ЯПОН УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ТӨВ “ХО ТЭРРАСҮ”
2026-06-27
“Хуулийн туслалцаа үзүүлэх төв-Хуулийн тагт” байгууллага нь дотоодын иргэдэд төдийгүй гадаадын иргэдэд эрхзүйн туслалцаа үзүүлдэг гол байгууллага юм. Тус ЭСЯ-наас уг байгууллагатай нягт хамтран ажилладаг бөгөөд уг байгууллагаас үзүүлдэг үйлчилгээний тухай иргэд мэддэг байх нь зүйтэй.
2000-аад оны үеэс Японд “шүүхийн тогтолцооны шинэчлэл” явагджээ. Хууль зүйн үйлчилгээ авах нь өртөг өндөртэй, тогтолцоо нь ойлгоход хүндрэлтэй байснаас өмгөөлөгчийн тусламж авч чадахгүй иргэд олон байсан тул “Эрх зүйн хамгаалах тогтолцоо”/Legal Safety Net/ бүрдүүлэх шаардлага гарсан. Энэ үүднээс Америк, Европын жишээг судалж, хууль зүйн тусламж /Legal Aid/-ийн тогтолцоог Японд бий болгохоор холбогдох хуулийг боловсруулан гаргажээ.
Энэ нь Япон Улсын Парламентаас 2004 онд батлан гаргасан “Хууль зүйн нэгдсэн туслалцааны тухай хууль /Comprehensive Legal Support Act/“ бөгөөд 2006 оны 10 дугаар сарын 2-ноос эхлэн мөрдөгдөж байна. Уг хуулийн дагуу хуулийн эрх тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор “Хуулийн туслалцаа үзүүлэх төв-Хуулийн тагт” хэмээх байгууллага байгуулахаар болж, ажлын хүрээг нь зааж өгсөн.
“Хууль зүйн нэгдсэн туслалцааны тухай хууль“ /Япон, англи хэлээр/
https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/4952
Хуулийн зорилго: Үндсэн хуулиар “эдийн засгийн боломжгүй хүмүүс ч гэсэн хууль зүйн хамгаалалт, шүүхийн тусламж авах эрхтэй тул “Иргэд эрх тэгшээр хууль зүйн тусламж авч чадах нийгэм байгуулах” үүднээс "хууль зүйн тусламжийн тогтолцоо" / японоор “法的扶助制度(ほうてきふじょせいど)/-г бий болгох зорилготой. Үүнд:
• Эдийн засгийн хүндрэлтэй хүмүүст эрхзүйн тусламж үзүүлэх /өмгөөлөгчийн зардлыг даах, хууль зүйн зөвлөгөө өгөх г.м/
• Хүчирхийлэлд өртөгсөд, гэмт хэргийн хохирогч, гадаадын иргэд гэх мэт нийгмийн эмзэг бүлэгт шүүх засаглалын мэдээллийг хүргэх
• Хөдөө хотын мэдээллийн ялгааг арилгаж, хууль зүйн мэдээллийг иргэдэд нээлттэй, тэгш хүртээмжтэй хүргэх
• Хуульч, өмгөөлөгч зэрэг мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааны сүлжээг бий болгох
“Хуулийн туслалцаа үзүүлэх төв-Хуулийн тагт” байгууллагын тухай
Уг хуулийн дагуу “Хуулийн туслалцаа үзүүлэх төв-Хуулийн тагт” /Японоор Хоү Тэррасү, англиар Japan Legal Support Center / хэмээх байгууллагыг 2006 онд байгуулж, төрөөс санхүүжүүлж, үйл ажиллагааг нь дэмжих болсон байна. Хуульд “Хуулийн туслалцаа үзүүлэх төв-Хуулийн тагт”-ийн үйл ажиллагаанд төр /Хууль зүйн яам/ хариуцлага хүлээх, төсвөөс санхүүжүүлэх, нийтийн эрх ашгийн төлөө байгууллага /public interest corporation/ бус төрийн байгууллага /public corporation/ хэлбэрээр ажиллах, хүний эрх, хуулийн доорх эрх тэгш байдлыг хэрэгжүүлэх зэрэг заалт оржээ.
Байгууллагын бүтэц
• Хариуцагч байгууллага: Японы Хууль зүйн яам
• Төв байр: Токио, Касумигасэки
• Орон нутгийн салбар: 50 гаруй салбартай
• Ажилтнууд: Өмгөөлөгч, хуульч, төрийн албан хаагчид
• Хэлний үйлчилгээ: Англи, хятад, солонгос, испани зэрэг хэлээр
• Үйл ажиллагааны чиглэл:
| Чиглэл | Агуулга |
| Эрх зүйн дэмжлэг | Өмгөөлөгч, хуульчийн зардлыг төлөх, үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх |
| Мэдээлэл хангах | Асуудал тус бүрээр хуулийн мэдээлэл өгөх, зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой газруудын хаягийг түгээх |
| Хохирогчдод үзүүлэх дэмжлэг | Сэтгэл зүйн болон санхүүгийн боломж муутай гэмт хэргийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх |
| Гадаад хэл дээрх үйлчилгээ | Гадаадын иргэдэд зориулсан эрх зүйн зөвлөгөө өгөх тогтолцоог бүрдүүлэх /орчуулгатай/ |
| Холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх | Өмгөөлөгчдийн холбоо, шүүх, төрийн байгууллагын уялдаа холбоог бий болгох |
Үйл явдлын товчоо:
2004.06 Хууль батлагдав(総合法律支援法)
2006 “Хуулийн тагт” төв байгуулагдав
2011 Гамшигт өртсөгсдөд зориулсан дэмжлэгийг нэмэгдүүлэв.
2020 Гадаадын иргэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд, хэлний бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээ эхлүүлэв.
Эрх зүйн тусламж үйлчилгээ:
2024 оны дүнгээр “Хуулийн туслалцаа үзүүлэх төв-Хуулийн тагт” нь жилдээ 1 сая 100 мянга гаруй санал гомдол хүлээн авч, 100 000 орчим эрх зүйн тусламж үзүүлжээ. Уг байгууллага нь орлого, хөрөнгийн хэмжээ нь тогтоосон босгоос доогуур хүмүүс болон хууль эрхзүйн асуудалтай тулгарсан боловч өмгөөлөгч авах чадваргүй хүмүүст доорх үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:
【Үнэгүй хууль зүйн зөвлөгөө】
• Ганц бие хүн бол сарын орлого нь 182 000 иенээс, өмч хөрөнгө болон мөнгөн хуримтлал нь 1 800 000 иенээс доогуур байвал, 2 ам бүлтэй бол сарын орлого нь 251 000 иенээс, өмч хөрөнгө болон мөнгөн хуримтлал нь 2 500 000 иенээс доогуур байвал, 3 ам бүлтэй бол сарын орлого нь 272 000 иенээс, өмч хөрөнгө болон мөнгөн хуримтлал нь 2 700 000 иенээс доогуур байвал үнэ төлбөргүй үйлчилгээ авч болдог. Гэрт нь асаргаа сувилгаанд их хэмжээний мөнгө зарцуулах шаардлагатай хүн байдаг бол үүнийг харгалзан үздэг.
• Өмгөөлөгч эсвэл хуульчаас 30 минутын зөвлөгөөг 3 хүртэлх удаа үнэ төлбөргүй авах боломжтой.
• Мөн хот дүүргийн захиргаан дээр үнэ төлбөргүй хуулийн зөвлөлгөө өгөх боломжтой байдаг. Голдуу сард 1 өдрөөс долоо хоногт 1 өдөр өмгөөлөгч ирж ажилладаг. Урьдчилсан цаг авах шаардлагатай байдаг.
• Хамаарах асуудал: Гэр бүл салалт, өр зээл, өв залгамжлал, хөдөлмөрийн маргаан, хэрэглэгчийн эрх, гадаадын иргэдийн асуудал гэх мэт
【Өмгөөлөгчийн зардлыг урьдчилж төлөх 】
• Эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө болон хойно уг иргэн санхүүгийн боломжгүй бол /Орлого нь тодорхой тогтоосон төвшнөөс доогуур бол/ улсын зардлаар өмгөөлөгчийн зардлыг үнэ төлбөргүй гаргаж өгдөг.
• Шүүх дээр өмгөөлөгч ажиллуулах шаардлагатай тохиолдолд өмгөөлөгчийн зардал, шүүхийн зардлыг хүүгүйгээр түр гаргаж өгөх боломжтой.
• Эргэн төлөлтийг сард 5,000 иен орчмоор олон хувааж төлөх боломжтой.
• Орлогогүй болон асрамжинд байдаг хүн төлбөрөөс чөлөөлөгдөнө.
【Баримт бичиг бүрдүүлэх тусламж】
• Өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргах гэж буй ч бичиг баримтаа бөглөж бичиж мэдэхгүй бол “Хуулийн тагт” байгууллага өмгөөлөгчөөр баримт бичгийг нь боловсруулж өгч, зардлыг өмнөөс нь гаргана. Тухайлбал, хувь хүний дампуурлын тухай нэхэмжлэл, өр барагдуулах бичиг, шүүхэд гаргах өргөдөл гэх мэт)
Үйлчилгээ үзүүлэх хаяг, аргачлал:
“Хуулийн туслалцаа үзүүлэх төв-Хуулийн тагт”/法テラス/-өөс утсаар аль эсвэл биеэр очиж зөвлөгөө авах боломжтой. Вэб хуудсаар дамжуулан захиалга өгч болдог.
1. Орлого, хөрөнгийн мэдээлэл гаргаж өгч, үйлчилгээ авах өргөдөл бөглөх
2. Зөвшөөрөгдвөл өмгөөлөгч/хуульч томилогдоно.
3. Хэрэг шийдэгдсэний дараа гарсан төлбөрийг сар бүр хуваан төлнө. Зарим тохиолдолд төлбөрөөс чөлөөлөгдөнө.
4. Гадаадын иргэд ч уг төвийн үйлчилгээг ашиглах боломжтой. Зарим төвд монгол хэл, англи хэлээр орчуулгатай үйлчилгээ бий.
• Утас: 0570-078374
• Орон нутгийн 法テラス төвүүд
• Вэб: https://www.houterasu.or.jp
Үйлчилгээ авч болох хэргийн нэр төрөл:
| Эрх зүйн салбар | Жишээ |
| Гэр бүлийн хэрэг | Салалт, хүүхдийн асрамжийн зардал авах, үл хөдлөх эрх, асран хамгаалах эрхийн асуудал, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах тушаал гаргуулах гэх мэт |
| Иргэний хэрэг | Өр зээл, түрээсийн маргаан, зам тээврийн осол, хохирлын нөхэмжлэл гаргуулах гэх мэт |
| Хөдөлмөрийн асуудал | Ажлаас үндэслэлгүй халагдах, цалингаа авч чадахгүй байх, ажлын байрны дарамт, бэлгийн дарамт гэх мэт |
| Өр зээлийн хэрэг | Сайн дураараа өрөө зохицуулах, дампуурал зарлах, хувь хүний сэргээн босголт гэх мэт |
| Хэрэглэгчийн эрхийн асуудал | Луйвар, хуурaн мэхлэлт, гэрээр худалдаан авалт хийх, хөрөнгө оруулалтын маргаан гэх мэт |
| Гадаадын иргэнтэй холбоотой асуудал | Оршин суух зөвшөөрөл, холимог гэр бүл салалт, цагаачлах, хилээр зорчих зөвшөөрөл гэх мэт |