МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Б.БАЯРСАЙХАН ТЭНРИ ИХ СУРГУУЛИЙН МУЗЕЙ ДЭХ УГИЙН БИЧГИЙГ ҮЗЭЖ ТАНИЛЦАВ
Элчин сайд Б.Баярсайхан 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Нара мужийн Тэнри хотын Тэнри их сургуулийн Санкокан буюу судалгааны музейд зочлов. Санкокан музей энэ оны 4 дүгээр сарын 15-ны өдөр анх удаа Чингис хааны удмын ургийн бичиг байж болох дэлхийд хамгийн томд тооцогдох ургийн бичгийг олон нийтэд дэлгэн толилуулсан.
Ургийн бичиг нь 5.6 метрийн голчтой буюу гэрийн буйрын хэмжээний дугуй хэлбэртэй, даавуун дээр 12,000 орчим хүний нэрийг нарны цацраг мэт цувуулан, уйгаржин монгол бичгээр цэвэр, сайхан бичигдсэн, сайн хадгалж хамгаалж ирсэн байдалтай байв. Тус ургийн бичиг дээрх нэг нэрийг нөгөө нэртэй цэгэн зураасаар цэвэрхэн холбож, удам угсааны холбоог ойлгогдохоор, гаргац сайтай бичсэн байна. Одоогийн байдлаар ургийн бичиг дээрх бичвэрээс үзэхэд Чингис хааны удмын Шолой цэцэн хааны ургийн бичиг байх магадлалтай байна.
Элчин сайд Б.Баярсайхан Тэнри Их сургуулийн харьяа Санкокан музейн удирдлагад Монгол Улсын түүх, соёлын чухал баримтыг өнөөг хүртэл найдвартай хадгалан хамгаалж буйд талархал илэрхийлээд Монгол, Японы судлаачид хамтран ургийн бичгийг нарийвчлан судалж, бүтээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг гаргах нь судалгаа талаасаа ч түүх талаасаа ч чухал ач холбогдолтой болохыг онцлов.
Тэрээр Монгол Улсын түүх, соёлын үнэ цэнэтэй бүтээлүүд Улаанбаатар хотын Чингис хаан үндэсний музейд тавигддаг талаар дурдаж, ургийн бичгийн эх хувийг эсвэл хуулбарлан авах хүсэлтэй буйгаа илэрхийлэв. “Осака Кансай-2025” дэлхийн үзэсгэлэнгийн хүрээнд хамтран ажиллах боломжтойг мөн танилцуулав.
Ургийн бичгийг энэ жил олон нийтэд дэлгэн үзүүлэх болсон нь Тэнри Их сургууль байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан 98 дахь удаагийн үзэсгэлэнг “Кизүна буюу Хүмүүний холбоо” гэдэг сэдвээр зохион байгуулах болсонтой холбоотой. Монголын ургийн бичиг нь удам угсааны 12,000 гаруй эцэг, хүүгийн гүн холбоог нарийн цэгэн зураасаар нэг бүрчлэн холбож, тасралтгүй үргэлжлэх “Хүмүүний холбоо”-г илэрхийлэх үзэсгэлэнгийн сэдэвтэй хамгийн их нийцсэн бүтээл гэж үзэн тус бүтээлийг сонгон толилуулж буй аж.
Санкокан музейн орлогч дарга Ё.Тацүми “ургийн бичиг нь нэгдүгээрт том хэмжээтэй, хоёрдугаарт маш олон хүний нэрийг багтаасан, гуравдугаарт гурван газар бага зэрэг урагдсанг эс тооцвол цэвэр, сайхан хадгалагдаж ирсэнг онцлоод хэзээ, ямар шугамаар тус музейд хадгалагдах болсон талаар тодорхой мэдээлэл бүртгэгдээгүй боловч дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө байх магадлалтай. Ургийн бичигтэй ижил хэмжээний хоёр бүтээл Монголд байгаа гэж сонссон. Бид анхан шатны судалгааны түвшинд мэдээлэл гаргасан, цаашид тус ургийн бичгийг нарийвчлан судлах шаардлагатай” гэв.
Уйгаржин монгол бичгээр бичигдсэн энэхүү ургийн бичгийг Монгол-Японы хамтарсан судалгааны баг байгуулан судлах асуудлыг Монгол Улсын холбогдох байгуулагуудад хүргүүлэхээр тохиров.