтын улмаас наршиж, түргэн тусламж авсан тоо 2018 онд 92 710, 2019 онд 66 869, 2020 онд 64 869 байжээ. Дэлхийн дулаарлаас шалтгаалан жил ирэх тусам халуун нэмэгдэж буй тул энэ тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна.

Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас эмнэлэгт үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн төлбөрийн тайлан мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд наршиж, наранд цохиулж эмнэлэгт хандсан хүний тоо 2018 онд 600,000 байжээ.

Наранд цохиулж нас барсан хүний тоо хамгийн олон байсан нь 2010 он бөгөөд 1745 хүн (940 эрэгтэй, 805 эмэгтэй) хүн нас барсан бөгөөд түүнээс хойш жилд дундажаар 1000 орчим хүн нас барж буй тоо гарчээ. Нас барагсдын тоонд 65 ба түүнээс дээш насны ахмад настнуудын эзлэх хувь 1980 онд 33% байсан бол 2000 онд 50%, 2020 онд 87% болж хурдацтай өссөн байна.

Токио хотод сүүлийн таван жилийн (2017-2021 он) дунджаар наранд цохиулж нас барсан хүний тоо 168 байжээ. Улсын хэмжээнд нас барсан хүний 10-20 хувийг Токио хот дангаараа эзэлдэг байна.

Өнгөрсөн жил Токиод гарсан наранд цохиулсан тохиолдлын 40 гаруй хувь нь орон сууц, гэртээ байхад нь тохиолджээ. Энэ нь заавал гадаа гарсан хүн л нарших бус гэртээ байсан хүн ч наранд цохиулдаг гэдгийг харуулж буй тул халуун үед бүх нийтээрээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал юм.

Засгийн газраас авч буй арга хэмжээ:

Халуунаас болж, наранд цохиулах асуудалд Япон Улсын Засгийн газраас ч анхаарал хандуулж байдаг бөгөөд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах асуудлыг Байгаль орчны яам, Цаг уурын агентлаг, Гал түймэртэй тэмцэх газар, Токио хотын захиргаа зэрэг засаг захиргааны байгууллагад хариуцуулдаг байна. Эдгээр байгууллагын зүгээс наршилт, наранд цохиулах асуудалтай холбогдуулж, иргэдэд хандан мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч, холбогдох сайт, аппликэшн эрхлэн ажиллуулдаг байна. Тухайлбал:    

Байгаль орчны яамны сайт the Ministry of the Environment website.

https://www.wbgt.env.go.jp/en/

Токио хотын наршилтаас сэргийлэх тухай сайт  /Tokyo Metropolitan Government Heat Stroke Prevention Portal Site (in Japanese)/

https://www.kankyo.metro.tokyo.lg.jp/climate/heat_island/heatstroke.html

Tokyo Metropolitan Government Heat Stroke Prevention Portal Site (machine translation)

https://translation2.j-server.com/LUCKANKYO/ns/tl.cgi/https://www.kankyo.metro.tokyo.lg.jp/climate/heat_island/heatstroke.html?SLANG=ja&TLANG=en&XMODE=0&XPARAM=kw,&XCHARSET=UTF-8&XPORG=,&XJSID=0

https://www.tfd.metro.tokyo.lg.jp/lfe/topics/season/toukei.html

https://uchimizubiyori.metro.tokyo.lg.jp/faq/

Токио хотын Боловсролын газраас гаргасан наранд цохиулахаас  сэргийлэх гарын авлага

https://www.taiiku-kenko-edu.metro.tokyo.lg.jp/accident_prevention/heatstroke.html

https://www.taiiku-kenko-edu.metro.tokyo.lg.jp/accident_prevention/doc/heatstroke_guidelines.pdf

Халууны индексийн тухай / Байгаль орчны яам/

https://www.wbgt.env.go.jp/wbgt.php

Зөвлөмж 1: Токио хотын Боловсролын газраас гаргасан наранд цохиулахаас  сэргийлэх гарын авлагад үндэслэн ЭСЯ-наас доорх зөвлөмжийг өгч байна.

Нарших механизм:

Нарших нь температур, чийгшил, салхины хурд, цацрагийн дулаан (нарны шууд тусгал гэх мэт) гэх зэрэг хүрээлэн буй орчны хүчин зүйлсээс шалтгаалсан  халуун орчинд тохиолддог эмгэгийн ерөнхий нэр юм. Температур ижил орчинд ч чийгшил нь өндөр бол нарших аюул нэмэгдэж, хөдөлгөөн дасгалын эрчим өндөр байх тусам биеээс ялгарсан дулаан ихэсч нарших эрсдэл ихэсдэг.

Хүн бол 36-37 хэмтэй биеийн температуртай  халуун цуст амьтан бөгөөд дотоод эрхтнүүд энэ температурт зохицож үйл ажиллагаа явуулдаг. Дасгал хөдөлгөөн, үйл ажиллагаагаар дамжуулан бие махбодид дулаан ялгардаг ч хэт халалт, хэт хөрөлтийн эсрэг  тохируулга хийх өөрийн механизмтай юм.

Халуун үед арьсанд ойр их хэмжээтэй тархсан захын судаснууд нь мэдрэлийн тогтолцооноос авсан сигналын дагуу автоматаар  өргөсч, биеийн температурыг гадагшлуулж дулааныг бууруулах оролдлог хийдэг. Үүний хамт бие хөлөрч, хөлс уурших үйл явцаар дамжуулан дулаан алдах замаар температурыг бууруулдаг.

Энэ үед арьс орчим руу хэт их цус очисноос болж, дотоод эрхтний цусны эргэлтэд өөрчлөлт орох, хөлсөөр дамжуулан шингэн болон давс  (натри гэх мэт)-ыг хэт их хэмжээгээр алдаж, бие махбодын дотоод дах  "Дулаан үйлдвэрлэл" ба "Дулаан дамжуулалт, хөлсөөр дамжуулсан дулаан ялгаруулалт”-ийн тэнцвэр алдагдсан үед илрэх өвчин эмгэг нь наршилт юм

Наршилтын улмаас ухаан алдах, татах, бие сулбайх, наранд цохиулах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Дасгал хөдөлгөөн хийхэд их хэмжээний дулаан ялгарч бие махбод арьсны судасны өргөсөл, хөлрөлтөөр дамжуулан дулааныг гадагшлуулж, биеийн температурын тэнцвэрийг хадгалах гэж оролдох боловч халуун орчинд дулаан алдах үйл явц удааширдаг. Энэ үед физиологийн үйл ажиллагаа, биеийн температурын зохицуулалт алдагдан наршилтын эмгэг үүсдэг.

Наранд цохиулсан үед авах арга хэмжээ: 

Наранд цохиулахад нас барах эрсдэл өндөр байдаг тул наранд цохиулсан үед цаг алдалгүй холбогдох арга хэмжээг авах нь чухал юм. Нарших өвчний төрөл тус бүрээр түүний шинж тэмдэг, наршсан үед авбал зохих яаралтай тусламжийн арга хэмжээг тоймлобол:

Ухаан алдаж унах

Шалтгаан, шинж тэмдэг: Халуун наранд удаан хугацааны турш хөдөлгөөнгүй зогсох, сууж байснаа гэнэт босох, дасгал хөдөлгөөн хийсний дараа тохиолддог. Арьсны судас өргөсөлт болон доод мөч рүү цус шахахын тулд цусны даралт буурч, тархинд очих цусны хэмжээ  багассанаас болж толгой эргэх, ухаан алдаж унах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Авах арга хэмжээ: Хөлийг нь дээш харуулж хэвтүүлбэл хурдан сэргэдэг.

Татах

Шалтгаан, шинж тэмдэг: Их хэмжээгээр хөлрөх үед зөвхөн цэвэр ус (эсвэл давс минерал багатай ус) ууснаар цусан дахь давсны зохистой хэмжээ хэт буурах үед   булчингийн өвдөлт, таталт үүсдэг. Энэ нь зөвхөн доод мөчийн булчинд төдийгүй дээд мөч, хэвлийн булчинд ч тохиолддог.

Авах арга хэмжээ: Ахуйн давсны уусмал (0.9% давстай) уух зэргээр давсны хэмжээгээ нөхөх, давсны хүчил бүхий дуслын тариа хийх зэрэг арга хэмжээ авдаг.

Бие сулрах

Шалтгаан, шинж тэмдэг: Хөлрөлтөөс болж шингэн алдах, арьсны судасны тэлэлтээс болж цусны эргэлтийн дутагдалд орох үед бие сулрах, сулбайх, толгой эргэх, толгой өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Авах арга хэмжээ: “Спортын ундаа” уух зэргээр шингэн болон давсаа зэрэг нөхөхөд ихэвчлэн сэргэнэ. Бөөлжих зэргээр шингэн уух боломжгүй үед дуслын тариа хийх зэрэг эмнэлгийн тусламж үзүүлэх нь зүйтэй.

Халуурах, наранд цохиулах

Шалтгаан, шинж тэмдэг: Энэ нь биеийн температур хэт их (40 ° C ба түүнээс дээш) нэмэгдэж, тархины үйл ажиллагаанд нөлөөлөх өвчин юм. Энэ үед температурын тохиргоо хийх мэдрэлийн тогтолцоо ажиллагаагүй болдог. Асуултад хариулж чадахгүй, үг яриа нь ойлгомжгүй байснаа ухаан алдах, комын байдалд орох нь бий. Халуун өндөр хэвээр удвал тархи төдийгүй элэг, бөөр, уушиг, зүрх зэрэг олон эрхтний дутагдал үүсч, нас баралтын түвшин нэмэгдэнэ.

Авах арга хэмжээ: Энэ нь үхэлд ч хүргэж болзошгүй онцгой байдал байдаг тул амийг нь аврах яаралтай арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатай бөгөөд биеийн температурыг хэр хурдан бууруулахаас үр дүн нь хамаардаг. Түргэн тусламж дуудаж, биеийг нь хөргөх арга хэмжээг нэн даруй эхлүүлэх ёстой. Биеийг хөргөх үр дүнтэй арга гэвэл:

● Мөстэй усанд бүх биеийг дүрж хөргөдөг “Мөстэй усан ванн/хүйтэн усан ванны арга” нь хамгийн үр дүнтэйд тооцогддог бөгөөд сургууль, спорт зааланд бол "Хүйтэн усанд холбосон уян хоолойгоор хүйтэн ус шүрших" аргыг өргөн ашигладаг.

● Хэрэв дээрх аргыг хэрэглэх боломжгүй бол агааржуулалттай өрөөнд (хамгийн хүчтэй хүйтэн дээр нь агаар солигчыг ажиллуулсан байна.) оруулж, мөстэй ус юм уу хүйтэн усанд дүрсэн  нойтон алчуур олноор нь бэлдэж, бүх биед нь тавьж, ойр ойрхон солих хэрэгтэй. Сэнс зэргийг ч ойр тавьж, мөстэй хүйтэн жинг дух, суга, хөлний үе мөчний нугалам  зэрэг бүдүүн судас ихтэй газруудад нэмэлтээр тавих нь үр дүнтэй. 

  • Наранд цохиулсан үед хүйтэн жин тавихад цаг алдах хэрэггүй бөгөөд "хүйтэн" байна гэх хүртэл өрөөг хөргөнө. Биеийн тамир хийж байх үед наранд цохиулсан бол биеийн температурыг хэр хурдан (30 минутын дотор) 40 ° C ба түүнээс доош буулгаж чадах вэ? гэдгээс  амь насыг нь аварч чадах эсэх нь хамаарна. Анхан шатны тусламж болох хүйтэн жинг эргэлзэлгүй эхлүүлж, түргэн тусламж ирэхийг хүлээх нь чухал.

Наранд цохиулахаас урьдчилсан сэргийлэх арга хэмжээ:

Гадаа халуун байхад нарших магадлал нэмэгддэг тул цаг агаарын мэдээг анхааралтай харж, урьдчилсан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй юм.

Токио хотын захиргаанаас иргэддээ хандан наранд цохиулахаас урьдчилан сэргийлж дараах 5 арга хэмжээг авахыг зөвлөжээ. Үүнд:

  1. Өдөр шөнө харгалзахгүйгээр өрөөний температур 28 хэмээс хэтэрч байвал агааржуулагчаа ажиллуулах.
  2. Ус болон шингэн зүйл, давсны уусмал тогтмол хэрэглэж, хэрэгцээг нөхөх
  3. Өрөөндөө термометр тавьж, өдөр бүр температурыг хянах
  4. Цаг уурын мэдээг вэбсайт, телевиз, аппликэшн зэргээр байнга үзэж, дулааны индексийн (Wet Bulb Globe Temperature WBGT) мэдээллийг шалгаж байх
  5. Хөнгөн нимгэн хувцас өмсөж, малгай, шүхэр хэрэглэх

Харин халуун өдөр биеийн тамир, спорт хийснээс болж, наранд цохиулах осол их гардагтай холбогдуулан “Япон Улсын Спортын Холбоо”-ноос урьдчилан сэргийлэх таван зүйлийг санал болгожээ. Үүнд:

1 Халуун үед дасгал хөдөлгөөн хийхгүй байх.

Температур өндөр байх, чийгшил өндөр байх тусам наранд цохиулах эрсдэл нэмэгддэг. Мөн дасгал хөдөлгөөний эрчим  өндөр байх тусам илүү ихээр дулаан ялгарч, наранд цохиулах эрсдэл нэмэгддэг. Орчны нөхцөл байдалд тааруулан ямар дасгал хөдөлгөөн хийхээ сайтар бодож сонгох, үе үе амарч, шингэнээ нөхөхөд анхаарах хэрэгтэй.

2 Гэнэтийн халуунаас болгоомжлох

Наранд цохиулах осол агаарын температур гэнэт нэмэгдсэн үед ихээр тохиолддог. Зуны эхэн эсвэл спорт биеийн тамирын бэлтгэлд гарсан эхний өдөр, зунаас бусад улиралд ч гэсэн температур гэнэт өссөн үед наранд цохиулах магадлал өндөрсдөг. Гэнэт халах үед хөнгөн дасгал хийхээр хязгаарлах, дасгалын эрчим, дасгал хийх хугацааг багасгах хэрэгтэй.

3 Алдагдсан шингэн, давсыг нөхөх

Халуун үед ойр ойрхон шингэнээ нөхөх хэрэгтэй. Хөлсөөр дамжуулан шингэн, давс аль алиныг нь алддаг. Спортын ундаа гэх мэт давсны 0.1-0.2% -ийн уусмал уух хэрэгтэй. Шингэний хэмжээг нөхөхдөө дасгалын улмаас хасах жин нь 2% -иас хэтрэхгүй байхад анхаарах хэрэгтэй бөгөөд өглөө орой, дасгал хийхээс өмнө болон хойно жингээ үзэж дадах хэрэгтэй.

4 Хөнгөн сэрүүн хувцас өмсөх

Арьсаар дамжуулан гаднаас дулаан авах, гадагш дулаан ялгаруулах нь өмссөн хувцаснаас ихээхэн шалтгаалдаг. Халуун үед хөлс шингээдэг, агаар нэвтрүүлдэг материалаар хийсэн хөнгөн сэрүүн хувцас өмсөж, хэрэглэх нь зүйтэй. Гадаа гарч, нарны шууд тусгалд өртөх бол малгай өмсөх хэрэгтэй. Хамгаалах хэрэгсэл бүхий спортоор хичээллэдэг бол завсарлагаа авч, хувцсаа тайлж, дулаанаа гадагшлуулах хэрэгтэй.

5 Эрүүл мэнд нь дорой хүмүүст анхаарах

Хэрэв таны бие сайнгүй байгаа бол биеийн температурыг зохицуулах чадвар буурч, наранд цохиулах эрсдэл нэмэгдэнэ. Ядрах, нойргүйдэх, халуурах, ханиалгах, гэдэс өвдсөн үед өөрийгөө хүчилж, дасгал хөдөлгөөн хийх нь зохимжгүй. Үүнээс гадна биеийн хүч муутай хүмүүс, тарган хүмүүс, халуунд дасаагүй хүмүүс, наранд цохиулж байсан хүмүүс халуунд тэсвэргүй байдаг тул болгоомжлох хэрэгтэй. Халуунд наранд цохиулж нас барсан тохиолдлын 70 хувийг таргалалттай хүмүүс эзэлдэг гэсэн тоо баримт бий тул илүү болгоомжтой байх хэрэгтэй.

Эх сурвалж: Токио хотын Захиргаа

 

                                ЭСЯ, Консулын хэлтэс