ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕД БАРИМТЛАХ ЗААВАРЧИЛГАА

2026-06-26


Газар хөдлөлтийн эрсдэл
         Япон Улс нь дэлхийн хамгийн идэвхтэй газар хөдлөлтийн бүсүүдийн нэгэнд оршдог бөгөөд газар хөдлөлтийн улмаас цунами үүсэх эрсдэл өндөртэй улс юм. Иймд Япон Улсын төрийн болон орон нутгийн байгууллагуудаас гаргасан гамшгаас хамгаалах заавар, зөвлөмжийг чанд мөрдөж, аливаа нөхцөлд сандарч тэвдэлгүй, тайван байдлаа хадгалан зөв үйлдэл хийх нь чухал.

Газар хөдлөлт гэж юу вэ?

Газар хөдлөлт гэдэг нь дэлхийн царцдас дотор хуримтлагдсан энерги гэнэт чөлөөлөгдөж, сейсмийн долгион үүсгэн газрын гадаргыг чичиргүүлэх байгалийн үзэгдэл юм. Ихэнх газар хөдлөлт нь дэлхийн тектоник хавтангуудын хөдөлгөөн, мөргөлдөөн, шилжилтээс үүдэн бий болдог.
Дэлхийн гадаргуу нь хэд хэдэн том болон жижиг тектоник хавтангаас бүрддэг бөгөөд эдгээр хавтангууд байнгын хөдөлгөөнд байдаг. Хавтангуудын зааг дээр их хэмжээний хүчдэл хуримтлагдаж, тодорхой хэмжээнд хүрэхэд чулуулгийн давхарга хагаран энерги чөлөөлөгдөх бөгөөд үүнийг газар хөдлөлт гэж нэрлэдэг.
Газар хөдлөлтийн улмаас газрын гадаргуу чичирч, барилга байгууламж эвдрэх, хөрсний гулсалт үүсэх, галт уул идэвхжих, далайд болсон тохиолдолд цунами үүсэх зэрэг ноцтой үр дагавар бий болдог.

Япон Улсад яагаад газар хөдлөлт байнга болдог вэ?

Япон Улс нь дэлхийн газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсүүдийн нэг болох Номхон далайн “Галт бүс” (Ring of Fire)-д оршдог. Тус улсын нутаг дэвсгэр орчимд Номхон далайн хавтан, Филиппиний тэнгисийн хавтан, Евразийн хавтан болон Хойд Америкийн хавтан гэсэн дөрвөн том тектоник хавтан огтлолцдог.
Эдгээр хавтангууд байнга харилцан шахагдаж, мөргөлдөж байдаг тул Япон Улсад жил бүр хэдэн мянган удаагийн газар хөдлөлт бүртгэгддэг. Ихэнх нь сул хүчтэй байдаг боловч зарим тохиолдолд хүчтэй газар хөдлөлт болж, их хэмжээний хохирол учруулдаг.

Тухайлбал, 1923 оны Их Кантоны газар хөдлөлт, 1995 оны Ханшин-Аважигийн (Кобе) газар хөдлөлт, 2011 оны Зүүн Японы их газар хөдлөлт зэрэг нь Японы түүхэн дэх хамгийн том гамшгуудын тоонд багтдаг. Ялангуяа 2011 оны газар хөдлөлт нь 9.0 магнитудын хүчтэй байсан бөгөөд дагалдан үүссэн цунамигийн улмаас 22 мянга гаруй хүн амь үрэгдэж, сураггүй болсон юм.

Япон Улсын газар хөдлөлтийн бэлэн байдал

Япон Улс газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй орны хувьд гамшгаас хамгаалах тогтолцоогоо өндөр түвшинд хөгжүүлсэн байдаг. Тус улс газар хөдлөлтийн эрт сэрэмжлүүлэх систем, газар хөдлөлтөд тэсвэртэй барилгын стандарт, гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө, иргэдэд зориулсан тогтмол сургалт, дадлагыг өргөнөөр хэрэгжүүлдэг.

Иймээс Япон Улсад оршин суугаа иргэн бүр газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны үндсэн мэдлэгтэй байх, оршин суугаа газрынхаа хоргодох байр болон нүүлгэн шилжүүлэх маршрутыг урьдчилан мэддэг байх нь чухал юм.

Газар хөдлөлтийн хүч: 

Япон Улсад газар хөдлөлтийн нөлөөллийг “Шиндо” (震度) буюу чичиргээний хэмжээ гэсэн үзүүлэлтээр хэмждэг. Шиндо нь тухайн газар нутагт газар хөдлөлт хэр хүчтэй мэдрэгдэж байгааг илэрхийлдэг бөгөөд 0-7 хүртэлх 10 шатлалтай.
Олон улсад өргөн хэрэглэгддэг Рихтерийн магнитудын шаталбар нь газар хөдлөлтийн голомтоос ялгарсан энергийн хэмжээг илэрхийлдэг бол Шиндо нь тухайн бүс нутагт хүмүүс болон барилга байгууламжид хэр зэрэг нөлөөлж байгааг харуулдаг.

Шиндо Хүмүүсийн мэдрэх байдал: 
     0  Хүнд мэдрэгдэхгүй
     1  Зарим хүн сулхан чичиргээ мэдэрнэ
     2  Унтаж байсан зарим хүн сэрнэ, дүүжин зүйлс бага зэрэг савлана
     3  Ихэнх хүн мэдэрнэ, аяга таваг харшилдан дуугарна
     4  Олон хүн сэрнэ, дүүжин гэрэл хүчтэй савлана
     5- Ихэнх хүн биеэ хамгаалах арга хэмжээ авч эхэлнэ, тавилга хөдөлж болзошгүй
     5+ Алхахад хүндрэлтэй болж, зарим тавилга унаж болзошгүй
     6- Босож зогсоход бэрхшээлтэй, бэхлээгүй хүнд тавилга унах магадлалтай
     6+ Мөлхөхөөс өөрөөр хөдөлж чадахгүй болох, ханын хэсэг, цонх эвдэрч болзошгүй
     7  Өөрийн хүслээр хөдөлж чадахгүй хэмжээнд хүчтэй чичирч, барилгын эд ангиуд эвдэрч унах аюултай

         Томоохон газар хөдлөлтийн дараа газар хөдлөлтийн голомтын орчимд дараалсан чичиргээнүүд үргэлжилдэг бөгөөд үүнийг дайвар чичиргээ (Aftershock) гэж нэрлэдэг. Дайвар чичиргээ нь зарим тохиолдолд хүчтэй байх боломжтой тул үргэлж сонор сэрэмжтэй байх шаардлагатай.

Газар хөдөлсөн үед хэрхэх вэ?

Байшин дотор байгаа бол:

  1. Юуны өмнө ширээ, бат бөх тавилгын доор орж толгой, хүзүүгээ хамгаална.
  2. Чичиргээ намжмагц хийн плитка, халаагуур зэрэг галын аюултай төхөөрөмжийг унтраана.
  3. Хаалга, цонхыг онгойлгож гарах гарцаа бэлтгэнэ.
  4. Гадагш гарахдаа унасан болон хагарсан зүйлсээс болгоомжилж, тайван хөдөлнө.
  5. Шаардлагатай бол ойролцоох хоргодох байр руу явганаар шилжинэ.
  6. Ойр орчмын хүмүүстэй хамтран ажиллаж, шаардлагатай бол анхны тусламж үзүүлнэ.
  7. Радио, гар утас болон албан ёсны мэдээллийн сувгаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авна.

Лифтэнд байгаа бол: 

  1.  Боломжтой бүх давхрын товчийг дарна.
  2. Лифт зогссон даруйд хамгийн ойрын давхарт бууж гарна.
  3. Хаалга нээгдэхгүй бол онцгой байдлын холбоо барих товчийг дарж тусламж хүснэ.
  4. Лифтний хаалгыг хүчээр онгойлгохыг оролдохгүй.

Гадаа байгаа бол:

  1. Барилга байгууламж, рекламны самбар, цахилгааны шон, тоосгон хашаа зэрэг нурж болзошгүй зүйлээс холдоно.
  2. Толгойгоо хамгаалж, хамгийн ойрын аюулгүй задгай талбайд шилжинэ.
  3. Эргэн тойрны нөхцөл байдлыг сайтар ажиглаж, унах зүйлсээс сэрэмжилнэ.

Автомашин жолоодож байгаа бол:

  1. Жолооны хүрдийг чанга атган, аажмаар хурдаа сааруулж зогсоно.
  2. Замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр автомашинаа замын захад байрлуулна.
  3. Онцгой байдлын болон аврах албаны тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохгүй байна.
  4. Шаардлагатай тохиолдолд түлхүүрийг үлдээн, хаалгаа түгжихгүйгээр автомашинаа орхиж, аюулгүй газар руу явган шилжинэ.

Галт тэрэг болон нийтийн тээврээр зорчиж байгаа бол:

  1. Бариул, түшлэгээс чанга барина.
  2. Тээврийн хэрэгсэл зогссон ч дур мэдэн хаалга онгойлгох, цонхоор гарахыг оролдохгүй.
  3. Жолооч болон үйлчилгээний ажилтны өгсөн зааврыг чанд мөрдөнө.

Газар хөдлөлтийн дараах аюул, эрсдэл:

Гал түймэр: Газар хөдлөлтийн дараа гал түймэр гарах эрсдэл өндөр байдаг.
Иймд:

  • Хийн плитка, халаагуур зэрэг галын аюултай төхөөрөмжийг унтраана.
  • Хийн хаалтыг бүрэн хаана.
  • Цахилгаан хэрэгслийн залгуурыг салгана.
  • Гэрээс гарахын өмнө цахилгааны ерөнхий унтраалгыг салгана.

Хэрэв гал гарсан бол хөршүүддээ яаралтай мэдэгдэж, аюулгүй байдлаа хангангаа гал унтраах анхан шатны арга хэмжээ авна.
Цунами: Далайн эрэг орчимд газар хөдлөлт мэдрэгдсэн тохиолдолд цунами үүсэх эрсдэлтэй.
Иймд:

  • Газар хөдлөлт мэдрэгдмэгц далайн эргээс нэн даруй холдоно.
  • Аль болох өндөрлөг газар эсвэл албан ёсоор тогтоосон нүүлгэн шилжүүлэх бүс рүү яаралтай очно.
  • Цунами нь хэд хэдэн давалгаагаар дараалан ирдэг тул эхний давалгаа өнгөрсөн ч аюул арилсан гэж үзэж болохгүй.
  • Эрх бүхий байгууллагын сэрэмжлүүлэг, анхааруулгыг цуцалсны дараа л эрэг орчимд буцаж очно.

Өөрийгөө гэрчлэх бичиг баримтыг биедээ авч явах
Хувь хүний карт. 
Гамшигт байнга бэлэн байж, өөрийгөө гэрчлэх бичиг баримтыг  үргэлж биедээ авч явах хэрэгтэй. Гэрчлэх бичигт баримтад овог нэр, хүйс, төрсөн огноо, цусны бүлэг, гэрийн хаяг, гэрийн утасны дугаар, гар утасны дугаар, иргэний харъяалал, даатгалын баримтын дугаараа бичвэл зүгээр. 
Онцгой байдлын үед тусламж авахдаа цагдаа болон түргэн тусламжийн газар руу утасдана.

  • 119(Гал команд, түргэн тусламж), 110(Цагдаа) руу утасдахад гал команд болон цагдаагийн машин хаана очих хэрэгтэйг асууна.
  • Тайван, тод дуугаар алгуурхан яриарай. 
  • Япон хэлээр тайлбарлаж чадахгүй тохиолдолд японоор ярьдаг танил эсвэл ойр байгаа хүнээс гуйх хэрэгтэй. 
  • Цагдаа, гал командынханд ойролцоох олоход хялбар, тэмдэгтэй, содон газрыг зөөж өгвөл илүү хурдан ирнэ. 

119 руу дуудлага өгөхөд дараах дарааллаар мэдээлэл дамжуулна.

  1. Гал түймэр эсвэл түргэн тусламжийн аль болох (Гал түймэр бол “Кажи дэс", түргэн тусламж бол “Кюүкюү дэс" гэж хэлнэ үү.)
  2. Байршилаа заах
  3. Өөрийнхөө нэр

110 дугаарт дуудлага өгөхдөө дараах байдлаар мэдээлэл өгнө.

  1. Юу болсон болох (Зам тээврийн осол, гэмт хэрэг г.м)
  2. Байршил нь хаана болох (Осол, гэмт хэрэг болсон газар болон хаяг)
  3. Өөрийнхөө нэр

Гэмтэж бэртсэн хүн байвал цагдаад өгсөн энэ дуудлагаар түргэн тусламж дуудаж өгдөг.

Онцгой байдлын үед авч явах зүйлсийн жагсаалт
Байгалийн гамшиг онцгой байдлын үед хоргодох байр луу явахад нэн тэргүүнд биедээ авч явах, наад захын зайлшгүй хэрэгцээний бага зэрэг зүйлсийг урьдчилан бэлтгэн “Онцгой үед авч гарах цүнх"-д хийн шууд авч гарахад хялбар газар тавина. 

Үнэт, чухал зүйл

□ Кредит, дебит карт
□ Бэлэн мөнгө, бутархай мөнгө
□ Жолооны үнэмлэхний хуулбар
□ Эрүүл мэндийн даатгалын хуулбар

Хоол хүнс

□ Хатааж лаазалсан жижиг талх
□Лаазалсан хүнс
□Хүнсний нэмэлт энергийн бүтээгдэхүүн
□Хуурай хүнс
□Цэвэр ус
□Нэг удаагийн хоолны хэрэглэл
□Лааз онгойлогч

Радио

□Жижиг оврын радио
□Илүү зай    

Гэрэл

□ Гар чийдэн
□ Илүү зай

Эм

□ Хурууны лент
□ Ил шархны тос
□ Боолт бинт
□Ариутгагч

Бусад ахуйн хэрэгцээний зүйлс

□Дотуур хувцас
□Ажлын бээлий
□Алчуур
□Салфетка
□Борооны хувцас, шүхэр
□Шүдэнз, зажигалка
□Гялгар уут

*Пасспорт, гадаад оршин суугчийн үнэмлэхээ үргэлж ойр байлгаж хоргодох байр руу явахдаа биедээ авч явах хэрэгтэй.
Хүүхдийн памперс болон бусад ариун цэврийн хэрэглэлийг хэрэгцээнээсээ хамааран бэлтгэнэ. 

Онцгой байдлын сургуулилт
9 дүгээр сарын 1-ний өдөр Гамшгаас хамгаалах өдөр бөгөөд 8 дугаар сарын 30 – 9 дүгээр сарын 5-ны өдрүүд нь Гамшгаас хамгаалах долоон хоног юм. 
Бүс нутгийн гамшгаас хамгаалах сургалт, сургуулилалтад идэвхтэй оролцон, гамшгаас хамгаалах үйлдлийг өөртөө дадал болгоорой.

Санамж
Гамшгийн үед хамгийн чухал зүйл бол өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, албан ёсны мэдээлэлд тулгуурлан тайван, зөв шийдвэр гаргах явдал юм. Газар хөдлөлтийн үед сандарч тэвдэлгүй, урьдчилан бэлтгэсэн төлөвлөгөөний дагуу ажилласнаар эрсдэлийг бууруулах боломжтой.