ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ

2026-06-27


Хүүхдийн хүчирхийлэл бол “Хүмүүжилтэй холбоотой соёлын ялгааны  асуудал” бус “Хууль зөрчсөн ноцтой асуудал”  гэдгийг хүн бүр мэдвэл зохино. Хамгийн чухал нь “Эрт илрүүлэх”, “Тусламж авах”, “Хүүхдийг хамгаалах” асуудал юм. 
Хүүхдийн хүчирхийлэл гэдэг нь 18 хүртэлх насны хүүхдэд бие махбодын, сэтгэлзүйн, бэлгийн болон хайхрамжгүй хандах хэлбэрээр бусдаас хор хөнөөл учруулах үйлдлийг хэлдэг. 
Төрөл зүйл:  Хүүхдийн хүчирхийлэл гэдэгт доорх төрөл зүйл бий. Үүнд. 
Бие махбодын
•    Зодох, түлхэх, түлэх 
•    Хэт хатуу шийтгэх 
Сэтгэлзүйн
•    Доромжлох, айлгах 
•    “Чи хэрэггүй” гэх мэт үг хэллэг 
•    Эцэг эхийн маргаан, хүчирхийллийг харуулах 
Бэлгийн
•    Хүүхдийг бэлгийн үйлдэлд татан оролцуулах 
•    Зураг, бичлэг авах 
Хайхрамжгүй байдал (Neglect)
•    Хоол, хувцас, эмчилгээ өгөхгүй байх 
•    Ганцааранг нь удаан орхих 
Ийм хүчирхийллийн үед хүүхэд байнгын айдаст авиаж, дуугаа хураах, биед нь хөхөрсөн, гэмтсэн ул мөр байнга илрэх, сургууль цэцэрлэгт явах дургүй болох, хоол тэжээлийн дутагдалд орох, насандаа тохироогүй зан авир гаргах зэрэг аюултай шинж тэмдэг илэрдэг. Ийм тохиолдолд онцгой анхаарал хандуулж холбогдох арга хэмжээг авах шаардлагатай. 
Тоо баримт: 
Япон Улсын Хууль зүйн яамнаас эрхлэн гаргадаг “Гэмт хэргийн цагаан ном”-д  “PART 4 Specific Types of Offenses/Offenders Chapter 6 ChildAbuse, Spousal Violence, and Stalking-related Crimes” бүлгээс хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргийн тухай, холбогдох статистик мэдээг олж харж болно.  2024 онд ийм 2649 хэрэг бүртгэгдсэн байна.

Хууль эрх зүйн зохицуулалт
“Хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тухай хууль”:
Япон Улсад хүүхдийг хүчирхийллээс хамгаалах гол хууль нь “Хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тухай хууль” / Японоор「児童虐待の防止等に関する法律」юм. Энэ хууль нь 2000 онд батлагдсан бөгөөд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хохирогч болсон хүүхдийг хамгаалах, цаашдын амьдралд нь дэмжлэг үзүүлэх зорилготой байдаг.
https://www.japaneselawtranslation.go.jp/
Энэ хуульд 18 нас хүрээгүй хүнийг хүүхэд гэж үзэж эцэг эх, асран хамгаалагч болон хүүхдийг бодитоор асарч байгаа хүний зүгээс үйлдсэн хүчирхийллийг “хүүхдийн хүчирхийлэл” гэж тодорхойлсон. Хуулиар “Бие махбодын хүчирхийлэл” гэж зодох, цохих, түлэх, өшиглөх, гэмтэл учруулах болон гэмтэл учруулах эрсдэлтэй үйлдлийг , “Бэлгийн хүчирхийлэл” гэж хүүхдэд бэлгийн шинжтэй үйлдэл хийх, эсвэл хүүхдээр бэлгийн шинжтэй үйлдэл хийлгэхийг, “Асран хамгаалах үүргээс татгалзах (Neglect)” гэж хүүхдийг хоол ундгүй орхих, шаардлагатай эмчилгээ хийлгэхгүй байх, удаан хугацаанд хараа хяналтгүй орхих, амьдрах нөхцлөөр нь хангахгүй байхыг, “Сэтгэл зүйн хүчирхийлэл” гэж хүүхдийг байнга доромжлох, айлган сүрдүүлэх, үл тоомсорлох, мөн хүүхдэд гэртээ эцэг эхийн хоорондын хүчирхийллийг харах нөхцөл бүрдэхийг хэлнэ гэж тодорхойлж, 4 ангилсан. 
Хүүхэд өөрөө зодуулаагүй байсан ч гэр бүлийн хүчирхийллийг байнга харах нь хүчирхийлэлд өртсөнтэй адилд тооцогддог. 2020 онд хийгдсэн нэмэлт өөрчлөлтөөр “хүмүүжүүлэх” нэрээр хүүхдэд биеийн шийтгэл (体罰) оногдуулахыг хориглосон. Иймээс “сахилгагүй байсан учраас алгадсан”, “хүмүүжүүлэх зорилгоор цохисон” гэж үйлдлээ зөвтгөх боломжгүй болсон. 
Хэрэв хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэх сэжиг байвал иргэн бүр мэдээлэх үүрэгтэй бөгөөд Японы Хүүхдийн зөвлөгөө, хамгааллын төв /児童相談所/–ийн 189 (“Ичи-хаякү”) дугаар руу холбож мэдээлдэг. Мэдээлэгчийн нэрийг нууцлах бөгөөд заавал баттай нотолгоотой байх шаардлагагүй, зөвхөн сэжиг төрсөн тохиолдолд ч мэдээлэх боломжтой юм.
Хүүхдийн халамжийн тухай хууль: 
Хүүхдийн халамжийн тухай хууль / японоор 児童福祉法Жидо фүкүши-хо,  англиар Child Abuse Prevention and Treatment Act/ нь Япон улсын хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл өсөлт хөгжил, нийгмийн халамжтай холбоотой гол хууль юм. Энэхүү хууль нь 1947 онд батлагдсан бөгөөд хүүхдийн халамжийг зөвхөн гэр бүлийн асуудал биш, харин төр болон нийгмийн хамтын хариуцлага гэж үздэг.
https://www.japaneselawtranslation.go.jp/
Энэ хууль нь хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, амьдралын наад захын баталгаатай байж, бие бялдар болон сэтгэл зүйн хувьд эрүүл хөгжих эрхтэй гэж заасан байдаг. Мөн хүүхдийн санал бодлыг хүндэтгэж, хүүхдийн хамгийн сайн ашиг сонирхлыг нэн тэргүүнд авч үзэх зарчим үйлчилдэг. Хуулийн үндсэн агуулгад дараах зүйлс ордог:
■ хүүхдийн халамж, хамгааллын тогтолцоог зохион байгуулах;
■ хүүхэд хамгааллын байгууллагуудын эрх, үүргийг тодорхойлох;
■ хүүхдийн хүчирхийллээс хамгаалах арга хэмжээ;
■ асрамж, хамгаалал шаардлагатай хүүхдэд дэмжлэг үзүүлэх;
■ үрчлэлт, асрамжийн үйлчилгээ, түр хамгааллын асуудал;
■ хүүхэд хүмүүжүүлэхэд гэр бүлд дэмжлэг үзүүлэх;
■ хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээтэй хүүхдийн дэмжлэг.
Энэ хуулийн хүрээнд асран хамгаалах болон үрчлэлтийн тогтолцоог бүрдүүлж, дараах байгууллагууд бий болсон. Үүнд: 
■ Хүүхдийн зөвлөгөө, хамгааллын төв /児童相談所/
■ Хүүхдийн асрамжийн газар 
■ Түр хамгаалах байр
■ Хүүхэд, гэр бүлийг дэмжих төвүүд
Мөн хүүхдийн амь нас, аюулгүй байдал эрсдэлтэй гэж үзвэл хүүхдийг гэр бүлээс нь түр хугацаагаар хамгаалалтад авах, хамгаалах байр руу шилжүүлэх, эсвэл холбогдох байгууллагатай хамтран ажиллах эрхийг хуулиар олгосон. Сүүлийн жилүүдэд хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн зөвлөгөө өгөх төвүүдийн эрх мэдэл, үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр нэмэлт өөрчлөлтүүд хийгдсэн.

Ял шийтгэл: 
“Хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тухай хууль” болон “Хүүхдийн халамжийн тухай хууль” нь хүүхдийг хамгаалах тогтолцоо, байгууллагын үүрэг, хамгаалах арга хэмжээг зохицуулах хууль бөгөөд хүчирхийллийн ял шийтгэлийг дангаараа нарийвчлан тогтоодоггүй, хүүхдийн эсрэг үйлдсэн бодит хүчирхийлэлд ихэвчлэн Японы Эрүүгийн хууль болон бусад тусгай хуулиудтай хавсарч ял шийтгэл оногдуулдаг. Жишээлбэл 
■ Хүүхдийг зодож гэмтэл учруулсан бол “гэмтэл учруулах гэмт хэрэг” (傷害罪) гэж үзэж 15 жил хүртэлх хорих ял эсвэл 500 мянган иен хүртэлх торгууль ногдуулна. 
■ Гэмтэл учраагүй боловч хүч хэрэглэсэн бол “хүч хэрэглэсэн гэмт хэрэг” (暴行罪) гэж үзэж 2 жил хүртэлх хорих ял, 300 мянган иен хүртэлх торгууль эсвэл зөрчлийн шийтгэл ногдуулна.
■ Хүүхдийн эсрэг бэлгийн шинжтэй үйлдэл хийсэн тохиолдолд бэлгийн гэмт хэрэгтэй холбоотой заалтууд хэрэглэгдэж, илүү хүнд ял ногдуулна.
■ Хүүхдийг орхих, хоол хүнсээр хангахгүй байх, амь насанд аюултай нөхцөлд орхих зэрэг нь хүүхдийн халамжийн тухай хуулийн заалт болон Эрүүгийн хуулийн холбогдох зүйлээр шийтгэл хүлээнэ. 
“Хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-д хүүхэд хамгааллын байгууллагын ажиллагаанд саад учруулбал хариуцлага тооцох тухай заалт орсон. Жишээлбэл, шүүхийн зөвшөөрөлтэй шалгалт хийх, хүүхэд хамгааллын ажиллагаа явуулахад санаатайгаар саад учруулах, хууль ёсны ажиллагааг саатуулах зэрэг үйлдэлд эрүүгийн хариуцлага тооцож болно гэж заасан. 
Мөн хүүхдийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл байгаа гэж үзвэл:
■ хүүхдийг гэр бүлээс түр хугацаагаар тусгаарлах;
■ эцэг эхийн асран хамгаалах эрхийг хязгаарлах;
■ онцгой нөхцөлд эцэг эхийн эрхийг шүүхээр түдгэлзүүлэх эсвэл хүчингүй болгох
зэрэг арга хэмжээ авахаар заасан. Эдгээр нь шууд эрүүгийн ял биш боловч хууль зүйн ноцтой үр дагаварт тооцогддог.
Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг авах арга хэмжээ: 
■ Хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхэдтэй тайван, ойлголцсон байдлаар харилцах, бие махбодын шийтгэл хэрэглэхээс зайлсхийх, өөрийн стрессийг зөв аргаар зохицуулах, шаардлагатай үед тусламж хүсэхээс бүү санаа зовох нь чухал. 
■ Харин хүүхдийг “хүмүүжүүлж байна” гэсэн нэрийн дор зодох, уурлаж шийтгэх, ганцааранг нь удаан орхих, айлган сүрдүүлэх зэрэг үйлдлүүд нь хүүхдийн эрхийг зөрчсөн төдийгүй гэмт хэрэгт тооцогдох эрсдэлтэй. 
■ Япон улсад хүүхдэд бие махбодын шийтгэл хэрэглэхийг хуулиар хориглосон бөгөөд хүчирхийлэл илэрсэн тохиолдолд хүүхдийг хамгаалалтад авах, эцэг эхээс түр тусгаарлах зэрэг арга хэмжээ авдаг бөгөөд ноцтой тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. 

Гадаад иргэдийн анхаарах зүйл
    Япон Улсад оршин суугаа болон зорчиж буй иргэд Япон Улсын хуульд захирагдана. Иймд өөрийн нутагтаа байсан бол төдийлөн сүртэй зүйл гэж үзэгдэхгүй боловч Японд бол “хүүхдийн хүчирхийлэл” үйлдсэн хэмээн баривчлагдан саатуулагдах, хүүхдээс нь тусгаарлах арга хэмжээ авагдах магадлалтай гэдгийг санаж доорх зүйлд анхаарах хэрэгтэй. Үүнд: 
•    “Соёлын ялгаа” гэж өөрийгөө зөвтгөх хэрэггүй. 
•    Хөрш, сургууль, эмнэлэг, иргэд таны үйлдлийг харж, мэдээлэх магадлалтай. 
•    Японд хүүхдийн эрхийг хууль нэн тэргүүнд хамгаалдаг.  
•   Хүүхдийн эрх зөрчсөн тохиолдолд хуулийн асуудлаас гадна виз сунгагдахгүй байх зэрэг цагаачлалын асуудал үүсэх эрсдэлтэй 
Мэдвэл зохих утас, хаяг: 
Дуудлагын утас:
•    Цагдаа дуудах:                   110 
•    Түргэн тусламж дуудах:     119 
Тусламж авах
•    Хүүхдийн зөвлөгөө өгөх төв /児童相談所/    189 (– 24 цаг ажиллана) 
•    Японы Цагдаагийн газрын зөвлөгөө өгөх утас  #9110 (яаралтай биш үед) 
Хүүхдийн зөвлөгөө өгөх төв /児童相談所/:
Япон Улсын Гэр бүл, хүүхдийн агентлагийн харьяанд ажилладаг Хүүхдийн зөвлөгөө, хамгааллын төв (児童相談所, Jidō Sōdansho) нь 18 хүртэлх насны хүүхдийн аюулгүй байдал, эрүүл өсөлт хөгжил, хамгаалалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий төрийн гол байгууллага юм. 
https://www.cfa.go.jp/
Тус байгууллага нь зөвхөн хүчирхийллийн асуудал төдийгүй хүүхдийн хүмүүжил, зан төлөв, сэтгэл зүй, хөгжлийн асуудал, гэр бүлийн хүндрэл зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хариуцан ажилладаг. Тус байгууллага нь дараах үндсэн үйл ажиллагааг явуулдаг. Үүнд:
•    Хүүхдийн хүчирхийллийн талаарх мэдээлэл хүлээн авах 
•    Хүүхэд болон гэр бүлд зөвлөгөө өгөх 
•    Хүүхдийн сэтгэл зүй, хөгжлийн үнэлгээ хийх 
•    Эцэг эх, асран хамгаалагчид хүмүүжлийн зөвлөгөө өгөх 
•    Шаардлагатай тохиолдолд хүүхдийг түр хамгаалалтад авах 
•    Эмнэлэг, сургууль, цагдаа, нийгмийн халамжийн байгууллагатай хамтран ажиллах 
•    Хүүхдийг асрамжийн газар, хамгаалах байгууллагад шилжүүлэх 
Зөвлөгөө өгөх дараалал: 
①    Холбоо барих
Иргэн өөрөө, гэр бүлийн хүн, сургууль, хөрш эсвэл бусад иргэн утсаар, биечлэн эсвэл аль нэг байгууллагаар дамжуулан холбогдож болно. Япон даяар хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой яаралтай мэдээллийн тусгай дугаар 189 байдаг. Энэ дугаар руу залгахад хамгийн ойр байгаа хүүхдийн зөвлөгөө, хамгааллын төвтэй шууд автоматаар холбогддог.
②    Анхан шатны ярилцлага
Ажилтан нөхцөл байдлын талаар асууж ярилцлага хийнэ. Үүнд: 
•    Гарсан асуудал 
•    Хүүхдийн нас  
•    Аюултай нөхцөлд байгаа эсэх 
•    Хүчирхийлэл болсон эсэх 
Энэ үед мэдээлэгч баттай нотолгоо гаргах албагүй. Сэжиг төдий байсан ч мэдээлэл өгч болпог.
③    Нөхцөл байдалд үнэлгээ өгөх
Мэргэжилтнүүд хүүхдийн аюулгүй байдал болон эрсдэлд үнэлгээ өгнө. Үүний тулд “Хүүхэдтэй шууд уулзах”, “Эцэг эхтэй нь ярилцах”, “Сургууль, цэцэрлэг, эмнэлгээс мэдээлэл авах” зэрэг үйлдэл багтана.  
④    Дэмжлэг үзүүлэх, хамгаалах арга хэмжээ авах
Өгсөн үнэлгээ, дүгнэлтээс хамаарч нөхцөл байдалд тохируулан дараах арга хэмжээг авдаг. Үүнд:
•    Зөвлөгөө өгөх 
•    Гэр бүлийн хүрээнд дэмжлэг үзүүлэх 
•    Сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх 
•    Түр хамгаалах байранд шилжүүлэх 
•    Хүүхдийг түр хугацаагаар хамгаалалтад авах 
⑤    Үргэлжилсэн хяналт, дэмжлэг
Нөхцөл байдал сайжирсан эсэхэд тодорхой хугацаанд хянажлт тавьж, шаардлагатай үед дахин дэмжлэг үзүүлдэг. Японд хүүхдийн хамгааллын асуудалд “хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих” зарчим үйлчилдэг бөгөөд хүүхдийн амь нас, аюулгүй байдал эрсдэлтэй гэж үзвэл эцэг эхийн саналаас үл хамаарч шуурхай хамгаалалтын арга хэмжээ авч болдог.