Танилцуулга
2025-04-10
Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хооронд 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдөр байгуулсан “Ур чадварын дадлагажигч бэлтгэх тогтолцооны талаар хамтын ажиллагааны Санамж бичиг”, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан “Тусгай ур чадвартай ажилтан илгээх болон хүлээн авах тогтолцооны талаар хамтын ажиллагааны Санамж бичиг”-ийг тус тус байгуулсан.
Япон Улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдэд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын чиглэлээр төрийн үйлчилгээг үзүүлэх, зөвлөгөө мэдээллээр хангах чиг үүрэгтэй “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 393 дугаар тогтоолоор тус байгууллагын чиг үүрэг, орон тоог Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст шилжүүлсэн.
Засгийн газрын тогтоолын дагуу 2024 оны 10 дугаар сараас Санамж бичгүүдийн хүрээнд тус яамны Консулын хэлтэс Япон Улсад зуучлалын гэрээгээр хөдөлмөр эрхэлж буй Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, нийгмийн хамгааллын чиглэлээр төрийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж байна.
Япон Улсад амьдарч байгаа Монгол иргэдийн тоо сүүлийн таван жилийн дотор 13504-өөс 20416 болж нэмэгдсэн байгаагийн дотор суралцаж буй 4739 иргэн бүртгэгдсэн бол хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Ур чадварын дадлагажигч ажилтнаар 2697, Тусгай ур чадвартай ажилтнаар 1130, хувийн хэвшлийн байгууллагад үндсэн ажилтнаар 4436 хүн тус тус ажиллаж байна.
Хөдөлмөр эрхэлж буй Монгол иргэдийн тоо нэмэгдэхийн хирээр хөдөлмөрийн харилцаанд үүсэх ажлын хөдөлмөрийн гэрээний зөрчил, байрны аюулгүй байдал, оршин суух визийн хугацаа, гэмт хэрэг зөрчилтэй холбоотой харилцаа мөн хэмжээгээр өсөх хандлагатай байна.
Мөн Япон Улсын Засгийн газраас 2024 оны 6-р сарын 14-ний өдөр баталсан “Гадаадын ажиллах хүчнийг ажиллуулах бодлого”-ын хүрээнд “Ур чадварын дадлага” тогтолцоог шинэчлэн “Икүсэй шюүро буюу Суралцагч ажилтан” тогтолцоог / 育成就労 “Employment for Skill Development" (ESD)/ 2027 оны 7 дугаар сараас эхлэн шинээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Эдгээр шинэ болон хуучин тогтолцооны хүрээнд Монгол, Япон талуудын хооронд Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний асуудлаар харилцан санал солилцон хамтран ажиллаж байна.
Монголын талаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Японы талаас Хууль зүйн яам, Эрүүл мэнд, Хөдөлмөр халамжийн яам, Хилийн шалган нэвтрэх, оршин суух хяналтын байгууллага, Үндэсний цагдаагийн газар болон “Ур чадварын дадлага” тогтолцоог хэрэгжүүлэгч байгууллага /OTIT/, Олон улсын хүний нөөцийг дэмжих байгууллага ЖИТКО тус тус хариуцан ажиллаж байна.
Япон Улсад ажиллаж буй тусгай ур чадвартай ажилтан, ур чадварын дадлагажигч иргэдэд дараах асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгнө. Үүнд:
-
Хөдөлмөрийн харилцааны чиглэлээр хууль эрх зүйн зөвлөгөө өгөх
-
Тусгай ур чадвартай ажилтан, ур чадварын дадлагажигчийн хөдөлмөрийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих
-
Ажлын байрны хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын талаар өргөдөл гомдол, санал хүсэлт хүлээн авах, газар дээр нь танилцаж асуудлыг шийдвэрлэх
-
Тусгай ур чадвартай ажилтан, ур чадварын дадлагажигчаас ирүүлсэн өргөдөл гомдлын асуудлаар Японы талын холбогдох байгууллагатай хамтран ажиллах, шийдвэрлэх
-
Ур чадварын дадлагажигчаас Тусгай ур чадвартай ажилтан болох сонирхолтой монгол иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах,
-
Япон Улсад хөдөлмөр эрхэлж буй иргэдэд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр нээлттэй утас ажиллуулан зөвлөгөө мэдээллийн дэмжлэг туслалцаа үзүүлж, иргэдийн эрх ашгийг хамгаалах зэрэг ажлууд болно.
Хаяг: Япон Улс, Токио хот, Шибүяа дүүрэг, Камияма чёо, 21-4,
Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын хэлтэс, Хөдөлмөрийн атташе
Тел: 03-3469-2089
Гар утас: 090-6300-7503
Факс: 03-3469-2192
Хөдөлмөрийн харилцааны дээр дурдсан тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах байгууллагуудын цахим хуудсаас авна уу.
Японы Эрүүл мэнд, Хөдөлмөр халамжийн яам /Ministry of Health, Labour and Welfare/
https://www.mhlw.go.jp/index.html
Хилийн шалган нэвтрэх, оршин суух хяналтын байгууллага / Immigration Services Agency/
https://www.moj.go.jp/isa/index.html
“Ур чадварын дадлага” тогтолцоог хэрэгжүүлэгч байгууллага /OTIT (Organization for Technical Intern Training)/
“Ур чадварын дадлага” тогтолцоо болон “Тусгай ур чадвартай ажилтан” тогтолцооны Олон улсын хүний нөөцийг дэмжих хамтын ажиллагааны байгууллага /JITCO (Japan International Trainee & Skilled Worker Cooperation Organization)/