АВТЫН ОСОЛД ӨРТӨЖ НАС БАРСАН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

2026-06-27


Япон Улсад амьдарч байгаа буюу зорчиж байгаа иргэд нэмэгдэхийн хэрээр авто осолд өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирох, аль эсвэл автомашин, мотоцикль, унадаг дугуй жолоодож яваад ослын буруутан болох тохиолдол нэмэгдэж байна. Гэтэл Япон Улсын хууль тогтоомж, даатгал, нөхөн төлбөрийн тогтолцооний тухай мэдлэггүйгээс болж, олж авч болох байсан нөхөн төлбөрийг олж авч чадахгүй хохирох нь бий.  Япон Улсад монгол иргэн авто тээврийн осолд орж нас барсан тохиолдолд ар гэрийнхнээс авах арга хэмжээний тухай,  Япон Улсын даатгалын компаниас нөхөн төлбөр авах боломжийн тухай, өмгөөлөгч хэрхэн хөлслөх тухай тодруулбал:  
1. Осолтой холбоотой мэдээллийг Цагдаагийн газраас авах
Японы Цагдаагийн газар нь авто ослын хэргийн газарт очиж, мөрдөн байцаалт явуулдаг бөгөөд энэ нь хэргийн нарийн төвөгтэй байдлаас шалтгаалж, хагас жилээс 1 жил хүртэлх хугацаагаар үргэлжлэх нь ч бий.  Цагдаагийн газар цогцсыг хадгалж, шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулж, таниулах ажиллагаа явуулсаны дараа ар гэрийнхэнд нь цогцсыг хүлээлгэн өгдөг. Цагдаагийн газартай ар гэрийнхэн уулзахдаа дараах мэдээллийг асууж тодруулах нь зүйтэй. Үүнд: 
•    Осол болсон огноо /өдөр цаг/, байршил
•    Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолооч буюу осолд хамаарал бүхий хүмүүсийн мэдээлэл (нэр, нас, хаяг)
•    Осол хэрхэн болсон талаар цагдаагийн тайлбар /Баримт шалгалт, судалгааны үр дүн/ 
•    Цагдаагийн дүгнэлт, буруугийн хувь /хэрэв дүгнэлт гарсан бол/
•    Явж буй мөрдөн шалгалтын явц
Мөн хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжлэхэд шаардагдах тул ослын гэрчилгээг (замын ослын гэрчилгээ) тэднээс шаардаж авах хэрэгтэй. Эдгээр баримт, мэдээлэл нь зөвхөн ар гэрийн төлөөлөл нэхэж шаардсан тохиолдолд гаргаж өгдөг мэдээлэл бөгөөд дараагийн шатны хууль эрхзүйн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай байдаг.
Цагдаагийн газраас тухайн орон нутаг, хотод гарсан осол, гэмт хэргийн тухай Цагдаагийн газрын вэб хуусаар мэдээлэх үүрэгтэй байдаг бөгөөд орон нутгийн сонинд осол, гэмт хэргийн буланг заавал ажиллуулдаг байна. 
2. Элчин сайдын яамтайгаа холбогдох
Японд байгаа Монгол Улсын Элчин сайдын яам нь дараах дэмжлэг үзүүлнэ:
•    Цагдаа, эмнэлэг, хотын захиргаатай уулзах, харилцахад туслах
•    Нас барсны гэрчилгээ олгох 
•    Хамаатан садны лавлагааг япон хэлээр гаргаж өгөх
•    Цогцсыг нутаг буцаах эсвэл Японд оршуулах үйл явцыг зохион байгуулахад тусламж дэмжлэг үзүүлэх
3. Ажил, сургуультай нь холбогдох
Тухайн нас барсан иргэн их дээд сургууль эсвэл хэлний сургуульд суралцаж байсан, ажил хөдөлмөр эрхэлж байсан бол:
•    Сургууль болон ажлын газарт нь ослын талаар албан ёсоор мэдээлэх
•    Тухайн иргэнийг байгууллагын зүгээс аль нэг даатгалд хамруулсан эсэхийг асууж, даатгалын хамрах хүрээг нь тодруулах
•    Үлдсэн төлбөр тооцоо, эд зүйлс, байрны асуудлыг шийдэхэд дэмжлэг авах
4. Авто машины даатгалын нөхөн төлбөр авах
Японд бүх автомашин заавал жолоочийн хариуцлагын албан журмын даатгал (Jibaiseki)-д хамрагдсан байдаг. Иргэн ослын улмаас амь насаа алдсан тохиолдолд дараах нөхөн төлбөр олгож болдог. Үүнд:
•    Оршуулгын зардал
•    Амь нас алдсантай холбоотой сэтгэл санааны хохирол (慰謝料)
•    Ирээдүйд олох байсан орлогын алдагдал (逸失利益)
Хэрэв хохироосон тал автомашины сайн дурын даатгалд хамрагдсан бол ар гэрийнхэн илүү өндөр хэмжээний нөхөн төлбөр гаргуулан авах боломжтой.
Хохирлын нөхөн төлбөр нэхэмжлэх хугацаа (時効)
Япон Улсын иргэний хуульд зааснаар ослын өдрөөс хойш 3 жилийн дотор нөхөн төлбөрийг нэхэмжлэх ёстой. Гэвч цагдаа, эмнэлгийн материал цаг хугацаа өнгөрөх тусам эргүүлэн олж авахад хүндрэл учирдаг тул 1 жилийн дотор тухайн ажиллагааг явуулах нь зүйтэй. 
Хохирлын төрөл (тооцох үндэслэл):
•    Оршуулгын зардал (葬儀費用), цогцос тээвэрлэх зардал
•    Сэтгэл санааны хохирол (慰謝料)
•    Ирээдүйд олох байсан орлого (逸失利益)
•    Эмнэлэг, баримт цуглуулах зардал
•    Бусад бодит зардал (баримтаар нотлогдох)
Анхаарах зүйлс:
•    Албан ёсны төлөөлөгч итгэмжлэлгүй бол хэлэлцээр хийх боломжгүй
•    Баримт цугларч байж нөхөн төлбөрийн хэмжээг бүрэн тодорхойлно
•    Ялангуяа нөхөн төлбөрийн гол хэсгийг бүрдүүлдэг ирээдүйд олж болох байсан орлогыг тогтоох бичиг баримт (ажлын гэрээ, банкны хуулга) гаргуулж авах нь чухал байдаг.
•    Хэл, хууль эрхзүйн хүндрэл гадгийг харгалзан япон өмгөөлөгч хөлслөх нь илүү амар хялбар байдаг. / 6 дугаар зүйлийг харах./
Нөхөн төлбөрийн зарчим: 
Япон Улсад ослын хохирлыг тооцохдоо:
Нийт хохирол × (1 − Хохирогчийн өөрийн буруутай хувь) 
гэсэн томьёогоор тооцдог бөгөөд хохирогчийн буруугийн хувь өндөр байх тусам,нөхөн төлөх үнийн дүн багасна. Жишээ нь нийт хохирол 40 сая иен гэсэн тооцоо гарсан тохиолдолд хохирогчийн буруугийн хувь 80% байвал 8 сая иен, 100 хувь байвал 0 иен болно. Гэхдээ хариуцлагын даатгалын гэрээний нөхцлөөс шалтгаалж, 30 сая иен хүртэлх нөхөн төлбөр хийгдэх боломж нээлттэй хэвээр байдаг. Нөхөн төлбөр нь хамгийн багадаа 2 сая иен, дээд тал нь 20-30 сая иен байх боломжтой юм.  
5. Оршуулгын тухай
Ар гэр дараах 2 сонголтоос нэгийг нь хийх болдог. Үүнд:
1.    Японд чандарлах /Оршуулгын компанитай гэрээлж чандарлах зан үйлийг хийх бөгөөд ойролцоогоор 200-250 мянган иен болдог / → Чандрыг авч эх орондоо буцаж, Монголд оршуулах ёслолыг хийнэ.
2.    Цогцсыг Монгол руу тээвэрлэх (МИАТ зэрэг компанитай ярьж, тэдэнтэй гэрээ байгуулсан чандарын тээвэр зуучийн эрх бүхий цөөн компаниас сонгож гэрээ хийн тээвэрлүүлдэг. Зардал харьцангуй өндөр, 1.2-1.5 сая иен болдог)
Автомашины сайн дурын даатгал болон жолоочийн хариуцлагын даатгалын хүрээнд оршуулгын зардлыг бүрэн буюу хэсэгчлэн нөхөн төлүүлэх боломжтой.
6. Өмгөөлөгч авах тухай
Гадаадын иргэн зам тээврийн ноцтой ослын улмаас амь насаа алдах нь хууль эрх зүйн талаас авч үзэхэд төвөгшил ихтэй, орчуулагч шаардлагатай болох зэрэг ажиллагаа ихтэй байдаг. Иймд сайн орчуулагч болон зам тээврийн ослоор мэргэшсэн  өмгөөлөгч олж авах нь зүйтэй. Өмгөөлөгч нь ар гэрийнхэнд зөвлөлгөө өгөх, материал цуглуулах, хэлэлцээр хийх ажлыг бүхэлд нь хариуцаж хийнэ. Үүнд:
•    Даатгалын компаниудтай хэлэлцээр хийнэ. 
•    Нөхөн төлбөрийг ар гэрийнхэнд ашигтайгаар тооцоолно. 
•    Бүх бичиг баримтыг бүрдүүлэхэд туслана.
•    Ар гэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /япон хэлтэй бол сайн/ болон өмгөөлөгч нар хамтран ажиллах нь үр дүнтэй байдаг. 
•    Мэргэшсэн хурдан үйл ажиллагаа явуулах тусам хохирлын хэмжээг зөв гаргаж, материал бүрдүүлэхэд цаг алдахаас сэргийлнэ.
Гадаадын иргэн өмгөөлөгч авах бол “法テラス(Хо Тэрас)” буюу Япон Улсын хууль эрх зүйн туслалцааны төвд хандах нь зүгээр байдаг. Учир нь уг байгууллага нь орлого багатай  иргэд болон гадаадын иргэдэд үнэгүй зөвлөгөө өгч, хөнгөлөлттэй үнээр өмгөөлөгч олж өгдөг. Хөдөө орон нутагт байдаг бол тухайн орон нутгийн өмгөөлөгчийн холбооны гишүүн, автомашины ослоор мэргэшсэн өмгөөлөгчийг хайх хэрэгтэй. 
https://www.houterasu.or.jp/
https://www.houterasu.or.jp/chihoujimusho/index.html
https://www.houterasu.or.jp/site/english/multilingualinformationservice.html
“Хо Тэррас” нь олон хэл дээр гадаадын иргэдэд зориулсан мэдээллийн үйлчилгээ явуулдаг. 
Утсаар зөвлөлгөө авах бол: 
Утас: 0570-078377, 0570-078374 /IP утаснаас дуудлага хийх үе/
Уулзаж зөвлөлгөө авах бол захиалга өгөх утас: 03-6745-5600 
Мөн өмгөөлөгч олох интернэт сайтууд гэж байдаг. Тэндээс түлхүүр үгээр хүссэн мэдээлэл олж авч, таалагдах өмгөөлөгчөө олж болно.
https://www.bengo4.com/
 Өмгөөлөгч нь авто ослын үед эхний удаа үнэ төлбөргүй зөвлөлгөө өгдөг бөгөөд улмаар гэрээний гол нөхцөл нь олж авсан нөхөн төлбөрийн 10-20 хувьтай тэнцэх урамшуулал байх нь элбэг байдаг.  
7. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухай
Талийгаачийн цогцсыг эх оронд нь авч буцсан, ар гэрээс нь хэн нэгэн хүн Япон Улсад оршин суугаа биш бол хохирлын төлбөр (損害賠償) нэхэмжлэх ажиллагааг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хийх боломжтой. Жишээлбэл, Японд оршин суугаа хамаатны хүндээ итгэмжлэл  (委任状) гарган өгснөөр үлдсэн бүх ажлыг ар гэрийг төлөөлөн хийх боломжтой. Үүний тулд доорх бичиг баримтыг бүрдүүлдэг. Үүнд: 
① Итгэмжлэл (委任状)
Ар гэрийн эрх бүхий хүн дараах утгатай итгэмжлэл үйлдэнэ. 
•    Даатгалын компанитай харилцах, баримт бүрдүүлэх, гэрээ байгуулах зэргээр осолтой холбоотой бүх төрлийн нэхэмжлэл, шаардлага, хохирлын нөхөн төлбөр нэхэмжлэх ажиллагааг төлөөлөн хийх тухай итгэмжлэлийг япон аль эсвэл англи хэл дээр хийсэн байна. Итгэмжлэлд гарын үсэг болон паспортын хуулбар хавсаргана.
② Хамаатан садны лавлагаа 
•    Итгэмжлэл олгогч нь талийгаачтай 1 дүгээр зэрэглэлийн хамаатан гэргий, хүүхэд, эцэг/эхийн холбоотой болохыг нотлосон баримт
•    Үүнийг монгол хэлээр хийж, япон хэлний орчуулга хавсаргана.
③ Цагдаа ба эмнэлгийн баримт
Япон дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч доорх баримтуудыг Япон улсын холбогдох газруудаар гаргуулж авна. Үүнд: 
•    Ослын гэрчилгээ (交通事故証明書)
•    Шүүх эмнэлгийн онош, эмчилгээний тайлан
•    Хэргийн материал байгаа бол хуулбар
④    Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хийх ажил үүрэг: 
■ Итгэмжлэл болон гэр бүлийн лавлагаа материал хүлээн авах
■ Цагдаагаас ослын тодорхойлолт гаргуулж авах
■ Эмнэлгээс шүүх эмнэлгийн дүгнэлт, эмчилгээний материал авах
■ Даатгалын компанитай харилцах, нөхөн төлбөрийн тооцоо гаргуулах
■ Өмгөөлөгч авч, гэрээ байгуулах, хохирлын хэмжээг тооцуулах (ирээдүйд олох орлого, оршуулга, сэтгэл санааны хохирол гэх мэт)
■ Нөхөн төлбөрийн хэлэлцээр хийх
■ “Зөвшилцлийн гэрээ / 示談書” байгуулах
■ Мөнгийг шилжүүлэн авах /Шаардлагатай бол төлөөлөгчийн данс руу шилжүүлэн авч болно. Энэ тухай итгэмжлэлд тодорхой дурдана. 
8. Зам тээврийн ослын буруутанд оногдуулах хариуцлага: 
Зам тээврийн осол гаргаж бусдад хүнд гэмтэл учруулсан, хүний амь насанд хүрсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тухай доорх хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг аж. Үүнд: 
Act on Punishment of Acts Inflicting Death or Injury on Others by Driving a Motor Vehicle, etc. 
https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/2965
Эрүүгийн хариуцлага (刑事責任)
Хүний амь нас хохирсон тохиолдолд:
•    過失運転致死傷罪 (Өөрийн буруугаас болж, автомашины осол гаргаж, хүний амь нас хохироосон хэрэг)
■ Зам тээврийн осол гаргаж, хүний амь нас хохироосон 
■ Зориудын үйлдэл байгаагүй
■ Оногдуулах ял: 1–7 жилийн хорих ял
•    危険運転致死傷罪 (Аюултай, эрсдэлтэй жолоодлогын улмаас  хүний амь нас хохироосон хэрэг)
■ Жишээ нь: Согтуугаар автомашин жолоодох, хурд хэтрүүлэх
■ Ял: 7-аас дээш жил хорих
Харгалзан үзэх зүйлс: 
•    Жолоочийн хурд, дохио, гэрэл зөрчсөн эсэх, тоормосны ажиллагаа хэвийн байсан эсэх
•    Явган зорчигчоос зайлах үйлдэл хийх үүргээ биелүүлсэн эсэх (歩行者を避ける注意義務)
•    Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэх, унтаж үүрэглэсэн эсвэл анхаарал болгоомжгүй жолоодсон эсэх
Иргэний хариуцлага (損害賠償)
Иргэний хариуцлагын хүрээнд даатгалын компаниар дамжуулан нөхөн төлбөр төлнө. 
•    Амь нас хохироосон нөхөн төлбөр (死亡慰謝料)
•    Ирээдүйд олох байсан орлого (逸失利益)
•    Оршуулгын зардал, эмнэлгийн зардал
•    Сэтгэл санааны хохирол, бусад бодит зардал
Хохирогч өөрөө буруутай байсан Хохирогчийн буруугийн хувь (過失割合) нь өндөр байсан бол нөхөн төлбөрийн хэмжээ багасна
 Захиргааны хариуцлага (行政責任)
•    Зам тээврийн осол гаргаснаас үүдэн жолооны эрхийг түдгэлзүүлэх, цуцлах боломжтой
•    Хурд хэтрүүлсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн зэрэг бусад авто замын дүрмийн зөрчилд нэмэлт хариуцлага хүлээлгэнэ. 
Жолоочийн осол гаргасан үеийн үүрэг: 
1.    Цагдаад осол болсон тухай мэдэгдэх /ослын мэдээ өгөх/
2.    Ослын байдал, гэрч зэргийн тэмдэглэл хийх
3.    Хохирогчийн гэр бүлтэй даатгалын компанийн зуучлалаар харилцах
4.    Хохироосон иргэн болон ар гэрийнхэнтэй хэлэлцээр хийх (示談)
5.    Маргаан үүсвэл иргэний болон эрүүгийн шүүхэд оролцох