ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ (DV)

2026-06-27


Япон Улсад оршин сууж буй Монгол Улсын иргэдийн тоо нэмэгдэх, зорчилт хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр Япон Улсад гэр бүл болох, гэр бүлийн болон хайр сэтгэлийн харилцааны зөрчил үүсэх, гэр бүл хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэх, бие биенийгээ хэт хянаж, мөрдөн мөшгөх үйлдэл гаргах зэргээр хууль зөрчих явдал нэмэгдэж байна. Иймд иргэд суугаа орныхоо хууль дүрэм, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тогтолцоог сайтар судлан мэдэж, шаардлагатай үед зохих арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатай юм.
Гэр бүлийн хүчирхийлэл DV нь бие, сэтгэл, эдийн засаг, бэлгийн болон нийгмийн янз бүрийн хүчирхийлэлээр дамжин илэрдэг. Япон Улсад гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах хууль эрх зүйн зохих орчин, тогтолцоо нь сайтар бүрдэлдэн тогтсон бөгөөд төрийн хамгаалалт, тусламж үйлчилгээ авах боломж нээлттэй байдаг. Иймд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон тохиолдолд өөрийн болон хүүхдийнхээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, нотлох баримт цуглуулах, зөвлөгөө авах, хууль эрх зүйн арга хэмжээ авах, сэтгэл зүйн дэмжлэг авах зэргээр зохих үйлдэл хийх нь зүйтэй юм. 
Япон Улс дахь гэр бүл, хос, эцэг эх, хүүхдийн харилцаанд  давтамжтайгаар илэрч буй хүчирхийлэл, дарамтын хэргийг гэр бүлийн хүчирхийлэл /DV буюу Domestic Violence /, хүүхдийн хүчирхийлэл, мөрдөн мөшгөлт гэж ангилж, холбогдох хуулийн дагуу урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авдаг.  
Нэр төрөл: 
DV гэдэг нь эхнэр/нөхөр, хамтрагч, хамт амьдардаг хүний зүгээс үзүүлэх өндөр давтамжтай хүчирхийлэл, дарамт юм. Хүчирхийллийн хэлбэрүүд нь: 
Бие махбодын хүчирхийлэл
•    Зодох, тамлах, цохих,түлхэх, боох зэргээр бие махбодид гэмтэл учруулах
•    Юм шидэх, гэмтээх 
Сэтгэл санааны хүчирхийлэл
•    Ам хэлээр доромжлох, хараах 
•    Айлган сүрдүүлэх (“алчихна”, “хөөж явуулна” гэх мэт) 
•    Найз нөхөд, гэр бүлээс тусгаарлах 
Санхүүгийн хүчирхийлэл
•    Амьжиргааны зардлыг нь өгөхгүй байх 
•    Санхүү эдийн засгаар нь дарамтлах
•    Орлого, дансыг нь хянах 
•    Ажил хийхийг нь хориглох 
Бэлгийн хүчирхийлэл
•    Хүсээгүй бэлгийн харилцаанд албадах 
Нийгмийн тусгаарлалт
•    Үл хайхрах
•    Гадагш гарах, найз нөхөдтэй харилцахыг хязгаарлах
Дижитал хүчирхийлэл
•    Утас, SNS-ыг нь шалгах 
•    Байршилыг нь хянах 
•    Нууц үгээ өгөхийг шаардах 
DV-ийн онцлог, шинж
DV нь ихэвчлэн байнгын давтамжтай гардаг бөгөөд уур хилэн, хяналтаар дамжин “Чиний буруу” гэж байнга буруутгах, гэрээс гарах, хүмүүстэй уулзахыг нь хориглох, уучлалт гуйсан ч дахин давтагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг.  Гэр бүлийн хүчирхийлэл нь 1/Стресс хуримтлагдах, 2/ Хүчирхийлэл үйлдэх, 3/ Уучлал гуйж, тайвшрах, 4/ Дахин давтагдах гэсэн  мөчлөгөөр олон дахин давтагдах нь элбэг байдаг. 
Хүчирхийлэл үйлдэгч хүн өөрийн стресс, сэтгэлзүйн гаралтайгаар гэмт хэрэг үйлдэж буй гэдгээ ухааралгүй “Би үүнийг хийх эрхтэй”, “Би үүнийг хийх ёстой” гэж үзэх хандлагатай байдаг бол хохирогч нь айдас, ичгүүрээс шалтгаалан хэн нэгэнд энэ тухай хэлэхгүй нуух нь элбэг тохиолддог. Ялангуяа гадаад оронд оршин суугч хосын хувьд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ч хэлний бэрхшээл, визээ алдах хууль эрхзүйн айдас, хүүхэд болон санхүүгийн хэт хамаарал, “ичгүүр”-ийн мэдрэмжээс шалтгаалж Цагдаагийн газарт энэ тухайгаа мэдээлэхгүй байх нь их тул илэрч мэдээлэгдэхгүй өнгөрч буй хэргийн тоо илэрсэн хэргийн тооноос хамаагүй их юм. Гэхдээ DV бол гэмт хэрэг тул “хохирогч хуулиар хамгаалагдана” гэдгээ сайтар  ойлгох хэрэгтэй. 
Гэр бүлийн хүчирхийлэлд удаан хугацаанд өртсөн хохирогчийн сэтгэл зүйд урт хугацааны стресс үүсдэг. Судалгаагаар стресс, тархины ядаргаа нь удаан хугацаанд хуримтлагдаж сэтгэцийн эмгэг (дүрэлзэх, донтох, сэтгэл гутрал) үүсгэдэг. Тархи мэдрэлийн ядаргаа нь шууд өөрт мэдрэгдэхгүй, өөрийгөө хянаж чадахгүй байдалд хүргэдэг тул хүчирхийлэл үйлдэгч болон хохирогч нь өөрсдийн сэтгэлзүйн байдалд анхааралтай байж, эрт зөвлөгөө авах, холбогдох арга хэмжээг авах нь чухал юм.
Хууль эрх зүйн зохицуулалт
“Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах тухай хууль”  /Японоор 配偶者からの暴力の防止及び被害者の保護等に関する法律, товчоор  DV防止法, англиар Act on the Prevention of Spousal Violence and the Protection of Victims) нь 2001 онд гарч, хүчин төгөлдөр болсон.
Уг хууль нь эхнэр, нөхөр болон хамтран амьдрагч (албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй ч бодитоор хамтран амьдарч буй) нарын хооронд үүссэн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах зорилготой. Энэ хууль нь зөвхөн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг шийтгэх төдий бус, хохирогчийг хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах, тусламж үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд чиглэгдсэн. 
Act on the Prevention of Spousal Violence and the Protection of Victims https://www.japaneselawtranslation.go.jp/
Хуульд бие махбодын хүчирхийлэл болох зодох, өшиглөх, боомилох зэрэг үйлдэл, амь нас, эрүүл мэндийн эсрэг заналхийлэл, сэтгэл санаанд ноцтой хохирол учруулах үйлдэл, мөн салсаны дараа хуучин эхнэр, нөхрөөс үргэлжилсэн хүчирхийлэл үйлдэх явдал гарах зэрэг хамрах хүрээг нь тодорхойлж өгсөн. Сүүлийн үед хийгдсэн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн биеийн хүчирхийлэл бус, сэтгэл зүйн дарамт, хяналт, айдас төрүүлэх үйлдлийг ч хамгаалалтын хүрээнд оруулж авч үзэх болсон.
Хуульд хохирогчийг хамгаалах зорилгоор хүчирхийллийн талаар зөвлөгөө өгөх төв ажиллуулах, цагдаагийн байгууллагаас дэмжлэг үзүүлэх, түр хамгаалах байр /шелтер/ бий болгох, хохирогчийг амьдралаа бие даан сэргээхэд нь туслах зэрэг холбогдох арга хэмжээг тусгаж өгсөн байдаг. 
Мөн шүүхээс “хохирогчийг хамгаалалтад авах тухай” захирамж гаргаж болох бөгөөд захирамжид хүчирхийлэл үйлдэгчийг хохирогчид ойртохыг хориглох, гэр болон ажлын байр орчимд ирэхийг нь хориглох, утас, цахим харилцаагаар холбогдохыг хязгаарлах, хамтран амьдарч буй орон сууцыг түр хугацаагаар орхин гарахыг үүрэг болгох зэрэг арга хэмжээ багтдаг. 
Хуулийн хувьд хохирогчийг хамгаалах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, DV-ийн хохирогч болсон гадаад иргэдэд оршин суух эрхийг нь үргэлжлүүлэх арга хэмжээ авах зэрэг дэмжлэгийн механизм бий.

Хүлээлгэх ял, шийтгэл: 
Хүчирхийлэл үйлдэгч талд оногдуулах шийтгэлийг авч үзвэл энэхүү хуулиар хүчирхийллийн бүхий л үйлдлийг шууд эрүүгийн ямар нэгэн гэмт хэрэгт тооцон шийтгэхийг урьтал болгоогүй бөгөөд бодит хүчирхийлэл үйлдэгдсэн тохиолдолд Японы Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг голдуу хэрэглэдэг. Жишээ нь хүнийг зодож гэмтэл учруулсан бол “бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг”, гэмтэлгүй боловч хүч хэрэглэсэн бол “хүч хэрэглэсэн гэмт хэрэг”, амь насанд заналхийлсэн бол “заналхийллийн гэмт хэрэг” зэрэг зүйл ангиар шийтгэдэг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдол нь гэр бүл салалт, нөхөн төлбөр (慰謝料) авах нэхэмжлэл гаргах үндэслэл болж өгдөг. 
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулиар “шүүхээс гаргасан хохирогчийг хамгаалах захирамж”-ийг зөрвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Үүнд:
■ Хэрэв хамгаалах захирамж гарсан байхад хохирогчийг мөрдөх, гэрийнх нь ойролцоо хүлээх, ойртох зэрэг үйлдэл хийвэл 2 жил хүртэл хугацаагаар хорих ял эсвэл 2 сая иен хүртэлх торгууль ногдуулна. 
■ Мөн зөвлөгөө, хамгааллын үйлчилгээний явцад олж мэдсэн мэдээллийн нууцийг задруулсан бол 1жил хүртэлх хугацаагаар хорих ял эсвэл 500 мянган иен хүртэлх торгууль ногдуулна.
Япон дахь DV-ийн нөхцөл байдал, статистик 
Япон Улсын Хууль зүйн яамнаас гэмт хэрэгтэй тэмцэх талаар Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, түүний хэрэгжилт, гэмт хэргийн статистик мэдээг тусгасан “Гэмт хэргийн цагаан ном”-ыг жил бүр эрхлэн гаргадаг. Уг номын англи хэл дээрх хувийг доорх холбоосоор харж болно. 

WHITE PAPER ON CRIME 2022 Англи хэл дээр
https://www.moj.go.jp/   01

https://www.moj.go.jp/   02

Уг цагаан номны 
“PART 4 Specific Types of Offenses/Offenders Chapter 6 ChildAbuse, Spousal Violence, and Stalking-related Crimes” 
бүлэгт гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тухай, холбогдох статистик мэдээ орсон байна. 

ЗГХЭГ-ын “Жендерийн тэгш байдлыг хангах газар” нь гэр бүлийн хүчирхийллийн талаар ЗГ-аас авч явуулах бодлого, арга хэмжээг хариуцдаг бөгөөд вэб хуудаснаас нь энэ тухай мэдээлэл олж авч болно. Үүнд:
https://www.gender.go.jp/policy/no_violence/e-vaw/dv/02.html
Түүнчлэн орон нутгийн захиргаа жишээлбэл Токио хотын Цагдаагийн газар болон Токио хотын Нийгмийн хамгааллын газраас гэр бүлийн хүчирхийллийн эсрэг вэб хуудас эрхлэн ажиллуулдаг.  

https://www.keishicho.metro.tokyo.lg.jp/kurashi/higai/dv/

https://www.keishicho.metro.tokyo.lg.jp/about_mpd/jokyo_tokei/kakushu/dv.html
https://www.fukushi.metro.tokyo.lg.jp/kodomo/dvsoudan/dvshien

Эдгээрээс тоймлон авч үзвэл: 
① DV-ийн зөвлөгөө, мэдээллийн дуудлага / тохиолдлууд
•    2023 онд DV ийн зөвлөгөө авах дуудлага 88,619 бүртгэгджээ. Энэ нь Японд DV ийн эсрэг хууль 2001 онд хэрэгжиж эхэлснээс хойших хамгийн их тохиолдол болсон байна. 
•    Токио цагдаагийн газрын статистикаас авч үзвэл Токио хотод 2025 онд 9,254 DV ын зөвлөгөө бүртгэгдсэн нь өмнөх оноос 1.8% иар өссөн байна. 
•    2024 онд дуудлагын дагуу очиж, хэрэг үүсгэсэн тоог авч үзвэл “гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тухай хууль”-ийн дагуу 69 хэрэг үүсгэж, бусад хуулийн заалтаар 8421 хэрэг үүсгэсэн байна.
② Хүйсээр нь авч үзсэн чиг хандлага
•    2023 онд цагдаад хандсан хохирогчдын ойролцоогоор 30% нь эрэгтэй хүн байжээ. 15 жилийн өмнөхтэй харьцуулахад эрэгтэй хохирогчийн хувь 1.8% → 29.5% болтлоо өссөн байна. 
•    2025 оны Токио хотын Цагдаагийн газрын хийсэн судалгаанаас авч үзвэл зөвлөгөө өгсөн хүмүүсийн 77.1% нь эмэгтэй, 22.9% нь эрэгтэй байжээ. 
•    Энэ нь урьд өмнөөс эрэгтэй хохирогчид илүү ихээр хандах болсон, нийгэмд энэ асуудлыг хүлээн зөвшөөрөх хандлага үүсэж буйг харуулж байна.
 ③ Насаар нь авч үзсэн чиг хандлага
•    Цагдаагийн албаны мэдээгээр 30 аад насныхан хамгийн ихээр, дараа нь 20 иод насныхан DV ийн зөвлөгөө авахаар хандсан байна. 
•    Зөвлөгөө авсан хүмүүсийн ихэнх нь гэр бүл (гэрлэсэн / өмнө нь гэрлэсэн)-ийн харилцааны асуудлаар хандсан бөгөөд 72.6% нь гэр бүл, 24.1% нь хамтран амьдрагч хосууд байжээ. 
Хүчирхийлэл гарсан тохиолдолд хохирогчийн хийх алхмууд: 
■ Яаралтай үед Цагдаагийн газар: 110 Түргэн тусламж: 119 руу шууд залгах.
■ Урьдчилан бэлтгэлтэй байх / Чухал бичиг баримтаа (паспорт, биеийн байцаалт, 在留カード/ зэргээ бэлэн байлгах, 
■ Яаралтай үед юу хийхээ төлөвлөсөн байх, 
■ Итгэлтэй хүнтэй холбоо барих боломжтой байх
■ Аюул үүсвэл гал тогоо, угаалгын өрөө зэрэг эрсдэлтэй орчноос хол байх
■  Гарах гарц руу ойрхон байх, 
■ Хүүхдийг аюулгүй газар байлгах. 
■ Хот, дүүргийн DV зөвлөгөөний төв, Эмэгтэйчүүдийн төв, өмгөөлөгч, хүчирхийллийн эсрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ зэрэгт хандаж зөвлөгөө авах,
■ Үнэгүй дуудлага хийх утас болон онлайнаар зөвлөгөө авах, дэмжлэг авах
■ Түр байр эсвэл найз, гэр бүлийнхээ гэрт түр нүүж гарах
■ Баримт цуглуулах / Мессеж, LINE, имэйл, зураг, бичлэг гэх мэт нотлох баримтыг хадгалах/ 
■ Хууль эрх зүйн арга хэмжээ авах / Ойртох хорио тавиулах, гэрлэлт салгах, нөхөн төлбөр нэхэмжлэх гэх мэт/ 

Мэдвэл зохих утас, хаяг: 
■ Хүчирхийллийн эсрэг зөвлөгөө өгөх утас /DV相談ナビ/     (#8008)
■ Японы Цагдаагийн газрын зөвлөгөө өгөх утас          (#9110)
■ Түр хамгаалах байр, зөвлөгөө, хамгаалалт үзүүлэх талаар зөвлөгөө авах: Гэр бүлийн хүчирхийллийн зөвлөгөө, дэмжлэгийн төв /配偶者暴力相談支援センター/ -д хандах 
Япон Улс даяар байдаг 328 төвийн хаяг:
https://www.gender.go.jp/policy/no_violence/e-vaw/soudankikan/pdf/center.pdf

■ Ёрисой Хотлайн 0120-279-338 утсаар зөвлөгөө авах
■ Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажилуулдаг англи хэл дээр зөвлөгөө өгөх төвүүдэд хандаж болно.
https://jsite.mhlw.go.jp/
■ Японы эмэгтэйчүүдийн байгууллага: 
https://fewjapan.com/
Хүчирхийллийн эсрэг зөвлөгөө өгөх утас 
Хүчирхийллийн эсрэг зөвлөгөө өгөх утас /DV相談 Plus DV Soudan Plus / нь Япон улсад гэр бүлийн хамтрагч, эхнэр нөхөр эсвэл үерхэж буй хүнээс үйлдэж буй хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар зөвлөгөө, тусламж үзүүлдэг төрийн үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээ нь бие махбодын хүчирхийлэл төдийгүй сэтгэл санааны дарамт, заналхийлэл, эдийн засгийн дарамт, бэлгийн хүчирхийлэл зэрэг асуудлаар зөвлөгөө өгдөг.
https://soudanplus.jp/en/index.html
Тус үйлчилгээ нь жилийн 365 өдөр, өдөр шөнөгүй утсаар зөвлөгөө өгдөг бөгөөд үнэгүй дуудлагын 0120-279-889 (японоор дугаарыг нь “цунагу-хаякү” гэж цээжилдэг) дугаарт холбогдож болно. Мөн чат болон цахим хэлбэрээр ч зөвлөгөө авах боломжтой. Чат үйлчилгээ нь өдөр бүр 12:00–22:00 цагийн хооронд ажилладаг бөгөөд гадаадын иргэдэд зориулж олон хэл дээр үйлчилгээ үзүүлдэг.
Зөвлөгөө өгөхөөс гадна нөхцөл байдлыг үнэлсний үндсэн дээр түр хамгаалах байр, аюулгүй орчинд шилжүүлэх, холбогдох байгууллагад хамт очиж дэмжлэг үзүүлэх зэрэг шууд тусламжийг зохион байгуулдаг.
Гэхдээ амь нас, биеийн аюул тулгамдаж байгаа бол зөвлөгөөний шугамаас гадна 110 утсаар шууд Цагдаад мэдэгдэх шаардлагатай. 
Ёрисой Хотлайн 
Ёрисой Хотлайн /よりそいホットライン/ нь Япон Улсад амьдралын хүндрэл, гэр бүлийн хүчирхийлэл (DV), бэлгийн хүчирхийлэл, ганцаардал, сэтгэл зүйн дарамт, ядуурал, амиа хорлох бодол, гадаад иргэдийн тулгамдсан асуудал зэрэг төрөл бүрийн асуудлаар зөвлөгөө, дэмжлэг үзүүлдэг улсаас санхүүжилттэй зөвлөгөө өгөх үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээг нийгмээс тусгаарлагдах эрсдэлтэй хүмүүсийг дэмжих зорилгоор байгуулагдсан Төрийн бус байгууллага болох “Нийгэмшүүлэх дэмжлэгийн төв” /Social Inclusion Support Center, 一般社団法人社会的包摂サポートセンター/ байгууллага хариуцан ажиллуулдаг. Уг төв нь 2011 онд байгуулагдаж, ядуурал, ахмад настны асуудал, гадаад иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, DV болон бэлгийн хүчирхийллийн хохирогчид, өрийн дарамтад орсон хүмүүс, өрх толгойлсон ганц бие эцэг эх зэрэг эмзэг бүлгийн хүмүүст дэмжлэг үзүүлдэг.
https://www.since2011.net/yorisoi/
Тус үйлчилгээ нь жилийн 365 өдөр, өдөрт 24 цаг үнэ төлбөргүй ажилладаг бөгөөд зөвхөн Япон иргэд төдийгүй гадаадын иргэд ч ашиглах өргөн боломжтой. Зөвлөгөө авах хүмүүсийн нас, хүйс, үндэс угсаа, оршин суух статусаас үл хамааран үйлчилгээ үзүүлдэг. Үндсэн утасны дугаар нь: 0120-279-338 (цунагу – сасаэру)
Энэ дугаар руу залгахад автомат утсанд холбогдох бөгөөд өөрт тулгарсан асуудлын төрлийг сонгож зохих зөвлөгөө авдаг. Үүнд:
•    өдөр тутмын амьдралын асуудал, санхүүгийн хүндрэл; 
•    гадаад хэл дээр зөвлөгөө авах; 
•    гэр бүлийн хүчирхийлэл (DV) болон бэлгийн хүчирхийлэл; 
•    хүйсийн ялгаа, бэлгийн чиг баримжаатай холбоотой асуудал; 
•    амиа хорлох тухай бодол, сэтгэл санааны хүнд байдал; 
•    гамшигт өртсөн хүмүүсийн асуудал зэрэг багтдаг. 
Энэ байгууллага нь зөвхөн зөвлөгөө өгөхөөс гадна шаардлагатай тохиолдолд эмнэлэг, нийгмийн халамжийн байгууллага, хууль зүйн байгууллага, хамгаалах байр зэрэг холбогдох үйлчилгээтэй холбож өгөх, цаашдын дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг. 
Харин амь нас, бие махбодод шууд аюул заналхийлж байгаа бол зөвлөгөөний утас хүлээхээс илүүгээр Японы цагдаагийн 110 дугаарт шууд холбогдох нь зүйтэй.