НАРАНД ЦОХИУЛАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
2026-06-26
Япон Улсад жилээс жилд зундаа улам халуун болж, иргэдийн дунд нарших, наранд цохиулах явдал нэмэгдэж байгаа тул Японы Засаг захиргааны байгууллагууд тавих анхаарлаа нэмэгдүүлж, иргэдэд хандан зохих сэрэмжлүүлэг өгч байна. Япон Улсад тохиолддог байгалийн гамшигт багтдаггүй ч зуны цагт машид бүгчим халуун болдог нь Японд оршин сууж, түр зорчиж буй монголчуудын хувьд зайлшгүй анхаарч болгоомжлох ёстой зүйлийн нэг бөгөөд “наранд цохиулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-г цаг алдалгүй авч байх нь зүйтэй юм.
Дэлхийн дулаарлын нөлөөгөөр сүүлийн 120 жилд дундаж температур цельсийн 1.7 градус орчмоор өссөн байна. Газрын ихэнх хэсэг нь асфальтаар хучигдаж, дулаан хуримтлагдах хандлагатай байдаг, автомашинаас ихээр халуун ялгардаг хот суурин газруудыг авч үзвэл сүүлийн 120 жилийн хугацаанд агаарын температур 3.0 градусаар өссөн дүн гарчээ.
Өнгөрсөн жил Токиод гарсан наранд цохиулсан тохиолдлын 40 гаруй хувь нь орон сууц, гэртээ байхад нь тохиолджээ. Энэ нь заавал гадаа гарсан хүн л нарших бус гэртээ байсан хүн ч наранд цохиулдаг гэдгийг харуулж буй тул халуун үед бүх нийтээрээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал юм.
Халуунаас болж, наранд цохиулах асуудалд Япон Улсын Засгийн газраас ч анхаарал хандуулж байдаг бөгөөд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах асуудлыг Байгаль орчны яам, Цаг уурын агентлаг, Гал түймэртэй тэмцэх газар, Токио хотын захиргаа зэрэг засаг захиргааны байгууллага хариуцдаг байна. Эдгээр байгууллага наршилт, наранд цохиулах асуудалтай холбогдуулж, иргэдэд хандан мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч, холбогдох сайт, аппликэшн эрхлэн ажиллуулдаг.
Байгаль орчны яамны сайт the Ministry of the Environment website.
https://www.wbgt.env.go.jp/en/
Токио хотын наршилтаас сэргийлэх тухай сайт /Tokyo Metropolitan Government Heat Stroke Prevention Portal Site (in Japanese)/
https://www.kankyo.metro.tokyo.lg.jp
Tokyo Metropolitan Government Heat Stroke Prevention Portal Site (machine translation)
https://translation2.j-server.com
https://www.tfd.metro.tokyo.lg.jp
https://uchimizubiyori.metro.tokyo.lg.jp
Токио хотын Боловсролын газраас гаргасан наранд цохиулахаас сэргийлэх гарын авлага
https://www.taiiku-kenko-edu.metro.tokyo.lg.jp
https://www.taiiku-kenko-edu.metro.tokyo.lg.jp
Халууны индексийн тухай /Байгаль орчны яам/
https://www.wbgt.env.go.jp
Хавсралт 1: Зөвлөмж 1.
НАРАНД ЦОХИУЛАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ
Токио хотын Боловсролын газраас гаргасан наранд цохиулахаас сэргийлэх гарын авлагад үндэслэн ЭСЯ-наас доорх зөвлөмжийг өгч байна.
Нарших механизм:
Нарших нь температур, чийгшил, салхины хурд, цацрагийн дулаан (нарны шууд тусгал гэх мэт) гэх зэрэг хүрээлэн буй орчны хүчин зүйлсээс шалтгаалсан халуун орчинд тохиолддог эмгэгийн ерөнхий нэр юм. Температур ижил орчинд ч чийгшил нь өндөр бол нарших аюул нэмэгдэж, хөдөлгөөн дасгалын эрчим өндөр байх тусам биеээс ялгарсан дулаан ихэсч, нарших эрсдэлтэй болдог.
Хүн 36-37 хэмтэй биеийн температуртай, халуун цуст амьтан бөгөөд дотоод эрхтнүүд энэ температурт зохицож үйл ажиллагаа явуулдаг. Дасгал хөдөлгөөн, үйл ажиллагаагаар дамжуулан бие махбодид дулаан ялгардаг ч хэт халалт, хэт хөрөлтийн эсрэг тохируулга хийх өөрийн механизмтай юм.
Халуун үед арьсанд ойр их хэмжээтэй тархсан захын судаснууд нь мэдрэлийн тогтолцооноос авсан сигналын дагуу автоматаар өргөсч, биеийн температурыг гадагшлуулж, дулааныг бууруулах оролдлого хийдэг. Үүний хамт бие хөлөрч, хөлс уурших үйл явцаар дамжуулан дулаан алдах замаар температурыг бууруулдаг.
Энэ үед арьсанд хэт их цус очсноос болж, дотоод эрхтний цусны эргэлтэд өөрчлөлт орох, хөлсөөр дамжуулан шингэн болон давс (натри гэх мэт)-ыг хэт их хэмжээгээр алдаж, бие махбодын дотоод дахь “Дулаан үйлдвэрлэл” ба “Дулаан дамжуулалт, хөлсөөр дамжуулсан дулаан ялгаруулалт”-ын тэнцвэр алдагдсан үед илрэх өвчин эмгэг нь наршилт юм
Наршилтын улмаас ухаан алдах, татах, бие сулбайх, наранд цохиулах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Дасгал хөдөлгөөн хийхэд их хэмжээний дулаан ялгарч, бие махбод арьсны судасны өргөсөл, хөлрөлтөөр дамжуулан дулааныг гадагшлуулж, биеийн температурын тэнцвэрийг хадгалах гэж оролдох боловч халуун орчинд дулаан алдах үйл явц удааширдаг. Энэ үед физиологийн үйл ажиллагаа, биеийн температурын зохицуулалт алдагдан наршилтын эмгэг үүсдэг.
Наранд цохиулсан үед авах арга хэмжээ:
Наранд цохиулахад нас барах эрсдэл өндөр байдаг тул наранд цохиулсан үед цаг алдалгүй холбогдох арга хэмжээг авах нь чухал юм. Нарших өвчний төрөл тус бүрээр түүний шинж тэмдэг, наршсан үед авбал зохих яаралтай тусламжийн арга хэмжээг тоймлобол:
Ухаан алдаж унах
Шалтгаан, шинж тэмдэг: Халуун наранд удаан хугацааны турш хөдөлгөөнгүй зогсох, сууж байснаа гэнэт босох, дасгал хөдөлгөөн хийсний дараа тохиолддог. Арьсны судас өргөсөлт болон доод мөч рүү цус шахахын тулд цусны даралт буурч, тархинд очих цусны хэмжээ багассанаас болж толгой эргэх, ухаан алдаж унах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Авах арга хэмжээ: Хөлийг нь дээш харуулж хэвтүүлбэл хурдан сэргэдэг.
Татах
Шалтгаан, шинж тэмдэг: Их хэмжээгээр хөлрөх үед зөвхөн цэвэр ус (эсвэл давс минерал багатай ус) ууснаар цусан дахь давсны зохистой хэмжээ хэт буурах үед булчингийн өвдөлт, таталт үүсдэг. Энэ нь зөвхөн доод мөчний булчинд төдийгүй дээд мөч, хэвлийн булчинд ч тохиолддог.
Авах арга хэмжээ: Ахуйн давсны уусмал (0.9% давстай) уух зэргээр давсаа нөхөх, давсны хүчил бүхий дуслын тариа хийх зэрэг арга хэмжээ авдаг.
Бие сулрах
Шалтгаан, шинж тэмдэг: Хөлрөлтөөс болж шингэн алдах, арьсны судасны тэлэлтээс болж цусны эргэлтийн дутагдалд орох үед бие сулрах, сулбайх, толгой эргэх, толгой өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Авах арга хэмжээ: “Спортын ундаа” уух зэргээр шингэн болон давсаа нөхөхөд ихэвчлэн сэргэнэ. Бөөлжих зэргээр шингэн уух боломжгүй үед дуслын тариа хийх зэрэг эмнэлгийн тусламж үзүүлэх нь зүйтэй.
Халуурах, наранд цохиулах
Шалтгаан, шинж тэмдэг: Энэ нь биеийн температур хэт их (40°C ба түүнээс дээш) нэмэгдэж, тархины үйл ажиллагаанд нөлөөлөх өвчин юм. Энэ үед температурын тохиргоо хийх мэдрэлийн тогтолцоо ажиллагаагүй болдог. Асуултад хариулж чадахгүй, үг яриа нь ойлгомжгүй байснаа ухаан алдах, комын байдалд орох нь бий. Халуун өндөр хэвээр удвал тархи төдийгүй элэг, бөөр, уушиг, зүрх зэрэг олон эрхтний дутагдал үүсч, нас баралтын түвшин нэмэгдэнэ.
Авах арга хэмжээ: Энэ нь үхэлд ч хүргэж болзошгүй онцгой байдал байдаг тул амийг нь аврах яаралтай арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатай бөгөөд биеийн температурыг хэр хурдан бууруулахаас үр дүн нь хамаардаг. Түргэн тусламж дуудаж, биеийг нь хөргөх арга хэмжээг нэн даруй эхлүүлэх ёстой. Биеийг хөргөх үр дүнтэй арга гэвэл:
- Мөстэй усанд бүх биеийг дүрж хөргөдөг “Мөстэй усан ванн /хүйтэн усан ванны арга” нь хамгийн үр дүнтэйд тооцогддог бөгөөд сургууль, спорт зааланд бол “Хүйтэн усанд холбосон уян хоолойгоор хүйтэн ус шүрших” аргыг өргөн ашигладаг.
- Хэрэв дээрх аргыг хэрэглэх боломжгүй бол агааржуулагчтай өрөөнд (хамгийн хүчтэй хүйтэн дээр нь агаар солигчийг ажиллуулсан байна) оруулж, мөстэй ус юм уу хүйтэн усанд дүрсэн нойтон алчуур олноор нь бэлдэж, бүх биед нь тавьж, ойр ойрхон солих хэрэгтэй. Сэнс зэргийг ч ойр тавьж, мөстэй хүйтэн жинг дух, суга, хөлний үе мөчний нугалам зэрэг бүдүүн судас ихтэй газруудад нэмэлтээр тавих нь үр дүнтэй.
- Наранд цохиулсан үед хүйтэн жин тавихад цаг алдах хэрэггүй бөгөөд “хүйтэн” байна гэх хүртэл өрөөг хөргөнө. Биеийн тамир хийж байх үед наранд цохиулсан бол биеийн температурыг хэр хурдан (30 минутын дотор) 40°C ба түүнээс доош буулгаж чадах вэ? гэдгээс амь насыг нь аварч чадах эсэх нь хамаарна. Анхан шатны тусламж болох хүйтэн жинг эргэлзэлгүй эхлүүлж, түргэн тусламж ирэхийг хүлээх нь чухал.
Наранд цохиулахаас урьдчилсан сэргийлэх арга хэмжээ:
Гадаа халуун байхад нарших магадлал нэмэгддэг тул цаг агаарын мэдээг анхааралтай харж, урьдчилсан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй юм.
Токио хотын захиргаанаас иргэддээ хандан наранд цохиулахаас урьдчилан сэргийлж, дараах 5 арга хэмжээг авахыг зөвлөжээ.
Үүнд:
- Өдөр шөнө харгалзахгүйгээр өрөөний температур 28 хэмээс хэтэрч байвал агааржуулагчаа ажиллуулах,
- Ус болон шингэн зүйл, давсны уусмал тогтмол хэрэглэж, хэрэгцээг нөхөх,
- Өрөөндөө термометр тавьж, өдөр бүр температурыг хянах,
- Цаг уурын мэдээг вэбсайт, телевиз, аппликэшн зэргээр байнга үзэж, дулааны индексийн (Wet Bulb Globe Temperature WBGT) мэдээллийг шалгаж байх,
- Хөнгөн нимгэн хувцас өмсөж, малгай, шүхэр хэрэглэх,
Харин халуун өдөр биеийн тамир, спорт хийснээс болж, наранд цохиулах осол их гардагтай холбогдуулан “Япон Улсын Спортын Холбоо”-ноос урьдчилан сэргийлэх таван зүйлийг санал болгожээ.
Үүнд:
- Халуун үед дасгал хөдөлгөөн хийхгүй байх.Температур өндөр байх, чийгшил өндөр байх тусам наранд цохиулах эрсдэл нэмэгддэг. Мөн дасгал хөдөлгөөний эрчим өндөр байх тусам илүү ихээр дулаан ялгарч, наранд цохиулах эрсдэл нэмэгддэг. Орчны нөхцөл байдалд тааруулан ямар дасгал хөдөлгөөн хийхээ сайтар бодож сонгох, үе үе амарч, шингэнээ нөхөхөд анхаарах хэрэгтэй.
- Гэнэтийн халуунаас болгоомжлох. Наранд цохиулах осол агаарын температур гэнэт нэмэгдсэн үед ихээр тохиолддог. Зуны эхэн эсвэл спорт биеийн тамирын бэлтгэлд гарсан эхний өдөр, бусад улиралд температур гэнэт өссөн үед наранд цохиулах магадлал өндөрсдөг. Гэнэт халах үед хөнгөн дасгал хийхээр хязгаарлах, дасгалын эрчим, дасгал хийх хугацааг багасгах хэрэгтэй.
- Алдагдсан шингэн, давсыг нөхөх. Халуун үед ойр ойрхон шингэнээ нөхөх хэрэгтэй. Хөлсөөр дамжуулан шингэн, давс аль алиныг нь алддаг. Спортын ундаа гэх мэт давсны 0.1-0.2% -ийн уусмал уух хэрэгтэй. Шингэний хэмжээг нөхөхдөө дасгалын улмаас хасах жин нь 2%-иас хэтрэхгүй байхад анхаарах хэрэгтэй бөгөөд өглөө орой, дасгал хийхээс өмнө болон хойно жингээ үзэж, дадах хэрэгтэй.
- Хөнгөн сэрүүн хувцас өмсөх. Арьсаар дамжуулан гаднаас дулаан авах, гадагш дулаан ялгаруулах нь өмссөн хувцаснаас ихээхэн шалтгаалдаг. Халуун үед хөлс шингээдэг, агаар нэвтрүүлдэг материалаар хийсэн хөнгөн сэрүүн хувцас өмсөж, хэрэглэх нь зүйтэй. Гадаа гарч, нарны шууд тусгалд өртөх бол малгай өмсөх хэрэгтэй. Хамгаалах хэрэгсэл бүхий спортоор хичээллэдэг бол завсарлагаа авч, хувцсаа тайлж, дулаанаа гадагшлуулах хэрэгтэй.
- Эрүүл мэнд нь дорой хүмүүст анхаарах. Хэрэв таны бие сайнгүй байгаа бол биеийн температурыг зохицуулах чадвар буурч, наранд цохиулах эрсдэл нэмэгдэнэ. Ядрах, нойргүйдэх, халуурах, ханиалгах, гэдэс өвдсөн үед өөрийгөө хүчилж, дасгал хөдөлгөөн хийх нь зохимжгүй. Үүнээс гадна биеийн хүч муутай хүмүүс, тарган хүмүүс, халуунд дасаагүй хүмүүс, наранд цохиулж байсан хүмүүс халуунд тэсвэргүй байдаг тул болгоомжлох хэрэгтэй. Халуунд наранд цохиулж нас барсан тохиолдлын 70 хувийг таргалалттай хүмүүс эзэлдэг гэсэн тоо баримт бий тул илүү болгоомжтой байх хэрэгтэй.
Токио дахь ЭСЯ, Консулын хэлтэс
Хавсралт 2. Зөвлөмж 2.
ЗӨВЛӨМЖ
Хэт халалт болж нарны эрчим ихсэх нь бага насны хүүхдүүд, өндөр настан болон даралт өндөртэй, зүрх судасны өвчтэй хүн, жирэмсэн эмэгтэйчүүдэд эрсдэлтэй тул Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/, Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн зүгээс 2023 оны 8 дугаар сард дараах зөвлөмж гаргасан байна. Үүнд:
Наранд цохиулах үед ухаан балартах, хүүхэн хараа өргөсөх, хамраас цус гоожих, огиулж, бөөлжих амьсгаадах, судасны цохилт олшрох, биеийн хэм 39.6-аас дээш болох, булчин өвдөх, арьс хуурайших, халах, толгой хүчтэй өвдөх, нүд харанхуйлах, толгой эргэх, бөөлжих, нүүр улайх шинж тэмдгүүд илэрдэг байна.
Наранд цохиулж, бие нь муудсан хүнд үзүүлэх анхны тусламж:
- Хүйтэн сэрүүн газарт оруулах
- Хэвтүүлэн толгойг өндөрсгөх
- Хувцсыг нимгэлэх
- Хүйтэн чийгтэй алчуур тавих
- Толгой, дагз духанд хүйтэн жин тавих
- Хүйтэн ус уулгах
“Зөвхөн толгой биш биеийн бусад хэсгээр ч наршиж болно”
Наршилтаас сэргийлэхийн тулд наранд аль болох бага явж нарны шууд тусгалаас хамгаалах нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх хэрэгтэй.
Гар, хөл, хүзүү зэргийг наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгой халснаар наршдаггүй, нарны тусгалыг шууд хүлээн авч байгаа биеийн бусад хэсгээр ч наршиж болно. Тиймээс халуун өдөр майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх хэрэгтэй. "33-аас дээш долоо хоногтой жирэмсэн эхчүүд холын замд явахгүй байх хэрэгтэй"
Хувцаслалт:
- Нимгэн битүү хувцас өмсөх
- Нарны малгай өмсөх
- Шилэн хүзүүн дээрээ хүйтэн устай алчуур 30 минут тутам тавих
- Нарны шил зүүх
- Хөлд эвтэйхэн, намхан ултай углааш өмсөх
- Шүхэр авч явах
- Шаардлагагүй бол гадагшаа гарахгүй байх
Өдрийн 11:00 цагаас 16:00 цагийн хооронд
- Онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ хол гарахгүй байх
- Олон хүн цугласан газраас зайлсхийх
- 33-аас дээш долоо хоногтой жирэмсэн эхчүүд холын замд явахгүй байх
Хооллолт:
- 12 ба түүнээс дээш аяга усыг балга балгаар уух
- Шинэ жимс, жимсгэнэ идэх
- Үзэм, нохойн хошуу, нэрс, зуун настын шүүс, тараг уух
Дараах зүйлсээс зайлсхийх:
- Мах, махан бүтээгдэхүүнийг бага хэрэглэх
- Давс ихтэй хоол, хиам, бяслаг, утсан бүтээгдэхүүн, шарсан төмс хэрэглэхгүй байх
- Амтлагчаас татгалзах
- Кофе, давс ихтэй цай уухгүй байх
Гэртээ:
- Сэнс тавих
- Хүйтэн усанд хөлөө дүрэх
- Орон сууцанд байдаг бол хүйтэн бүлээн шүршүүрт орох
- Цонхны хөшиг хаалттай байлгах, гэрийн өрх хаах
- Дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай тусламж дуудах:
Толгой эргэх, дотор муухайрах, шилэн хүзүүгээр хөших, гар хөл бадайрах, аюулхай орчмоор өвдөх, ураг хөдлөхгүй байх, таталт өгөх, хэл ам ээдрэх, суулгах, бөөлжих шинж тэмдэг илэрсэн даруйд яаралтай тусламж дуудна уу.
Амаржих хугацаа дөхсөн болон даралт их, хавантай эмэгтэйчүүд хажуудаа асран хамгаалагч болон утсандаа нэгжтэй байх.
“Яаралтай ажилтай байсан ч хүүхдээ машинд бүү орхи”. Зуны улиралд түгжээтэй автомашин доторх температур гадаа орчныхоос +20-30 градусаар илүү болдог учир бага насны хүүхдээ машиндаа үлдээж явахгүй байхыг зөвлөж байна. Учир нь хүүхдийн бие насанд хүрсэн хүнийхээс 3-5 дахин хурдан халдаг.
Халуунд удаан байхад тархины эсүүд гэмтэж эхэлдэг. Цонхыг нээлттэй үлдээсэн ч хүүхдэд тус болдоггүй байна.
Хүүхдийг наршихаас урьдчилан сэргийлэх:
- Ус, хярмыг бүлээнээр ойр ойрхон уулгах
- Аль болох гэртээ байх
- 08:00-10:00 цагийн хооронд гадаа тоглуулах
- Урт ханцуйтай, даавуун хувцас малгай өмсүүлэх
- Наранд удаан тоглуулахгүй байх
- Бүлээн шүршүүрт оруулах
- Машинд удаан байлгахгүй байх
- Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд байлгаж, чийглэг сэрүүн орчин бүрдүүлэх
- Шингэнийг аль болох олон хэлбэрээр (буцалгаж ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам) ойр ойрхон уулгах
Эх сурвалж: НЭМҮТ, ЭМЯ, ГССҮТ