ЦҮНАМИ

2026-06-26


Япон Улс нь дэлхийн хамгийн их байгалийн гамшиг болдог газрын нэг бөгөөд ялангуяа цунамигийн аюулд өртөх эрсдэл өндөртэй байдаг. Энэ нь Япон Улс нь Номхон далайн галт уулын болон газар хөдлөлтийн өндөр идэвхжилтэй бүсэд оршдогтой нь шууд холбоотой. Иймээс Японд оршин суугчид болон зорчигчид цүнамигийн үүсэл, түүхэн сургамж, ирээдүйн эрсдэл болон хамгаалах арга хэмжээний тухай зохих мэдээлэлтэй байх нь чухал юм.
Орчин үеийн шинжлэх ухаан, технологийн тусламжтайгаар цүнамигийн аюулыг урьдчилан таамаглах, хохирлыг бууруулах боломж хэдийгээр нэмэгдэж байгаа боловч урьдчилан сэргийлэх, хохирлоос зайлсхийх хамгийн үр дүнтэй гол арга нь иргэд мэдлэг, чадвараа сайжруулах явдал гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймд Японы Улсад оршин суугч монгол иргэд болон аялал жуулчлалаар зорчиж буй иргэд нь цүнамигийн талаарх мэдлэгээ сайжруулж, урьдчилсан бэлтгэл базааж, шаардлага гарсан үед анхаарал сэрэмжтэй байж өөрийн болон бусдын амь насыг хамгаалахын төлөө зөв үйлдэл хийх нь чухал юм. 
1. Цүнами үүсэх механизм
Томоохон газар хөдлөлт далайн ёроолын гүехэн хэсэгт үүсэх үед, хагарлын хөдөлгөөний улмаас далайн ёроолын газрын давхарга дээшлэх эсвэл доошлох хөдөлгөөн хийдэг. Энэхүү газрын давхаргын өөрчлөлт нь түүний дээрх далайн усыг босоо ба хэвтээ чиглэлийн хөдөлгөөнд оруулж, урт долгионтой давалгааг үүсгэнэ. Энэ нь цөөрөмд чулуу шидэхэд долгион бүх чиглэлд тархдагтай адил бөгөөд далайн эрэг рүү чиглэн давалгаалан ирдэг долгионыг цунами гэж нэрлэдэг.

Ийнхүү далайн ёроол нь огцом дээш эсвэл доошоо шилжих үед түүн дээрх асар их хэмжээний ус бүхэлдээ хөдөлгөөнд орж үүсдэг цүнами нь далайн гүнд бараг мэдэгдэхгүй боловч эрэг рүү ойртох тусам эрчим нь өсөж, өндөр нь огцом нэмэгдэж, асар их сүйрэл сүйтгэл авчирдаг.
Энгийн салхиар үүсдэг далайн гадаргуугийн давалгаанаас ялгаатай нь цүнамигийн үед далайн ус босоо чиглэлд бүхлээрээ давалгаалдаг тул энерги ихтэй, алс холын зайг туулж тархах чадвар нь өндөр байдаг.
Цүнами нь мөн далайн доторх хөрсний нуралт, далайн гүний галт уулын дэлбэрэлт, солирын уналт, агаарын даралтын зөрүү зэргээс үүдэж болдог.   Мөн далайн эргийн ойролцоо хөрсний гулсалт эсвэл хадны нуранги үүсч, их хэмжээний шороо, чулуу далай руу унах үед ч цунами үүсэх тохиолдол гардаг.
https://www.jma.go.jp
Цүнамигийн тархах хурд нь далайн гүний хэмжээнээс хамаарч өөр өөр байдаг бөгөөд далайн гүнээс хамаарч хурд нь нэмэгддэг.
Тухайлбал, задгай далайд цунами нь онгоцтой адил хурд буюу цагт 700 км-ийн хурдтай тархдаг бол хуурай газрыг хурдан галт тэрэг (шинкансэн)-тэй ойролцоо  хурдаар ирж дайрдаг. Үүний дараа хурд нь бага багаар саарч, автомашины хурд орчмоор тардаг. 
Далайн эрэг орчимд ялангуяа далайн булангийн гүн хэсэг эсвэл хошуу тохойны үзүүр хэсэг зэрэгт газрын хэлбэрийн нөлөөгөөр цунами нь гэнэт огцом өндөр болж, асар их хэмжээний хохирол учруулдаг тул ийм цэгүүдэд онцгой анхаарал тавих шаардлага үүсдэг.
Япон Улсад болж байсан цүнамигийн гамшгийн жишээ:
Япон Улс нь түүхэндээ олон удаагийн томоохон цүнамигийн гамшгийг туулж ирсэн. Зүүн хойд бүс нутгийн Санрикү эрэг (三陸海岸) нь хамгийн олон удаагийн гамшигт өртөж, их хэмжээний хохирол амсаж ирсэн бүс бөгөөд газарзүйн хэлбэр (риас эрэг) нь цүнамигийн долгионы хүчийг өсгөж, гамшиг болох боломжийг нэмдэг. 1896 оны “Мэйжи үеийн Санрикү газар хөдлөлт ба цүнами” /明治三陸地震津波/-н үеэр энэ эрэгт 30 метрээс дээш өндөртэй давалгаа үүсч, 22,000 орчим хүн амь үрэгдсэн байна. Мөн 1933 оны Шова үеийн /昭和三陸地震津波/ цүнами нь мөн их хэмжээний хохирол учруулж, 3,000 орчим хүний амийг авч одсон байна. 
1771 онд болсон Яэяма цүнами (八重山地震津波) нь Японы өмнөд хэсэгт орших Окинава мужийн Яэяма арлуудын орчимд маш хүчтэй газар хөдлөхөд үүссэн түүхэнд томоохонд орох цүнами бөгөөд өндөр нь зарим газарт 30 метрээс давж байсан гэж үздэг. Ялангуяа Ишигаки арал /石垣島/ болон Мияакожима /宮古島/ аралд асар их сүйрэл учирч ойролцоогоор 10,000 гаруй хүн амь үрэгдсэн байна. Энэ гамшгийг “Мэйвагийн их цүнами” (明和の大津波) гэж нэрлэх нь бий бөгөөд тухайн үедээ дээрх арлуудын тосгон суурингуудыг бараг бүрэн устгаж, аварга том чулууг (цүнами чулуу) хүртэл эх газраас хол зайд шидсэн байсан нь цүнами-гийн хүчийг илтгэх судалгааны чухал баримт юм.
1792 онд болсон Үнзэнгийн гамшиг нь Японы түүхэн дэх хамгийн олон хүний амь нас авч одсон байгалийн гамшгуудын нэг бөгөөд Японы Кюүшю арал дээрх Үнзэндакэ /雲仙岳/ галт уулын идэвхжилтэй холбоотой. 1792 онд уг галт уул идэвхжиж, үүний улмаас уулын их хэмжээний хөрс, чулуу Ариакэ далайн тохой руу нурж унасан байна. Энэ их хэмжээний нуранги нь далайн усыг хүчтэй түлхэж, асар том цүнами үүсгэсэн. Энэ цүнами нь Нагасаки муж төдийгүй эсрэг талын Күмамото муж хүртэлх өргөн бүсийг хамарч 15,000 орчим хүн амь үрэгдсэн нь Японы түүхэнд хамгийн их хохирол учруулсан цүнамигийн нэг болжээ. Энэ үйл явдал нь цүнами зөвхөн газар хөдлөлтөөс бус, галт уул, нурангиас ч үүсч болдгийг тод харуулсан жишээ болдог.
Кэйчо үеийн газар хөдлөлтийн цүнами /慶長地震津波/ аль эсвэл Нанкай бүсийн цүнами гэж нэрлэгдэх далайн эргийн олон мужийг нэгэн зэрэг хамарсан өргөн хүрээтэй газар хөдлөлт, цүнами 1605 онд болжээ. Энэ цүнами нь Японы түүхэнд бүртгэгдэн үлдсэн томоохон цүнамигийн нэг бөгөөд Номхон далайн эрэг дагуу орших Нанкай хонгил /南海トラフ/ орчимд болсон газар хөдлөлттэй холбоотой гэж үздэг. Гол онцлог нь энэ үед газар хөдлөлтийн доргилт нь харьцангуй сул мэдрэгдсэн ч маш том хэмжээтэй цүнами үүссэн явдал бөгөөд ийм төрлийн үзэгдлийг “цүнами давамгайлсан газар хөдлөлт” (tsunami earthquake) гэж нэрлэдэг.
Энэхүү цүнами-гийн долгионы өндөр нь зарим газарт 20–30 метрт хүрч  Японы өмнөд эрэг, Кии хойг, Шикокү арал болон Кюүшюгийн зарим хэсэг зэрэг өргөн уудам нутгийг хамарчээ. Үлэмж хохирол учирсан тухай түүхэн баримт үлдсэн бөгөөд 5,000 гаруй хүн амь үрэгдэж, олон тосгон суурин сүйдсэн гэгддэг.  Энэхүү цүнами нь газар хөдлөлт сул мэдрэгдсэн ч аюул учруулж болдгийг, далайн доорх хөдөлгөөн нь цунами үүсгэхэд гол нөлөөтөйг харуулсан бодит жишээ болдог.

Хамгийн сүүлийн үед цүнамигийн гамшиг учирсан гол жишээ бол ”Зүүн Японы их газар хөдлөлт” /東日本大震災/ бөгөөд орчин үед технологи хэдийгээр хөгжсөн ч гэсэн цүнамигийн асар өндөр давалгааны өмнө хүчин мөхөсдөж болохыг  харуулсан. Энэ үеэр 40 метрээс дээш өндөртэй давалгаа үүсэж, 20,000 орчим хүн амь үрэгдэж, сураггүй алга болсон. Энэ гамшиг нь Японы орчин үеийн гамшгийн менежментийн бодлогод томоохон өөрчлөлт авчирсан. 
Япон Улсад тохиолдож байсан томоохон цүнамигийн гамшгуудыг харьцуулсан хүснэгтээр нэгтгэн үзүүлбэл дараах байдалтай байна. 
 

Он, нэр Байршил Хамарсан хүрээ Долгионы
өндөр
Хохирол          (хүн,
эдийн засаг)
1605
Кэйчо Нанкай
Өмнөд Япон
(Нанкай бүс)
Хоншү–Кюүшюү арлын дагуу өргөн хүрээнд тархсан ~30 м 5,000+ хүн нас барсан
1611
Санрику
Санрику Зүүн хойд эрэг дагуу ~20 м ~5,000 хүн нас барсан
1771
Яэяма (Мэйва)
Окинава
(Яэяма арлууд)
Арал бүхэлдээ ~30 м+ ~11,000 хүн нас барсан
1792
Үнзэн
Кюүшюү
(Нагасаки)
Ариакэ тэнгис орчим ~10–20 м ~15,000 хүн нас барсан
1896
Мэйжи Санрику
Санрику Тохоку бүс 30–38 м ~22,000 хүн нас барсан
1933
Шёва Санрику
Санрику Зүүн хойд эрэг ~28 м ~3,000 хүн нас барсан
1993
Хоккайдо
(Окушири арал)
Хоккайдо Япон тэнгисийн дагуух эрэг ~32 м ~200 хүн нас барсан
2011
Зүүн Японы их
газар хөдлөлт
Зүүн Япон,
Тохоку бүс
Япон даяар Номхон далайн эргийг дагаж 40–55 м+ ~20,000 хүн нас барсан, их хэмжээний сүйрэл

Ирээдүйд болж магадгүй цунами: 
Япон Улсад ирээдүйд тохиолдож болзошгүй томоохон цүнамигаас урьдчилан сэргийлэх үүднээс шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоолол, загварчлал (simulation) байнга хийгддэг.  Эдгээр тооцоолол нь өнгөрсөн түүх, газар хөдлөлтийн давтамж, тектоник хөдөлгөөн дээр тулгуурладаг бөгөөд “яг хэзээ” гэдгийг хэлж чадахгүй ч хаана, ямар хэмжээтэй цүнами ирж болохыг нэлээд өндөр нарийвчлалтай таамаглаж байна.
①    “Нанкай хонгилын мега газар хөдлөлт” /南海トラフ(Nankai Trough)/ 
Японы Засгийн газраас энэ газар хөдлөлтийг ирээдүйд цүнамигийн түүхэнд байгаагүй их аюул гамшиг авчрах эрсдэлтэй гэж үзэж одооноос анхааруулж байна.
Цаг хугацаа: Ирэх 30 жилийн дотор болох магадлал нь 80-85%. 
Цүнами хэмжээ:  Зарим бүсэд 30 метрээс дээш гарч, эрэгт маш ойрхон газар хөдлөлтийн төв орших тул иргэдийг уоьчдилан сэргийлэх арга хэмжээ авч амжихаас өмнө эрэгт хэдхэн минутад хүрнэ.  
Хамрах хүрээ:  Кюүшюү-гээс Шикокү, Кансай /Осака орчим/, Токай бүс нутаг хүртэлх өргөн уудам нутаг дэвсгэрийг хамарна.
Болзошгүй хохирол: 200,000 гаруй хүн амь нас алдах эрсдэлтэй (хамгийн муу хувилбар) 
Эдийн засгийн хохирол:  Асар их байна. 
https://tokyo.embassy.mn/
②    Япон суваг /日本海溝 (Japan Trench)/дагасан Тохокү бүс нутаг
2011 оны ”Зүүн Японы их газар хөдлөлт”-тэй төстэй томоохон газар хөдлөлт, цүнами мөн адил тэнд үүсэх магадлалтай. Энэ бүсэд 500–1000 жил тутамд мега газар хөдлөлт болж, асар том цүнами үүсэж ирсэн. Ойрын үед дахин ийм явдал давтагдан гарвал 20–30м орчмын цунами үүсэж, өргөн бүс нутгийг хамарч болзошгүй. 
③    Нийслэлийг шууд дайрах газар хөдлөлт (首都直下地震)
Энэ нь Токио болон түүний орчмын Канто бүс нутагт болон түүний ойр орчмын Номхон далайн гүнд үүсэх хүчтэй газар хөдлөлтийн улмаас нийслэлийг цүнами дайрах эрсдлийг хэлнэ. Энэ төрлийн газар хөдлөлт нь ихэвчлэн М7 орчим хүчтэй байх магадлалтай бөгөөд Японы Засгийн газрын тооцооллоор ойрын 30 жилийн дотор тохиолдох магадлал өндөр гэж үздэг. Хэрэв ийм газар хөдлөлт болбол барилга байгууламж нурж, их хэмжээний гал түймэр гарч, тээвэр, холбоо тасалдах зэрэг ноцтой үр дагавар үүсэх эрсдэлтэй. Цүнами нь Токиогийн хоолой/東京湾/ дотор бага хэмжээний (ойролцоогоор 1–3 метр) давалгаа үүсэх боломжтой ч хамгийн гол аюул нь газар хөдлөлтийн шууд нөлөө буюу хүн ам ихтэй хотын нягтаршилтай холбоотой эдийн засгийн хохирол байх бололтой.  
https://www.bousai.go.jp/
https://tokyo-resilience.metro.tokyo.lg.jp/
④    Бусад боломжит цүнами 
Цүнами нь зөвхөн газар хөдлөлтөөс бус галт уулын дэлбэрэлт, далайн доорх хөрсний нуралт, арлын нуранги зэргээс ч шалтгаалж болох тул Япон Улсад хэзээ ч хаана ч эрэг дагасан бүсэд цүнами болохыг үгүйсгэх аргагүй. 
Цүнамигийн анхааруулга ба мэдээлэл:
Цаг уурын агентлаг (気象庁) нь Япон даяар байрлах ойролцоогоор 100 орчим цүнами хэмжих станцын мэдээллийг цуглуулж, цүнамиг тогтмол хянаж байдаг. Цүнами үүсгэж болзошгүй томоохон газар хөдлөлт болсон тохиолдолд урьдчилан тооцоолсон цүнамигийн тооцооллын загвараас газар хөдлөлтийн чичирхийллийн хүч (интенсив) болон магнитудтай тохирсон үр дүнг сонгон авч, түүндээ үндэслэн цүнамигийн урьдчилсан таамаглал гаргадаг.
Мөн далайн эрэгт цүнами ирэхдээ өндөр нь 20 см ба түүнээс дээш байхаар байвал хохирол учруулах хэмжээний гэж үзэж “цүнамигийн сэрэмжлүүлэг” болон “цүнамигийн анхааруулга” гаргаж нийтэд зарладаг. Японд хохирол учруулж болзошгүй цүнами нь зөвхөн Японы ойролцоо үүсэх бус, Чили, Аляска зэрэг Номхон далайн эргийн алс холын бүс нутагт болсон газар хөдлөлтөөс ч үүсэж болдог.
Иймээс Цаг уурын агентлаг нь Номхон далайн бүсэд болсон газар хөдлөлтөөс үүсэх цүнамигийн талаар Хавайд байрлах Номхон далайн цүнамигийн анхааруулах төв (PTWC)-тэй нягт хамтран ажиллаж, цүнамигийн урьдчилсан мэдээллийг гаргадаг. Японы Цаг уурын агентлагаас иргэдэд хандан гаргадаг 3 түвшин бүхий цүнамигийн анхааруулга сэрэмжлүүлгийг тоймловол:  
Цүнамигийн анхааруулга (津波注意報Tsunami Advisor)
•    Цүнамигийн өндөр: ойролцоогоор 0.2м – 1м 
•    Аюул:     Далайд байгаа бол цүнамигийн урсгалд автагдах аюултай. 
•    Үйлдэл: Далайгаас хурдан гарч холдох.
Цүнамигийн сэрэмжлүүлэг (津波警報Tsunami Warning)
•    Цүнамигийн өндөр: 1м – 3м 
•    Аюул:     Хүн болон барилга байгууламжид хохирол учрах аюултай. 
•    Үйлдэл: Яаралтай өндөрлөг газар руу зугтах. 
Их цүнамигийн сэрэмжлүүлэг (大津波警報Major Tsunami Warning )
•    Цүнамигийн өндөр: 3 метрээс дээш 
•    Аюул:     Асар их сүйрэл, ноцтой хохирол учрах эрсдэлтэй. 
•    Үйлдэл: Нэн даруй нүүн шилжих (амь насаа хамгаалах арга хэмжээ авах)
https://www.jma.go.jp/
Аюулын газрын зураг
“Хазард мап” буюу “Аюулын газрын зураг” бол байгалийн гамшиг тохиолдсон үед тухайн бүс нутаг тохиолдох эрсдэл болон хохирол гарах магадлал, иргэдийг хаашаа, хэрхэн нүүн шилжих ёстой тухай цогц мэдээлэл бүхий газрын зураг юм. Япон Улсад энэ төрлийн газрын зураг нь гамшгаас урьдчилан сэргийлэх бодлогын салшгүй нэгэн хэсэг болж байдаг бөгөөд иргэдийн амь насыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Япон Улс нь газарзүйн байршлаасаа шалтгаалан газар хөдлөлт, цүнами, үер, хөрсний гулсалт зэрэг олон төрлийн байгалийн гамшигт байнга өртдөх рэсдэл өндөртэй орон юм. “Хазард мап” нь зөвхөн эрсдэлийг харуулах төдийгүй хүмүүсийг эрсдэлд урьдчилан бэлтгэх, гамшгийн үед зөв шийдвэр гаргахад чиглэсэн практик алхам хийхэд туслах хэрэгсэл юм. Тухайлбал, энэ газрын зургаас цунами болох үед  аль бүс усанд автах магадлал өндөр болох, тухай оршин суугаа болон зорчиж буй газарт давлагааны ус хэр гүн болох, хамгийн ойр орших аюулгүй бүс хаана байрлаж байгаа зэрэг мэдээллийг олж харах боломжтой. 
“Хазард мап” дээр аюулын бүсийг голдуу өнгөөр ялган тэмдэглэсэн байдаг бөгөөд өнгө нь тухайн газрын эрсдэлийн түвшнийг илэрхийлдэг. Мөн усанд автах магадлалтай бүсийн хүрээ, хамгийн ойрын хоргодох байр, өндөрлөг газар, нүүн шилжихэд ашиглаж болох замыг нарийвчлан зааж өгсөн байдаг. Энэ нь гамшгийн үед хүмүүс богино хугацаанд зөв үйлдэл хийж, зөв зүг рүү явж, эрсдэлээс зайлсхийх боломжийг олгодог.
“Хазард мап”-ыг үндэсний хэмжээнд Газар төлөвлөлт, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам /国土交通省Ministry of Land, Infrastructure, Transport and Tourism of Japan/ болон түүний харьяа  “Японы газарзүйн мэдээллийн газар” /国土地理院Geospatial Information Authority of Japan/ боловсруулж, олон нийтэд хүргэдэг. Тухайн газрын зургаас цүнами, үер, хөрсний гулсалт зэрэг олон төрлийн эрсдэлийг нэгэн зэрэг харах боломжтой. Түүнчлэн орон нутгийн захиргаа нь өөрийн бүс нутгийн онцлогт тохирсон илүү нарийвчилсан газрын зургийг гаргадаг.
Яамнаас эрхлэн гаргадаг портал сайт:
https://disaportal.gsi.go.jp/
Geospatial Information Authority of Japan(GSI):
https://www.gsi.go.jp/top.html
https://www.gsi.go.jp/ENGLISH/index.html
Токио хотын гамшгаас хамгаалах газрын зураг
https://map.bosai.metro.tokyo.lg.jp/
Мөн Япон Улсын Японы Цаг уурын агентлагаас “Real-time Risk Map” буюу “Бодит цагийн эрсдэлийн газрын зураг” гаргадаг. Уг газрын зураг нь Япон Улсын нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй болон тохиолдож байгаа байгалийн гамшгийн эрсдэлийг нэг дор харуулдаг интерактив платформ бөгөөд газар хөдлөлт, цүнами, үер болон хөрсний гулсалтын аюулын түвшнийг бодит цагийн мэдээлэлд тулгуурлан дүрслэн үзүүлдэг.
https://www.jma.go.jp/
Цүнамигийн үед авбал зохих арга хэмжээ:
Гамшгийн үед хурдан шийдвэр гаргах чадвар эзэмшиж, урьдчилсан бэлтгэл хангах нь хамгийн чухал байдаг. “Хазард мап” бол зүгээр нэг мэдээллийн хэрэгсэл төдийгүй хүний амь насыг аврах стратегийн чухал нэг хэсэг нь юм. Үүнийг зөв ойлгож, өдөр тутмын амьдралдаа ашиглах нь гамшгийн эрсдэлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга замын нэг юм.
■ Цүнамигийн эрсдэлийг ойлгож, эртнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахын тулд иргэд өөрсдийн амьдарч буй газрыг далайгаас хэр зайтай болох, газрын өндөр нь хэдэн метр болох, цунами хүрч ирэх хугацаа хэдэн минут болох, хамгийн ойрын аюулгүй бүсийн байршил хаана байгаа болон хүрч очиход ашиглах зам, хугацаа зэргийг урьдчилан судлах хэрэгтэй. 

■ Үүний тулд дээр дурдсан аюулын газрын зургийг хараад өнгөрөх бус, бодитоор нүүн шилжих замаа өөрийн биеэр явж шалгаж, нүүн шилжих дасгал сургуулийг  гэр бүлээрээ хийх нь илүү үр дүнтэй. Ялангуяа шөнө, бороо салхитай зэрэг цаг агаарын таагүй үед аль эсвэл цахилгаан тасарсан үед ч аюулгүй хүрч чадах эсэхээ тооцох нь чухал.

■ “Хазард мап” нь тодорхой өгөгдөл, таамаглал дээр үндэслэсэн байдаг тул бодит гамшиг нь зарим тохиолдолд тооцооллыг давж болзошгүй. Иймд иргэд газрын зурагт хэт найдах бус, аль болох түүнээс давж гарсан аюулгүй сонголт хийх хэрэгтэй.
■ Хүчтэй газар хөдлөлт мэдрэгдмэгц шууд өндөр газар руу зугтах
■ Анхааруулгыг хүлээхгүй байх
■ Далай, гол, түүний орчмын хэвгий, нам дор газраас нэн даруй холдох
■ Цунами нь олон дахин давтагдан ирдэг тул буцаж очихгүй байх