АМИА ХОРЛОХ ЭРСДЭЛ
2026-06-27
Япон Улсад оршин сууж буй монгол иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр Япон Улсад идээшиж дасахгүй байх, амьдралын хэмнэлд нь дасахгүй ядрах, стрессдэх, эрүүл мэндийн асуудал, гэр бүлийн асуудал, хайр дурлалын асуудал, ажлын байрны дарамтын асуудал, муу дадал зуршил зэргээс болж сэтгэл гутралд орох, үүнээс болж амиа хорлох үзэгдэл олширч байна. Ер нь сүүлийн жилүүдэд Монгол Улсад сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, залуучуудын амиа хорлолт нэмэгдсэн асуудал нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа тухай ч ихээр яригдаж, бичигдэх болов.
2021 оны мэдээгээр дэлхий даяяар зуун мянган хүн ам тутамд жилд 11.4 амиа хорлолт бүртгэгдэж байгаа бол Япон Улсад 2021 онд 20291 хүн, 2022 онд 21238 хүн амиа хорлосон нь 100 мянган хүн ам тутамд 17.0 болж байна. Харин Монгол Улсад энэ тоо 28.1 хүн байсан нь дэлхийн дундажаас 2.5 дахин, Япон Улсын дунджаас 65 хувиар их байна. Сүүлийн үед өсвөр үеийнхний дунд дэлгэцэд донтох, нойргүйдэх, мансуурах, архи тамхинд донтох, стрессдэх асуудал их байгаа нь амиа хорлолт нэмэгдэх шалтгаан болж байна.
Орчин үе ба залуучуудын амиа хорлох эрсдэл:
Өнөөгийн нийгэмд залуучууд сэтгэлзүйн дарамтад өртөх эрсдэл эрс нэмэгдсэн бөгөөд дараах хүчин зүйлс амиа хорлох эрсдэлийг нэмэгдүүлж байна. Үүнд:
- Нийгмийн сүлжээ болон цахим орчны дарамт
- Ирээдүйн талаарх гутранги үзэл, тодорхойгүй байдал
- Ганцаардал, нийгмийн тусгаарлагдал
- Нойр дутуу байдал
- Санхүү, эдийн засгийн хүндрэл
Сэтгэцийн эмгэг, ганцаардал, хүчтэй стресс зэрэг хүчин зүйлс давхцах үед амиа хорлох эрсдэл эрс нэмэгддэг. Дараах нөхцөл байдал нь амиа хорлох эрсдэлийг нэмэгдүүлдэг.
- Хүнд хэлбэрийн сэтгэл гутрал
- Хоёр туйлт эмгэгийн холимог үе
- Удаан хугацааны нойргүйдэл
- Архи, согтууруулах ундааны хэт хэрэглээ
- Өмнө нь амиа хорлох оролдлого хийж байсан түүх
Урьдчилсан дохио:
Ойр дотны чинь хүнд дараах шинж тэмдгүүд илэрч байвал яаралтай анхаарах шаардлагатай.
- “Байхгүй болчихмоор байна”, “Амьдрах утга учир гэж алга” гэх мэт үг хэлэх
- Хувийн эд зүйлсээ бусдад гэнэт тарааж өгөх
- Удаан хугацаанд шаналсны дараа гэнэт тайван болсон мэт харагдах
- Хүмүүсээс зай барьж, ганцаараа байхыг эрмэлзэх
Хайр дурлал ба амиа хорлох эрсдэл:
Өсвөр насныхан болон залуучуудын дунд хайр дурлалын бүтэлгүйтэл нь амиа хорлох эрсдэлийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болдж байна. Салалт, дотно харилцааны төгсгөл нь хүнд хүчтэй нөлөө үзүүлдэг. Үүнд:
Сэтгэлзүйн хувьд:
- Ирээдүйн хүлээлт болон сэтгэл хөдлөлийн холбоо тасрах
- Өөрийн үнэ цэнэ буурсан мэт мэдрэмж төрөх
- Нийгэмд гологдсон, бусдад хэрэггүй болсон мэт санагдах
Тархины үйл ажиллагааны хувьд:
- Сэтгэл хөдлөлийг хариуцдаг хэсгийн идэвхжил нэмэгддэг
- Эрүүл шийдвэр гаргах, өөрийгөө хянах чадвар түр хугацаанд буурдаг
Сэтгэцийн эмгэг хавсарсан үед:
Хэрэв тухайн хүн сэтгэцийн эмгэгтэй байсан бол салалтын нөлөө илүү хүчтэй илэрнэ.
- Сэтгэл гутралтай үед найдваргүй байдал гүнзгийрэх
- Хоёр туйлт эмгэгтэй үед гутралын үе рүү огцом шилжих
- Дасан зохицох эмгэг даамжрах
Урьдчилсан дохио илэрсэн үед өөртөө туслах энгийн арга:
Сэтгэлзүйн хүнд үеийг даван туулахад дараах зөвлөмжүүд тус болно.
- Хангалттай унтаж, нойроо хамгаалах
- Архи, согтууруулах ундаанаас зайлсхийх
- Ганцаараа удаан хугацаагаар байхгүй байх
- Нийгмийн сүлжээ, цахим хэрэглээг түр хугацаанд багасгах
- Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн, эмчид хандах
Ойр дотнын хүмүүсийн үзүүлэх дэмжлэг:
Таны ойр дотно хэн нэгний амиа хорлох тухай бодол, яриа, дохио нь өөртөө анхаарал татах гэсэн оролдлого биш, харин тусламж хэрэгтэй байгаагийн илрэл байж болно. Ийм үед тухайн хүнийг шүүмжлэх байр сууринаас бус ойлгож хандах, ганцаардуулахгүй байх, аюултай зүйлээс холдуулах, мэргэжлийн тусламж авахад нь дэмжлэг үзүүлэх нь амь насыг нь хамгаалах чухал ач холбогдолтой байж болно.
Хүнд хэцүү үеийг туулж буй хүнд дараах үгс тус болдог.
| Хэлэхээс зайлсхийх үг | Дэмжлэг үзүүлэх үг |
|
✕ “Сэтгэлээ л барьчих.” ✕ “Чи сул дорой байна.” |
✓ “Чамд үнэхээр хэцүү байгааг ойлгож байна.” ✓ “Би чамтай хамт байна.” ✓ “Мэргэжлийн хүнтэй хамт очиж уулзъя.” |
Сэтгэлзүйн хямрал, сэтгэцийн эмгэг бол зан чанарын сул тал биш, “сэтгэлийн ханиад” гэж зарим хүний тодорхойлсноор хэнд ч тохиолдож болох, эмчлэгдэх боломжтой тархи мэдрэлтэй холбоотой эмгэг гэдгийг ойлгож, эрт илрүүлэх, эмчилгээ хийлгэх, ганцаардлыг бууруулах арга хэмжээ авах нь чухал юм. Ингэснээр өөрийн стресс, депресс, сэтгэлзүйн хямралыг амиа хорлох хүртэл хэмжээнд хүндрүүлэхээс зайлсхийж чадна. Амиа хорлолт нь сэтгэлзүйн хямрал тул ямар арга хэмжээ авах нь зүйтэй тухайд “СЭТГЭЛЗҮЙН ХЯМРАЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ” буланг орж үзээрэй.
Орон нутгийн амиа хорлолтын эсрэг төв/ 地域自殺対策推進センター JSCP/
https://jscp.or.jp/community/center.html
Олон улсын Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэг нийгэмлэг /The International Association for Suicide Prevention/
https://www.iasp.info/ англи хэл дээр
Монгол хэл дээрх зарим заавар зөвлөгөө:
“Амиа хорлох оролдлого хийсэн хүүхэд, өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар” / Эрүүл мэндийн сайдын 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/149 тоот тушаалаар баталсан, 19 хуудастай/
https://moh.gov.mn