ЯПОН УЛСЫН ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО

2026-06-27


Япон Улсын шүүхийн тогтолцоо нь олон зууны туршид хөгжиж, өөрчлөгдөн боловсронгуй болсон эрх зүйн тогтолцооны нэг юм. Тус улсын шүүх эрх мэдлийн үндэс нь VII–VIII зууны үед бүрэлдэн тогтсон Рицүрёо (律令) эрх зүйн тогтолцоотой холбоотой бөгөөд энэ нь Хятадын Тан улсын хууль тогтоомжийн нөлөөгөөр бий болсон байдаг. Япон Улсын анхны иж бүрэн хууль тогтоомж гэж тооцогддог Тайхо Рицүрёо (大宝律令) нь 701 онд батлагдсан бөгөөд төрийн байгуулалтын бүтэц, татвар, газар өмчлөл, эрүүгийн хариуцлага болон шүүхийн үйл ажиллагааг зохицуулсан чухал баримт бичиг болсон юм.
Дундад зууны үед самурайн засаглал тогтож, Камакурагийн сегүнатын үед шүүхийн үйл ажиллагаа цэргийн эрх мэдэлтэй нягт уялдаатай хөгжсөн байна. Харин Эдогийн үед төв болон орон нутгийн удирдлагын хүрээнд шүүхийн байгууллагууд улам боловсронгуй болж, эрх зүйн тогтолцоо тогтворжсон юм.
1868 оны Мэйжийн шинэчлэл нь Япон Улсын эрх зүйн тогтолцоонд эргэлт авчирсан түүхэн үйл явдал байлаа. Энэхүү шинэчлэлийн хүрээнд Япон Улс Европын орнуудын, ялангуяа Герман, Францын эрх зүйн тогтолцоог судлан нэвтрүүлж, орчин үеийн шүүхийн байгууллагын үндсийг тавьжээ. Улмаар 1889 онд Мэйжийн Үндсэн хууль батлагдаж, шүүх эрх мэдлийг төрийн бусад эрх мэдлээс тодорхой хэмжээгээр тусгаарлах нөхцөл бүрдсэн байна.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япон Улсын шүүхийн тогтолцоонд дахин томоохон шинэчлэл хийгдсэн бөгөөд 1947 онд хүчин төгөлдөр болсон шинэ Үндсэн хууль шүүхийн хараат бус байдлыг баталгаажуулжээ. Үндсэн хуулийн 76 дугаар зүйлд шүүх эрх мэдлийг зөвхөн шүүх хэрэгжүүлэх бөгөөд шүүгчид зөвхөн Үндсэн хууль болон хуульд захирагдана гэж заасан нь өнөөгийн шүүхийн тогтолцооны суурь зарчим болсон юм.
Өнөөдөр Япон Улс нь иргэний эрх зүйн тогтолцоотой улс бөгөөд шүүх эрх мэдэл нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлээс хараат бусаар хэрэгждэг. Япон Улсын шүүхийн тогтолцоо нь дараах үндсэн шатлалаас бүрддэг. Үүнд:
•    Дээд шүүх (最高裁判所); 
•    Өндөр шатны шүүх буюу давж заалдах шатны шүүх (高等裁判所); 
•    Анхан шатны шүүх буюу Орон нутгийн шүүх (地方裁判所); 
•    Хялбаршуулсан шүүх (簡易裁判所). 
Дээд шүүх нь Япон Улсын хамгийн дээд шатны шүүх бөгөөд Үндсэн хуулийн тайлбар хийх, доод шатны шүүхүүдийн шийдвэрийг эцэслэн хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй. Тус шүүх нь 15 шүүгчээс бүрддэг бөгөөд тэдгээрийн нэг нь Ерөнхий шүүгч байдаг. Харин Өндөр шүүхүүд нь анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан хэлэлцдэг бөгөөд Токио, Осака, Нагоя, Хирошима, Фүкүока, Сэндай, Саппоро, Такамацү зэрэг хотуудад байрладаг. Орон нутгийн шүүхүүд нь иргэний, эрүүгийн болон захиргааны хэргийн анхан шатны шийдвэрийг гаргадаг бол Хялбаршуулсан шүүхүүд нь бага хэмжээний мөнгөн дүнтэй иргэний маргаан болон хөнгөн төрлийн эрүүгийн хэргийг шийдвэрлэдэг.
Япон Улсын шүүхийн тогтолцооны гол онцлог нь шүүхийн хараат бус байдал юм. Шүүгчид улс төрийн нам, төрийн байгууллага болон аливаа этгээдийн нөлөөллөөс ангид ажиллах эрх зүйн баталгаатай байдаг. Тэд зөвхөн Үндсэн хууль болон хууль тогтоомжид захирагдан шийдвэр гаргах үүрэгтэй. Мөн шүүх хуралдаан нь зарчмын хувьд олон нийтэд нээлттэй явагддаг бөгөөд иргэн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхтэй.
Шүүхийн ажиллагаанд эрүүгийн болон иргэний хэргийн онцлогоос хамааран олон тал оролцдог. Эрүүгийн хэрэгт шүүгч, прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч, гэрч, шинжээч болон шүүхийн нарийн бичгийн дарга оролцдог бол иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч, гэрч болон шинжээч оролцдог. Зарим хүнд төрлийн эрүүгийн хэрэгт иргэдийн төлөөлөл болох сайбан-ин буюу тангарагтны үүрэг бүхий иргэд шүүгчдийн хамт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.
Япон Улс 2009 оноос Сайбан-ин (裁判員制度) тогтолцоог нэвтрүүлсэн нь шүүхийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх зорилготой юм. Энэхүү тогтолцооны хүрээнд сонгогдсон иргэд мэргэжлийн шүүгчдийн хамт тодорхой төрлийн эрүүгийн хэргийг хэлэлцэж, гэм буруу болон ял шийтгэлийн талаар хамтран шийдвэр гаргадаг.
Япон Улсын шүүхийн тогтолцооны нэг онцлог нь анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах болон дээд шатны шүүхүүдээр хянан хэлэлцэх боломжтой байдаг боловч бодит практикт анхан шатны шүүхийн шийдвэрийг бүрэн өөрчлөх тохиолдол харьцангуй ховор байдаг. Энэ нь анхан шатны шүүхэд нотлох баримтыг нарийвчлан шинжилж, хэргийг иж бүрэн хэлэлцэн шийдвэрлэдэгтэй холбоотой юм. Ялангуяа Дээд шүүх нь баримтын үнэлгээг дахин хийхээс илүүтэйгээр хууль хэрэглээ, Үндсэн хуулийн тайлбар болон эрх зүйн ноцтой алдааг хянан шалгах чиг үүрэгтэй тул нийт хэргүүдийн цөөн хувийг хэлэлцэн шийдвэрлэдэг бөгөөд доод шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь түгээмэл байдаг.
Эцэст нь дүгнэж хэлэхэд, Япон Улсын шүүхийн тогтолцоо нь эртний Рицүрёо эрх зүйн тогтолцооноос эхлэлтэйгээр олон зууны турш хөгжиж, Мэйжийн шинэчлэл болон Дэлхийн хоёрдугаар дайны дараах ардчилсан өөрчлөлтийн үр дүнд өнөөгийн хэлбэрээ олсон байна. Тус тогтолцоо нь шүүхийн хараат бус байдал, хууль дээдлэх ёс, шударга шүүхээр шүүлгэх эрх болон иргэдийн оролцоог хангах зарчимд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх сайтаар орж харна уу: 
1.    Supreme Court of Japan. Judicial System in Japan. https://www.courts.go.jp/
2.    Constitution of Japan (1947). https://japan.kantei.go.jp/
3.    Court Act (裁判所法). https://www.japaneselawtranslation.go.jp 
4.    Ministry of Justice of Japan. https://www.moj.go.jp/
5.    Supreme Court of Japan, Saiban-in (Lay Judge) System. https://www.saibanin.courts.go.jp/