ЯПОН УЛСЫН ЦАГААЧЛАЛЫН ХУУЛЬ БА ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУХ
2026-06-27
Хууль бусаар оршин суух нь хуулийн ноцтой зөрчилд тооцогдох бөгөөд хатуу шийтгэл хүлээдэг. Манай иргэд Япон Улсын цагаачлалын хуулийн мэдлэг дутмагаас болж, хууль бусаар оршин сууж байгаад “Орхин гарах тушаал” хүлээн авсан боловч түүнийг үл тоомсорлон үргэлжлэн хууль бусаар үлдэх явдал ихээр гарч байна. Ийм иргэдээс хулгай зэрэг өөр хэрэгт холбогдоод давтан хэрэг гэж үзэгдэж хатуу чанга ял шийтгэл авч, шоронд хоригдож буй тохиолдол ч нэлээд олон гарч байна. Иймд иргэд зохих хууль журмыг чандлан сахиж, хуулийн дагуу оршин суух нь нэн чухал юм.
Цагаачлалын хууль:
Хилийн хяналт ба дүрвэгсдийг хүлээн авах тухай хууль / Англиар Immigration Control and Refugee Recognition Act (Товчоор Цагаачлалын хууль буюу Immigration Law of Japan) нь Японд гадаадын иргэдийн хилээр нэвтрэх, оршин суух, цагаачлах, дүрвэгсдийг хүлээн авах асуудлыг зохицуулдаг хууль юм. Энэ хууль 1952 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд олон удаагийн нэмэлт өөрчлөлт орсон.
Хилийн хяналт ба дүрвэгсдийг хүлээн авах тухай хууль /Япон, англи хэлээр/
https://www.japaneselawtranslation.go.jp/
Хуулиар доорх асуудлыг зохицуулдаг. Үүнд:
Гадаадын иргэний хилээр нэвтрэх ба оршин суух эрхийн тухай
Японд орж байгаа гадаадын иргэд нь оршин суух статус (виз) авах ёстой. Оршин суух виз нь ажлын виз, оюутны виз, дадлагажигч ажилчний виз, тусгай ур чадвартай ажилчны виз, байнгын оршин суугчийн виз зэрэг гэх мэт олон төрөл зүйлтэй. Визийн хугацаа дуусахад сунгах аль эсвэл төрлийг нь өөрчлөхийн тулд Цагаачлалын албанаас (Immigration Services Agency) зөвшөөрөл авах хэрэгтэй болдог.
Хууль бусаар оршин суух, хууль бусаар ажил эрхлэх, албадан гаргах
Визгүйгээр орох, хугацаа хэтрүүлэх, хууль бусаар ажиллах нь хууль бус гэж тооцогддог. Хууль зөрчигчдийг албадан гаргаж, тодорхой хугацаагаар Японд дахин ирэхийг хориглодог. 2024 онд хууль бус орогнолын эсрэг авах арга хэмжээг чангатгах тухай нэмэлт өөрчлөлт орсон.
Хуулийн хэрэгжилтийг хариуцан ажиллагч байгууллага:
Хууль бус оршин суултыг таслан зогсооход оролцдог гол байгууллагууд гэвэл:
1. Хилийн хяналт, оршин суултыг хянах газар /Immigration Services Agency/
Хилийн хяналт, оршин суултыг хянах газар /Цагаачлалын газар/ нь Хууль зүйн яаманд харьяалагддаг Засгийн газрын агентлаг бөгөөд гадаадын иргэдийн Япон Улсад зорчих, хилээр нэвтрэх, оршин суух эрхийг хариуцдаг. Хууль бус оршин суугчдыг олж илрүүлэх, албадан гаргах, оршин суух эрхийг хянан шийдвэрлэх, сунгалт хийх үүрэг гүйцэтгэдэг. Цагаачлалын албаны ажилтнууд хууль бус оршин суугчийг олж илрүүлсэн бол баривчлан саатуулж, албадан гаргах эрхтэй байдаг. Мөн түүнчлэн хууль бус оршин суугчдад ажил олгосон хуулийн этгээдэд зохих арга хэмжээ авах эрхтэй.
2. Цагдаагийн газар:
Орон нутгийн цагдаагийн газрууд хууль бус оршин суугчдыг олж саатуулахад тусалдаг. Ямар нэгэн гэмт хэрэг мөрдөх явцад хууль бус оршин суугчийг олж илрүүлбэл Цагдаагийн газраас тухайн иргэнийг баривчлан саатуулж, улмаар Цагаачлалын албанд шилжүүлэн өгдөг. Түүнчлэн цагдаа нар хууль бусаар оршин суухтай холбоотой хууль бусаар ажил хөдөлмөр эрхлэх, хуурамч бичиг баримт бүрдүүлэн ашиглах гэх мэт гэмт хэргийн чанартай үйлдлийг таслан зогсоож, хууль бус оршин суугчийг Цагаачлалын албанд мэдэгдэх үүрэгтэй.
3. Орон нутгийн засаг захиргаа:
Орон нутгийн засаг захиргааны хариуцсан ажилтан гадаадын оршин суугчдын бүртгэл хийх явцдаа хууль бусаар оршин сууж байгаа зөрчил илэрвэл тухайн сэжигтэний тухай Цагаачлалын албанд мэдэгдэх үүрэгтэй.
4. Хөдөлмөрийн байгууллага ( Хөдөлмөр, стандарт, хяналтын газар)
Ажил олгогчид хууль бус оршин суугчдад ажил олгохоос урьдчилан сэргийлэх үүднээс муж, хот дүүрэг болгонд байдаг “Хөдөлмөр стандартын хяналтын алба” зэрэг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн байгууллагууд хяналт тавьж байдаг. Ийм тохиолдол илэрвэл хууль бус оршин суугчийг ажиллуулж байсан бизнесийн байгууллага, хуулийн этгээд шийтгэл хүлээдэг.
5. Цагаачлалын хяналтын албаны ажилтан:
Цагаачлалын хяналтын ажилтан нь “Хилийн хяналт, оршин суултыг хянах газар”-т шууд харьяалагдаж, хууль бус оршин суугчдыг эрж хайх, баривчлан саатуулах, саатуулах байрыг ажиллуулах, албадан гаргах ажлыг гардан хэрэгжүүлдэг.
6. Олон улсын хамтын ажиллагаа:
Тухайн зөрчил бүхий гадаадын иргэнийг нутаг буцаах, дахин ийм хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, холбогдох мэдээлэл солилцох ажлыг хууль бус оршин суугчийн харьяалал бүхий Засгийн газар, ЭСЯ, Консулын газартай хамтран явуулдаг. Хилийн хяналт, оршин суултыг хянах сүүлийн үеийн бодлого, түүний хэрэгжилтийн талаар Цагаачлалын агентлагийн вэб хуудсаас холбогдох мэдээллийг үзэж болно. Үүнд:
www.moj.go.jp/isa/content/001385111.pdf
https://www.moj.go.jp/isa/content/001385112.pdf
https://www.moj.go.jp/isa/content/001385113.pdf
Хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх ял, хариуцлага:
Орхин гарах тушаал /Departure order/:
Хэрэв хэн нэгэн гадаадын иргэн Япон Улсад хууль бусаар оршин сууж байгаа нь тогтоогдвол Цагаачлалын албанаас “Тус улсыг орхин гарах тушаал” гаргаж болно. Энэ нь саатуулж хорилгүй хялбаршуулсан бүртгэл хийx замаар тодорхой хугацаа зааж, тухайн хугацаанд сайн дураараа Япон Улсыг орхин гарч явах боломж олгодог хэлбэр юм.
■ Тушаалд явах хугацаа болон хэрхэн явах тухай зааварласан байдаг.
■ Тушаалын дагуу Японыг орхисон гадаадын иргэн 1 жилийн хугацаанд Япон улсын хилээр нэвтрэх боломжгүй болж, хилийн хориг тавигдана. Гэвч уг хугацааг хэтрүүлбэл баривчлан саатуулагдаж, албадан гаргах дараагийн шатны арга хэмжээ авахад хүрдэг. Ийм тохиолдолд Япон улсад дахин орж ирэхэд тавих хориг нь энгийн горимоор буюу 5-10 жилээр тавигддаг.
■ “Орхин явах тушаал” Танд ирвээс сайтар уншиж танилцан, заасан хугацаа болон шаардлагатай бичиг баримт бүрдүүлэлтэд анхаарах ёстой.
■ Тушаалыг хүлээн авч Япон Улсыг орхин явах бол орон байр, гар утас зэргийн гэрээг цуцалж, Япон Улсаас элдэв тооцоогүй гарч явах бэлтгэлээ хангана. Мөн шаардлагатай бичиг баримтыг бэлтгэж, нисэх онгоцны билет худалдан авах зэрэг буцах аяллын захиалга өгөх арга хэмжээ авна.
■ Уг тушаалыг давж заалдах үндэслэл байвал давж заалдах боломжтой. Энэ тохиолдолд өмгөөлөгч авах зэргээр хууль эрх зүйн шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй.
■ Хугацаа хэтрүүлбэл баривчлан саатуулах, албадан гаргах, торгох зэрэг нэмэлт шийтгэл ирнэ гэдгийг анхаарах хэрэгтэй.
Хууль бус оршин суугч нь доорх нөхцлүүдийг хангаж байвал “Орхин явах тушаал” гаргах боломжтой. Үүнд:
• Хууль бусаар оршин сууж байснаа хүлээж, сайн дураараа Япон Улсыг орхин гарах хүсэлтээ орон нутгийн цагаачлалын албанд өөрийн биеэр очиж тавих,
• Хууль бусаар оршин суух зөрчлөөс өөр албадан гаргах шалтгаан байхгүй байх
• Хулгай болон бусад төрлийн эрүүгийн гэмт хэрэг үйлдсний улмаас Япон Улсад хорих ял эдлээгүй байх
• Өмнө нь албадан гаргагдаж байгаагүй байх
• Өмнө нь Японоос гарах тушаал авч сайн дураар гарч байсан тохиолдолгүй байх
• Нэн даруй Японоос гарах нь баталгаатай хэмээн үзэх үндэслэлтэй байх
Албадан гаргах тушаал /Forced removal order/:
Хууль бусаар оршин сууж байгаа нь тогтоогдвол доорх үндэслэлээр “Албадан гаргах тушаал” гарч тус улсаас нэн даруй албадан гаргана.
■ Оршин суух зөвшөөрлийн хугацаагаа хэтрүүлсэн тохиолдол (1 өдөр өнгөрсөн ч хууль бусаар оршин суусан гэж үздэг тул албадан гаргаж болдог)
■ Оршин суух зөвшөөрлөөс гадуур үйл ажиллагаа явуулж орлого олох, цалин авах, зөвшөөрөлгүй нэр төрлийн ажил хөдөлмөр эрхлэх,
■ Ямар нэгэн төрлийн эрүүгийн хэргийн ял авсан тохиолдолд
Албадан гаргагдсан тохиолдолд 5 болон 10 жилийн хилийн хориг тавигдаж, Японд нэвтрэх эрх хасагдана. Ямар нэгэн эрүүгийн хэргийн ял шийтгэл авч түүнийгээ эдлээд албадан гаргагдаж байгаа бол ихэнх тохиолдолд Япон Улсын хилээр дахин нэвтрэх эрхгүй болно.Албадан гаргах ажлыг дараах байдлаар зохион байгуулна. Үүнд:
■ Хууль бусаар оршин суугчийг саатуулах байранд саатуулна. /Саатуулах байрны тухай жичид нь дор оруулав./
■ Энэ хугацаанд Цагаачлалын албанаас эх оронд нь буцаах ажлыг зохион байгуулж, буцах хугацааг тогтоож, бэлтгэл ажлыг хангадаг.
■ Албадан буцаагдах иргэн голдуу өөрсдөө буцах билетээ авах шаардлагатай байдаг бөгөөд үүнийг гэр бүл, найз нөхөдтөйгөө ярьж шийддэг. Цагаачлалын албаны хянагчийн хяналт дор нисэх онгоцны буудал руу явдаг тул буцах өдөр, нислэгийн товыг тэдэнтэй нарийвчлан ярьж тогтоодог.
■ Хувийн тооцоогоо дуусгаж, эд зүйлээ цэгцэлж, гэртээ харих бэлтгэлээ базаана.
■ Буцахад шаардлагатай бичиг баримтыг Цагаачлалын албаны ажилтан хариуцан бэлтгэх бөгөөд паспортоо үрэгдүүлсэн болон хугацаа нь дууссан иргэний хувьд ЭСЯ дээр түүний өмнөөс хүрэлцэн ирж “Түр үнэмлэх” авах буюу хугацаа нь дууссан паспортыг авчирч сунгуулдаг.
■ Албадан буцаах хугацааг тогтоосны дараа саатуулагдсан иргэнийг цагаачлалын албаны хяналтын 2 ажилтан нисэх онгоцны буудалд хүргэнэ. Нисэх буудалд ирсний дараа цагаачлалын албаны хилийн хяналтыг хяналтын ажилтан тухайн иргэнийг дагуулан орж шалгана. Зарим тохиолдолд онгоц хүртэл хяналтыг үргэлжлүүлдэг.
■ Албадан буцаж буй иргэн онгоцонд суусны дараа онгоц хөөрч, очих цэгтээ очсоныг шалгаснаар албадан гаргах ажиллагаа дуусгавар болно.
■ Эрүүл мэнд, гэр бүлийн нөхцөл байдал зэрэг хүмүүнлэгийн шалтгаан байвал албадан гаргах ажиллагааг хойшлуулах буюу оршин суух тусгай зөвшөөрөл олгох явдал байдаг.
Эрүүгийн гэмт хэргийн шийтгэл:
Хууль бусаар оршин суугчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэж үзвэл 3 жил хүртэлх хугацаагаар хорих, 3 сая иен хүртэлх торгууль ногдуулах, аль эсвэл хоёуланг нь давхар ногдуулна. Хууль дахин зөрчвөл /давтан хэрэг/ ял шийтгэл нь улам хүндэрдэг.
Нэвтрэх хориг:
Япон улсаас албадан гаргагдсан бол тодорхой хугацаагаар (5 эсвэл 10 жил) тус улсад нэвтрэх орохыг хориглодог. Хэрэв нэвтрэхийг хориглосон хугацаанд дахин орохоор оролдвол нэмэлт хууль эрх зүйн арга хэмжээг авах магадлалтай.
Хуурамч паспорт, хуурамч виз ашиглах тохиолдол:
Хэрэв хуурамч паспорт, виз ашиглан тус улсад нэвтэрсэн, оршин суусан тохиолдолд зөвхөн хууль бусаар оршин суусан хэрэгт төдийгүй бусад гэмт хэрэг (бичиг баримт хуурамчаар үйлдэх гэх мэт) хавсран үйлдсэн гэж үзэж илүү хүнд ял шийтгэл оногдуулж болзошгүй.
Хэрэгт оролцогсдод хүлээлгэх шийтгэл:
Бичиг баримтгүй, оршин суух эрхгүй гадаадын иргэнийг ажилд авбал ажил олгогч нь торгууль, хорих ял зэрэг ял шийтгэл хүлээнэ. Түүнчлэн компанийн нэр хүндэд халдаж, олон нийтэд ил болгох магадлалтай. Хууль бус оршин суугчийг нуун далдалсан, дэмжлэг үзүүлсэн хүмүүст ч шийтгэл оноох заалттай.
Ял, шийтгэл хөнгөлөх:
Зарим тохиолдолд ял шийтгэлийг хөнгөлөх, эсвэл хариуцлагаас чөлөөлдөг. Тухайлбал, хууль бусаар оршин суугч цагаачлалын албанд сайн дураараа хүрэлцэн ирж, өөрийн сайн дураар Япон Улсыг орхин явах бол албадан гаргах, эрүүгийн ял оноох шийтгэл үзүүлэлгүй зохих хөнгөлөлт үзүүлдэг. Мөн хүмүүнлэгийн шалтгаанаар ял шийтгэл үзүүлэхгүй өршөөх явдал бий.
Хууль бусаар оршин суугч хэргээ хүлээж өөрийгөө илчлэх арга замын тухай:
Хууль бус оршин суугчдыг сайн дураар өөрсдөө хэргээ хүлээж ирэхийг урамшуулах үүднээс олон улс оронд үүний дотор Япон Улсад өршөөлийн журам хэрэгждэг. Аргачлал нь гэвэл:
■ Хууль бус оршин суугч өөрийн хамгийн ойр орших цагаачлалын албаны байранд хэргээ хүлээн хүрэлцэн очиж, хууль бус оршин сууж буйгаа мэдэгдэнэ.
https://www.moj.go.jp/isa/about/region/index.html
■ Ингэхдээ шаардлагатай бичиг баримтуудыг (паспорт, виза, гадаад бүртгэлийн карт, оршин суух карт г.м) бэлтгэн авч очно. Хэрэв зарим бичиг баримтаа үрэгдүүлсэн ч өөрийн биеэр заавал очиж, нөхцөл байдлыг тайлбарлах хэрэгтэй. Худал зүйл ярихаас зайлсхийх ёстой. Худал мэдээлэл өгөх нь хатуу шийтгэлтэй байдаг тул үнэн зөв мэдээлэл өгөхөд анхаарах ёстой.
■ Хэрэв танд Японд үлдэх шалтгаан, зөвлөлдөх ямар нэгэн асуудал байвал өмгөөлөгч болон мэргэжлийн хүнээс урьдчилан зөвлөлгөө авах хэрэгтэй.
■ Цагаачлалын албаны ажилтан зохих бүрдүүлэлт хийж, аль болох хурдан хугацаанд эх оронд нь буцаах арга зам, буцах хугацаа, аялалын маршрут зэргийн талаар Тантай зөвлөлдөнө. Зарим тохиолдолд буцах зардалд тусламж үзүүлэх нь бий.
■ Тодорхой хугацаанд өөрөө хэргээ хүлээх нь чухал. Хэт урт хугацааны дараа очвол шийтгэл нь ердийнхөөс ялгагдахгүй байж болно.
■ Нөхцөл байдлаас шалтгаалан шууд түр хугацаагаар саатуулах байранд хоригдож болно. Саатуулж эхэлбэл аль болох хурдан эх оронд нь буцаах арга хэмжээ авдаг.
■ Таныг саатуулах шаардлагүй гэж үзвэл сайн дураараа гарах тушаал гаргаж, явтлаа гадуур байхыг зөвшөөрч болно.
Дахин орохыг хориглох хугацаа:
■ Өөрөө хэргээ хүлээсэн ч тодорхой хугацаанд Япон Улсад дахин нэвтрэн ороход хориг тавигдана. Гэхдээ баривчлагдсан, албадан гаргагдсантай харьцуулахад хориг нь хамаагүй богино хугацаатай байдаг. / 1 жил гэх мэт/
Саатуулах үндэслэл болон саатуулах байрны тухай:
“Хилийн хяналт ба дүрвэгсдийг хүлээн авах тухай хууль” (Цагаачлалын хууль)-д уг хуулийг зөрчсөн гадаадын иргэдийг албадан хорьж болно гэж заасан байдаг. “Албадан гаргах тушаал” гарсан хүн болон Цагаачлалын Албанд хууль зөрчсөн байдлыг шалган тодруулах зорилгоор "хорих тушаал"-ын дагуу саатуулагдсан иргэдийг Цагаачлалын албаны харьяа саатуулах байранд саатуулдаг. Аль алинд нь шүүх хяналт тавьдаггүй бөгөөд цагаачлалын алба бие даан саатуулах тухай шийдвэр гаргаж болдог.
Саатуулах тушаалын дагуу саатуулах хугацаа зарчмын хувьд 30 хүртэлх хоног байдаг бөгөөд дахиад 30 хоногоор сунгаж болдог. Хуулийн 52 дугаар зүйлийн 3 дугаар заалтын дагуу албадан гаргах тушаал гарсан хүнийг Японоос албадан гаргах хүртэл "уг хүнийг эх оронд нь буцаах боломж гарах хүртэл цагаачлалын саатуулах байр, хорих байр зэрэг Хууль зүйн сайд эсвэл түүний томилсон Ерөнхий байцаагчийн заасан бусад газарт хорьж саатуулж болно" гэж 52 дугаар зүйлийн 5 дугаар зүйлд заажээ.
Цагаачлалын албаны саатуулах байрууд нь богино хугацааны саатуулах байр (орон нутгийн цагаачлалын газрын саатуулах байр), удаан хугацаагаар саатуулах байр гэж ангилагдана. Орон нутгийн цагаачлалын албаны саатуулах гол байрууд нь Токио (800 хүний багтаамж), Нагоя (400 хүний багтаамж), Осака (200 хүний багтаамж), Ёокохама (200 хүний багтаамжтай) хотод байдаг. Хаин урт хугацааны төв нь Зүүн Япон (Ибараки мужийн Үшикү хот, 700 хүний багтаамжтай) болон Омура (Нагасаки муж, 708 хүний багтаамжтай) гэсэн хоёр хотод оршдог. Эдгээр байрны тухай доорх 2 тайлангаас орж дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
Япон дах цагаачлалын саатуулах байрны өнөөгийн байдал /Цагаачлалын албаны тайлан, япон хэл дээр/
https://www.moj.go.jp/isa/content/930004588.pdf
Network against Arbitrary Detention /NAAD/ тайлан /Япон хэл дээр/
https://naad.info/immigration/
Цагаачлалын албаны саатуулах байр нь тодорхой стандартыг хангасан байх бөгөөд хоригдогсдын эрх чөлөөг тодорхой хэмжээгээр хязгаарласан байдаг.
■ Саатуулагдсан гадаадын иргэдийг тусгаарласан хувийн өрөө аль эсвэл нийтийн өрөөнд оруулдаг. Нийтийн өрөөнд олон хүн хоригддог тул хувийн орон зайгүй бөгөөд тэдний дунд зөрчил үүсгэх явдал байнга гардаг.
■ Хоол өгөх, эмчийн үзлэг хийх зэргээр амьдралын үндсэн хэрэгцээг хангадаг боловч чөлөөтэй гадагш гарахыг зөвшөөрдөггүй. Барилга байгууламж доторх хөдөлгөөнийг хязгаарласан байдаг бөгөөд үйл хөдлөл хийх бүртээ харгалзагчаас зөвшөөрөл авах шаардлагатай болдог.
■ Тогтмол цагт хоол өгнө. Энэ нь Япон дахь энгийн мэню-нд суурилсан байдаг тул шашны болон эрүүл мэндийн шалтгаанаар тусгай хоол шаардлагатай бол үүнийгээ хэлж өөр мэню-гээр хоол авч болдог.
■ Тогтмол цагт усанд оруулдаг. Гэрлийг нь тогтмол цагт унтрааж, амьдралын нэгэн хэмнэлд оруулдаг.
■ Гадаа гарч салхилуулах болон байран дотор дасгал хийх цаг өгдөг боловч боломж хязгаарлагдмал.
■ Ном унших, хэл сурах зэрэг боломж олгосон орон зай гаргасан байх бөгөөд хүсвэл ном, сонин номын сангаас авч болно.
■ Мөн гаднаас шуудан, илгээмжээр шинэ ном авч болдог. Зарим байранд шашны үйл хийх газар гаргасан байдаг.
■ Захидал илгээх, хүлээн авахыг зөвшөөрдөг боловч агуулгыг нь заавал хянаж байдаг.
■ Гэр бүлийн гишүүд, өмгөөлөгч зэрэгтэйгээ уулзалт хийх, утсаар ярих боломжтой боловч давтамж, цаг хугацаанд нь хязгаарлалт тогтоодог.
■ Эмчилгээ хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх үүрэг бүхий эмнэлгийн алба ажиллаж, яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд гадны эмнэлэгт очиж үзүүлдэг. Эрүүл мэндийн үзлэг заавал хийж, биеийн байдал муу байгаа бол зохих эмчилгээг хийдэг.
■ Саатуулах байранд эрх чөлөө нь хязгаарлагдмал учир удаан хугацаагаар хоригдвол сэтгэл санааны стресс, дарамтад орох явдал бий.
Хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх ял, хариуцлагын жишээ:
1. Хууль бус оршин суух (Японоор オーバーステイ)
• Визний хугацаа дууссан ч оршин суусаар байх.
• Ял шийтгэл: 3 жил хүртэл хорих эсвэл 3 сая иен хүртэлх торгууль (Цагаачлалын хууль, 70-1-4).
• Жишээ: Ур чадварын дадлагын хугацаа дууссан ч Японд үлдэж, ажил хийж байх тохиолдол.
2. Хууль бусаар нэвтрэх /Хил зөрчих/ (Японоор 密入国)
• Хуулийн дагуу хилийн шалгалтар оролгүй зөвшөөрөлгүй нэвтрэх.
• Ял шийтгэл: 3 жил хүртэл хорих эсвэл 3 сая иений хүртэл торгууль (Цагаачлалын хууль, 70-1-1).
• Жишээ: Аялал жуулчлалын виз ашиглан нэвтэрч, дараа нь шалгалтаас зайлсхийж ажил хийсэн.
3. Хууль бусаар хөдөлмөр эрхлэх (Японоор 資格外活動)
• Оюутны аль эсвэл дадлагажигч визтэй хүн зөвшөөрөлгүй ажил эрхлэх.
• Ял шийтгэл: 3 жил хүртэл хорих эсвэл 3 сая иений хүртэл торгууль (73-2 зүйл).
• Жишээ: Оюутан хүн долоо хоногт 28 цаг ажиллах эрхийн хязгаарыг давж барилгын талбайд ажиллаж байсан.
4. Хуурамч гэрлэлт (Японоор 偽装結婚)
• Оршин суух зөвшөөрөл авахын тулд хуурамчаар гэрлэх.
• Ял шийтгэл: 5 жил хүртэл хорих эсвэл 5 сая иений хүртэл торгууль (70-1-5).
• Жишээ: Япон хүнд мөнгө төлж хуурамчаар гэрлэсэн.
5. Оршин суух хуурамч үнэмлэх ашиглах (Японоор偽造・変造在留カード)
• Хуурамчаар үйлдсэн оршин суух эрхийн үнэмлэх /карт/ ашиглах.
• Ял шийтгэл: 3 жил хүртэл хорих эсвэл 3 сая иений хүртэл торгууль (73-2-2).
• Жишээ: Интернет ашиглан хуурамч карт худалдан авч ажилд орсон.
6. Хууль бус хөдөлмөрийг дэмжих (Японоор不法就労助長罪)
• Хууль бус оршин суугч гадаад иргэнийг мэдсээр байж хөлслөн ажиллуулах.
• Ял шийтгэл: 3 жил хүртэл хорих эсвэл 3 сая иений хүртэл торгууль (73-2).
• Жишээ: Барилгын компани визний хугацаа дууссан гадаад ажилчдыг ажиллуулсан.
7. Мэдүүлэг хуурамчаар гаргах (Японоор 虚偽申請)
• Оршин суух зөвшөөрөл авах үедээ худал бөглөж, бичиг баримт бүрдүүлэх.
• Ял шийтгэл: 3 жил хүртэл хорих эсвэл 3 сая иений хүртэл торгууль (70-1-9).
• Жишээ: Компани бодитоор ажиллахгүй хүнд визийн хүсэлт гаргасан.
8. Паспорт эсвэл оршин суух үнэмлэх биедээ авч яваагүй (Японоор旅券不携帯)
• Оршин суух карт эсвэл паспортаа авч яваагүй, шалгуулахаас татгалзсан.
• Ял шийтгэл: 1 жил хүртэл хорих эсвэл 20 мянган иений хүртэл торгууль (75).
• Жишээ: Оршин суух картгүй явсан, цагдаа шалгахад хариулахаас татгалзсан.
9. Япон Улсаас гаргагдсан атлаа дахин нэвтрэх (Японоор 退去命令違反)
• Албадан гаргагдсаны дараах хоригийн хугацаанд дахин нэвтрэх.
• Ял шийтгэл: 5 жил хүртэл хорих эсвэл 5 сая иений хүртэл торгууль (70-1-2).
• Жишээ: 5 жилээр тавьсан хоригийн хугацаанд өөр хүний нэрээр дахин ирсэн.
10. Хуурамч дүрвэгчийн өргөдөл гаргах (Японоор偽装難民)
• Хууль бус оршин суух хугацаагаа сунгах гэж үндэслэлгүй дүрвэгчийн өргөдөл олон удаа давтан гаргах.
• Ял шийтгэл: Хуурамч баримт бичиг гаргасан тохиолдолд 3 жил хүртэл хорих эсвэл 3 сая иений хүртэл торгууль (70-1-9).
• Жишээ: Эх орондоо ялгаварлан гадуурхагдаж, хавчигдаж шахагдаагүй ч оршин суух хугацаагаа сунгах зорилгоор зориуд дүрвэгчийн өргөдөл гаргасан.
Хууль бус оршин суултаас сэргийлэх үүднээс виз, оршин суух эрхийн тухай доорх сайтуудаар орж судална уу. Үүнд:
Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ
Визний төрөл болон бүрдүүлэх бичиг баримт
https://www.mn.emb-japan.go.jp/
Япон Улсын ГХЯ-ны сайт
https://www.mofa.go.jp/mofaj/toko/visa/index.html
Хууль зүйн яам, Цагаачлалын алба
https://www.moj.go.jp/isa/applications/guide/visa.html
Японы хилээрнэвтрэх, оршин суух бүртгэл
https://www.moj.go.jp/isa/content/001392677.pdf
Гадаадын иргэдэд хандсан зөвлөмж
https://www.moj.go.jp/isa/support/portal/index.html
https://www.moj.go.jp/isa/content/001385111.pdf
https://www.moj.go.jp/isa/content/001385112.pdf