ЯПОН УЛСАД ГАЛТ УУЛЫН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

2026-06-22


Дэлхийн бөмбөрцгийн бүтэц:


Дэлхий нь хэд хэдэн үндсэн давхаргаас бүрдэж тэдгээр нь бүтэц, найрлага, температурын хувьд ялгаатай байдаг.
①    Газрын гадарга  (Хатуу царцдас)
Дэлхийн хамгийн гаднах нимгэн хатуу хэсгийг газрын гадарга буюу царцдас гэх бөгөөд эх газрын царцдас (зузаан~30–70 км), далайн царцдас (нимгэн~5–10 км) гэж хоёр хуваана. Дэлхийн бөмбөрцгийн нийт  массын дөнгөж 0.5%орчмын эзлэх энэ нимгэн давхарга дээр ургамал, амьтан, хүмүүсийн амьдрал өрнөж, уул, далай, хотууд энэ давхарга дээр оршдог. Дэлхийн гадаргын температур нь −50°C – +30°C ( дундаж нь ойролцоогоор +15°C) байдаг. 
②    Манти (Mantle)

Царцдасын доор байрлах 2,900 км орчим хамгийн зузаан давхарга нь манти  бөгөөд дэлхийн бөмбөрцгийн нийт массын 67% орчим буюу хамгийн гол хэсгийг бүрдүүлдэг.юм. Энэ нь хагас хатуу, зөөлөн чулуулгаас тогтож, температур нь 500°C–4,000°C (дээшлэх тусам илүү хүйтэн, доошлох тусам илүү халуун бөгөөд дундаж нь ойролцоогоор 2,000°C–3,000°C) гэсэн маш өндөр температуртай байдаг тул хагас хайлмаг байдлаасаа болж удаан ч гэсэн хөдөлж, урсаж байдаг. Ийнхүү манти дотор үүссэн урсгал хөдөлгөөн нь дээрээ орших газрын гадаргад хагарал цууралт өгч, тектоник хавтангуудыг хөдөлгөж байдаг нь газар хөдлөлт, галт уул үүсэх гол шалтгаан болдог.
③    Гадна цөм (Outer core)
Мантийн доор байрлах 2,200 км орчим зузаантай дэлхийн бөмбөрцгийн нийт массын 30% орчим хувийг эзлэх хайлмаг төмөр, никелээс бүрдэх давхаргыг “гадна цөм” гэнэ. Энэ нь 4,000°C – 5,500°C гэсэн маш өндөр температуртай, хөдөлгөөнт шингэн давхарга бөшөөд түүний хөдөлгөөн нь дэлхийн соронзон орон үүсэх үндэс болдог.
④    Дотоод цөм (Inner core)
Дэлхийн хамгийн төвд орших 1,220 км орчим радустай, 2,440 км орчим диаметртэй дэлхийн бөмбөрцгийн нийт массын ~2–3% хувийг эзлэх маш өндөр даралт, нягтралтай хэсгийг “дотоод цөм” гэнэ. Нарны гадаргатай ойролцоо 5,000°C–6,000°C маш өндөр температуртай боловч маш өндөр даралтын улмаас хайлдаггүй хатуу төлөвт төмөр, никелээс бүрэлдэнэ.  
Эдгээр давхаргуудын харилцан үйлчлэл нь газар хөдлөлт, галт уул, эх газрын хөдөлгөөн зэрэг бүх геологийн үйл явцыг бий болгодог.


Галт уул үүсэх механизм: 


Галт уул үүсэх болон дэлбэрэх үйл явц нь дэлхийн тектоник хавтангийн хөдөлгөөн болон магмын дотоод динамиктай шууд холбоотой байгалийн үзэгдэл,  геологийн процесс юм.

Галт уул нь дэлхийн дотоод дахь өндөр температур, даралтын нөлөөгөөр манти давхарга доторх чулуулаг хайлж “магма” үүссэнээр бий болдог. Магма үүсэх үндсэн гурван механизм байдаг. Нэгдүгээрт, даралт буурах үед (decompression) мантийн халуун чулуулгууд хайлж эхэлнэ. Хоёрдугаарт, ус болон бусад хий дэгдэмхий бодис нэмэгдэхэд хайлах температур нь буурч (flux melting), магма үүснэ. Гуравдугаарт, магмаас ялгарсан дулааны нөлөөгөөр гадаргын чулуулгууд халж хайлах (heat-induced melting) процесс явагдана. Эдгээр процессууд нь ихэвчлэн тектоник хавтангийн зааг бүсүүд, тухайлбал далай доторх уул нуруу, субдукцийн бүс, халуун цэгүүдэд тохиолддог.

Энэхүү магма нь эргэн тойрныхоо чулуулгаас хөнгөн тул газрын ан цав, хагарлаар дээш хөөрч, газрын гадаргын цардасны доор магмын бассейн үүсгэн хуримтлагддаг бөгөөд цаг хугацааны явцад энэ үйл явц давтагдаж улмаар газрын гадаргаас дээш магма оргилон гарснаар галт уулын дэлбэрэлт үүсдэг. Галт уулын дэлбэрэлт нь магмын бассейны доторх магмаас ялгарсан хий болон газрын гадаргаас нэвчсэн усны уурын хэмжээ нэмэгдэж, даралт ихэссэнээс болж голдуу үүсдэг. Даралт хэт ихсэж хий чөлөөтэй нэвчин гарах боломжгүй болох  үед гэнэтийн тэсрэлт үүсэж, магма болон хий, үнс, чулуулаг нь асар их хүчээр гадаргаас дээш цацагддаг. Энэ үйл явцын үр дүнд “лав урсгал”, галт уулын үнс, “пирокластик урсгал” зэрэг галт уулын гаралтай гамшгийг үүсгэдэг. 
Газрын гадаргад гарч ирсэн магмыг “лав” гэж нэрлэдэг. Магмын найрлагаас шалтгаалан галт уулын дэлбэрэлт өөр өөр байдаг. Жишээлбэл, цахиур багатай, шингэн магма нь тайван урсаж (effusive eruption) байдаг бол цахиур ихтэй, өтгөн магма нь хий ихээр агуулдаг тул хүчтэй тэсрэлт (explosive eruption) үүсгэдэг. Иймээс магмын шинж чанар нь тухайн галт уулын зан төлөвийг тодорхойлдог.
Дүгнэж хэлбэл, магма бол галт уулын “эх үүсвэр” юм. Магма үүсэж, дээш хөдлөн, гадаргад гарч ирснээр галт уул бий болж, дэлхийн гадаргын хэлбэржилт, геологийн үйл явцад чухал нөлөө үзүүлдэг.


Япон Улсад галт уул олон байдаг шалтгаан: 

Япон Улс нь дэлхийн хамгийн идэвхтэй галт уулын бүсүүдийн нэг бөгөөд “Номхон далайн галт цагариг”-ийн бүсэд байрладаг. Галт уул олон байдгийн шалтгаан нь түүний геологийн энэхүү байрлалтай нь шууд холбоотой. Үүнд:

1. Далайн бүс дэх тектоник хавтангуудын зааг дээр оршдог

Япон Улс нь 4 тектоник хавтангийн мөргөлдөж буй бүсэд оршдог. Үүнд:
-Номхон далайн хавтан (Pacific Plate)
-Филиппиний далайн хавтан (Philippine Sea Plate)
-Евразийн хавтан (Eurasian Plate)
-Хойд Америкийн хавтан (North American Plate)

Эдгээр хавтангууд нь мөргөлдөн бие биенээ шахаж, зарим нь доогуур шургах (subduction) хөдөлгөөн хийдэг.
 

2. Магма үүсэх нөхцөл бүрдсэн

Нэг хавтан нөгөө хавтангийн доогуур шургах үеийн үрэлт, гадаргын цууралтаас  болж манти бүсээс хөөрч гарч ирсэн халуунаас болж чулуулаг хайлж магма үүснэ. Магма дээшээ гарч дэлбэрэлт үүсгэнэ. Энэ процесс нь галт уул үүсэх үндсэн механизм юм.

3. “Номхон далайн галт цагираг”-т оршдог.

Япон нь дэлхийн хамгийн идэвхтэй галт уулын бүс болох Ring of Fire-ийн нэг хэсэг юм. Дэлхийн галт уулын 75% нь энэ бүсэд төвлөрч, газар хөдлөлтийн ихэнх нь энд болдог.

4. Олон хавтангийн ирмэг зааг дээр байрлах арлын орон.

Япон Улс нь эх газрын дунд орших бус арлуудаас бүрдсэн нум хэлбэрийн бүс (island arc system) бөгөөд энэ нь галт уул үүсэх хамгийн тохиромжтой геологийн тогтцод тооцогддог.
 

5. Олон сая жилийн геологийн үйл явц

Япон арлууд нь 20–30 сая жилийн турш далайн хавтангийн мөргөлдөөний үр дүнд аажмаар үүссэн тул галт уулын идэвхтэй бүс хэвээр үлдсэн.  

Япон Улсад орших идэвхтэй, дэлбэрэх эрсдэлтэй галт уулууд: 


Дэлхийн идэвхтэй галт уулын 10% орчим нь Японд байдаг. Япон Улсад 111 идэвхтэй (амьд) галт уул бүртгэгдсэн бөгөөд эдгээр нь хэзээ ч дэлбэрэх магадлалтай гэж үзэгдэж байнгын ажиглалтад байдаг.
https://www.mext.go.jp/

Японы засгийн газрын дэргэдэх “Галт уулын дэлбэрэлтийг урьдчилан таамаглах зөвлөл”-өөс галт уулын идэвхжилтэй холбоотой ажиглалт, хэмжилт, судалгаа болон шинжилгээг илүү иж бүрэн хийж гүйцэтгэх шаардлагатай галт уулуудыг судлан тодорхойлж, “Галт уулын гамшгаас урьдчилан сэргийлэх, хяналт, ажиглалтын тогтолцоог сайжруулах шаардлагатай галт уулууд” гэж нэрлэсэн бөгөөд эдгээр нь нийт 51 галт уул байна.

“Галт уулын дэлбэрэлтийг урьдчилан таамаглах зөвлөл” /火山噴火予知連絡会/ нь 1974 онд байгуулагдсан бөгөөд галт уулын дэлбэрэлтийг урьдчилан таамаглах, эрсдэлийг үнэлэх зорилго бүхий шинжлэх ухааны шинжээчдийг эгнээндээ нэгтгэсэн зөвлөл юм. Энэхүү байгууллага нь байнгын бүтэц биш боловч Японы Цаг уурын агентлаг (JMA), Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам (MEXT) болон холбогдох судалгааны байгууллагуудтай уялдаа холбоотой ажилладаг, зөвлөх үүрэгтэй байгууллага юм. Тус зөвлөлийн гишүүд нь галт уул судлаач, геофизик болон холбогдох салбарын мэргэжилтнүүд байдаг бөгөөд дарга, нарийн бичгийн дарга нар, шинжлэх ухааны үнэлгээ, ажиглалтын дэд ажлын хэсгүүдээр дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг. Нарийн бичгийн даргын газрын үүргийг Японы Цаг уурын агентлаг болон холбогдох судалгааны байгууллагууд гүйцэтгэж, галт уулын идэвхжил, газар хөдлөлт, хий ялгаруулалт зэрэг мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийдэг.
Энэхүү байгууллага нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр Япон Улс дахь галт уулын аюулд үнэлэлт дүгнэл өгөх, Засгийн газарт зөвлөмж гаргаж өгөх, олон нийтэд хандсан сэрэмжлүүлэг мэдээлэл өгөхөд чухал үүрэгтэй.
https://www.jma.go.jp/jma/kishou/shingikai/ccpve/CCPVE.html
Японы хэзээ ч дэлбэрч болзошгүй хамгийн идэвхтэй 10 галт уулыг нэрлэвэл: 
①    Фүжи уул /富士山/
•    Өндөр: 3,776 м (Японы хамгийн өндөр) 
•    Байршил: Хоншю арал 
•    Сүүлийн дэлбэрэлт: 1707 он (Хоэй дэлбэрэлт) 
•    Төрөл: Стратовулкан 

Онцлог: Японы бэлгэ тэмдэг болсон уул бөгөөд одоогоор тайван боловч идэвхтэй ангилалд ордог, ирээдүйд дэлбэрэх эрсдэлтэй гэж тооцогддог. 
Фүжи ууланд том хэмжээний дэлбэрэлт болсон тохиолдолд, 1707 оны “Хоэй их дэлбэрэлт”-тэй  дүйцэх хэмжээний үнс агаарт цацагдаж, ойролцоогоор 4.9 тэрбум шоо метр үнс нийслэл Токио хот болон Канто бүс нутагт тархах эрсдэлтэй гэгдэж байна. Энэ нь орчин үеийн мега хотын хэвийн үйл ажиллагааг бүрэн саатуулах ноцтой аюул юм. Япон Улсын ЗГ-аас “Томоохон галт уулын дэлбэрэлтийн үед өргөн хүрээний үнсний уналтад авах арга хэмжээ, Нийслэлийн бүсэд үзүүлэх үнсний нөлөө ба хариу арга хэмжээ~ Фүжи уулын дэлбэрэлтийн жишээн дээр” хэмээх судалгааны тайланг 2014 онд гаргасан. 

https://www.bousai.go.jp/
https://wwwc.cao.go.jp/

Уг тайлангаас авч үзвэл галт уулын үнс нь маш нарийн ширхэгтэй, шилэн бүтэцтэй тул өндөр хүчдэлийн шугам зэрэг цахилгаан дамжуулах байгууламжид богино холбоо олноор үүсгэж ихээхэн бүс нутгийг хамарсан тог тасралт үүсэж, ус цэвэршүүлэх байгууламж зогссоноор усан хангамж тасалдах, харилцаа холбооны сүлжээ доголдох зэрэг дэд бүтцийн системийг бүхэлд нь саатуулах эрсдэл үүсэх аж. Түүнчлэн тээврийн салбарт ноцтой нөлөө үзүүлж, төмөр замын хөдөлгөөн зогсох, автомашины хөдөлгүүр эвдрэх, үзэгдэх орчин муудах, нисэх онгоцны хөдөлгүүрт үнс орсноор бүх нислэг цуцлагдах зэрэг нөхцөл байдал үүсэж, хотын хөдөлгөөн бүхэлдээ зогсох магадлалтай гэгдэж байна. Түүнчлэн бороотой хавсарч үнс нь барилгын дээвэрт хэт их жин үүсгэж, барилга байгууламж нурах эрсдэлийг нэмэгдүүлнэ. 

Мөн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, амьсгалын замын өвчин, нүд болон арьсны цочрол үүсгэх тул хүмүүс гадагш гарахад хүндрэлтэй болж, хамгаалалтын маск зайлшгүй шаардлагатай болно. Эдийн засгийн хувьд үйлдвэр аж ахуйн газрууд зогсож, логистик тасалдаж, хүнсний хомсдол үүсэх зэрэг үр дагавар гарч, энэ байдал хэдхэн өдөр биш харин хэдэн долоо хоног, сараар үргэлжлэх магадлалтай юм. Иймд Фүжи уул дэлбэрвэл хамгийн гол аюул нь дэлбэрэлтээс өөрөөс үүдсэн аюул бус харин өргөн хүрээнд тархах үнснээс нь болж хотын дэд бүтэц, эдийн засаг, өдөр тутмын амьдрал бүхэлдээ саатах явдал бөгөөд энэ нь олон сая хүнийг хамарсан үндэсний хэмжээний томоохон гамшиг болж хувирах өндөр магадлалтай эрсдэлд тооцогдож байна.

Токио хотын 23 дүүрэгт унах үнсний хэмжээг дүүрэг бүрээр нарийвчлан тогтоосон албан ёсны нэгтгэсэн тоо байхгүй боловч симуляци судалгаанаас харахад баруун хэсгээс зүүн рүү чиглэж үнсний хэмжээ багасах хандлагатай байна. Баруун хэсгийн Сэтагая, Сугинами, Нэрима, Накано зэрэг дүүргүүд нь Фүжи ууланд илүү ойр тул салхины чиглэлээс хамаарч ойролцоогоор 5–10 см, зарим үед үүнээс ч илүү ихээр үнс унах бөгөөд энэ нь автомашины хөдөлгөөнийг бараг боломжгүй болгож, төмөр замыг бүрэн зогсоох, барилгын дээвэрт нуралт үүсгэх эрсдэлтэй. 

Харин Шинжүкү, Шибүя, Минато, Чиёда зэрэг төвийн дүүргүүдэд 3–8 см орчим үнс унах төлөвтэй бөгөөд энэ бүсэд өндөр барилга, дэд бүтэц төвлөрсөн байдаг тул цахилгаан, холбоо, тээврийн систем доголдож, хотын үндсэн үйл ажиллагаа бүхэлдээ саатах эрсдэлтэй. Зүүн талын Кото, Сүмида, Эдогава, Кацүшика, Адачи зэрэг дүүргүүдэд харьцангуй бага буюу 2–5 см үнс унах ч энэ хэмжээ ч замын хөдөлгөөнийг саатуулж, ложистик тасалдах, цахилгаан тасрах зэрэг өдөр тутмын амьдралд ноцтой бэрхшээл авчрахад хангалттай юм. Мөн хойд болон өмнөд бүсийн дүүргүүдэд ойролцоогоор 3–7 см үнс унах магадлалтай бөгөөд ялангуяа өмнөд хэсэгт нь орших Ханэда онгоцэы буудал орчмоор унасан үнсний улмаас агаарын тээвэр хамгийн түрүүнд зогсох магадлал өндөр аж.

Ерөнхийд нь авч үзвэл, ердөө 3 см орчим үнс унахад л хотын тээвэр, дэд бүтэцэд ноцтой саатал учирч эхлэх тул Токио хотын 23 дүүрэг бүгдээрээ үнсний нөлөөнөөс бүрэн ангид байх боломжгүй бөгөөд бүхэлдээ хот системийн доголдолд орох өндөр эрсдэлтэй гэж үзэж байна. 

https://www.data.jma.go.jp/
②    Сакуражима /桜島/
•    Өндөр: 1,117 м 
•    Байршил: Кагошима муж 
•    Идэвхжил: Байнгын (жил бүр жижиг   дэлбэрэлт болдог) 
•    Төрөл: Стратовулкан 
Онцлог: 
o    Японы хамгийн идэвхтэй галт уул 
o    Өдөр тутам үнс, хий ялгаруулдаг
o    Ойролцоох хотод шууд нөлөөтэй 
Хэрвээ Сакуражима галт ууланд том дэлбэрэлт болвол хамгийн түрүүнд ойролцоох Кагосима хотод хүчтэй дуу чимээ сонсогдож, газар бага зэрэг чичирнэ. Дараа нь галт уулын үнсний үүл салхины чиглэлээс хамаарч хот руу тархаж, гудамж, байшингууд дээр үнс унаж эхэлнэ. Үнс их хэмжээгээр унавал амьсгалахад хүндрэлтэй болж, зам тээвэр саатах, онгоц нисэхгүй болох зэрэг асуудал үүснэ. Хүмүүс хамгаалах байр руу орох эсвэл зааврын дагуу нүүлгэн шилжих шаардлагатай болдог. Хэрэв дэлбэрэлт 1914 оных шиг маш хүчтэй байвал ойролцоох бүсэд амьдрахад аюултай нөхцөл үүсч болзошгүй юм.
Сакуражима галт уул нь жижиг арал хэлбэртэй байснаа 1914 онд болсон хамгийн томоохон дэлбэрэлтийн дараах лавын урсгалын улмаас арал байхаа больж, Кюүшю аралтай газраар холбогдсон. Энэ нь дэлхийн галт уулын түүхэнд маш ховор тохиолддог геологийн өөрчлөлт байв. Энэ үеэр хүний амь нас хохирч тосгон суурин сүйдэж, газар тариалан үнсэнд дарагдаж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шаардлага үүсэж байжээ. 
https://www.data.jma.go.jp/
③    Асо уул /阿蘇山/

•    Өндөр:     1,592 м 
•    Байршил:     Кюүшю арал 
•    Сүүлийн дэлбэрэлт: 2021 он 
•    Төрөл:         Кальдера галт уул 
Онцлог: 
Дэлхийн хамгийн том тогоотой уулын                     нэгэнд тооцогддог  (Nakadake) 
Асо галт уул нь 270,000–90,000 жилийн өмнө болсон дэлбэрэлтүүдээр өнөөгийн аварга том тогоо /кальдер/ үүсгэж, Кюүшю арлын өргөн хэсгийг хамарсан пирокластик урсгал тархсан. 1958 онд уг галт уулын Накадакэ тогоонд үүссэн гэнэтийн дэлбэрэлтийн үеэр шидэгдсэн үнс чулуунд өртөж олон жуулчин амь насаа алдаж байв. Мөн 1979 онд хүхрийн давхар исэл SO₂ хэмээх галт уулын хий их хэмжээгээр ялгарч хордлогын улмаас олон хүн хордож, зарим нь амь насаа алдсан. 2016 онд хүчтэй дэлбэрэлт болж үнс утааны багана өндөрт гарснаас болж агаарын тээвэр саатаж, нислэгт нөлөөлж байв. 
https://www.data.jma.go.jp/

④    Унзэндакэ уул /雲仙岳/

Өндөр: 1,483 м 
•    Байршил: Кюүшю 
•    Сүүлийн том дэлбэрэлт: 1991 он 
•    Төрөл: Стратовулкан 
Онцлог: 
o    Пирокластик урсгал үүсгэдэг аюултай 
o    1991 онд хүний амь хохирсон томоохон гамшиг болсон 
Унзэн галт уул нь Японы Кюүшю арал дээр орших идэвхтэй стратовулкан /давхарласан конус бүтэцтэй, нэлээд өндөр, ихэвчлэн хүчтэй дэлбэрдэг галт уул/ төрлийн галт уул бөгөөд пирокластик урсгалаараа онцгой аюултайд тооцогддог. Тус галт уул 1792 онд идэвхжих үеэр хүчтэй газар хөдлөлт болж, уулын хажуугийн нуранги нь далайд цутган орж цунами үүсгэснээр 15,000 орчим хүн амь үрэгдсэн Японы хамгийн том галт уулын гамшиг тарьсан. 1991 онд дахин идэвхжих үеэр нь лавын бөмбөлөг заларч пирокластик урсгал үүссэнээр судлаач, сэтгүүлч зэрэг 40 гаруй хүн амь насаа алдаж, олон барилга байгууламж сүйдэж байсан юм.
Пирокластик урсгал нь галт уул дэлбэрэх үед үүсдэг, маш халуун хий, үнс, чулууны хэлтэрхий, хайлмаг чулуулгийн хэсгүүдийн өндөр хурдтай урсгал бөгөөд уулын хэвгий дагаж 100–700 км/цаг хүртэл хурдтай, 200–700°C буюу түүнээс дээш температуртайгаар доош урсдаг галт уулын хамгийн аюултай үзэгдлийн нэг байдаг. 
https://www.data.jma.go.jp/
⑤    Асама уул

Өндөр:     2,568 м 
•    Байршил:     Нагано муж 
•    Сүүлийн дэлбэрэлт: 2019 он 
•    Төрөл:         Стратовулкан 
Онцлог: 
o    Токио-д ойрхон 
o    Үнсний уналт нөлөөлж болзошгүй 
Асама галт уул нь Японы Хоншю арал дээр Нагано ба Гунма мужийн зааг дээр оршдог. Идэвхтэй стратовулкан бөгөөд түүхийн туршид олон удаа хүчтэй тэсрэлттэй дэлбэрэлт үүсгэж, дэлбэрэлтийн улмаас ойр орчмын бүсэд үнс, хий, пирокластик материал цацагдан аюул учруулж ирсэн галт уул юм. 1783 онд Тэнмэй  тооллын үеэр маш хүчтэй дэлбэрэлт болж, олон хүний амь нас хохирч, тосгон суурин ихээр сүйдсэн тухай тэмдэглэгдэн үлдсэн. Одоо ч идэвхтэй хэвээр утаа гарсаар буй бөгөөд Японы галт уулын сэрэмжлүүлгийн хүрээнд байнгын хяналтад байж, тогоо /кратер/ орчимд нь ойртохыг хязгаарлах зэрэг аюулгүй байдлын арга хэмжээ авагдаж байгаа болно.
https://www.data.jma.go.jp/

⑥    Киришима уул /霧島/

Өндөр:         ~1,700 м 
•    Байршил:         Кюүшю 
•    Сүүлийн дэлбэрэлт:     2018 он 
•    Төрөл: Галт уулын бүс 
Онцлог: 
o    Олон тогоо бүхий систем 
o    Идэвхжил үе үе нэмэгддэг 
Кирисима галт уулын бүс нь Японы Кюүшю арал дээр орших олон тогоо бүхий идэвхтэй галт уулын цогцолбор бөгөөд түүхийн явцад хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрэлт болж байжээ. Ялангуяа 1716–1717 оны үед болон 20–21 дүгээр зууны үед хэд хэдэн удаа идэвхжиж, үнсний уналт, лавын урсгал, хий ялгаралтаараа ойролцоох суурин газруудад уршиг тарьж байсан. 
2011 онд Шинмоэ-дакэ /新燃岳/ оргилд болсон хүчтэй дэлбэрэлтийн улмаас үнс утааны үүл нь хэдэн километр өндөрт хүрч, ойр орчмын тосгон, зам тээвэр, нислэгт саатал учруулж, эдийн засгийн хохирол учирч байв. Харин орчин үеийн хяналт, нүүлгэн шилжүүлэх тогтолцооны ачаар хүний амь нас хохироогүй аж.
https://www.data.jma.go.jp/

⑦    Кучиноэрабүжима /口永良部島/

•    Байршил: Кюүшю орчим орших арал 
•    Сүүлийн дэлбэрэлт: 2015 он (хүчтэй) 
Онцлог: 
•    Гэнэтийн дэлбэрэлттэй  
•    Нүүлгэн шилжүүлэлт хийдэг 
Кучиноэрабүжима нь Японы Кюүшю арал-ын өмнөд хэсэгт орших идэвхтэй галт уулаас бий болсон жижиг арал бөгөөд байнгын хяналттай, аюул учрах өндөр эрсдэлтэй галт уулын нэг юм. Тус галт уул нь гэнэтийн дэлбэрэлт үүсгэдэг онцлогтой бөгөөд 2015 онд хүчтэй дэлбэрэлт болж, үнсний багана нь хэдэн километр өндөрт хүрч, пирокластик урсгал үүсэх аюул илэрснээр арлын бүх оршин суугчдыг түр хугацаагаар нүүлгэн шилжүүлж байсан. Энэ нь орчин үеийн Японы галт уулын гамшгийн нэгэн жишээ юм. 
Өнөөдөр Кучиноэрабүжима нь байнгын ажиглалт, хяналт дор байдаг бөгөөд гэнэтийн хүчтэй дэлбэрэлт гарах магадлалтай тул сэрэмжлүүлгийн систем тогтмол ажиллаж байна.
https://www.data.jma.go.jp/

⑧    Сүванозэжима / 諏訪之瀬島/

•    Байршил:     Өмнөд арлууд 
•    Сүүлийн идэвхжил: тогтмол 
Онцлог: 
o    Байнга дэлбэрдэг                  
o    Үнс, хий тасралтгүй гардаг 
Сүваносэжима нь Японы Кюүшү арлын өмнөд хэсэгт орших Токара цуврал арлын нэг бөгөөд галт уулын үйл ажиллагааны үр дүнд үүссэн жижиг арал юм. Энэ арал нь идэвхтэй стратовулкан бөгөөд байнгын дэлбэрэлт явагддаг. Энэ арал дээр эрт үеэс галт уулын хүчтэй дэлбэрэлт гарч, арлын хэлбэр олон удаа өөрчлөгдөж ирсэн. 20 дугаар зууны дунд үед, ялангуяа 1949 онд хүчтэй дэлбэрэлт болсон бөгөөд тухайн үед арал дээрх тосгоны нэлээд хэсэг сүйдэж, хүмүүс нь түр хугацаанд нүүн шилжсэн. 1960–1961 онд идэвхжил нэмэгдэж, үнс их хэмжээгээр цацагдсан. 2000 оноос хойш тасралтгүй жижиг хэмжээний дэлбэрэлт үүсэх болж Японы цаг уурын байгууллагын байнгын хяналтад орсон. Үнс уналт болон жижиг тэсрэлтүүд нь ойр орчмын амьдралд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг боловч арал дээр цөөн тооны оршин суугчид амьдарсаар байна.  
Энэ арал нь Японы хамгийн идэвхтэй галт уулын нэгийн хувьд байгаль, галт уулын судалгаанд чухал ач холбогдолтой газар юм.
https://www.data.jma.go.jp/
⑨    Изүоошима арлын Михара уул /伊豆大島(三原山)/

•    Байршил:         Изу Оошима 
•    Сүүлийн дэлбэрэлт:     1986 он 
Онцлог: 
•    Лав урсгал давамгайлсан 
•    Аялал жуулчлалын бүс 
Изүоошима арал нь Хоншүгийн өмнөд хэсэг, Сагами буланд оршдог Японы Изү цуврал арлын хамгийн том нь бөгөөд Токио хотын харьяанд байдаг идэвхтэй галт уулаас гаралтай арал юм. Энэ арал нь далайн аялал жуулчлал болон байгалийн судалгаагаар алдартай.
https://www.data.jma.go.jp/
Изүоошима нь бүхэлдээ стратовулкан бүтэцтэй бөгөөд төв хэсэгт нь Михара уул байрлаж, олон удаагийн дэлбэрэлтээр арлын хэлбэрийг байнга өөрчилж ирсэн. 1986 оны дэлбэрэлт нь маш хүчтэй болж “лав урсгал” нь  тосгон руу ойртосноос оршин суугчдыг нь түр нүүлгэн шилжүүлсэн.  Михара уул нь хэзээ ч дахин идэвхжих магадлалтай хэвээр тул байнгын хяналтад байдаг. Уг арал нь Токиогоос ойрхон орших тул амралт, аялал жуулчлалын чухал бүсэд тооцогдож, халуун рашаан, үзэсгэлэнт байгаль, далайн үзэмжээрээ жуулчдын очих дуртай газар нэг юм. 

⑩    Токачидакэ уул /十勝岳/

•    Байршил:         Хоккайдо 
•    Сүүлийн дэлбэрэлт:     2004 он 
Онцлог: Хойд Японл орших идэвхтэй галт уул 
Энэ галт уул нь Японы Хоккайдо аралд орших идэвхтэй стратовулкан бөгөөд Дайсэцүзан (大雪山) галт уулын нурууны нэг хэсэг юм. Энэ уул нь галт уулын байнгын идэвхжилтэй бүсэд ордог тул хамгийн өндөржүүлсэн хяналттай галт уулын нэг юм. 
Токачидакэ уулын орчимд олон удаагийн галт уулын дэлбэрэлт бүртгэгдсэн байдаг. Ялангуяа 1926 онд болсон хүчтэй дэлбэрэлтийн үед пирокластик урсгал, үнс нурам их хэмжээгээр тархаж, ойр орчмын суурин газарт ноцтой хохирол учруулсан. Мөн 1962, 1988–1989 онд дахин идэвхжиж, жижиг болон дунд хэмжээний дэлбэрэлтүүд гарч байв.
Токачидакэ уул нь одоо ч бүрэн унтраагүй хэвээр бөгөөд газрын гүн дэх магмын хөдөлгөөн нь үргэлжилсээр байгаа тул Японы Цаг уурын агентлаг байнгын хяналтад байлгадаг. Зарим үед уур, хий, жижиг хэмжээний үнс цацалт ажиглагддаг. Энэхүү уул нь байгалийн аюултай галт уулын сацуу үзэсгэлэнт байгаль, халуун рашаанаараа  жуулчдыг татдаг аялал жуулчлалын чухал бүсэд ордог.
https://www.data.jma.go.jp/

Галт уулын аюулаас урьдчилан сэрэмжлэх тухай


Япон Улс нь галт уулын хяналт, сэрэмжлүүлгийн тогтолцоог өндөр түвшинд хөгжүүлсэн орон юм. Энэ ажлыг Японы Цаг уурын агентлаг хариуцдаг бөгөөд галт уулын идэвхжил, дэлбэрэх эрсдэлийг 5 шатлалд хувааж, холбогдох анхааруулга сэрэмжлүүлэг гаргадаг. Шатлал тус бүрээр иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд ямар арга хэмжээ авахыг энд тодорхой зааж өгсөн байдаг.
https://www.jma.go.jp/
Шатлал тус бүрээр авах арга хэмжээг тоймловол: 
🟢 Шатлал 1 — “Хэвийн байдал”
•    Галт уул тайван 
•    Онцын аюулгүй нөхцөл 
•    Аялал жуулчлал хэвийн явагдаж болно. 
    “Анхааралгүй” орхино гэсэн үг биш бөгөөд “ердийн ажиглалт” хийнэ.
 🟡 Шатлал 2 — “Хязгаарлагдмал аюултай”
•    Кратер (тогоо) орчимд аюултай байж болзошгүй. 
•    Жуулчид тогоонд ойртохыг хориглож эхэлнэ 
•    Жижиг хий, уур гарч байж болно. 
-    Ууланд авирахыг хэсэгчлэн хаана.
🟠 Шатлал 3 — “Галт уулын бүсэд орохыг хориглоно”
•    Дэлбэрэлт болох магадлал нэмэгдсэн. 
•    Хүмүүсийг уул руу оруулахгүй. 
•    Ойролцоох суурин хяналтанд орно. 
-   Энэ түвшнээс эхлээд аюулыг бодитой гэж үзнэ.
🔴 Шатлал 4 — “Нүүлгэн шилжүүлэх бэлтгэл”
•    Оршин суугчдыг нүүлгэн шилжихийг зөвлөж эхэлнэ. 
•    Дэлбэрэлт ойртсон шинж тэмдэг хүчтэй мэдрэгдэнэ.  
•    Онцгой хамгаалалт идэвхжинэ. 
-   “Удахгүй дэлбэрч магадгүй” гэсэн түвшин юм.
🔴 Шатлал5 — “Яаралтай нүүлгэн шилжүүл”
•    Дэлбэрэлт эхэлсэн эсвэл яг эхлэх гэж байна. Яаралтай зугт.
•    Шууд нүүлгэн шилжүүлэлт хийнэ. 
•    Амь насанд шууд аюул учирна. 
-    Энэ бол аюулын хамгийн өндөр түвшин юм.
Японы орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд болон гамшгийн эсрэг байгууллагууд галт уулын дэлбэрэлтийн гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулах үүрэгтэй байдаг. 

Японы галт уулын реал-тайм (шууд) сэрэмжлүүлэг олж харах хамгийн найдвартай арга нь Японы Цаг уурын агентлаг-ийн мэдээллийн системд нэвтрэх явдал бөгөөд тэнд “онлайн газрын зураг”, “анхааруулгын мэдээлэл” 15 хэл дээр үүний дотор монгол хэл дээр мэдээлэл байдаг. Эндээс уул тус бүрээр аюулгүй байдлын мэдээлэл олж болно.  
🔗 JMA Volcano Information System
https://www.data.jma.go.jp
JMA-ийн интерактив газрын зураг дээр Японы бүх галт уулыг өнгөөр тэмдэглэсэн байдаг бөгөөд 🟢 ногоон → тайван, 🟡 шар → анхаарах, 🟠 улбар → аюул нэмэгдсэн, 🔴 улаан → 🔴 нүүлгэн шилжүүлэх гэсэн өнгөөр ялгаж өгсөн байдаг. 
Мөн Японд өргөн хэрэглэгддэг байгалийн гамшгийн мэдээллийн аппликэшн-г гар утас болон төхөөрөмжиндөө суулгаснаар галт уулын мэдээллийг цаг алдалгүй шуурхай олж авах боломжтой. 
•    “Safety tips (Japan)” – олон хэлтэй (англи, япон) 
•    NHK World app 
•    JMA цаг агаарын мэдээллийн аппликэшн 
Түүнчлэн Японы олон нийтийн телевиз болох NHK нь  гамшгийн мэдээллийг шууд дамжуулах үүрэг хүлээдэг. Иймд NHK суваг нь галт уулын томоохон дэлбэрэлт болбол шууд дамжуулдаг бөгөөд вэб сайтаар нь англи, япон хэл дээрх мэдээлэл нь байнга шинэчлэгддэг.  
“Японы газарзүйн мэдээллийн газар” /Geospatial Information Authority of Japan/ нь Японы газарзүйн холбогдолтой мэдээлэл, албан ёсны газрын зураг, геодезийн хэмжилт болон гамшгийн эрсдэлийн газрын зургийг хариуцан боловсруулах төрийн байгууллага бөгөөд газар хөдлөлт, галт уулын идэвхжил зэрэг байгалийн аюулыг хянах, судлах зорилгоор орчин үеийн GPS, хиймэл дагуулын технологийг ашиглан байнгын шинэчлэгдсэн мэдээлэл эрхлэн гаргадаг.
Geospatial Information Authority of Japan(GSI)
https://www.gsi.go.jp/

Дэлбэрэлтийн бүсэд зорчиж байсан үед авах арга хэмжээ:

Галт уул дэлбэрэх яг тэр үед ууланд явж байж таарвал:

•  Тайван байж, хөтөч болон холбогдох хүмүүсийн зөвлөмжийг дагах, 
•  Орой руу биш доош чиглэн аль болох яаравчлан буух хэрэгтэй. 
•  Үнс, хий амьсгалаар уушгинд орохоос сэргийлж ам, хамраа алчуур, маск эсвэл хувцсаар дарж хамгаалах 
•  Нүд рүү үнс орохоос сэргийлж хамгаалалтын нүдний шил зүүх
•  Мөн толгойгоо болон биеийн эмзэг ил хэсгийг аль болох хамгаалж, далдлан хааж, үнс болон халуун чулуунаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй. 
•  Пирокластик урсгал, чулуулаг нуранги ойртож байна гээд өндөр газар руу зугтах бус харин хамгаалалттай бол нам дор хэсэг рүү түргэн шилжихийг хичээх ёстой.
•  Уулнаас буух явцдаа гар утас, радио зэрэг хэрэгслээр албан ёсны анхааруулга, зааврыг сонсож, холбогдох байгууллагын чиглэлийг дагана. 
•  Оргил руу буцаж очих, зураг авах гэж саатах, эсвэл бусдаас салж ганцаараа явахыг хатуу хориглоно. 
•  Ийм нөхцөлд хамгийн чухал нь аль болох хурдан аюултай бүсээс гарч, доош чиглэн нүүх явдал юм.

Санал дүгнэлт: Япон Улс нь тектоникийн идэвхтэй бүсэд оршдог тул галт уул маш олонтой, тэдгээр нь дэлбэрэх эрсдлийг өөртөө агуулж байдаг орон юм. Жуулчдын ихээр сонирхон үздэг Фүжи уул зэргээс авхуулахад галт уул бүхий байгалийн үзэсгэлэнт газрууд нь өнөөдөртөө тайван мэт харагдах боловч хэзээ ч дэлбэрэх магадлал бий гэдгийг мартаж болохгүй. 

Иймд Японы Улсын галт уулын бүсэд оршин суугч монгол иргэд болон аялал жуулчлалаар галт уулын бүсэд зорчиж буй иргэд байнгын анхаарал болгоомжтой байж, аюул тохиолдвол авах арга хэмжээгээ мэддэг байх нь чухал юм.