ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ
2026-06-27
Японы эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагаа нь баривчлах болон хорих ажиллагаа шүүхийн хяналтан дор явагддаг бөгөөд шүүхээс цагдаагийн эрх мэдлийг хязгаарлах замаар хүний эрхийг хамгаалдаг. Японд баривчилгааны шатнаас эхлэн мөрдөн байцаалт нь цагдаа, прокурор, шүүх гэсэн гурван байгууллагын оролцоотой, шат дараатай явагддаг бөгөөд эцсийн шийдвэрийг шүүх гаргадаг.
Япон Улсад ажиллаж, амьдарч, зорчиж буй иргэд Цагдаагийн эрх, үүргийг сайтар ойлгож, шаардлагатай үед тэдний зүгээс тавьж буй зүй ёсны шаардлагыг биелүүлж, дэмжлэгийг нь цаг алдалгүй авч байх нь чухал юм.
Цагдаагийн байгууллагын эрх зүйн орчин:
Японы цагдаагийн байгууллагын эрх үүргийг хуулиар хатуу зааж өгсөн байдаг. Доор дурдсан хуулиудад цагдаагийн байгууллага, албан тушаалтан, тэдний эрх үүрэг, хяналт, мөрдөн шалгах үйл ажиллагааны талаар заалт орсон байдаг. Үүнд:
- Цагдаагийн тухай хууль(警察法, 1954)Энэхүү хуулиар Цагдаагийн байгууллагын бүтэц удирдлагыг тодорхойлж, үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн бодлого, цагдаагийн эрх үүргийг зааж өгсөн. Захиргааны төв байгууллага болох Цагдаагийн Ерөнхий газар, Японы хөдөө орон нутаг, муж, хотын цагдаагийн байгууллагын бүтэц, үүрэг, эрх мэдлийг зааж өгсөн. https://laws.e-gov.go.jp
- Цагдаагийн албан тушаалтан ажил үүрэг гүйцэтгэх тухай хууль(警察官職務執行法)Энэхүү хууль нь 1948 онд гарч, Эрүүгийн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан хэд хэдэн удаагийн нэмэлт өөрчлөлт орсон. Хуулиар Цагдаагийн албан тушаалтны албаны эрх үүрэг, түүний эрх зүйн үндсийг тодорхойлж, цагдаа нарт үйл ажиллагаагаа хууль ёсны дагуу гүйцэтгэх баталгааг олгосон. https://laws.e-gov.go.jp
- Эрүүгийн хэргийг байцаан шийтгэх тухай хууль(刑事訴訟法Code of Criminal Procedure)Энэхүү хуулиар мөрдөн шалгах эрх, сэжигтнийг баривчлах, баримт нотлох, гэрчээс мэдүүлэг авах зэрэг Цагдаагийн ажил явуулах хууль ёсны үндсийг зааж, мөрдөн шалгах үйл явцыг журамласан. https://www.japaneselawtranslation.go.jp
- Гэмт хэргийн хохирогчийн тухай суурь хууль /犯罪被害者等基本法Basic Act on Crime Victims 2004.12.08/ Энэхүү хууль нь Японд гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд хохирогч болон тэдний гэр бүлийн эрхийг хамгаалах, дэмжлэг үзүүлэх гол хууль юм. Энэ хуулиар хохирогчдыг зөвхөн мөрдөн шалгах ажиллагаанд оролцогч гэж бус хамгаалалт, тусламж авах эрхтэй хүн гэж үздэг. Тухайлбал, сэтгэл зүйн дэмжлэг өгөх, мэдээлэл авах эрх, нөхөн төлбөр авах боломжийг нь хангах зорилготой. Мөн төр болон орон нутгийн байгууллагууд түүний дотор Цагдаагийн байгууллага нь хохирогчдод туслах үүрэгтэй бөгөөд нийгэмд хохирогчийг хамгаалах, дахин хохирохоос сэргийлэх орчныг бүрдүүлэх ёстой гэж заасан. https://www.japaneselawtranslation.go.jp
- Хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль(個人情報保護法)
Энэхүү хууль нь Японд хувь хүний мэдээллийг хамгаалах тухай үндсэн хууль бөгөөд хувийн нууц, мэдээллийг хамгаалж, буруу ашиглагдахаас сэргийлэх зорилготой. Уг хуульд хувь хүний нэр, хаяг, утас, камерын бичлэг зэрэг мэдээллийг цуглуулах, ашиглах, хадгалахыг зохицуулж өгсөн бөгөөд Цагдаагийн байгууллага зэрэг нь мэдээллийг зөвхөн тодорхой зорилгоор, хууль ёсны дагуу ашиглах ёстой гэж заадаг. Мөн тухайн хүний зөвшөөрөлгүйгээр мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглон хязгаарлаж, мэдээлэл алдагдахаас хамгаалах үүргийг ногдуулдаг. Иймд хувийн нууцыг хамгаалах үүднээс цагдаагийн газарт иргэдээс мэдээлэл авах, ашиглахад тодорхой хязгаарлалт тавигдана. Тухайлбал, хаалттай хяналтын камерын систем /Closed-Circuit Television CCTV/ болон бусад хяналтын камерын бичлэг, мэдээллийг ашиглах, хадгалах, хамгаалах тухай заасан байдаг.
https://www.japaneselawtranslation.go.jp - Авто замын хөдөлгөөний тухай хууль(道路交通法 1960 он)Энэхүү хуулиар авто замын хөдөлгөөн болон түүнд оролцогсдод хяналт тавих, хэв журмыг сахиулах, хурд хэтрүүлэх, согтуугаар жолоо барих зэрэг зөрчлийг шалгах, торгох эрхийг цагдаад өгсөн байдаг. https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/2962
Цагдаа нь хүнийг баривчлах, нэгжлэг хийх, эд зүйл хураах зэрэг албадлагын арга хэмжээ авахдаа заавал шүүхийн зөвшөөрөл буюу захирамж авах шаардлагатай байдаг бөгөөд үүнийг “захирамжийн зарчим” гэж хэлдэг. Түүнчлэн иргэний зөвшөөрөл дээр тулгуурласан сайн дурын байцаалт, сайн дураар дагалдан явах зэрэг нь албадлага багатай боловч практикт чухал үүрэг гүйцэтгэдэг.
Японы цагдаагийн байгууллага нь дэлхийн хэмжээнд харьцангуй өндөр үр дүнтэй ажилладаг гэж үнэлэгддэг бөгөөд гэмт хэргийн илрүүлэлт, урьдчилан сэргийлэх ажиллагаа харьцангуй сайн хөгжсөн байдаг. Урьдчилан сэргийлэх бодлого, орон нутгийн иргэдтэй ойр ажиллах тогтолцоо нь гэмт хэрэг багатай нийгэм бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Орчин үеийн нийгэмд цахим гэмт хэрэг, олон улсын гэмт хэргийн сүлжээ, хувь хүний нууцлал зэрэг шинэ сорилтууд нэмэгдэж байгаа тул цагдаагийн байгууллага нь технологийн дэвшлийг ашиглах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль эрх зүйн орчноо шинэчлэх шаардлагатай болж ирээд байна.
Японы цагдаагийн байгууллага нь хүчтэй эрх мэдэлтэй боловч түүнийг хатуу хууль, хяналтын дор хэрэгжүүлдэг. Тэд нэг талаас иргэдийн эрхийг хамгаалах нөгөө талаас нийгмийн аюулгүй байдлыг хангах гэсэн хоёр үндсэн зорилгын тэнцвэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Цагдаагийн байгууллагын бүтэц, ажил үүрэг:
Японы цагдаагийн байгууллага нь нийгмийн дэг журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэгтэй төрийн байгууллага бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
Энэхүү байгууллага нь ардчилсан хяналт, хууль дээдлэх зарчимд тулгуурлан ажилладаг бөгөөд төрийн эрх мэдлээс хэт хараат бус, нийгмийн итгэлцэлд суурилсан тогтолцоотой.
Японы цагдаагийн тогтолцоо нь төв болон орон нутгийн хоёр шатлалтай. Улсын хэмжээнд бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлдэг байгууллага нь Цагдаагийн Ерөнхий газар /警察庁/ бөгөөд энэ байгууллага нь цагдаагийн бүх байгууллагын үйл ажиллагааг шууд гардан удирдах бус харин ажил үүргийн стандарт тогтоох, чиглэл өгөх, зохицуулах үүрэг гүйцэтгэдэг.
https://www.npa.go.jp
https://www.npa.go.jp/english англи хэл дээр
Цагдаагийн Ерөнхий газрын дээр улс төрөөс хараат бус байдлыг хангах зорилго бүхий “Үндэсний нийтийн аюулгүй байдлын хороо” /国家公安委員会 National Public Safety Commission/ хэмээх байгууллага Засгийн газрын харьяанд ажилладаг бөгөөд харьцангуй бие даасан шинж чанарыг агуулж, цагдаагийн байгууллагыг хянаж, удирдлагын ил тод байдлыг нь хангадаг.
https://www.npsc.go.jp/
Харин бодит мөрдөн шалгах ажиллагаа, гэмт хэрэгтэй тэмцэх, иргэдтэй шууд харилцах үүргийг орон нутгийн цагдаагийн байгууллагууд /都道府県警察/ хариуцан гүйцэтгэдэг. Японы 47 мужид цагдаагийн байгууллага байдаг бөгөөд эдгээрийн дундаас хамгийн том нь Токио хотын /Нийслэлийн/ Цагдаагийн газар /警視庁/ юм. Орон нутгийн цагдаагийн газар нь мужийн захиргаанд харьяалагдах боловч бодлогын хувьд төв байгууллага болох Цагдаагийн Ерөнхий газраас ирүүлсэн удирдамж, чиглэлийг дагаж мөрддөг нь онцлог юм.
https://www.npa.go.jp
https://www.keishicho.metro.tokyo.lg.jp/
Ажил үүргийн хувьд авч үзвэл:
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
- Байнгын эргүүл хийх, иргэдэд зөвлөгөө өгөх,
- Олон нийтийн арга хэмжээний үеэр дэг журам, аюулгүй байдлыг сахиулах,
- Гэмт хэрэг гарсан тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулан, сэжигтнийг тогтоож, хэргийг прокурорт шилжүүлэх,
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ослын шалтгааныг тогтоох, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хянах.
- Залилан, цахим гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, өсвөр үеийн асуудалд анхаарах.
Цагдаагийн байгууллагын бүтэц /хэлтэс тасгаар/:
- “Эрүүгийн цагдаа” : Эрүүгийн хүнд гэмт хэргийг мөрдөн шалгах
- “Нийгэм, амьдралын аюулгүй байдлын алба”: Иргэдийн өдөр тутмын амьдралд олон тохиолдох хөнгөн гэмт хэрэг, зөрчлийн хэргийг хариуцдаг.
- “Замын цагдаа”: Авто зам, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, зохицуулалт, ослын асуудлыг газар дээр нь хариуцан шийдвэрлэдэг
- “Хамгаалалт, аюулгүй байдлын алба”: Терроризм, улс төрийн жагсаал, өндөр албан тушаалтны хамгаалалт зэрэг асуудлыг хариуцдаг.
- “Хэсгийн цагдаа” буюу “Кобан” систем: Иргэдэд хамгийн ойр орших цагдаагийн бүтэц бөгөөд Японы тэргүүн туршлага болж олон оронд нэвтрээд байна. Цагдаа нар нь “Кобан” буюу “Хэсгийн цагдаагийн байр”-анд жижүүрлэж, оршин суугчидтай шууд ойр дотно харилцаж, мэдээлэл авах, зөвлөгөө өгөх, жижиг асуудлыг газар дээр нь шийдвэрлэх ажлыг хийж гүйцэтгэдэг.
Цагдаагийн зэрэг дэв, албан тушаал:
Японы цагдаагийн байгууллага нь маш нарийн шаталсан бүтэцтэй бөгөөд зэрэг дэв, албан тушаалын зэрэглэл бий. Энэ нь командлалын нэгдмэл байдлыг хангаж, үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад чиглэгдсэн байдаг. Цагдаагийн албан хаагчийн зэрэг дэв нь тухайн хүний хариуцлага, эрх мэдэл, удирдах түвшинг ч илэрхийлэх бөгөөд доороосоо дээш ахисан шатлалтай.
Японы цагдаагийн тогтолцооны дээд удирдлага нь Цагдаагийн Ерөнхий газар/警察庁/-т төвлөрөх бөгөөд Цагдаагийн Ерөнхий газрын дарга /警察庁長官/ удирдана. Энэ нь Японы цагдаагийн байгууллагын дээд албан тушаал бөгөөд бодлого, стратеги, улсын хэмжээний зохицуулалтыг хариуцдаг. Харин нийслэлийн болон мужийн цагдаагийн байгууллагыг “Төвийн дарга” /本部長/ гэж нэрлэдэг. Тэд тухайн бүс нутгийн цагдаагийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг.
Японы цагдаагийн цолны шатлал болон мөрдөсний ялгах тэмдгийг хүснэгтээр харуулбал:
| Япон цол |
Дуудлага | Монгол хэлээр ойролцоо | Мөрдэсний үндсэн ялгах тэмдэг |
| 警視総監 | Кэйши-сокан | Цагдаагийн ерөнхий комиссар | Тусгай загвар |
| 警視監 | Кэйши-кан | Дэд комиссар | Олон од, навчин чимэглэл |
| 警視長 | Кэйши-чо | Ахлах комиссар | Олон од |
| 警視正 | Кэйши-сэй | Комиссар | 4 од |
| 警視 | Кэйши | Хурандаа орчим | 3 од |
| 警部 | Кэйбү | Дэд хурандаа орчим | 2 од |
| 警部補 | Кэйбүхо | Ахлах дэслэгч орчим | 1 од |
| 巡査部長 | Жүнса-бүчо | Ахлагч | Тусгай зурвас тэмдэг |
| 巡査 | Жүнса | Цагдаа | Одгүй |

Цагдаагийн албан хаагчдын зэрэг дэвийн хамгийн доод шатанд энгийн эргүүлийн цагдаа буюу “Жүнса 巡査” гэж байдаг. “Эргүүлийн цагдаа” нь ихэвчлэн гудамжинд эргүүл хийх, иргэдтэй шууд харилцах, анхан шатны мэдээлэл цуглуулах үүрэгтэй. Тэд “Кобан” буюу хэсгийн цагдаагийн байран дээр ажилладаг.
Дараагийн шат нь “Эргүүлийн дарга” буюу ”巡査部長” бөгөөд тэд анхан шатны нэгжийг удирдах үүрэг хүлээж, шинэ ажилтнуудад тушаал, заавар өгдөг.
Түүний дээр “Байцаагч” буюу “Кэйбүхо” /警部補/ болон “Кэйбү“/警部/ цолтнууд байх бөгөөд мөрдөн байцаалтын багийг удирдах, тодорхой хэргийг хариуцан шийдвэр гаргах, гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй. Ялангуяа “Кэйбү” нь нэгж, хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэж, өдөр тутмын үйл ажиллагааг удирддаг.
Түүнээс дээш байх “Кэйши” нар нь дунд шатны удирдлага байх бөгөөд хэлтэс, тасгийн даргын үүрэг гүйцэтгэнэ. “Кэйши-сэй” /警視正/, “Кэйши-чо” /警視長/ нь дээд шатны удирдлагын түвшинд хамаарч, томоохон нэгж, бүс нутгийн цагдаагийн байгууллагыг удирдах үүрэгтэй байдаг.
Цагдаагийн газрын дээд шатны зэрэг дэв нь “Кэйши-кан” /警視監/ болон “Кэйши-сокан” /警視総監/ юм. “Кэйши-сокан” цол нь зөвхөн Цагдаагийн Ерөнхий газрын даргад олгогддог онцгой албан тушаал бөгөөд Японы цагдаагийн дээд цол юм.
Цагдаагийн доод шатны албан хаагчид нь иргэдтэй шууд харилцаж, хэргийн мөрдөн шалгах бодит үйл ажиллагааг явуулдаг бол дунд шатны албан хаагчид нь мөрдөн шалгах ажиллагаа, багийг зохион байгуулах ажлыг хариуцдаг. Харин дээд шатны удирдлага нь бодлого боловсруулах, чухал шийдвэр гаргах, олон нийтийн аюулгүй байдлыг стратегийн түвшинд хангах үүрэгтэй байдаг.
Японы цагдаагийн байгууллагад сахилга бат, албан тушаалын гинжин хэлхээ маш хатуу мөрдөгдөж, аль ч албан тушаалтан өөрөөсөө дээд шатны удирдлагын зааврыг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд энэ нь үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангахад чухал үүрэгтэй байдаг. Албан хаагчид нь туршлага, шалгалт, ажлын гүйцэтгэлээс хамааран дэвших боломж нь нээлттэй байдаг.
Японы хэмт хэргийн ангилал ба хэргийн тоо
Японд гарч буй эрүүгийн гэмт хэргийг доорх байдлаар ангилна. Үүнд:
- Онц ноцтой гэмт хэрэг /凶悪犯/
Хүний амь нас хөнөөх(人殺し), хулгай дээрэм(強盗), санаатай гал тавих(放火), хүчин(強制性交等)зэрэг онц ноцтой гэмт хэрэг энд багтах бөгөөд 2023–2024 онд энэ ангиллын гэмт хэрэг 5,750 орчим гарчээ. - Танхайн гэмт хэрэг /粗暴犯/
Хүч хэрэглэх(暴行), хүний бие, эрүүл мэндэд гэмтэл учруулах(傷害), айлган сүрдүүлэх (脅迫), айлгаж эд зүйлсийг нь дээрэмдэх(恐喝)зэрэг гэмт хэрэг багтдаг. Энэ төрлийн гэмт хэрэг нь жилд хэдэн арван мянгаар гардаг. - Хулгайн гэмт хэрэг /窃盗犯/
Японд хамгийн түгээмэл тохиолддог гэмт хэрэг бөгөөд 2024 онд бүртгэгдсэн бүх гэмт хэргийн 70%-ийг эзэлж байв. Халаасны хулгай, дэлгүүрээс эд зүйл хулгайлах, унадаг дугуй хулгайлах зэрэг хэрэг олон гардаг. - Залилангийн хэрэг /知能犯/
Залилан(詐欺), хуурамчаар үйлдэх(偽造), авилга(汚職), эд хөрөнгө шамшигдуулах (横領) гэсэн хэргүүд энд орно. Энэ төрлийн гэмт хэргийн арга нь сүүлийн жилүүдэд нарийсаж, нэр төрөл нь олширч, “тусгай аргын залилан” болон “өндөр технологи ашигласан залилан” хийх тоо хэмжээ нэмэгдэж байна. - Ёс суртахууны гэмт хэрэг /風俗犯/
Энэ ангилалд мөрийтэй тоглоом(賭博), садар самуун (わいせつ) гэсэн хэргүүд ордог.
2023–2024 онд Япон Улсад эрүүгийн 700,000 орчим хэрэг бүртгэгдсэнээс хулгай 70%-ийг эзэлж, онц ноцтой гэмт хэрэг 5,000–6,000 орчим, залилан 57,000 орчим байжээ. Түүнчлэн ёс суртахууны гэмт хэрэг өмнөх жилээс өссөн байна.
Гэмт хэргийн илрүүлэлтийн төвшин ба гэмт хэргийн мэдээ тайлан:
Гэмт хэргийн илрүүлэлтийн төвшин /検挙率, crime clearance rate/ бол Цагдаагийн газрын үр дүнгийн нэгэн гол үзүүлэлт бөгөөд илэрсэн гэмт хэргээс хэд нь шийдэгдэж (сэжигтэнг баривчилсан аль эсвэл хэргийг хаасан) байгааг хувь хэмжээгээр илэрхийлдэг статистик үзүүлэлт юм. 2023 онд Япон Улс дахь гэмт хэрэг илрүүлэлтийн төвшин 30% орчим байна. Энэ нь нийт илэрсэн гэмт хэргийн 1/3 нь л шийдэгдэж байна гэсэн хэрэг юм.
Хүнд гэмт хэрэг (жишээ нь хүн амины хэрэг, хүн хулгайлах гэх мэт) нь ~90 % орчим гэсэн өндөр илрүүлэлттэй байдаг бол хулгайд юмаа алдах, эд зүйлээ эвдүүлэх зэрэг жижиг зөрчлийн хувьд илрүүлэлт нь харьцангуй багасдаг. “Илэрсэн гэмт хэрэг” гэдэг нь бодит гэмт хэргийн тоог бүрэн илэрхийлэхгүй бөгөөд цагдаад мэдээлээгүй “далд гэмт хэргийн тоо” /暗数/ нэлээд бий.
Гэмт хэргийн гаралт, чиг хандлага болон илрүүлэлт зэрэг тоо баримтыг дараах эх үүсвэрээс олж харж болно. Үүнд:
- Японы албан ёсны статистик Japanese Statistical Yearbook
Жилийн статистик тайлан /日本統計年鑑/ гэсэн статистик мэдээг Засаг захиргааны яамны харьяа Статистикийн төв газар /総務省統計局/ эрхлэн гаргадаг бөгөөп эндээс “мэдэгдэж буй гэмт хэргийн тоо” /刑法犯認知件数/, илрүүлсэн хэргийн тоо /検挙件数/, илэрсэн хэрэгт баривчлагдсан хүний тоо/検挙人員/ зэргийг олж харж болно.
https://www.stat.go.jp / япон хэлээр/
https://www.stat.go.jp/english /англи хэлээр/
- Гэмт хэргийн цагаан ном
Японы Хууль зүйн яам /法務省/, Цагдаагийн Ерөнхий газар /警察庁/,Прокурорын Ерөнхий газар /検察庁/ хамтран эрхлэн гаргадаг “Гэмт хэргийн цагаан ном” /犯罪白書, Criminal White Paper/ нь бүх төрлийн гэмт хэрэг, түүний илрүүлэлт, сэжигтний болон баривчлагдаж саатуулагдсан, ял авсан хүний тоо, нас, хүйсийн статистик, тухайн жилийн хандлага (өсөх/бага болох) зэрэг хамгийн дэлгэрэнгүй график, хүснэгтийг агуулсан байдаг.
https://www.moj.go.jp/housouken
https://www.moj.go.jp/EN/housouken
Японы цагдаагийн албан хаагчийн хэрэгсэл, тээврийн хэрэгсэл
Японы цагдаагийн албан хаагч нь өдөр тутмын ажлаа гүйцэтгэхдээ олон төрлийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ашигладаг. Эдгээр нь тэдний аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг үр дүнтэй явуулах, иргэдэд түргэн шуурхай үйлчлэхэд чиглэгдсэн байдаг. Энгийн эргүүлийн цагдаа буюу “Жүнса” /巡査/ нар нь өдөр тутам эргүүл хийх, гудамжинд ажиллах үедээ цамц, малгай зэрэг дүрэмт хувцас өмсдөг. Мөн цагдаагийн албан тэмдэг, үнэмлэх, радио харилцааны төхөөрөмж биедээ байнга авч явдаг.
Цагдаагийн ажилтан биедээ авч явдаг гол хэрэгсэл нь:
- Бороохой /警棒(つえ / たんぼう)/ – Хамгаалалтын арга хэмжээ авах шаардлага үүссэн тохиолдолд боломжит аюулыг намжаах.
- Гав /手錠(てじょう)/ – Сэжигтнийг баривчлах, хөдөлгөөнийг хязгаарлах
- Нулимс асгаруулагч /催涙スプレー(さいるいスプレー)/ – Хурц, хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн сэжигтнийг тайвшруулах, цочрол үүсгэх
- Гар буу /拳銃(けんじゅう)/ – Энгийн үед өдөр тутмын ажлын үед гар буу биедээ авч явах нь ховор боловч шаардлагатай үед ашиглах гар бууг цэрэг, онцгой албаны албан хаагчаас гадна цагдаад төрөөс тавьж олгодог.
- Богино долгионы станц /無線機(むせんき / ラジオ)/ – Шуурхай мэдээлэл солилцох, бусад нэгж, цагдаатай холбогдох.
Дээрх гар дээрх хэрэгслийг цагдаагийн албан хаагч нь байцаалт явуулах, эргүүл хийх, гэмт хэрэг ослын газарт очих, гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг өдөр тутмын ажиллагааны үеэр байнга биедээ авч явах үүрэгтэй байдаг. Мөн бичиг баримт, тэмдэглэл хөтлөх дэвтэр, зааварчилгаа, анх шатны тусламж үзүүүлэх хэрэгсэл зэрэг чухал зүйлсийг биедээ авч явдаг.
Тээврийн хэрэгслийн хувьд тухайн албан хаагчийн гүйцэтгэх үүрэг, ажиллах газраас нь хамаарч өөр байдаг. Хотын төв, замын хөдөлгөөн ихтэй газруудад ихэвчлэн явган эргүүл хийх, дугуй, мотоцикль ашигладаг. Ялангуяа хэсгийн цагдаа нь “Кобан” орчимдоо эргүүл хийхдээ унадаг дугуй ашиглах нь түгээмэл. Энэ нь шилжилт хөдөлгөөн хийхэд хурдан, уян хатан байдаг. Харин замын цагдаа гар нь хурдны зам, замын хөдөлгөөний хяналт хийх, ослын газарт яаралтай очих үүднээс мотоцикль ихээр ашигладаг.
Их хот, муж, мужийн төвд “эргүүлийн автомашин” хамгийн түгээмэл хэрэглэх бөгөөд хэргийн газарт хурдан хүргэх, олон ажилтан хамтарч ажиллах боломж олгодог. Автомашин нь гэмт хэрэг, ослын газар түргэн шуурхай очих үүднээс гэрэл дохио, аваарын дохио, радио харилцааны төхөөрөмжөөр тогоглогдсон байдаг. Мөн усан онгоц, нисдэг тэрэг болон галт тэрэгт онцгой шаардлага үүссэн үед ажиллах тусгай баг гэж байдаг.
Хяналтын камер болон энгийн хувцастай цагдаа
Япон Улс нь олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс зам, гудамж талбай, олон нийтийн газар, худалдааны төв зэрэгт “өргөн анцгийн хяналтын камер” (監視カメラ / CCTV) олноор суурилуулсан байдаг. Эдгээр камер нь нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, осол, танхайрах үйлдлээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй бөгөөд дэлхийн бусад орнуудтай харьцуулахад илүү их хүрээг хамарсан байдаг. Гэхдээ нийт хяналтын камерын дийлэнх хэсэг нь нийтийн болон хувийн байгууллагын эзэмшилд байдаг. Үүнд:
- Хотын болон нийтийн зам талбай, гудамж: Хотын захиргаа, орон нутгийн засаг захиргаа суурилуулна.
- Дэлгүүр, банк, гал тэрэгний буудал: Аюулгүй байдлаа хангах, хулгай, гэмт хэрэг, танхайралтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хувийн байгууллага, хамгаалалтын албанаас камер суурилуулдаг.
Эдгээр камер дотроос цагдаагийн албан байгууллагын шууд хяналтад ашигладаг нь 5–10 орчим хувийг л эзэлж, үлдсэн камер нь хувийн байгууллага, орон нутгийн засаг захиргааны мэдэлд байдаг. Цагдаагийн камерын ашиглалт нь:
- Гэмт хэргийн шуурхай илрүүлэлт – Камерын бичлэгийг цагдаа ослын шалтгаан, гэмт хэрэг илрүүлэхэд шуурхай ашиглаж, сэжигтний үйлдэл, хөдөлгөөнийг хянадаг.
- Сэжигтнийг олж тодорхойлох, мөрдөн байцаалтыг дэмжих – Камерын бичлэг нь гэрчийн мэдүүлэг, нотлох баримтын хамт шүүхэд ашиглагддаг.
- Урьдчилан сэргийлэх – Камер суурилуулах нь гэмт хэрэг үйлдэх эрсдлийг бууруулж, нийтийн аюулгүй байдлыг сайжруулахад нөлөөлдөг.
Камерын бичлэг ашиглах эрхзүйн үндэслэл:
Бүх камер цагдаагийн шууд хяналтад байдаггүй тул нийтийн болон хувийн байгууллагын камерын бичлэгийг ашиглах шаардлага гарсан тохиолдолд хүний хувийн нууц болон мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах Япон Улсын холбогдох хуулийн дагуу эрх зүйн үндэслэл гаргаж, зохих зөвшөөрөл авах шаардлага үүсдэг. Үүнд:
Эрүүгийн хэргийг байцаан шийтгэх тухай хууль 刑事訴訟法 (Code of Criminal Procedure)
- Хэрвээ гэмт хэрэг үйлдэгдсэн бол цагдаа, прокурор тухайн бичлэгийг нотлох баримт болгон ашиглах эрхтэй.
- Гэхдээ зөвхөн “хэрэгт шууд холбогдох” зорилгоор ашиглах боломжтой.
Хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль 個人情報保護法 (Act on the Protection of Personal Information)
- Хувийн байгууллага, байгууллагын камерт бичигдсэн хувийн мэдээллийг хамгаалдаг.
- Цагдаа бичлэгийг авахдаа тухайн байгууллагын зөвшөөрөл эсвэл хуульд заасан нөхцөл (шүүхийн захирамж, мөрдөн байцаалтын шаардлага) хангах шаардлагатай.
Цагдаагийн албан үүргийн тухай хууль 警察官職務執行法 (Police Duties Execution Act)
- Цагдаа ажлаа хийхдээ бусдын эд хөрөнгө, хувийн мэдээллийг хамгаалах үүрэгтэй.
- Бичлэгийг ашиглахдаа зөвхөн хэрэг, мөрдөн байцаалттай шууд холбоотой мэдээллийг ашиглана.
Хяналтын камерын бичлэгийг авах боломж ба процедтур:
- Хувийн байгууллагаас Цагдаагийн газар бичлэг авах шаардлага үүсвэл тухайн байгууллагатай харилцаж, зөвшөөрөл авна.
- Хэрэв байгууллага татгалзвал шүүхийн захирамж гаргуулж, албан ёсоор бичлэгийг хүлээн авдаг.
- Нийтийн зам талбай, гудамжны камерыгголдуу орон нутгийн засаг захиргаа эзэмшдэг тул бичлэгийг нь Цагдаагийн газраас шууд хүсэлт гаргаж авах эсвэл шүүхийн шийдвэрээр гаргуулах боломжтой.
- Бичлэгийг зөвхөн хэрэгтэй ажилд, холбоотой хугацаанд ашигладаг.
- Бичлэгийг бусад зорилгоор тараах, олон нийтэд дэлгэхийг хуулиар хориглодог.
Энгийн хувцастай цагдаа:
Японд энгийн хувцастай цагдаа (平服警察官) гэдэг нь дүрэмт хувцасгүйгээр ажиллаж буй цагдааг хэлэх бөгөөд голчлон гэмт хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах, нууц ажиллагаа явуулах, урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг. Тэд голдуу мөрдөн байцаах хэлтэс, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх нэгж, терроризм болон хар тамхитай тэмцэх тусгай тасгуудад харьяалагдана. Ийм цагдаа нар нь энгийн иргэнтэй адил харагддаг тул сэжигтнийг ажиглах, мэдээлэл цуглуулах, олон нийтийн арга.