ПРОКУРОРЫН ТОГТОЛЦОО
2026-06-27
Япон Улсад прокурорын байгууллага захиргааны байгууллага болох Хууль зүйн яаманд албан ёсоор харьяалагддаг тул прокурор нь төрийн албан хаагч байдаг. Гэвч практикт тэд харьцангуй бие даасан байдлаа хадгалж, Хууль зүйн сайдын зүгээс тодорхой аль нэгэн хэрэгт шууд заавар өгөх нь тун ховор байдаг. Иймд Япон улсын тогтолцоог тодорхой хэмжээнд бие даасан давхар шинжийг агуулсан “дундын хэлбэр”-тэй загвар гэж үзэж болно. Япон Улсын хувьд прокурор нь “яллах тохиромжийн зарчим”-ыг мөрдлөг болгон сэжигтний гэм бурууг тогтоох өндөр эрх мэдэлтэй бөгөөд зөвхөн баримт нотолгоо бүрдсэн, ял авах өндөр магадлалтай тохиолдолд л яллах шийдвэрийг гаргадаг.
Япон Улсын прокурор нь шүүхийн өмнө нийгмийн эрх ашгийг төлөөлж, гэмт хэргийг шударгаар шалгаж, яллах эсэхийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах зэргээр мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд шүүхийн шийдвэр биелүүлэх хүртэлх бүхий л үе шатанд гол үүрэг гүйцэтгэгч байдаг.
Манай иргэдийн хувьд Япон Улсын прокурорын эрх үүрэг, Монгол Улсын тогтолцоотой адил төстэй болон ялгаатай талыг нь мэдэж байх нь хэл, хууль, соёлын ялгаатай нөхцөлд өөрсдийн эрхээ зөв хамгаалах, хууль ёсны шударга шийдвэр гаргуулахад чухал ач холбогдолтой юм.
Прокурорын тогтолцооны түүх
Орчин үеийн Прокурорын тогтолцоо нь XIII зууны орчимд Францын хааны эрх ашгийг хамгаалах үүрэгтэй “хааны төлөөлөгч (Procureur de roi)”-өөс эхтэй гэж үзэгддэг. “Хааны төлөөлөгч” нь торгууль ногдуулах, хөрөнгө хураах зэрэг ажлыг хариуцдаг байснаа хааны эрх мэдэл нэмэгдэхийн хэрээр улс, нийгмийн нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээх болжээ. XVI зууны дунд үеэс прокурор нь иргэдийн гомдол, мэдүүлгийг шууд хүлээн авч, гэмт хэргийн мөрдлөг хийж, гэмт этгээдийг шүүхэд яллагдагчаар оруулж, ял шийтгэл гүйцэтгэх үеийн нийтийн ашиг сонирхлын төлөөлөгчөөр ажиллаж, иргэний маргаан тасалж, шүүхийн захиргааны үйл ажиллагааг хянах болсон байна.
Дараа нь 1789 онд гарсан Францын хувьсгалын улмаас “хааны төлөөлөгч” тогтолцоо устаж, 1801 оны хуулиар “төр, ард түмний төлөөлөгч” гэх илүү нээлттэй прокурорын алба бий болж, төрөөс прокурорын оролцоотой гэмт хэрэгтнийг яллах, шүүхээс түүнийг нь шүүн шийдвэрлэх тухай 1808 оны 11 сарын 27-ны Ял шийтгэлийн тухай хуулиар (Code d’instruction criminelle) “прокурор”-ын энэхүү шинэ тогтолцоо хуульчлагдаж, яваандаа Герман зэрэг Европын бусад орнуудад нэвтэрсэн байна.
Япон Улс дахь прокурорын тогтолцооны түүх
Японы түүхэнд “прокурор” маягийн албан тушаал Яоро 5 он (721) орчимд анх бий болсон гэж үздэг. “Японы түүхийн тэмдэглэл” сударт тэмдэглэснээр, Киай нутагт гэмт зөрчлийг шийтгэх үүрэгтэй шүүгч буюу “Сэккан” /“攝官”/-ыг дэмжих үүрэгтэй “Кэнжи” /“検事”/ гэх албан тушаал байсан нь өнөөгийн прокурорын нэршил болжээ. 17-19 дүгээр зуун буюу “Эдо үе”-д гэмт хэргийн хяналт, шийтгэлийг хотын албан хаагч хариуцаж байжээ.
Мэйжи эринд Япон Улсад төрийн албан хаагчдын ёс суртахууны зөрчил, дотоод болон гадаадын хууль бус үйлдлийг шийтгэх үүрэгтэй Данджёодай (弾正台) хэмээх байгууллага байгуулагдаж, өнөөгийн шүүгч ба прокурорын аль алиных нь ажил үүргийг гүйцэтгэдэг байжээ. 18 дугаар зууны эцсээр “Мэйжийн шинэчлэл” болж Францын тогтолцоог хуулбарлаж орчин үеийн прокурорын тогтолцоог бий болгосон. Үүнээс хойш орчин үеийн прокурорын тогтолцоо Японд бүрэлдэн тогтсон бөгөөд хэд хэдэн удаа өөрчлөлт шинэчлэл хийжээ. Үүнд:
• Мэйжи 5 он (1872.08) – Шүүхийн үүргийг зохицуулсан журам батлагдсан.
Уг журмаар Шүүх яам (司法省) байгуулагдаж, прокурорын тогтолцоо эхэлсэн гэж үздэг. Энэ үед Францын прокурорын тогтолцоог үндсэндээ хуулбарлаж хэрэглэсэн хэдий ч хуучин Японы хууль тогтоомж нь Данджёодай-тай төстэй үүргийг прокуророос шаардаж байв.
• Мэйжи 6 он (1873) – Хууль боловсруулах ажил идэвхжсэн.
o Парисын их сургуулийн профессор Боасонардыг урьж ирүүлсэн.
• Мэйжи 13 он (1880) – “Ял шийтгэлийн хууль (治罪法)” батлагдсан
• Мэйжи 15 он (1882) – “Ял шийтгэлийн хууль” хэрэгжиж эхэлсэн
o Энэ хуулиар гэмт хэрэгтнийг яллах (公訴権) эрх бүхий байгууллага бий болж, улсын прокурорын эрх мэдэл, өмгөөллийн эрх баталгаажиж, хуучин тогтолцоог халсан. Гэвч урьдчилсан шүүхийн (予審制) тогтолцооны хүрээнд шүүгч шууд баримт нотолгоо цуглуулах үүрэгтэй байжээ.
• Мэйзи 23 он (1889.02) – “Шүүхийн бүтцийн хууль” батлагдсан
o Ял шийтгэлийн хууль нь тухайн үеийн нөхцөлд тохирохгүй, дутагдал их байсны улмаас Герман хуульч Рудольфын боловсруулсан төсөлд үндэслэн уг хуулийг баталсан.
o Энэ хуулиар прокурорын газар шүүхэд харьяалагдаж, прокурор шүүхээс томилогдож, цалин хөлс нь шүүгчтэй ижил байсан. Гэхдээ эрх үүрэг нь өнөөгийн прокурорын тогтолцооны үндэс болсон.
• Мэйжи 23 он (1889.10) – Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хууль батлагдсан
• Тайшо 11 он (1922.05) – Хуучин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд өөрчлөлт оруулж батласан.
1923 онд Прокурорын тухай хууль батлагдаж, прокурорын бие даасан байдал, шүүх эрх мэдлийн нэг хэсэг болж хуульчилагдсан. Тэр үеийн прокуроруудын эрх мэдэл өндөр, баривчилгаа, яллах ажиллагаанд өргөн шийдвэр гаргах эрхтэй байсан.
• Шова 22 он (1947.04.16) – 1947 онд Японы Үндсэн хууль батлагдсантай холбогдуулан “Прокурорын байгууллагын тухай хууль” (検察庁法) батлагдсан. Ингэснээр Прокурорын бие даасан байдал болон яллах эрх (公訴権) баталгаажиж, өнөөгийн бүтэц, үүрэгтэй ойролцоо болсон.
• Шова 23 он (1948.07.10) – “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль””д өөрчлөлт оруулж батласан.
o Дэлхийн II дайны төгсгөлд, АНУ болон холбоотны цэргийн удирдлага дор өнөөгийн прокурор, прокурорын байгууллага үүссэн.
Ийнхүү өнөөгийн эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тогтолцоо бүрэлдэн Үндсэн хуульд заасан шүүх засаглалын гурав дахь эрх мэдлийн хуваарилалт баталгаажиж, шүүх нь Хууль зүйн яамны удирдлагаас гарч хараат бус, бие даасан байгууллага болсон. Прокурорын тухайд шүүхийн хуулиас тусдаа Прокурорын байгууллагын тухай хууль батлагдсанаар бүтэц, эрх мэдэл нь тодорхой болж, шүүхээс тусдаа гарсан байна. Ингэснээр прокурорын үүрэг нь эрүүгийн шүүхэд оролцох, шүүхээс хяналт тавих, хэрэг шалгах, шүүхэд яллах зэрэгт улам тодорхой болжээ.
Прокурорын тогтолцоотой холбоотой хууль эрх зүйн орчин
(1) Прокурорын газар (検察庁法)
1947 онд батлагдсан энэхүү хуульд Прокурорын байгууллага, ажилтаны эрх үүргийг тогтоож өгчээ. Үндсэн агуулга нь:
1. Бүрэлдэхүүн: Ерөнхий прокурорын газар, Дээд шатны прокурорын газар, Орон нутгийн прокурорын газар
2. Прокурорын томилгоо, эрхийн хамгаалалт
3. Яллах / ялаас чөлөөлөх эрхийн зохицуулалт
https://laws.e-gov.go.jp/
(2) Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль (刑事訴訟法)
1948 онд батлагдсан энэхүү хуульд доох агуулга тусчээ. Үүнд:
1. Хэргийг мөрдөх, хаах эрх
2. Баривчилгаа, хорих шаардлага
3. Яллах / ялаас чөлөөлөх шийдвэр
4. Шүүх дэх прокурорын үүрэг
https://www.japaneselawtranslation.go.jp/
(3) Бусад холбогдох хууль
• Аюулгүй байдалтай холбоотой хуулиуд (公安関連法) – онц ноцтой гэмт хэрэгтэй холбоотой хуулиуд
https://www.moj.go.jp/psia/kouan_horei_index.html
• Хүүхэд, өсвөр насны гэмт хэрэг (児童・少年法)
https://www.japaneselawtranslation.go.jp/
• Эрүүгийн тусгай хуулиуд (贈収賄эдийн засгийн гэмт хэрэг гэх мэт)
→ Прокурор эдгээр хэргийг мөрдөн шалгах, яллах үүрэгтэй.
https://www.japaneselawtranslation.go.jp/
Японы прокурорын тогтолцооны онцлог:
Прокурор болон прокурорын газрын бүтэц, үйл ажиллагаа нь захиргаа ба шүүхийн аль алины шинжийг агуулсан байдаг. Гол онцлогийг дурдвал:
1. Япон Улсын хувьд прокурорын байгууллага нь шүүх засаглалд бус гүйцэтгэх засаглалд хамаарч, Хууль зүйн яамны харьяанд үйл ажиллагаа явуулдаг төрийн тусгай агентлагийн хэлбэрээр ажилладаг.
2. Прокурорууд нь гэмт этгээд, гэрчийг шууд байцаах зэрэг баримт нотолгоо цуглуулах ажлыг идэвхтэй, шууд гардан гүйцэтгэдэг.
3. Прокурорууд нь зөвхөн баримт нотолгоо бүрэн, ял авах өндөр магадлалтай тохиолдолд л яллах шийдвэр гаргадаг. Яллах тохиромжийн зарчим (起訴便宜主義) гэдгийг мөрдлөг болгодог.
Энэ нь гэмт хэргийн хангалттай сэжиг байгаа, шүүхийн нөхцөл бүрэн бүрдсэн байсан ч гэмт этгээдийн нас, зан байдал, гэмшил, хохирлыг барагдуулсан байдал, дахин хэрэг үйлдэх эрсдэл, нийгэмд үзүүлэх нөлөө зэрэг нийгмийн ашиг сонирхлыг харгалзан үзээд прокурорын хувийн шийдвэрээр хэрэгт яллахгүй байх зарчим юм. Өөрөөр хэлбэл прокурор нь сэжигтнийг заавал “яллах ёстой” биш, “яллах эсэхээ сонгох эрхтэй”. /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (刑事訴訟法)-ийн 248-р зүйл / аж. Гэхдээ тэдний гаргасан “урьдчилан гаргасан яллахгүй байх шийдвэр”-ийн эсрэг гомдол гаргавал Прокурорын зөвлөл (検察審査会) хянан үзээд “яллах шийдвэр гаргах” боломжийг тусгай журмаар зааж өгсөн байдаг.
4. Япон Улсын эрүүгийн шүүх эрх мэдлийн үйл ажиллагаанд прокурор нь улсын өмнөөс эрүүгийн хэрэг үүсгэх гол байгууллага бөгөөд:
• Хэргийг шалгаж, баримт цуглуулах
• Шүүхэд яллах үйл ажиллагааг явуулах
• Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих гэсэн үндсэн үүрэг, функцыг хэрэгжүүлж байна.
https://www.kensatsu.go.jp/
Прокурорын ажилтны эрх, үүрэг
Прокурорын үндсэн зорилго нь улсын болон нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах явдал бөгөөд эрхээ хэрэгжүүлэхдээ шударга, хөндлөнгийн, хараат бус, тэгш байдлыг чанд баримтлах үүрэгтэй. Түүнчлэн хэрэг шийдвэрлэлтийн явцад хүний эрхийг хүндэтгэх нь прокурорын ажлын үндсэн зарчим юм.
Прокурорын ажилтаны хуульд заасан эрхүүд гэвэл:
1. Сэжигтнийг шалгах
o Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 198 дугаар зүйл.
2. Шүхийн баривчлах захирамжийн дагуу баривчлах
o Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 199 дугаар зүйл 1 дэд хэсэг.
3. Яаралтай баривчилгаа болон баривчлах захирамж нөхөн гаргуулах
o Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 210 дугаар зүйл.
4. Саатуулах, мөрдөн шалгах, гэрчлэх, нэгжлэг, биеийн үзлэг хийх захирамж гаргуулах ба хэрэгжүүлэх
o Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 218 дугаар зүйл 1 дэд хэсэг.
5. Гуравдагч этгээдийг шалгах болон шинжээчээр үнэлгээ гаргуулах
o Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 223 дугаар зүйл 1 дэд хэсэг.
6. Сэжигтнгд үзлэг, шинжилгээ хийхээр саатуулах, шинжээчийн үнэлгээ гаргуулах зөвшөөрөл хүсэх
o Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 224 дугаар зүйл 1 дэд хэсэг.
7. Прокурорын тушаалаар үзлэг хийх
o Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 229 дугаар зүйл 2 дугаар хэсэг.
Прокурорын газар ба түүний бүтэц
Прокурорын газар нь доорх үе шаттай. Үүнд:
1. Прокурорын Ерөнхий газар (最高検察庁Supreme Public Prosecutors Office) – бүх прокурорын газрыг ерөнхийлөн удирдаж, Ерөнхий прокурор (検事総長Prosecutor General) тэргүүлнэ.
https://www.kensatsu.go.jp/kakuchou/supreme/supreme.htm
2. Дээд шатны прокурорын газар (高等検察庁) – бүс нутгийн хэргийг хянах, доод шатны газрыг хянах үүрэгтэй.
https://www.kensatsu.go.jp/kakuchou/h_tokyo/index.html
3. Орон нутгийн прокурорын газар (地方検察庁) – муж, хотын хэрэг хариуцна.
https://www.kensatsu.go.jp/kakuchou/
4. Дүүргийн прокурорын газар (区検察庁)–зөрчил, хөнгөн гэмт хэрэг хариуцна
https://www.kensatsu.go.jp/kakuchou/tokyo/page1000037.html
Дээд шатны болон орон нутгийн прокурорын газар нь шаардлагатай бол салбар нэгжээ байгуулдаг. Прокурорын газарт прокурор болон прокурорын туслах, прокурорын газрын ажилтан нар харьяалагдана.
“Прокурорын байгууллагын ажилтнуудын цалин хангамжийн тухай” хуулиар прокурорын байгууллагын ажилтаны цаоин хөлсийг тогтоодог.
Хууль: https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/4907/ja
Хууль зүйн яамны бүтэц дотор Эрүүгийн хэргийн газар /Criminal Affaris Bureau/ гэж байдаг бөгөөд түүний дор Ерөнхий хэргийн хэлтэс /General Affairs Division/, Эрүүгийн хэргийн хэлтэс /Criminal Affairs division/, Нийгмийн аюулгүй байдлын хэлтэс /Public Security Division/, Эрүүгийн хууль эрх зүйн хэлтэс /Criminal Legislative Division/, Олон улсын хамтын ажиллагааны хэлтэс / Intennational Affairs Division/ гэсэн 6 хэлтэс байдаг. Прокурорын газрыг Эрүүгийн хэргийн хэлтэс хариуцдаг. Прокурорын Ерөнхий газар нь Хууль зүйн яамны холбогдох албан тушаалд хүмүүсээ сэлгэн байршуулах журмаар томилон ажиллуулдаг.
Прокуроруудын албан тушаалын ангилал
Прокурор нь Ерөнхий Прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Ахлах Прокурор, Прокурор, Прокурорын туслах гэсэн албан тушаалын ангилалтай. Үүнээс Ерөнхий Прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Ахлах Прокурорыг Засгийн газар томилж, Эзэн хаан баталгаажуулдаг.
Орон нутгийн прокурорын газрыг прокуроруудын дундаас томилогдсон Ахлах Прокурор (検事正 chief prosecutor) ахалдаг.
• Ерөнхий Прокурор нь Ерөнхий прокурорын газрын тэргүүн бөгөөд прокурорын бүх байгууллагын ажилтан албан хаагчдыг удирдан хянадаг.
• Ерөнхий прокурорын орлогч нь Ерөнхий прокурорын газарт харьяалагдаж, Ерөнхий прокурорын ажилд дэмжлэг үзүүлж, Ерөнхий Прокурорын эзгүйд орлон ажилладаг.
• Ахлах Прокурор нь дээд шатны прокурорын газрын тэргүүн байх бөгөөд харьяа газар болон харьяа шүүхийн тойрогт хамаарах прокурорын газруудыг удирдан хянадаг.
• Прокурор нь дээд, дунд болон орон нутгийн прокурорын газарт харьяалагдаж, мөрдлөг, шүүхээр яллах болон шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдлага хяналтаар хангах үүрэг гүйцэтгэдэг.
• Прокурорын туслах нь дүүргийн прокурорын газарт харьяалагдаж, мөрдлөг, шүүхээр яллах болон шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан хянах үүрэгтэй.
| Ангилал | Шаардлагатай мэргэжил | Гол үүрэг |
| Прокурор | Хуульч, мэргэжлийн боловсролтой | Хэрэг шалгах, яллах, шүүхэд оролцох |
| Прокурорын туслах | Хууль, эрх зүйн боловсролтой | Хэрэг шалгахад туслах, бичиг хэрэг боловсруулах |
| Мэргэжлийн албан хаагчид / техникийн ажилтан | Мэргэжлийн сургалттай (IT, санхүү, бичиг хэрэг) |
Баримт бүрдүүлэх, техникийн дэмжлэг, мэдээлэл боловсруулах |
Прокурорын ажил үүрэг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл явцын дараалал
Япон Улсад эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх үйл явц дараах байдалаар явагддаг. Үүнд: Гэмт хэрэг үйлдэгдэх ----Цагдаагийн байгууллага анхан шатны мөрдөн байцаалт явуулах -----Холбогдох материалыг прокурорт шилжүүлэх----Прокурорт хэргийг хүлээн авч шалгах ----Яллах эсэхийг шийдвэрлэх ---Яллах шийдвэр гаргавал → Хэргийг шүүхэд шилжүүлэх, Яллахгүй шийдвэр гаргавал → Хэргийг хаах
Сэжигтэн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд мөрдөн байцаалтыг гэрээр гаргаж аль эсвэл түр саатуулах байранд саатуулж явуулдаг. Сэжигтэн түр саатуулагдах үедээ шүүх, прокурорт тайлбар өгөх, өмгөөлөгч томилох эрхтэй. Цагдаагийн мөрдөн байцаалт 48 цаг, прокурорт шилжүүлээд 24 цагийн дотор яллах эсэхийг шийддэг. Хэрэг шүүхэд шилжвэл прокурор нь нотлох баримтад үндэслэн яллах (起訴) эсвэл яллахгүй (不起訴) гэлгээ шийднэ. Яллах шийдвэрийг нийтийн шүүх хурал (公判請求) аль эсвэл хялбаршуулсан шүүх хурлаас тогтоол хэлбэрээр (略式命令) гаргаж болно. Сэжигтэн өмгөөлөгчтэй холбогдох эрхээ бүрэн ашиглах нь чухал бөгөөд яллахгүй гэж шийдэгдсэн тохиолдолд хохирогч Прокурорын хяналтын хороонд гомдол гаргах боломжтой байдаг.
Шүүх нь хэргийг хэлэлцэн шийдвэр гаргах бөгөөд шийдвэр нь торгууль оногдуулах, ял оноох эсхүл цагаатгах зэрэг хэлбэртэй байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа засан хүмүүжүүлэх, ял эдлүүлэх байгууллага (шорон) болон хяналтын байгууллагууд ( хамгаалалтын хяналт) шийдвэрийг хэрэгжүүлдэг.
Ийнхүү прокурор нь мөрдөн шалгалтаас эхлэн шүүхийн шийдвэрийн хэрэгжилт хүртэлх бүх үе шатанд гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд дараахь үүрэгтэй. Үүнд:
1. Хэрэг шалгах
o Цагдаагаас ирүүлсэн хэрэг, прокурорын газарт шууд ирсэн гомдолыг шалгахаас гадна дур мэдэн анхаарал татсан ямар нэгэн хэргийг шалгах боломжтой.
o Шалгалтын үндсэн дээр сэжигтнийг шүүхэд яллах (起訴) эсвэл хэрэгсэхгүй болгох (不起訴) шийдвэр гаргадаг.
o Сэжигтнийг гэм буруутай гэж үзэж, яллах боломжтой байсан ч эрүүл мэнд, амь нас, амьдралын нөхцөл, гэмт хэргийн ноцтой байдал, бусад харгалзах нөхцөл байдлыг авч үзээд яллахгүй байх буюу яллах ажиллагааг хойшлуулах (起訴猶予) эрхтэй.
Цагдаагийн болон бусад шүүхийн мөрдлөгийн албан хаагчид (далайн эргийн хамгаалалт, хөдөлмөрийн хяналт, хар тамхины хяналтын албан хаагчид гэх мэт) шалгасан хэргийг прокурорт шилжүүлдэг. Прокурор нь хэргийг авч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авах, сэжигтнийг байцаах зэрэг мөрдлөгийг явуулсаны үндсэн дээр баримт нотолгоо, гэмт хэргийн баталгаатай байдал, ял шийтгэх шаардлага зэрэгт үндэслэн яллах эсэх (起訴 /不起訴)-ийг шийддэг.
Мөн прокурор шаардлагатай гэж үзвэл өөрөө мөрдлөг эхлүүлэх эрхтэй байдаг (独自捜査 / бие даасан мөрдлөг).
Прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хоёр хувааж болно. Үүнд ихэнх хэсгийг буюу эрүүгийн энгийн хэргийг ердийн аргаар буюу Цагдаагийн газрын тусламжтайгаар мөрдөн шалгаж, нотлох баримт цуглуулах ажлыг удирдан зохион байгуулдаг. Нөгөө нь авлигын хэрэг, татвар нуусан хэрэг, үнэт цаастай холбоотой хэрэг зэрэг эдийн засгийн чанартай гэмт хэргийн мөрдлөгийг “Тусгай хэргийн мөрдөн байцаах газар” /Special Investigation Department/ хариуцан бие дааж явуулдаг. Монгол Улсын “Авилгатай тэмцэх газар”-тай ойролцоо үүргийг энэ байгууллага хариуцдаг.
Прокурорын газар Цагдаагийн газраас хэрэг хүлээн авмагц 24 цагийн дотор саатуулах эсэх тухай шийдвэр гаргаж, шүүхээс зөвшөөрөл авсаны үндсэн дээр 10 хоног саатуулах эрхтэй. Энэ хугацаанд мөрдөн байцаах, нотлох баримт цуглуулах ажил амжихгүй бол шүүхэд дахин 10 хоног сунгах хүсэлт тавьж нийтдээ дээд тал нь 20 хоног саатуулах эрхтэй байдаг. Энэ хугацаанд цуглуулсан мэдээлэлдээ тулгуурлан гэм буруугийн дүгнэлтээ гаргаж, гэм буруутай гэж баттай итгэж буй тохиолдолд л хэрэг үүсгэн шүүхэд ханддаг. Тийм бус бол сэжигтнийг суллан явуулж,эхнээс нь дахин мөрдөн байцаах ажлыг явуулдаг. Гэм буруутайг баттай гэж үзсэн тохиолдолд л шүүхэд ханддаг тул шүүхээр орсон эрүүгийн хэргийн 99 хувьд нь ял оногдуулдаг.
2. Яллах шийдвэр гаргасан хэргээ шүүхээр шийдвэрлүүлэх
o Шүүх хурал хуралдуулж шүүн шийдвэрлэх “公判請求”, Шүүх хурал хуралдуулалгүй ажлын шугамаар бичгээр шийдвэрлүүлж торгууль, арга хэмжээ оногдуулах “略式命令請求 гэсэн 2 арга бий.
o Зарим ноцтой гэмт хэрэг нь тангарагтаны шүүх (裁判員裁判)-д хамаардаг.
Прокурор нь мөрдөн шалгалтын үр дүнд үндэслэн эрүүгийн хэрэгт яллах эсэхийг эцэслэн шийдвэрлэдэг бөгөөд уг шийдвэр нь яллах (起訴) болон хэрэгсэхгүй болгох (不起訴) гэсэн хоёр үндсэн хэлбэртэй байна.
Яллах шийдвэр гаргасан тохиолдолд прокурор нь хэргийг шүүхээр хэлэлцүүлэх (公判請求) эсхүл сэжигтний зөвшөөрөлд үндэслэн шүүх хурал явуулахгүйгээр товчилсон журмаар (略式命令請求) шийдвэрлүүлэх боломжтой. Энэ тохиолдолд прокурор нь яллах материал (起訴状)-ыг шүүхэд хүргүүлж, сэжигтний холбогдсон хэрэг, гэмт хэргийн агуулгыг албан ёсоор танилцуулдаг.
Харин хэрэгсэхгүй болгох шийдвэр нь гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдаагүй, нотлох баримт хангалтгүй, тухайн үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй, эсхүл нөхцөл байдлыг харгалзан яллах шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд гардаг. Мөн нийгмийн ашиг сонирхол, сэжигтний нөхцөл байдлыг харгалзан яллахыг хойшлуулах шийдвэр гаргах боломжтой.
3. Шүүхэд оролцох
Яллах шийдвэр гарсан хэрэгт прокурор нь шүүх хуралд оролцож, нотлох баримт танилцуулах, гэрчийг байцаах зэрэг ажиллагаагаар яллагдагчийн гэм бурууг нотлох үндсэн үүргийг хэрэгжүүлдэг. Нотлох ажиллагаа дууссаны дараа прокурор нь ялын санал (求刑) болон эрх зүйн тайлбар дүгнэлтээ танилцуулна. Хэрэв шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл прокурор дээд шатны шүүхэд давж заалдах эрхтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл явцад оролцдог цагдаагийн байгууллага, прокурорын газар, шүүхийн “гурван тал” нь харилцан уялдаа холбоотойгоор эрүүгийн хэргийг шүүх үйл явцыг хэрэгжүүлдэг.
Нийтийн шүүх хурал: Нийтийн шүүх хуралд прокурор оролцож, нотлох баримтыг шалгуулах, гэрчийн мэдүүлэг авах зэргээр яллагдагчийн гэм бурууг нотлох үүрэг хүлээдэг. Нотлох ажиллагаа дууссаны дараа прокурор нь ялын санал (求刑) болон эрх зүйн дүгнэлтээ танилцуулж, шүүхийн шийдвэр гаргах үндэслэлийг бүрдүүлнэ. Шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд прокурор дээд шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
“Сайбанин шүүх” буюу тангарагтны шүүх: Энэ нь 2009 оноос хэрэгжиж эхэлсэн шинэ тогтолцоо юм. Уг шүүхийг хүн амины хэрэг болон онц ноцтой хэргийн үед хийж, 3 шүүгч болон 6 тангарагтны оролцоотой шийдвэр гаргадаг. Шүүх хуралд оролцох тангарагтныг эрх бүхий иргэдийн жагсаалтаас санамсаргүй магадлалаар сонгоно.
Хялбаршуулсан шүүх ажиллагаа: Хялбаршуулсан шүүх ажиллагаа нь прокурорын хүсэлтээр, хөнгөн бөгөөд холбогдогсдын хувьд маргаан багатай хэргийг шүүх хурал явуулахгүйгээр ажлын шугамаар бичгээр явуулж шийдвэрлэдэг хялбаршуулсан арга юм. Энэ аргыг ихэвчлэн 1 сая иен хүртэлх торгууль ногдуулах боломжтой хэрэгт ашигладаг бөгөөд сэжигтэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай байдаг. Шүүх хялбаршуулсан байдлаар шийдвэр гаргаж, яллагдагч торгуулийг төлснөөр хэрэг хаагдах бөгөөд шийдвэрийг эс хүлээн зөвшөөрвөл 14 хоногийн дотор албан ёсны шүүхэд гомдол гаргах эрхтэй байдаг.
Нэг өдөрт шийдвэрлэх журам: Замын хөдөлгөөний болон зогсоолын зэрэг хөнгөн зөрчлийн хэргийг шийдвэрлэхэд иргэдэд хүндрэл учруулахгүй байх зорилгоор “нэг өдөрт шийдвэрлэх” тухай тусгай журам гэж байдаг. Энэ журмын хүрээнд зөрчил гаргагч этгээд цагдаагийн мөрдөн байцаалт, шалгалтад хамрагдах, прокурорын хяналт хийлгэх, улмаар шүүхийн шийдвэр гаргуулж, торгуулиа төлөх бүх үйл явцыг нэг өдөрт багтаан дуусгах боломжтой болдог.
Энгийн горимоор бол эдгээр шат дамжлага тус бүр нь өөр өөр өдөрт, тус тусдаа хариуцсан байгууллагаар нь шийдвэрлүүлэх шаардлагатай байдаг бол энэхүү шуурхай журмаар бүх процессыг нэг цэгт, богино хугацаанд шийдвэрлэх боломжтой. Торгуулийн зөрчил гаргаж Цагдаагийн газраас оногдуулсан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдол ч энэ журамд хамрагдаж болдог.
Прокурор нь шүүх хуралд оролцож нотлох баримт танилцуулахдаа:
o Шүүхэд нотлох баримт, гэрчийн байцаалт зэргийг гарган сэжигтний гэмт хэрэг үйлдсэнийг нотолж, дүгнэлт, ялын саналаа танилцуулна.
o Прокурор нь шүүхийн үед нийтийн ашиг сонирхлыг төлөөлөгч байх ёстой. Энэ үүднээс шүүхийг үнэн зөв, шударга шийдвэр гаргахыг шаардах эрхтэй. Мөн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны шүүхэд давж заалдах боломжтой.
o Прокурор нь шүүгч, иргэдэд ойлгоход хялбар, хурдан, үнэн зөв нотолгоо танилцуулахыг эрхэмлэдэг.
Шүүхийн үед Прокурор нь яллах үүрэгтэй. Шүүх хурлын эхэнд прокурор болсон хэргийн тухай уншиж сонсгож, түүний дараа гэрч дуудаж, нотлох баримтад үндэслэн сэжигтний гэм буруутай тухайг болон өгч буй ялын хэмжээгээ нотлох ёстой бол өмгөөлөгч нь гэм буруугүй болох тухай болон ялын хэмжээг хөнгөлөх тухай нотолж, мэтгэлцээний зарчид тулгуурлан шүүгчид үүнийгээ нотлох ёстой. Шүүхийн хаалтын үг хэлэх үеэр Прокурор ялын дүгнэлтээ сонсгож, шүүгч шийдвэрээ гаргадаг.
4. Шүүхийн шийдвэрээр оногдуулдаг ялын нэр төрөл
① Цаазын ял – Хууль зүйн сайдын тушаалаар хэрэгждэг.
② Эрх чөлөөг хязгаарлах хорих ял – Сэжигтнийг засан хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор хорих ялыг оноодог. Энэ нь 1 сараас 20 жил хүртэл хугаццтай байх бөгөөд нэмэлт ял оноосон тохиолдолд 30 жил хүртэл сунгагдаж болдог. Харин хөнгөрүүлэх тохиолдолд 1 сар хүртэл бууруулна. Хорих ялны биелэлтийг прокурор удирдан зохион байгуулна.
③ Өмч, мөнгөн торгуулийн ял
• Торгууль: Ихэнхдээ 1 сая иенээс дээш байдаг. Төлж чадахгүй бол 1 өдрөөс 2 жил хүртэл хөдөлмөрийн засан хүмүүжүүлэх байгууллагад хорино.
• Бага торгууль (科料): 1 мянга–1 сая иен байдаг. Төлж чадахгүй бол 1–30 хоногийн албадан хөдөлмөр хийлгэж, хорих байранд саатуулна.
• Мөнгө болон эд хөрөнгө хураах өмчийн хураалт: Шүүхийн шийдвэрээр эд хөрөнгийг хурааж, аль эсвэл үнэлсэн дүнтэй тэнцэх үнийн дүнг улсын төсөвт шилжүүлнэ.
• Дүйцүүлэн ногдуулах торгууль: Эд хөрөнгийг хураах боломжгүй үед, үнэлгээг нь улсын төсөвт шилжүүлэх ял.
• Албан татвар төлөх тушаал, төлбөрүүд: Компанийн хууль зөрчих, оршин суугчийн бүртгэлийн хууль зөрчих зэрэг нь гэмт хэрэгт тооцогдохгүй. Харин зөрчилд нь төлбөр оногдуулна.
• Шүүхийн зардал гаргуулах: Хэргийн үйл явцад зарцуулсан зардлыг буруутай талаар гаргуулна. Санхүүгийн боломжгүй, ядуу амьдралтай иргэд хөнгөлөлт хүсэж болдог.
• Түр төлбөр: Шүүхийн шийдвэр эцэслэн батлагдахаас өмнө хэрэгжүүлэх торгууль, дүйцүүлэн ногдуулах торгууль зэрэг.
Дээрх бүх ял шийтгэл, торгууль, төлбөрийг прокурорын удирдлага, тушаал, хяналтын дор хэрэгжүүлдэг.
https://www.courts.go.jp/
5. Шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх
Прокурор нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх үйл явцыг удирдан зохион байгуулж, хорих ял, торгууль болон бусад шийтгэлийн биелэлтэд хяналт тавих үүргийг гүйцэтгэдэг. Иймээс прокурор нь зөвхөн яллах бус, шийдвэрийн хэрэгжилтийг хангах чухал субъект юм.
Прокурор нь шүүхийн шийтгэл, торгууль зэрэг хуулийн хэрэгжилтийг хянах, холбогдох байгууллагуудыг удирдан чиглүүлэх үүрэгтэй. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх гэдэг бол төрөөс хүч хэрэглэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагааг хэлдэг. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажиллагаа шүүхийн шийдвэр эцэслэн гарсаны дараа аль болох хурдан хэрэгжих ёстой бөгөөд үүнийг тухайн шүүхэд харьяалагдах прокурор хийдэг. Гэсэн хэдий ч, хэрэв гэмт хэргийн ял оноосон хугацаа дууссан, яллагдагч нас барсан зэрэг тодорхой нөхцөл байдал үүсвэл шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй болох нь бий.
Прокурорын оролцож шийдвэрлэсэн гэмт хэргийн тоо:
2023 онд Японд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 703,351 байсан бол гэмт хэргийн хэргээр баривчлагдсан хүний тоо 269,550-д хүрчээ. Энэ жилд баривчлагдсан хүмүүсийн гэмт хэргийн төрөлд харьцуулсан хувь хэмжээгээр хамгийн их нь хулгайн хэрэг буюу нийт баривчлагдсан хүний 46.7 хувийг эзэлж байна. Үүний дараа хүч хэрэглэх гэмт хэрэг 13.8 хувь, гэмтэл учруулах хэрэг 10.9 хувь, албан тушаалын буруугаар хөрөнгө завших болон олдсон эд хөрөнгө завших хэрэг 5.5 хувь, луйварлах хэрэг 5.3 хувийг тус тус эзэлж байна.
https://www.kensatsu.go.jp/
Мөн 2023 онд Японы прокурорын байгууллагад хэргийг нь эцэслэн шийдвэрлэсэн хүний тоо 791,457 байсан бөгөөд үүнээс шүүхэд яллах хэргээр шилжүүлсэн хүний тоо 75,384 болж, өмнөх оныхоос 6,318 хүнээр өссөн байна.
2023 оны статистикаас авч үзвэл Прокурорын байгууллагад ирсэн нийт хэргийн 64 хувийг үл хэрэгссэнээс 56 хувьд оногдох хэсэг нь Прокурорын шийдвэрт тулгуурлаж, 8 хувь нь нотлох баримт хүрэлцээгүй шалтгаанаар эс болжээ. Нийт тооны 6 хувь нь насанд хүрээгүй шалтгаанаар гэр бүлийн шүүхэд шилжжээ. Прокурорын шийдвэрлэсэн 30 хувьд оногдох хэргийн дотроос 21 хувьд оногдох хэрэгт нь торгуулийн шийтгэл оногдуулж, 9 хувьд оногдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүхэд шилжсэн хэргийн 34.5 хувьд нь хорих ял оногдуулсан байна.
Гэмт хэргийн нэр төрлөөр гаргасан дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан “Гэмт хэргийн цагаан ном”-ыг Япон Улсын Хууль зүйн яамны харьяа Хууль зүйн судалгааны төвөөс эрхлэн гаргадаг. Тус ном нь жил бүр тухайн үеийн эрүүгийн бодлогын гол тулгамдсан асуудал, сэдвийг онцлон авч нарийвчлан танилцуулдаг бөгөөд 2024 оны хувилбарт эмэгтэй гэмт хэрэгтнүүдийн бодит байдал, тэдний амьдрал, нийгэмд эргэн орох боломжийн талаар тусгай дугаар гаргажээ.
https://www.moj.go.jp/EN/housouken/houso_hakusho2.html
Прокурорын байгуулагын хариуцдаг эрүүгийн бодлого, чиглэл
1. Гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, дэмжих:
o Хохирогчийн мэдүүлэг авах, гэрчээр оролцуулах.
o Сэтгэл зүйн, бие махбодийн, санхүүгийн дэмжлэг үзүүлэх байгууллагатай холбох.
o Хэрэг, шийтгэлтэй холбоотой мэдээллийг хохирогчдод өгөх.
2. Давтан гэмт хэрэгтнүүдийг урьдчилан сэргийлэх, нийгэмд эргэн оруулах дэмжлэг:
o Хөгжлийн онцлог, амьдралын нөхцлийг харгалзан орон нутгийн байгууллагуудтай хамтран дэмжлэг үзүүлэх.
o “Нийгэмд эргэн шилжүүлэх дэмжлэг” төвөөр дамжуулан нийгмийн үйлчилгээ, зөвлөгөө авах боломжийг бүрдүүлэх.
3. Хүүхдийн эрх ашиг хохироохын эсрэг тэмцэх:
o Цагдаа, хүүхдийн зөвлөгөөний төвтэй хамтран мэдээлэл солилцож, гэмт хэрэгт өртсөн хүүхдийг хамгаалах.
o Мөрдөн байцаалтын үед хүүхдийн мэдүүлгийг үнэн зөв, аюулгүй байдлыг хангаж авах.
o Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн зөвлөгөөг ашиглан нотлох баримт бүрдүүлэх.
o Эрүүгийн хэрэг дууссаны дараа давтан гэмт хэрэг, дахин хохирол гарахаас урьдчилан сэргийлэх.
Япон Улсад 20 нас хүрээгүй этгээдийг “хүүхэд” гэж үздэг бөгөөд “Хүүхдийн гэмт хэрэг (少年事件)”-ийн тухайд тэдний холбогдсон хэргийг үндсэнд нь гэр бүлийн шүүхээр шийдвэрлэдэг. Хүүхдийг 14-өөс дээш насны гэмт хэрэг үйлдсэн, 14-өөс доош насны хууль зөрчсөн (тэд эрүүгийн хариуцлага хүлээдэггүй), мөн гэмт хэрэг үйлдэх магадлалтай гэсэн гурван ангилалд хуваана.
Прокурор хүүхдийн хэрэгт мөрдөн шалгалт хийсний үндсэн дээр хэргийн ноцтой байдлыг үнэлж, гэмт хэргийн шинжтэй бол гэр бүлийн шүүхэд шилжүүлэх үүрэгтэй. Гэр бүлийн шүүх хүүхдийн нас, үйлдлийн ноцтой байдлыг харгалзан хүмүүжлийн болон хамгаалалтын арга хэмжээ авч, онцгой тохиолдолд прокурорт буцаан шилжүүлэх шийдвэр гаргадаг. 16-аас дээш насны хүүхэд санаатайгаар хүний амь насыг хохироосон, эсхүл 18-аас дээш насны тусгай ангиллын хүүхэд ноцтой гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэргийг прокурорт шилжүүлж, эрүүгийн журмаар шийдвэрлэх боломжтой бөгөөд прокурор зарчмын хувьд яллах шийдвэр гаргах үүрэгтэй.
Хөнгөн болон хүмүүжлийн шинжтэй хэрэгт гэр бүлийн шүүх хүүхдийг ажиглалтад авах, тусгай асрамж, сургалтын байгууллагад шилжүүлэх, эсхүл орон нутгийн байгууллагад хариуцуулан хяналт тавиулах арга хэмжээ авдаг. Шаардлагатай тохиолдолд улсын өмгөөлөгчийг томилдог. Хүүхдийн хэрэг шийдвэрлэх үйл явц нь прокурорын шалгалт, гэр бүлийн шүүхийн шийдвэрээр эцэслэгддэг.
Прокуророор томилох ба албан тушаал ахиулах тухай журам:
Япон Улсад Прокурор болох хүсэлтэй хүн орон нутгийн нийтийн албаны шалгалт өгч тэнцсэн байх ёстой. Үүний дараа хуульчдыг бэлтгэх Орон нутгийн прокурорын сургалтын төвүүдэд 1 жил гаруй сургалтад хамрагддаг. Сургалтын төвд элсэгчдэд хуулийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх буюу урьдчилсан хуулийн шалгалтад тэнцсэн байх нөхцөл тавигддаг. Сургалтын төвд онолын болон дадлагын хичээл сургалт явагдах бөгөөд багш сургагч нар элсэгчид дотроос зан чанар, шийдвэр гаргах чадвар, мэдлэг зэрэгт үндэслэн прокурор болох боломжтой хүмүүсийн жагсаалт гаргаж дадлагын ажлын дараах шалгалтад тэнцэгсэд дотроос жилдээ 60-70 хүнийг прокурор болгодог. Прокурорын газар хүнээ сонгон шалгаруулж Хууль зүйн яам томилдог Ерөнхий прокурорыг Засгийн газрын кабинетын хуралдаанаас томилдог. Япон Улсын хэмжээгээр прокурор 2000 орчим хүн, туслах прокурор 600-800 орчим хүн байна.
Ийнхүү Прокурор хүн нь хууль зүйн өндөр боловсролтой, ихэвчлэн хуульчийн эрх авсан, шалгалт болон мэргэжлийн дадлага туршлагыг давсан хүн байдаг. Тэднийг Улсын Ерөнхий прокурор томилох бөгөөд албан тушаалд ахиулан дэвшүүлэхдээ ажлын гүйцэтгэл, туршлага, дотоод үнэлгээнд тулгуурладаг.
Прокурорын туслах нь мөн хууль зүйн боловсролтой байх ёстой бөгөөд дотоод шалгаруулалтаар болон зарим тохиолдолд улсын шалгалтаар сонгодог. Бусад мэргэжлийн албан хаагчид нь тухайн чиглэлээр боловсрол эзэмшиж, суралцсан байх ёстой бөгөөд Засгийн газрын болон Прокурорын байгууллагын дотоод сонгон шалгаруулалтаар ажилд авдаг. Шаардлагатай үед гэрээгээр ажиллуулах нь бий.
Японд прокурор болоход тавигддаг шалгуур (зан чанар, ёс зүй): Япон Улсад прокурор болох нь зөвхөн хууль, мэдлэгээр хязгаарлагдахгүй, харин зан чанар, ёс зүй, хариуцлага, шударга байдал маш чухал шалгуур болдог. Энэ нь прокурор хүн улс төрөөс хараат бус, шударга шийдвэр гаргах чадвартай байх шаардлагатайтай холбоотой.
Юуны өмнө нэр дэвшигч нь хууль зүйн гүнзгий мэдлэгтэй байх ёстой бөгөөд 司法試験 (хуульчийн шалгалт)-ийг амжилттай давдаг. Үүний дараа 司法修習 (мэргэжлийн дадлага)-ийн хугацаанд зөвхөн мэдлэг бус, ажлын хандлага, баг хамт олонтой зохицох чадвар, шийдвэр гаргах ур чадвар зэрэг зан төлөвийг нарийвчлан үнэлдэг. Мөн ярилцлага, дээд удирдлагын үнэлгээ, зарим тохиолдолд сэтгэл зүйн сорилоор дамжуулан тухайн хүний ёс зүй, шударга байдал, тогтвортой зан төлөвийг шалгадаг. Иймээс зан чанар нь хууль мэдлэгтэй адил чухалд тооцогддог онцлогтой.
Шалгаруулалтын ерөнхий дараалал: Японд прокурор болох үйл явц нь дараах гурван үндсэн үе шаттай явагдана. Нэгдүгээрт, хууль зүйн мэдлэгийн шалгалтыг амжилттай өгөх; хоёрдугаарт, мэргэжлийн дадлагын хугацаанд ур чадвар болон зан чанараа батлах; гуравдугаарт, ярилцлага болон дотоод үнэлгээгээр ёс зүй, хариуцлага, сэтгэл зүйн бэлтгэлээ нотлох шаардлагатай.
Эдгээр бүх шалгуурыг хангаж чадсан тохиолдолд прокуророор томилогдож, цаашдын дэвших боломж нь туршлага, ажлын гүйцэтгэл, зан чанарын үнэлгээнээс нь шууд хамаардаг. Иймд Япон Улсад хууль хэрэгжүүлэгч төдийгүй нийгмийн итгэлийг даах ёс зүйн өндөр хариуцлагатай албан тушаалтан болох прокурор нь зөвхөн мэргэжлийн мэдлэг бус, харин шударга ёс, ёс зүй, тогтвортой зан чанар, багийн зохицол зэрэг олон талт чадварыг шаардсан цогц шалгуураар сонгогдсон хүн байдаг.
Прокурорын байгууллагын харьяалал ба олон улсын харьцуулалт
Прокурорын байгууллага нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл явцын төвд орших байр суурь эзэлдэг. Тухайн улсын эрх зүйн тогтолцоон дахь харьяалалаас шалтгаалан түүний хараат бус байдал, улс төрийн нөлөөлөлд өртөмтгөй байдал тодорхойлогдох бөгөөд хяналт, хариуцлагын механизм нь ихээхэн ялгаатай байдаг. Өөрөөр хэлбэл, прокурорын байгууллагын институцийн харьяалал нь зөвхөн зохион байгуулалтын асуудал төдийгүй шударга ёсны хэрэгжилтэд шууд нөлөөлөх чухал хүчин зүйл юм. Дэлхийн улс орнуудын хувьд прокурорын байгууллагын харьяаллыг ерөнхийд нь гурван үндсэн загварт ангилан авч үздэг.
Нэгдүгээрт, Япон, АНУ, Франц зэрэг улсуудад прокурор нь Засгийн газрын нэг хэсэг болж, захиргааны байгууллага гэж үзэгддэг. Энэ тогтолцооны хувьд прокурорын байгууллага нь төрийн эрүүгийн бодлоготой уялдаатай ажиллах бөгөөд ардчилсан сонгуулиар бүрэлдсэн Засгийн газрын зүнээс тодорхой хяналт тавих боломжтой гэдгээрээ давуу талтай. Гэвч нөгөө талаас улс төрийн нөлөөнд автах, зарим тохиолдолд нийт ард түмний эрх ашгийн өмнөөс бус нэг намын эрх ашгийн үүднээс анхаарал татсан хэргийг сонгон шалгах эрсдэл үүсэх сул тал бий.
Хоёрдугаарт, Герман, Итали зэрэг Улсын прокурорын байгууллага нь шүүхийн тогтолцоонд харьяалагдах бөгөөд прокурор нь шүүгчтэй ижил эрх зүйн статустай, өөрөөр хэлбэл нэг төрлийн мэргэжлийн бүлэгт багтдаг. Энэ нь прокурорын хараат бус байдлыг өндөр түвшинд хангаж, хуульд суурилсан төвийг сахисан шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлдэг боловч ардчилсан хяналт сул байх, хариуцлагын асуудал тодорхой бус байх эрсдэлтэй.
Гуравдугаарт, БНСУ, Тайвань зэрэг Улсуудад прокурорын байгууллагыг захиргаа болон шүүхээс тусгаарлаж, биеэ даасан институц байдлаар зохион байгуулдаг. Тодорхой туршлага хуримтлуулсан энэ загвар нь улс төрийн нөлөөллөөс ангид байх боломжийг нэмэгдүүлдэг ч улс төрийн хяналт сулрах, байгууллага өөртөө хэт их эрх мэдэл хуримтлуулах эрсдэлтэй.
Эдгээр гурван загварын гол ялгаа нь прокурор “хэнд үйлчлэх вэ” гэдэгт оршиж байна. Захиргааны загварт прокурор нь төрийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг хүлээдэг бол шүүхийн загварт зөвхөн хууль, шударга ёсыг баримтлахад төвлөрч, бие даасан загварт эдгээрийн тэнцвэрийг олохыг зорьдог боловч институцийн зохион байгуулалт нь маш нарийн байх шаардлагатай болдог. Түүнчлэн “хэн хяналт тавих вэ” гэдгээрээ ялгагдаж, захиргааны загварт Засгийн газар, шүүхийн загварт мэргэжлийн дотоод хяналт, бие даасан загварт тусгай зохицуулалт бүхий хяналтын механизм хяналт тавьдаг.
Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд прокурорын байгууллагын хараат бус байдлыг нэмэгдүүлэхийн сацуу хариуцлагын тогтолцоог сайжруулах талаар анхаарч байна. Прокурор нь хэт хараат бус байвал хяналтгүй болох, харин хэт хяналттай байвал улс төрийн нөлөөлөлд автах эрсдэлтэй тул эдгээрийн тэнцвэрийг зөв олж тогтоох нь өнөөгийн нөхцөлд хамгийн чухал асуудал болж байна. Иймд прокурорын байгууллагын харьяалал нь зөвхөн институцийн бүтэц бус, харин тухайн улс доторх эрх мэдлийн хуваарилалт, шударга ёсны хэрэгжилт, иргэдийн эрхийг хамгаалах бодит чадварт шууд нөлөөлдөг стратегийн ач холбогдолтой асуудал юм.