“Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт 2023.01.09-ний байдлаар”
2024-01-09
Өнөөгийн байдал, хохирлын хэмжээ: Ното хойгийн газар хөдлөлт болсноос хойш 8 хоног өнгөрсөн 1 дүгээр сарын 9-ний өдрийн 10:30 цагийн байдлаар Ишикава мужид 180 хүн нас барсан нь тогтоогдсон бөгөөд тээвэр, холбооны сүлжээ бүрэн сэргээгүй тул хохирлын хэмжээ одоог хүртэл бүрэн тодорхой болоогүй хэвээр байна. Сураггүй алга бологсдыг эрж хайх, шаардлагатай бараа, үйлчилгээг хүргэх зам харилцааг сэргээн засварлах ажлууд тасралтгүй хийгдэж байна. Нас барагсдын тоог хотоор нь авч үзвэл Важима хотод 81 хүн, Сүзү хотод 71 хүн, Нанао хотод 5 хүн, Анамизү хотод 18 хүн, Ното хотод 2 хүн, Шика хотод 2 хүн Хакүи хотод 1 хүн тус тус байна. Түүнчлэн сураггүй болсон гэж нэр, насыг нь зарлаж, мэдээлэл өгөхийг нийтээс хүсээд байгаа 120 хүн байгаагийн дотор Монгол Улсын иргэн байхгүй байна
Важима хотод жуулчид ихээр ирдэг “Асаичи” гудамжинд томоохон хэмжээний гал түймэр дэгдсэн нь унтарсан боловч 200 гаруй барилга байшин шатжээ. Зам тасарсаны улмаас 24 бүс нутагт 2000-аас доошгүй хүн тусгаарлагдсан байна. Хүйтний эрч чангарч шөнөдөө 0 градус болж байгаа өвлийн энэ хүйтэн үед 400 орчим нүүлгэн шилжүүлэх төвд 28,000 гаруй хүн нүүн шилжээд байгаа бөгөөд ус, цахилгааны тасалдал үргэлжилж, олон хүн гэртээ эсвэл машиндаа зутруу байдалд өдрийг өнгөрүүлж байна. 59000 өрх усгүй, 18000 өрх цахилгаангүй байна.
Шаардлагатай хүнсний болон ахуйн бараа тасалдаж, усны тасарснаас эрүүл ахуйн орчин муудаж, нүүлгэн шилжүүлэх зарим төвд гэдэс өвдөж гүйлгэх, томуу, шинэ коронавирусын халдвар авах зэрэг халдварт өвчин дэлгэрэх шинж тэмдэг илэрч, эмч, сувилагч, эрүүл мэндийн үйлчилгээ дутагдсан байдалтай байна.
65 ба түүнээс дээш насны хүн амын эзлэх хувийн жин газар хөдлөлтийн улмаас ихээхэн хохирол амссан Ното мужийн хойд хэсгийн хот тосгонуудад өндөр байгаа тухайлбал Сүзү хотод 52.8%, Ното хотод 52%, Анамизү хотод 50.3%, Важима хотод 47.9%-д хүрч байгаа /Ишикава мужийн дундаж 30.5%, Япон Улсын дундаж 29.1% байдаг/ нь орон нутгийн хүчээр шаардлагатай арга хэмжээ авахад хүндрэл учруулж байна.
Гамшгийн эсрэг авч буй арга хэмжээ:
Гамшгийн цар хүрээг цар хүрээ, хохирлын тархалтаас хамаарч бага хэмжээний гамшиг, дунд хэмжээний гамшиг, том хэмжээний гамшиг, хүнд гамшиг гэж хуваадаг. Хүнд гамшигт гэдэгт өргөн хүрээг хамарсан, улс орны хэмжээнд ноцтой хохирол учруулсан байгалийн гамшиг, цөмийн осол, томоохон террорист халдлага зэрэг орно. Хүнд гамшиг нь сэргээх, сэргээн босгох ажилд ихээхэн цаг хугацаа, мөнгө хөрөнгө, нөөц шаарддаг. Японы Засгийн газраас “Гамшгийн хууль”-д заасны дагуу гамшгийн ангиллаас хамаарч, хариу арга хэмжээг төлөвлөдөг.
Ерөнхий сайд Ф.Кишида 6-ны өдөр хэлсэн үгэндээ Ното хойгийн газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 100 гарсантай холбогдуулан, "хохирол асар их байгааг хүчтэй мэдэрч байна” хэмээжээ. Засгийн газар хохирлыг яаралтай үнэлж, энэ долоо хоногийн сүүлээр "хүнд гамшиг"-ын ангилалд оруулан зарлахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр нийтийн дэд бүтэц, инженерийн байгууламж, тариалангийн талбайг нөхөн сэргээх зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой болох аж.
Ишикава мужийн хувьд хохирлын хэмжээг бүрэн тодорхойлж, батламж гарахыг хүлээлгүйгээр “Гамшигт нэрвэгдэгсдийн ахуй амьдралыг нөхөн сэргээх тухай хууль”-ийн заалтыг хэрэгжүүлж эхлэх бөгөөд гэр орон нь бүрэн сүйдсэн айл өрхөд 3 сая хүртэлх иенийн мөнгөн дэмжлэг үзүүлэх болжээ. Үүний зэрэгцээ, хүсэлт гаргасан иргэдийг гамшигт нэрвэгдсэн бүсээс бусад бүс нутгийг оролцуулан зочид буудал, дэн буудлын сул өрөөг Засаг захиргааны байгууллагын нэр дээр түрээслэн “нүүлгэн шилжүүлэх түр байр”-аар ашиглах ажлыг зохион байгуулж эхэлсэн байна.
Түүнчлэн, зам харилцаанаас таслагдсан бүс нутгийн харилцааг хэвийн байдалд оруулахын тулд Засгийн газраас Ишикава мужийн хариуцдаг эрэг орчмын болон бусад гол замуудыг сэргээн засварлах ажил хийх болжээ. Ишикава мужид зарим замд дэглэм тогтоож, хөдөлгөөнийг хязгаарлан, хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг нийтэд уриалж, тусламжийн болон бусад хангамжийн барааг саадгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа аж.
Гадаад орноос үзүүлсэн тусламж дэмжлэг:
1 дүгээр сарын 5-ны байдлаар 115 улс/бүс нутаг, 26 олон улсын байгууллагаас эмгэнэл илэрхийлсэн цахилгаан утас иржээ. Тэд гамшигт нэрвэгдсэн Япон Улс болон иргэд, тэдний ар гэрт эмгэнэл илэрхийлж, шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлэх бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.
АНУ-ын Засгийн газар 1 дүгээр сарын 5-нд гамшгийн бүсэд үйл ажиллагаа явуулах "Peace Winds Japan" төрийн бус байгууллагад 100,000 ам.долларын дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв. Япог Улсын ГХЯ-ны вэб хуудсанд энэ тухай мэдээлж, “АНУ-ын засгийн газраас Ерөнхийлөгч Ж.Байден мэдэгдэл гаргах зэргээр халуун дулаан мессеж ирүүлсэн төдийгүй энэ удаа ийм шийдвэр гаргасан нь Япон, АНУ хоёрын бат бөх харилцааг илэрхийлэн харуулж байна. Японы Засгийн газар үүнийг талархан хүлээн авч, талархал илэрхийлж байна” гэжээ. "Peace Winds Japan" төрийн бус байгууллага нь энэхүү тусламжийн хүрээнд ноосон хөнжил, ундны ус, эм зэргийг нийлүүлэх аж.
АНУ-аас Япон Улсад суугаа Элчин сайд Эммануэль АНУ-ын армийн зүгээс ойрын үед холбогдох тусламж үзүүлэхээр бэлтгэл ажил хийж эхэлсэн тухай нийгмийн сүлжээнд “Манай анд нөхөр, холбоотон Япон Улсын газар хөдлөлтийн арга хэмжээг дэмжихийн тулд бид Японд байгаа. Бид АНУ-ын армийн ар талын дэмжлэг, хүнс болон бусад шаардлагатай эд материалаар дэмжлэг үзүүлэх бэлтгэл хийж байна” хэмээн бичжээ. Япон, АНУ-ын Засгийн газар гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн эрэлт хэрэгцээнд хамтдаа үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр уг тусламжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах аж.
https://www3.nhk.or.jp/news/html/20240105/k10014310771000.html
АНУ-ын цэргийнхэн өмнө нь 2011 онд болсон Зүүн Японы их гамшгийн үеэр гамшигт нэрвэгдэгсдэд туслах “Томодачи” /Японоор Найз нөхөр гэсэн үг/ ажиллагааг зохион байгуулж, 20 мянга орчим цэргийн албан хаагчийг оролцуулж байв. Энэ ажиллагааны үеэр АНУ-ын арми цөмийн эрчим хүчээр ажилладаг нисэх онгоц тээгч “Ronald Reagan” зэрэг 20 орчим байлдааны хөлөг онгоцыг Япон Улс руу илгээж, эвдэрсэн нисэх онгоцны буудлыг сэргээн босгох, гамшигт нэрвэгдсэн бүс нутагт тусламжийн барааг хүргэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг.
ЗГХЭГ-ын дарга Ё.Хаяши 1 дүгээр сарын 5-ны өглөөний хэвлэлийн хурал дээр гадаад орноос үзүүлэх тусламж, дэмжлэгийн тухайд “Улс орнууд, бүс нутгаас тусламж дэмжлэг үзүүлэх тухай хүсэлт ихээр ирж байгаа. Гэхдээ түүнийг нь хүлээн авах тогтолцоог бүрдүүлэх, орон нутгийн нөхцөл байдлыг бодолцоход хугацаа шаардлагатай байгаа тул одоогийн байдлаар бид тэдгээр хүсэлтийг хүлээж авч эхлээгүй байна”, “АНУ-ын тусламж, дэмжлэгийн хувьд ч гамшгийн хохиролын байдал, орон нутгийн эрэлт хэрэгцээг харгалзан АНУ-тай нягт хамтран ажиллана” гэжээ.
Тусламжийн барааг хүлээн авах журмын тухайд:
Гамшигт өртсөн Ишикава мужийн захиргаанаас тусламжийн бараа хүлээн авах журмын тухай доорх анхааруулга гарчээ. Үүнд:
“Маш чухал” Ишикава муж руу шууд өөрсдөө тусламжийн бараа тээвэрлэх нь замын хөдөлгөөнд ачаалал учруулж, яаралтай ажилтай тээврийн хэрэгсэл зорчиход саад болох тул эрс татгалзаарай. Хүлээн авагч талтайгаа ярилцаж тохирсоны дараа тээвэрлэх ажлыг эхлүүлнэ үү. 2024 оны Нотогийн хойгийн газар хөдлөлттэй холбоотой гамшигт нэрвэгдэгсдэд үзүүлэх тусламжийн барааны хувьд компани, төрийн бус байгууллага зэрэг том хэмжээний тусламж үзүүлэх байгууллагуудын хүсэлтийг эхний ээлжинд доорх хаягаар хүлээн авч байна. Энэ тохиолдолд Ишикава мужийн Эрүүл мэнд, нийгмийн халамжийн бодлогын хэлтэст цахимаар өргөдөл гаргаж хандана уу. Бид таны өгөх хүсэлтэй байгаа хандивын барааны агуулгыг хянан үзэж, гамшигт нэрвэгдсэн газруудын хэрэгцээнд тулгуурлан тантай эргэж холбоо барина.
Замын хөдөлгөөний ачааллаас болж “аврах ажиллагаа”-нд саад учирч болзошгүй тул газар дээр нь биеэр тээвэрлэн авчрахаас татгалзана уу. Барааг хүргэх боломжтой тээвэрлэгчийн талаар мужаас тантай холбоо барих бөгөөд тэр үед та хандивын барааг уг тээвэрлэгчид хүргэж өгч болно. Ангилан ялгах ажилд цаг хугацаа, хүчин чармайлт их ордог тул хувь хүнээс хандивын бараа авахгүй болохыг мэдэгдэж, мөнгөн хандив өгөхийг зөвлөе.
https://www.pref.ishikawa.lg.jp/kousei/kanri/2024jishin.html
Мөнгөн хандивын тухайд:
Ното хойгийн газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд туслах зорилгоор төрийн болон олон нийтийн, хувийн байгууллагууд мөнгөн хандивын хөдөлгөөн олноор өрнүүлж байна. Тухайлбал:
Япон Улсын Улаан загалмайн нийгэмлэг Ишикава мужийн УЗН-ийн салбар хамтран ажиллаж байна. Тэд хандивын хөдөлгөөнийг 1-р сарын 4-ний Пүрэв гарагаас эхлэн 2024 оны 12-р сарын 27-ны Баасан гараг хүртэл явуулах бөгөөд хандивласан хөрөнгийг хуваарилах журам, шалгуур үзүүлэлтийг холбогдох байгууллагуудын төлөөлөгчдөөс бүрдэх “Ишикава мужийн гамшгийн тусламжийг хуваарилах хороо” хэлэлцэн баталж, хотын захиргаагаар дамжуулан хандивын мөнгийг гамшигт нэрвэгдэгсдэд хүргэх аж.
https://www.pref.ishikawa.lg.jp/suitou/gienkinr0601.html
https://www.nhk.or.jp/shutoken/newsup/20240104c.html
Японы Хамтын Хандивын Төв байгууллага нь 47 муж дахь “Олон нийтийн хандивын нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо” бөгөөд “улаан өд”-ийг бэлгэдэл болгон олон нийтийн хандивын аяныг улсын хэмжээнд төлөвлөх, таниулах, сурталчлах, судалгаа шинжилгээ хийх, мужийн олон нийтийн хандивын нийгэмлэгүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготой нийгмийн халамжийн байгууллага юм.
https://www.akaihane.or.jp/chuo/
LINE Yahoo, интернет сурталчилгааны компани нь зээлийн карт ашиглан энэхүү гамшигт хандив өгөх боломжтой тусгай вэбсайт ажиллуулж байна 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 1 дүгээр сарын 8-н байдлаар 853,238 хүнээс 1,545,926,802 иенийн хандив цуглуулаад байна. 3 дугаар сарын 31 хүртэл хандив цуглуулж хүлээлгэн өгөх аж.
https://donation.yahoo.co.jp/detail/1630064/
Япон Улсын Засаг захиргааны яамны зүгээс “Алтан нутаг” буюу “Фүрүсато” гэдэг төрсөн нутаг болон дуртай орон нутагт татварынхаа нэгэн хэсгийг төлөх боломж олгодог татварын тогтолцоогоор дамжуулан “Ното хойгийн гамшигт өртөгсдөд хадив өгөх” боломжтой хэмээж байна.
https://www.soumu.go.jp/main_sosiki/jichi_zeisei/czaisei/czaisei_seido/furusato/about/
Монгол иргэдийн нөхцөл байдал:
Тус ЭСЯ-ны зүгээс газар хөдлөлтийн улмаас хамгийн олон байшин нурж, хүний амь олноор үрэгдсэн Ишикава мужийн нэр бүхий 7 хотод оршин суудаг монгол иргэдийн тоог тодруулав. Үүнд: Важима хотод 11 хүн, Нанао хотод 5 хүн, Анамизү хотод 4 хүн амьдардаг. Сүзү хот, Ното хот, Хакүи хот, Шига хотод оршин суудаг монгол иргэн байхгүй болох нь тодорхой болов.
Ишикава, Тояма, Фүкүй мужуудыг хариуцан ажилладаг Тояма дахь өргөмжит консул К.Фүжишигэ Важима, Нанао, Анамизү хотуудад оршин суугаа монгол иргэдийн нөхцөл байдлыг тодруулах чиглэлээр ажиллаж байна. К.Фүжишигэ орон нутгийн засаг захиргаа, хотын захиргаатай холбогдсон боловч тодорхой мэдээлэл авч чадаагүй байна. Иймд дор дурдсан вэб хуудас үүсгэж, тухайн бүсэд оршин сууж буй монгол иргэдийг аюулгүй байдлын мэдээлэлээ ирүүлэх маягт байршуулаад байна.
Энэхүү мэдээлэл харсан монгол иргэд Ишикава мужийн Важима хотод оршин суудаг 11 хүн, Нанао хотод оршин суудаг 5 хүн, Анамизү хотод оршин суудаг 4 хүнтэй холбоотой мэдээлэл, тэдний холбоо барих утас зэргийг мэддэг бол бидэнд хандана уу. [email protected]
Токио, ЭСЯ, Консулын хэлтэс