СЭТГЭЛЗҮЙН ХЯМРАЛ
2026-06-27
Японд амьдрах, суралцах, түр зорчих үедээ иргэд стресс, сэтгэл гутралд орох, түгшүүрлэх, соёлын шоконд орох, ганцаардах, буруу зуршилд автагдан донтох, амиа хорлох хүртэл сэтгэлзүйн хямралд орох нь элбэг тохиолддог. Иргэд сэтгэлзүйн хямрал бол хүн болгонд тохиолдож болдог, эмчлэгдэх боломжтой, эмчлүүлэх шаардлагатай зүйл бөгөөд “сэтгэл зүйч, эмч нарын тусламжийг эртхэн цаг алдалгүй авах тусам хурдан эдгэрнэ” гэдгийг сайтар ойлгож, өөртөө болон өрөөл бусдад туслах хэрэгтэй юм.
Иргэдэд өргөнөөр тохиолдож буй сэтгэлзүйн хямрал ба эмгэгийг тоймлобол:
1. Стресс (Stress): Нойргүйдэх, Толгой өвдөх, Түргэн уурлах, Анхаарал төвлөрөхгүй байх
Ирээдүйд болох гэж буй ямар нэг үйл явдал таны дааж чадах ачааллаас хэтэрсэн буюу “Би үүнийг хийж чадахгүй нь дээ” гэж мэдрэх үед тархины айдсын төв буюу амигдала ажиллаж, стрессийн даавар буюу кортизол ялгаруулдаг. Кортизол ялгарснаар зүрх хурдан цохилох, ходоод агших, булчин чангарах, амьсгал түргэсэх зэрэг биеийн хариу урвал, үйлдэл үүсдэг. Иймд стресс гэдэг нь кортизол ялгарах үеийн биеийн үзүүлж буй хариу урвал юм. Эхэн үедээ эдгээр хариу урвал нь хүнд эрч хүч өгөх, айлгаж буй асуудлыг шийдэхэд сэтгэл санааг төвлөрүүлж, тусладаг бол удаан хугацаанд уг асуудлыг шийдэж чадахгүй байж, стрессийн даавар удаан хугацаагаар ялгарсаар байх нь биед хортойгоор нөлөөлж, туслах бус эсрэгээр ихээр ядрааж, сульдаадаг.
Хүний хувьд огт стрессдэхгүй байх боломжгүй юм. Ямар нэгэн ажил хийж, бие болон оюун санаагаа ядрааж, хүнтэй харилцаж, асуудал шийдэж, өөрийгөө хөгжүүлж л байгаа бол стресс байнга тохиолдох болно. Гэхдээ хүн аль болох бага стрессдэх аль эсвэл стрессдсэн үедээ өөрийгөө тайвшруулах аргад суралцаж болдог.
Стрессын шинж тэмдэг:
- Нойргүйдэх, амархан сэрэх
- Анхаарал төвлөрөхгүй байх
- Булчин чилж өвдөх
- Гүйлгэх
- Толгой эргэх
- Бэлгийн дур хүсэл багасах
- Хоолны дуршил багасах
- Байнга ядарсан мэдрэмж төрөх
- Жижиг зүйлст хэт сүртэй сэтгэл хөдлөл үзүүлэх
- Шалтгаан тодорхойгүй түгшсэн мэдрэмж төрөх
- Байнга уурлах
- Ажлын бүтээмж буурах г.м.
Стрессээс үүдэх эрсдэл:
- Сэтгэл түгшүүр, улигт бодол, сэтгэл гутрал зэрэг эмгэг үүсэх
- Ходоодны шарх үүсэх
- Зүрх, судасны эмгэг үүсэх
- Холестролын хэмжээ ихсэх
- Мэдрэлийн ядаргаа, нойргүйдэх эмгэг үүсэх
- Анхаарал төвлөрөх болон ой санамжтай холбоотой асуудлууд үүсэх.
Авах арга хэмжээ:
- Аль болох үүссэн асуудлыг тэр дор нь шийдэхийг хичээх: Асуудлаас зугтах тусам стрессдэх хугацаа л уртасдаг.
- Стресс, айлгаж байгаа зүйлээ хэн нэгэнд хэлж. гадагшлуулах: Энэ нь танд тайвшрал өгч, асуудлаа шийдэх гарц олоход тусалдаг.
- Ус их ууж, кофе болон чихрийн хэрэглээнээс татгалзах: Ус их уух нь кортизол дааврыг биеэс гадагшлуулахад туслана. Харин кофе уух нь нэгэнт түргэн цохилж буй зүрхийг улам түргэсгэх эрсдэлтэй бол чихэр нь кортизолын хэмжээг улам ихэсгэх эрсдэлтэй.
- Дасгал хийж, хөлс гаргах хэвшилтэй болох: Энэ нь кортизолыг гадагшлуулах шалгарсан арга юм. Өглөө кортизолын хэмжээ хамгийн өндөр байдаг тул стресстэй эсвэл түгшүүр, сэтгэл гутралтай хүмүүс нь өглөө сэрэх үедээ хэцүү мэдрэмж авдаг. Иймд өглөөний цагаар дасгал хийх нь илүү үр дүнтэй.
- Бодлоо засах: “Яанаа”, “Ямар аймаар юм бэ”, “Би чадахгүй” гэдэг зэрэг сөрөг бодлыг “Ямар гоё юм бэ”, “Хурдан болоосой”, “Хурдан хийх юмсан” гэх мэт өөдрөг, сайхан бодлоор солиход биеэс ялгарах даавар өөрчлөгддөг байна.
- Бүх зүйлийг хянах, зөв байлгах гэж хичээх хэрэггүй. Хэтэрхий ихээр бүх зүйлийг хянаж, бүх эрсдлээс сэргийлэх, үүнийг өөрийнхөө үүрэг гэж хүлээж авах нь өндөр стресст оруулдаг. “Та бусад хүнийг хүссэнээрээ өөрчлөхөд хэцүү, хүн өөрөө л өөрийгөө өөрчилж чадна.”, “Гэр орноо байнга цэв цэвэрхэн байлгах шаардлагагүй, учир нь гэр орон бол музей биш”. ”Таны хайртай хүмүүс нэг л өдөр бурхан болно. Энэ бол байгалийн жам.” гэх мэтээр бодож, сэтгэлээ чөлөөлөх хэрэгтэй.
- Уужуу тайван амьсгалах, цэвэр агаарт гарах, зөв амьсгалах дасгал хийх: Стрессийн үед амьсгал давхцаж, замбараагүй болдог бөгөөд стресстэй хүн өөрийн эрхгүй амьсгалаа удаан түгждэг. Иймд түгшүүрийн мэдрэмж төрвөл уртаар амьсгалах дасгал хийж байх нь өөрийгөө тайвшруулахад тустай.
- Булчингаа суллах: Иога хийж болно. Стресстэй хүн бүх биеэ чангалж, хумих нь их байдаг. Булчингаа суллах дасгал хийхэд тархи тайвширч, “аюул холдлоо” гэсэн дохио авдаг.
Дээрх зарчмуудыг хэрэгжүүлснээр та бие, сэтгэцийн өвчлөлөөс сэргийлж чадна. /Эх сурвалж: Өөрийгөө Болон Гэр Бүлээ Халамжлах Ном, 2018/
2. Сэтгэл гутрал (Depression, Major Depressive Disorder, Bood disorder):

Сэтгэл гутрал нь хүний сэтгэл санаа, бодол, зан үйл, бие махбодын байдал болон өдөр тутмын үйл ажиллагаанд удаан хугацаанд сөргөөр нөлөөлдөг түгээмэл сэтгэцийн эмгэг юм. Түр зуур гуниглах, сэтгэлээр унахтай адилгүйгээр сэтгэл гутрал нь хэдэн долоо хоног, сар, зарим тохиолдолд түүнээс ч удаан үргэлжилж, ажил хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл болон нийгмийн харилцаанд саад учруулдаг. Сэтгэл гутрал нь хүний зан чанарын сул тал, хүсэл зориггүй байдлын илрэл биш бөгөөд эмчилгээ шаарддаг өвчин юм.
Шинж тэмдэг ба эрсдэл:
- 2 долоо хоногоос дээш удаан хугацаанд гуниглах,
- Хоосон мэт мэдрэмж төрөх, ажил, амьдралд сонирхолгүй болох
- Урьд нь сонирхдог байсан зүйлээ сонирхохоо болих,
- Эрч хүчгүй болж ядарч сульдах, амархан ядрах,
- Анхаарал төвлөрөх болон шийдвэр гаргахад хүндрэл учрах
- Нойргүйдэх эсвэл хэт их унтах,
- Хоолны дуршил буурах эсвэл нэмэгдэх,
- Өөрийгөө үнэ цэнэгүй мэт мэдрэх,
- Өөрийгөө бүх юманд буруутгах,
- Ирээдүйд итгэл найдвараа алдах
- Хүнд хэлбэрийн үед үхэл, амиа хорлох тухай бодол төрөх,
- Амиа хорлох оролдлого хийх
Учир шалтгаан:
Сэтгэл гутрал үүсэхэд нэг шалтгаан бус, удамшлын хүчин зүйл, тархины нейрохимийн өөрчлөлт, архаг стресс, хайр дурлалын бүтэлгүйтэл, хайртай хүнээ алдах, гэр бүлийн болон санхүүгийн хүндрэл, архи, мансууруулах бодисын хэрэглээ, удаан хугацааны биеийн өвчин зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг байна. Гэхдээ шалтгаан тодорхойгүй сэтгэл гутрал үүсэх тохиолдол ч элбэг байдаг. Сэтгэл гутрал нь хөнгөн, дунд болон хүнд хэлбэртэй байж болох бөгөөд эмчилгээ хийлгэхгүй удах тусам шинж тэмдэг нь даамжирч, амьдралын чанарт нь ноцтой нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй. Сэтгэл гутрал үүсэх үед:
- Серотонин, норадреналин, дофамин зэрэг мэдрэлийн дамжуулагч бодисын тэнцвэр алдагдана.
- Урд тархи (шийдвэр, хяналт) ба амигдала (сэтгэл хөдлөл)-ын зохицуулалт сулрана.
- Удаан стресс → кортизол ихсэх → тархины уян хатан чанар буурах
Авах арга хэмжээ:
Орчин үеийн анагаах ухааны тусламж, сэтгэл заслын эмчилгээний ачаар ихэнх хүмүүс бүрэн эдгэрэх эсвэл өвчнөө хяналтанд байлгаж, хэвийн амьдралаа үргэлжлүүлэх боломжтой. Иймд сэтгэл гутралын шинж тэмдгийг эрт таньж, цаг алдалгүй тусламж авах, шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжилж, өдөр тутмын амьдралд саад болж эхэлсэн бол мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид хандах нь чухал юм.
Сэтгэл гутралын эмчилгээ нь:
- сэтгэл заслын эмчилгээ,
- сэтгэл гутралын эсрэг эм,
- амьдралын хэв маягийг сайжруулах арга хэмжээ,
- гэр бүл болон ойр дотнын хүмүүсийн дэмжлэг
- хангалттай нойр авах,
- тогтмол хөдөлгөөн хийх,
- архи, согтууруулах ундаанаас зайлсхийх,
- нийгмийн харилцаагаа хадгалах
3. Хоёр туйлт эмгэг (Bipolar Disorder)
Хоёр туйлт эмгэг нь хүний сэтгэл санаа, эрч хүч, идэвх, нойр болон өдөр тутмын амьдралын үйл ажиллагаанд нөлөөлдөг архаг явцтай сэтгэцийн эмгэг юм. Энэхүү эмгэгийн үед сэтгэл санаа хэт өндөрсөж, эрч хүч ихэссэн “мани” буюу “гипомани” үе болон “сэтгэл гутралын үе” ээлжлэн илэрдэг бөгөөд эдгээр өөрчлөлт нь тухайн хүний ажил, сургууль, гэр бүлийн харилцаа болон нийгмийн амьдралд ихээхэн нөлөөлж болзошгүй байдаг.
Сэтгэл санаа хэт өндөрсөж, идэвхжил нэмэгдэх үеийг мани гэж нэрлэдэг бол харьцангуй хөнгөн хэлбэрийг гипомани гэнэ. Ийм үед хүн хэт баяр хөөртэй эсвэл уур уцаартай болох, бага унтсан ч ядрахгүй байх, өөрийгөө хэт өндөр үнэлэх, олон санаа зэрэг төрөх, хурдан ярьж эхлэх, мөнгө хэт үрэх, эрсдэлтэй шийдвэр гаргах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Хүнд хэлбэрийн мани үед бодит байдлыг буруу хүлээн авах, төөрөгдөл, хий үзэгдэл зэрэг сэтгэцийн шинж тэмдэг илрэх боломжтой.

Харин сэтгэл гутралын үед удаан хугацаанд гуниглах, амьдралд сонирхолгүй болох, эрч хүчгүй болж ядарч сульдах, нойрны хямралд орох, өөрийгөө үнэ цэнэгүй мэт мэдрэх, анхаарал төвлөрөхөд хүндрэлтэй болох зэрэг шинж илэрдэг. Зарим тохиолдолд үхэл, амиа хорлох тухай бодол төрөх нь ч бий.
Хоёр туйлт эмгэгийг ерөнхийд нь I болон II хэлбэр гэж ангилдаг. I хэлбэрийн үед дор хаяж нэг удаагийн мани үе илэрдэг бөгөөд ихэнхдээ сэтгэл гутралын үе дагалддаг. Харин II хэлбэрийн үед бүрэн хэмжээний мани бус, гипомани болон сэтгэл гутралын үе ээлжлэн илэрдэг онцлогтой байдаг.
Энэхүү эмгэгийн шалтгаан одоогоор бүрэн тогтоогдоогүй байгаа боловч удамшлын хүчин зүйл, тархины нейрохимийн тэнцвэрийн өөрчлөлт, хүчтэй стресс, сэтгэл зүйн цочрол, нойрны хэмнэл алдагдах, архи болон мансууруулах бодисын хэрэглээ зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг гэж үздэг. Хоёр туйлт эмгэг нь зөв эмчилгээ хийлгэснээр хяналтанд байлгах боломжтой өвчин юм. Эмчилгээ нь ихэвчлэн сэтгэл тогтворжуулах эм, сэтгэл заслын эмчилгээ, тогтмол амьдралын дэглэм, хангалттай нойр, стрессийг зөв зохицуулах арга барил болон гэр бүл, ойр дотнын хүмүүсийн дэмжлэгээс бүрддэг.
Хоёр туйлт эмгэг нь хүний зан чанар, сул дорой байдлын илрэл биш бөгөөд мэргэжлийн оношлогоо, эмчилгээ шаарддаг эмнэлгийн өвчин юм. Эрт үед нь оношлуулж, эмчилгээг тогтмол үргэлжлүүлснээр ихэнх хүмүүс хэвийн амьдралын хэв маягаа хадгалж, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүлтэй болох зэрэг нийгмийн идэвхтэй амьдралаа үргэлжлүүлэх боломжтой байдаг.
4. Дасан зохицох эмгэг (Adjustment Disorder)
Дасан зохицох эмгэг нь амьдралд тохиолдсон тодорхой стресс, өөрчлөлт, хүнд нөхцөл байдалд хүн сэтгэлзүйн болон зан үйлийн хувьд зохистойгоор дасан зохицож чадахгүй болсноос үүсдэг сэтгэцийн эмгэг юм. Энэхүү эмгэг нь ойр дотнын хүнээ алдах, гэр бүл салалт, хайр дурлалын бүтэлгүйтэл, ажилгүй болох, санхүүгийн хүндрэл, өвчин эмгэг, шинэ орчинд шилжих зэрэг амьдралын томоохон өөрчлөлтүүдийн дараа илрэх нь түгээмэл байдаг.

Дасан зохицох эмгэгтэй хүний хувьд стрессийн үйл явдалд үзүүлэх сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл нь тухайн нөхцөл байдлаас хэтэрсэн хэмжээнд хүрч, өдөр тутмын амьдрал, ажил хөдөлмөр, сургууль, гэр бүлийн харилцаа болон нийгмийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Шинж тэмдгүүд нь ихэвчлэн тухайн стресс үүсгэгч хүчин зүйл гарснаас хойш гурван сарын дотор илэрдэг бөгөөд шалтгаан болсон нөхцөл байдал арилсны дараа аажмаар намдах хандлагатай байдаг.
Шинж тэмдэг:
Энэ эмгэгийн үед хүн байнга түгших, гуниглах, уйламтгай болох, ирээдүйдээ итгэлгүй болох, анхаарал төвлөрөхөд хүндрэлтэй болох, нойрны хямралд орох, ядарч сульдах, уур уцаартай болох зэрэг шинж тэмдэг илэрч болно. Зарим хүмүүс бусдаас өөрийгөө тусгаарлах, ажил сургуульдаа идэвхгүй болох, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зэрэг зан үйлийн өөрчлөлт үзүүлэх нь бий. Хүнд хэлбэрийн тохиолдолд амиа хорлох тухай бодол төрөх, өөртөө хор хүргэх эрсдэл нэмэгдэх боломжтой байдаг. Дасан зохицох эмгэг нь сэтгэл гутрал, түгшүүрийн эмгэг зэрэг бусад сэтгэцийн эмгэгээс ялгаатай нь тодорхой стресс үүсгэгч хүчин зүйлтэй шууд холбоотой байдгаараа онцлогтой. Гэсэн хэдий ч эмчилгээ, дэмжлэгийг цаг тухайд нь авахгүй бол сэтгэл гутрал, архины хамаарал зэрэг илүү ноцтой эмгэгт шилжих эрсдэлтэй.
Учир шалтгаан:
- Тодорхой стресс хүчин зүйлд хэт мэдрэг хариу урвал
- Стрессийн тэнхлэг (HPA axis) идэвхжих
- Орчны нөлөө давамгайлна
Авах арга хэмжээ:
Эмчилгээний үндэс нь тухайн хүнд үүссэн стрессийг ойлгож, даван туулах чадварыг сайжруулахад чиглэдэг. Үүнд сэтгэл заслын эмчилгээ, гэр бүл болон ойр дотнын хүмүүсийн дэмжлэг, тогтмол амьдралын хэмнэл, хангалттай нойр, биеийн идэвхтэй хөдөлгөөн, шаардлагатай тохиолдолд эмийн эмчилгээ багтана.
Дасан зохицох эмгэг нь хүний зан чанарын сул тал биш бөгөөд амьдралын хүнд нөхцөл байдалд үзүүлж буй эмнэлзүйн хариу урвал юм. Эрт үед нь таньж, шалтгааны арилгах, эмч, сэтгэл зүйчийн тусламж авах, эм хэрэглэх зэрэг зохих тусламж үйлчилгээ авснаар ихэнх хүмүүс бүрэн эдгэрч, хэвийн амьдралдаа эргэн орох боломжтой байдаг.
5. Гэмтлийн дараах стрессийн эмгэг PTSD (Post-Traumatic Stress Disorder):
Энэ нь амь насанд нь аюул учирсан, хүчирхийлэл, осол, байгалийн гамшиг, дайн, бэлгийн хүчирхийлэлд өртсөн, хүнд өвчнөөр өвчилсөн, ойр дотны хүнээ алдсан зэрэг хүчтэй цочрол, айдас төрүүлсэн үйл явдлын дараа хүнд үүсч болох сэтгэцийн эмгэг юм. Хүн бүр хүнд хэцүү үйл явдлын дараа тодорхой хугацаанд айдас, түгшүүр мэдрэх боловч эдгээр шинж тэмдэг нь удаан хугацаанд үргэлжилж, өдөр тутмын амьдрал, ажил хөдөлмөр, нийгмийн харилцаанд ноцтой нөлөөлж эхлэвэл PTSD өвчин гэж оношлогдоно.
Шинж тэмдэг:
PTSD-ийн үндсэн шинж тэмдэг нь тухайн үйл явдлыг хүсээгүй байхад дахин дахин санах, хар дарж зүүдлэх, тухайн үйл явдлыг дахин туулж байгаа мэт мэдрэмж төрөх (flashback), тухайн үйл явдалтай холбоотой газар, хүн, яриа, нөхцөл байдлаас айдас төрж зайлсхийх, байнгын түгшүүртэй, цочромтгой болох, амархан уурлах, анхаарал төвлөрөхөд хүндрэлтэй болох, нойргүйдэх зэрэг багтдаг. Зарим тохиолдолд сэтгэл гутрал, архи, мансууруулах бодисын хамаарал, амиа хорлох бодол зэрэг бусад асуудал хавсарч илэрч болно.
Авах арга хэмжээ:
PTSD нь сул дорой байдал эсвэл зан чанарын асуудал биш бөгөөд эмчилгээ шаарддаг өвчин юм. Эмчилгээний үндсэн аргуудад сэтгэл заслын эмчилгээ, ялангуяа танин мэдэхүйн зан үйлийн эмчилгээ (Cognitive Behavioral Therapy), гэмтлийн дурсамжид чиглэсэн эмчилгээ, шаардлагатай тохиолдолд сэтгэл гутрал, түгшүүрийг бууруулах эмийн эмчилгээ ордог. Мөн гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон болон мэргэжлийн байгууллагын дэмжлэг нь эдгэрэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Ихэнх хүмүүс зохих эмчилгээ, дэмжлэгийн ачаар шинж тэмдгээ бууруулж, хэвийн амьдралдаа эргэн орох боломжтой байдаг. Иймээс PTSD-ийн шинж тэмдэг нэг сараас дээш хугацаанд үргэлжилж, өдөр тутмын амьдралд саад учруулж байгаа бол сэтгэцийн эмч, сэтгэл зүйч эсвэл мэргэжлийн байгууллагад хандаж зөвлөгөө авах нь зүйтэй.
6.Донтолт /依存症Addiction/
Донтолт нь архи, тамхи, мансууруулах бодис зэрэг бодист донтохоос гадна мөрийтэй тоглоом, интернет, компьютер тоглоом, ухаалаг утас, дэлгүүр хэсэх зэрэг тодорхой зан үйлд хэт автаж, өөрийгөө хянах чадвараа алдан, өдөр тутмын амьдрал, ажил хөдөлмөр, гэр бүл, нийгмийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлэх эмгэгийг хэлнэ.
Япон хэлэнд донтолтын төрлүүдийг дараах байдлаар нэрлэдэг.
Анагаах ухааны үүднээс донтолт (依存症, Addiction) нь хүний тархины урамшууллын тогтолцоонд өөрчлөлт үүсч, тухайн бодис эсвэл зан үйлээ зогсоохыг хүссэн ч хянах боломжгүй болох, улмаар бие махбод, сэтгэл зүй, нийгмийн амьдралд сөрөг үр дагавар учруулдаг архаг эмгэг юм. Донтолт буюу хамаарал нь тодорхой зүйл, зан үйлд хэт татагдан, түүнийг хянах чадвараа алдахыг хэлдэг. Донтолт нь зөвхөн хүний хүсэл зориг сул байгаагийн илрэл биш бөгөөд тархины урамшууллын тогтолцооны өөрчлөлттэй холбоотой архаг явцтай эмгэг гэж үзэгддэг. Иймээс тухайн хүн өөртөө болон бусдад хор хөнөөлтэйг мэдэж байсан ч тухайн зан үйлээ зогсоох, хянах нь хүндрэлтэй байдаг.
- Архины хамаарал / Alcohol Use Disorder, アルコール依存症/ нь хамгийн түгээмэл донтолтын нэг бөгөөд архийг тогтмол, хэтрүүлэн хэрэглэснээр бие махбод, сэтгэлзүй болон нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлдөг. Архины хамааралтай хүмүүс уур уцаартай болох, ажлын бүтээмж буурах, гэр бүлийн харилцаа муудах, элэг, зүрх судасны өвчин болон осол гэмтэлд өртөх эрсдэл нэмэгдэхээс гадна сэтгэл гутрал, амиа хорлох эрсдэл ч өсдөг.
- Тамхины донтолт / Nicotine Dependence, ニコチン依存症/ нь никотины хамаарлаас үүдэлтэй бөгөөд тамхинаас гарах үед цухалдах, түгших, анхаарал төвлөрөхөд хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Удаан хугацааны турш тамхи татах нь уушгины хорт хавдар, зүрх судасны өвчин, тархины цус харвалт зэрэг олон өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.
- Мөрийтэй тоглоомын донтолт / Gambling Disorder, ギャンブル依存症/ нь мөнгө алдах эрсдэлийг үл харгалзан мөрийтэй тоглоом тоглох хүслийг хянах чадвар алдагдсанаар илэрдэг. Үүний улмаас санхүүгийн хүндрэлд орох, өр зээлд баригдах, гэр бүл, нийгмийн харилцаа муудах, сэтгэл гутралд орох зэрэг олон сөрөг үр дагавар үүсдэг. Зарим тохиолдолд амиа хорлох бодол, оролдлого хүртэл гарах эрсдэлтэй байдаг.
- Мансууруулах бодисын донтолт /Drug Addiction薬物依存症/ нь хүний бие махбод, сэтгэл зүйд хүчтэй хамаарал үүсгэж, мансууруулах бодисыг дахин дахин хэрэглэх хүслийг төрүүлдэг архаг эмгэг юм. Энэ нь эрүүл мэнд, гэр бүл, ажил хөдөлмөр, нийгмийн харилцаанд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг. Мансууруулах бодисын донтолтоос урьдчилан сэргийлэхийн тулд эрсдэлийн талаар мэдлэгтэй байх, сэтгэлзүйн болон эмнэлгийн мэргэжлийн тусламжийг цаг тухайд нь авах нь чухал юм.
- Сүүлийн жилүүдэд цахим тоглоом /Gaming Disorder, ゲーム依存症/, интернетийн хэт хэрэглээтэй холбоотой донтолт Internet / Addiction インターネット依存症/ нэмэгдэж байна. Компьютер болон гар утасны тоглоомд хэт автах нь хичээл сурлага, ажил хөдөлмөр, гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлөхөөс гадна нойргүйдэл, нийгмээс тусгаарлагдах, сэтгэл түгших, сэтгэл гутрах зэрэг асуудал үүсгэж болзошгүй. Тоглоомын хэрэглээгээ хязгаарлаж чадахгүй байх, тоглохгүй үедээ тайван бус болох, өдөр тутмын үүрэг хариуцлагаа үл тоомсорлох зэрэг нь донтолтын шинж байж болно.
Авах арга хэмжээ:
Донтолтоос урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл амьдралын хэв маяг төлөвшүүлэх, стрессийг зөв аргаар тайлах, гэр бүл, найз нөхөдтэйгөө нээлттэй харилцах, спортоор хичээллэх, сонирхлын үйл ажиллагаанд оролцох нь чухал ач холбогдолтой. Мөн архи, тамхи, мөрийтэй тоглоом болон цахим хэрэглээний эрсдэлийн талаар мэдлэгтэй байх нь донтолтоос сэргийлэхэд тусалдаг.
Хэрэв хүн өөрийн хэрэглээ, зан үйлээ хянах чадваргүй болж, өдөр тутмын амьдрал нь доголдож эхэлсэн бол мэргэжлийн тусламж авах шаардлагатай. Сэтгэл зүйч, сэтгэцийн эмч, донтолтын эмчилгээний мэргэжилтнүүдийн зөвлөгөө, сэтгэл заслын эмчилгээ, шаардлагатай тохиолдолд эмийн эмчилгээ нь эдгэрэлд чухал үүрэгтэй. Түүнчлэн гэр бүл, ойр дотнын хүмүүсийн ойлголт, дэмжлэг нь донтолтоос гарах үйл явцад ихээхэн нөлөө үзүүлдэг.
Донтолт нь хүний зан чанарын сул тал бус, харин эмчилгээ, дэмжлэг шаарддаг эрүүл мэндийн асуудал юм. Эрт үед нь таньж, зохих тусламж үйлчилгээ авснаар донтолтоос ангижирч, эрүүл, тогтвортой амьдралд эргэн орох боломжтой байдаг.
7. Бусад зарим эмгэг, шинж тэмдэг:
Сэтгэл түгшүүр (Anxiety): ажил, хууль эрх зүйн байдалд хэт санаа зовох, зүрх дэлсэх, амьсгаа давчдах, тайван бус байх
Соёлын шок (Culture shock)-онд орох: Японы нийгэмд дасан зохицохгүй ганцаардах, уур бухимдал төрөх, “Нутаг буцмаар” байнгын мэдрэмж төрөх
Ганцаардал (Loneliness) : Гэр бүл, найз нөхдөө санах, хүмүүстэй харилцахаас зайлсхийх
Сэтгэлзүйн хямралаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
✔ Өдөр тутмын зөв дадалд суралцах
Тогтмол унтаж амрах (7–8 цаг) , Эрүүл хооллох, Дасгал хөдөлгөөн хийх (алхах, гүйх), Сошиал сүлжээний хэрэглээг хязгаарлах
✔ Нийгмийн харилцаанд орох
Монгол найз нөхөдтэйгөө холбоотой байх, Япон найз нөхөдтэй болох, Олон нийтийн арга хэмжээнд оролцох
✔ Бусдаас сэтгэлзүйн дэмжлэг авах
Өөрт төрж буй мэдрэмжээ бусадтай хуваалцаж, нуухгүй сэтгэлээ илчилж ярилцах, өдрийн тэмдэглэл хөтлөх, амрах, амьсгалын дасгал, бясалгал зэрэг стресс тайлах арга хэрэглэх
Хямрал нэгэнт үүссэн үед авах арга хэмжээ:
✔ Хөнгөн үед: Түр амрах, орчноо өөрчлөх, Итгэлтэй хүнтэйгээ ярилцах, Ажлын ачааллаа багасгах
✔ Дунд зэргийн үед: Сэтгэл зүйч, эмчид хандах, Сургуулийн зөвлөх үйлчилгээ ашиглах (оюутнууд), Эмнэлгийн байгууллагад үзүүлэх
✔ Хүнд үед (яаралтай): Ганцаараа байхгүй байх, Яаралтай тусламж дуудах (Японд: 119), найз нөхөд, гэр бүл, элчин сайдын яамтай холбогдох
✔ Япон дахь мэргэшсэн байгууллагаас дэмжлэг авах:
- Олон хэл дээр сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ байдаг
- Хот, дүүргийн захиргаанд үнэгүй зөвлөгөө авах боломжтой
- Сургуулиуд (их, дээд сургууль) counseling үйлчилгээтэй
- Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээлэл авч болно