МӨРДӨН МӨШГӨЛТ БУЮУ СТАЛКИНГИЙН ТУХАЙ

2026-06-27


Сталкинг гэдэг нь “Нэг хүнийг давтан дагах, ажиглах, холбоо барих, дарамтлах зэрэг үйлдлийг түүний хүсэл зоригийн эсрэг хийж, айдас төрүүлэх” үйлдлийг хэлнэ.
Хууль эрх зүйн зохицуулалт
Япон Улсын “Мөрдөн мөшгөх /Сталкинг/ үйлдлийн эсрэг хууль” / ストーカー行為等の規制等に関する法律 Anti-Stalking Act) нь хүнийг байнга мөрдөх, хүсээгүй үед олон дахин холбоо барих, айдас түгшүүр төрүүлэх, амьдралын хэвийн байдлыг алдагдуулах зэрэг мөрдөн мөшгөх үйлдлээс хамгаалах зорилго бүхий хууль юм. Энэхүү хууль нь 2000 онд батлагдсан бөгөөд хүний амь нас, аюулгүй байдал, хувийн тайван амьдрах эрхийг хамгаалах зорилготой.
https://laws.e-gov.go.jp/
Хуулиар мөрдөх, дагах, гэр, ажил, сургууль орчимд хүлээх, утас, мессеж, цахим шуудан, сошиал сүлжээгээр олон дахин хүсээгүй холбоо барих, айлган сүрдүүлэх, нэр хүндэд халдах зэрэг үйлдлийг “мөрдөн мөшгөх үйлдэл” гэж үздэг. Хууль зөрчсөн тохиолдолд Цагдаагийн байгууллагаас эхлээд анхааруулга өгөх, үйлдлээ зогсоох тушаал гаргах бөгөөд зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Мөн сүүлийн нэмэлт өөрчлөлтөөр интернет, сошиал сүлжээ ашигласан мөрдөн мөшгөх үйлдлийг ч хуулийн хүрээнд хамруулан авч үзэх болсон. 
Ял шийтгэл: 
Япон улсын “Сталкинг үйлдлийн эсрэг хууль”-ийг зөрчсөн тохиолдолд мөрдөн мөшгөх үйлдлийн шинж чанар, давтамж, цагдаагийн өгсөн анхааруулга эсвэл захирамжийг үл тоомсорлосон эсэхээс хамаарч эрүүгийн хариуцлага ногдуулдаг. Үүнд: 
■ Цагдаагийн байгууллага анхааруулга өгсний дараа ч иөрдөн мөшгөх үйлдлээ үргэлжлүүлсэн, эсвэл Нийтийн аюулгүй байдлын комиссын гаргасан үйл ажиллагааг зогсоох захирамжийг зөрчсөн тохиолдолд 2 жил хүртэл хорих ял эсвэл 2 сая иен хүртэл торгууль ногдуулна. 
•    Мөн хүнийг олон удаа мөрдөх, заналхийлэх, байнга холбоо барих зэрэг үйлдэл нь нөхцөл байдлаас хамаарч зөвхөн “Мөрдөн мөшгөхийн эсрэг хууль” төдийгүй Эрүүгийн хуулийн бусад заалттай хамт хэрэглэгдэнэ. Заналхийлсэн бол — заналхийллийн гэмт хэрэг; Хүч хэрэглэсэн бол — хүч хэрэглэсэн гэмт хэрэг; Гэмтэл учруулсан бол — бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг; Орон байранд хууль бусаар нэвтэрсэн бол — хууль бус нэвтрэх гэмт хэрэгт тооцогдоно. Ийм тохиолдолд шийтгэл илүү хүндэрч болно.

Гэмт хэргийн тоо баримт: 
Япон Улсын Хууль зүйн яамнаас эрхлэн гаргадаг “Гэмт хэргийн цагаан ном”-д  “PART 4 Specific Types of Offenses/Offenders Chapter 6 ChildAbuse, Spousal Violence, and Stalking-related Crimes” бүлэгт мөрдөн мөшгөх гэмт хэргийн тухай, холбогдох статистик мэдээ оржээ.  2024 онд ийм 1743 хэрэг бүртгэгдсэн байна.

Ямар үйлдэл мөрдөн мөшгөлтөд тооцогдох вэ гэвэл:  
•    Дагах, мөрдөх, ойролцоо эргэлдэх 
•    Гэр, ажил, сургууль дээр хүлээх 
•    Давтамжтай залгах, мессеж бичих 
•    SNS-ээр дарамтлах 
•    Хүсээгүй бэлэг илгээх 
•    Хов жив тараах, нэр төрд халдах 
•    Байршил, хөдөлгөөнийг хянах 
Дээрх үйлдлүүд нэг удаа биш, давтагдаж байвал гэмт хэрэг болно. Мөрдөн мөшгөх /сталкинг/ үйлдэл нь зөвхөн хуучин эхнэр, нөхөр эсвэл үерхэж байсан хосын  хооронд үүсэх төдийгүй “нэг талын дурлал”, “татгалзсан харилцаа”, “фанатик хөгжөөн дэмжигч”, “цахим орчин дахь мөрдөн мөшгөлт“ зэрэгт ч хамаардаг. Аюултай шинж тэмдэг гэвэл:
•    “Хариу өгөхгүй бол уурлах” 
•    “Чи минийх” гэх мэт өмчлөх хандлага гаргах 
•    Салсны дараа ч холбоо барихаа болихгүй байх 
•    Гэнэт хаа сайгүй гарч ирэх, дайралдах 
Авах арга хэмжээ: 
■ Мөрдөн мөшгөлтийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд хаяг, утас, SNS зэрэг хувийн мэдээллээ сайтар хамгаалж, байршлаа (location) олон нийттэй хуваалцахгүй байх, 
■ Танихгүй хүмүүст хувийн мэдээлэл өгөхөөс зайлсхийх, 
■ “Үгүй” гэдгээ тодорхой илэрхийлэх, 
■ Асуудлыг өөрөө уулзаж “ярилцаж ойлголцох”, уурлаж эрс тэс хариу өгөх зэргээр шийдэх гэж оролдох нь нөхцөл байдлыг улам хурцатгаж болзошгүй тул зайлсхийх. 
■ Хэрэв аюул мэдрэгдвэл цагдаа (110) эсвэл түргэн тусламж (119)-д шууд хандах хэрэгтэй. Мөн яаралтай бус бол Японы Цагдаагийн зөвлөгөө өгөх утас (#9110) болон “Хүчирхийллийн үед зөвлөгөө өгөх утас” /DV相談ナビ/  (#8008)-д хандаж зөвлөгөө авах, тусламж хүсэх боломжтой. 
■ Япон Улсад цагдаад мэдэгдсэний дараа хүчирхийлэл үйлдэгчид эхлээд зохих анхааруулга өгч, хэрэв уг үйлдэл давтагдаад байвал ойртох болон холбоо барихыг нь хориглох арга хэмжээ авдаг бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд баривчлах, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. 
■ Гадаад иргэдийн хувьд хэлний бэрхшээлээс болж тэвчих хэрэггүй бөгөөд визээс айж мэдээлэхгүй байх нь илүү эрсдэлд учруулах тул хохирогч хуулийн тусламж авах хэрэгтэй.
Мэдвэл зохих утас, хаяг: 
Дуудлагын утас:
•    Цагдаа дуудах:                   110 
•    Түргэн тусламж дуудах:     119 
Тусламж авах
•    Японы Цагдаагийн зөвлөгөө өгөх утас  (яаралтай биш үед)    #9110 
•    Хүчирхийллийн эсрэг зөвлөгөө өгөх утас /DV相談ナビ/     #8008 
Энэ утсаар сталкинг хэргийн үед ч зөвлөгөө өгдөг.  
Дүгнэлт: Мөрдөн мөшгөлт нь “Зүгээр нэг дурлалын асуудал” биш “Айдас, дарамт үүсгэдэг гэмт хэрэг”  юм. Япон Улсад амьдран суугаа Монгол залуучуудын дунд хайр сэтгэлээс үүдэн биенийгээ мөрдөн мөшгөх хэрэг гарах нь нэлээдгүй олон тохиолдож байна. Энэхүү хэргийн шинж тэмдэг илэрсэн үед хохирогчийн зүгээс аль болох эртхэн зохих арга хэмжээг авах нь чухал юм.