БАРИВЧЛАХ СААТУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ

2026-06-27


            Япон Улсад оршин суугч болох түр зорчигч иргэд нь Япон Улсын хууль дүрмийг чандан мөрдөх, цагдаад зогсоогдох, ажил үүргийн асуулт асуугдах, баривчлагдах, саатуулагдах тохиолдолд тайван хандах, өөрийн эрх үүргээ мэддэг байх, шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч чаддаг байх хэрэгтэй юм.  

Баривчилгаа болон мөрдөн байцаалт: 
               Японд хүнийг баривчлах ажиллагаа нь хууль, журмын дагуу явагддаг бөгөөд хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зарчимд тулгуурладаг. Цагдаагийн байгууллага нь дур мэдэн хүнийг баривчлах боломжгүй бөгөөд ихэнх тохиолдолд шүүхийн зөвшөөрөл буюу баривчлах захирамж авах шаардлагатай байдаг. Гэхдээ гэмт хэрэг үйлдэж байхад нь газар дээр нь илрүүлсэн тохиолдолд “үйлдэл дээрх баривчилгаа” явуулж, шүүхийн урьдчилсан зөвшөөрөлгүй саатуулах боломжтой байдаг.
 

  1. Хүнийг баривчилсны дараа хамгийн эхэнд тухайн этгээдэд баривчлагдсан шалтгаан болон түүний эрхийг тайлбарлах үүрэг цагдаад байдаг. Үүнд дуугүй байх эрх болон өмгөөлөгч авах эрх ордог. Үүний дараа цагдаагийн байгууллага тухайн хүнийг саатуулах байранд байрлуулж, анхан шатны мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлнэ.
  2. Баривчилснаас хойш цагдаа нь 48 цагийн дотор тухайн хэргийг прокурорт шилжүүлэх ёстой. Прокурор нь хэргийг хүлээн авснаас хойш дахин 24 цагийн дотор тухайн хүнийг цаашид хорих шаардлагатай эсэхийг шийдвэрлэнэ. 
  3. Хэрэв прокурор тухайн этгээдийг суллах боломжгүй гэж үзвэл шүүхэд хандан хорих зөвшөөрөл хүсдэг. Шүүх энэ хүсэлтийг хянан хэлэлцээд, хэрэв шаардлагатай гэж үзвэл 10 хүртэл хоногийн хугацаатайгаар сэжигтнийг хорих шийдвэр гаргана.
  4. Энэ хугацаа нь онцгой нөхцөлд дахин 10 хоногоор сунгагдах боломжтой бөгөөд ингэснээр нийтдээ хамгийн ихдээ 23 хоног хүртэл сэжигтнийг баривчлан шалгах боломж бүрддэг. Энэ хугацаанд цагдаа болон прокурор нь хамтран нотлох баримт цуглуулж, байцаалт авч, хэргийг нарийвчлан шалгадаг.
  5. Хэрэв хангалттай нотлох баримт цугларсан гэж прокурор үзвэл тухайн этгээдийг яллагдагчаар татан шүүхэд шилжүүлдэг. Харин нотлох баримт хангалтгүй эсвэл гэм буруугүй гэж үзвэл тухайн хүнийг суллаж, хэргийг хаадаг.

Сэжигтэний эрхийн тухай:

         Баривчлагдсан, саатуулагдсан иргэний эрх нь олон улсын хүний эрхийн гэрээ болон үндсэн хууль, бусад хуулиар хамгаалагдсан байдаг. Баривчлах, цагдан хорих тохиолдолд Япон Улсад сэжигтний хууль ёсны эрхийг хамгаалах ёстой байдаг. Эдгээр эрх нь сэжигтэн хэргээ шударгаар шүүлгэх, хувийн эрхээ хамгаалуулахад нь чухал ач холбогдолтой юм. Үүнд:

  • Баривчлах эрх: Сэжигтнийг баривчлахын тулд баривчлах эрхийн бичиг шаардлагатай. Энэ нь баривчлах ажиллагаа шүүхийн шийдвэрийн дагуу хийгдсэн болохыг нотлох зүйл бөгөөд цагдаагийн ажилтан баривчлах ажилгаа явуулахдаа өөрөө хуулийн зохих заалтуудыг нарийн мөрдөх ёстой. Үндэслэлгүй цагдан хорих, зохих хууль журмыг зөрчин баривчлах нь хууль бус юм.
  • Шалтгааныг тайлбарлах: Цагдаагийн газар нь сэжигтнийг баривчлах үедээ хуулийн заалт, баривчлах шалтгааныг нь сэжигтэнд мэдэгдэх ёстой.
  • Саатуулах хугацаа: Цагдаагийн газраас гэмт хэргийн сэжигтинг баривчлан саатуулах хугацааг хууль ёс, хүний эрхийг хүндэтгэх үүднээс хуулиар тогтоогдсон байдаг бөгөөд хорьж болох хугацааг хязгаарласан байдаг. Саатуулах хугацаа нь хуулиар тогтоосон саатуулах дээд хугацаа, сэжиглэгдэж буй гэмт хэргийн хүнд хөнгөн, баривчлах үед үндэслэл болгосон саатуулах эрхийн дуусах хугацаа, саатуулах шаардлага, хууль ёсонд нийцэх байдал зэргээс хамаарна.
  • Саатуулах хугацаа нь ихэвчлэн 24-72 цагийн хооронд байдаг бөгөөд дараа нь шүүхийн хяналтан дор сунгах эсэхийг нь шийдвэрлэдэг. Онц ноцтой зэрэг тодорхой гэмт хэрэгт удаан хугацаагаар саатуулж хорихыг зөвшөөрдөг ч зарчмын хувьд удаан хорихыг хуулиар хязгаарладаг.
  • Дуугүй байх эрх: (黙秘権, Mokuhiken) Энэ нь эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагдагч хүн өөрийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхийг хэлнэ. Японд энэ эрх нь Японы Үндсэн хууль-ийн 38 дугаар зүйлээр баталгаажсан байдаг бөгөөд “хэн ч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхийг албадан шаардаж болохгүй” гэж заасан байдаг. Мөн Японы Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль-д мөрдөн шалгах ажиллагааны үеэр сэжигтэн нь өөрийн хүсэл зоригийн эсрэг мэдүүлэг өгөх үүрэг байхгүй бөгөөд үүнийг урьдчилан мэдэгдэх ёстой гэж заасан. Иймээс Японд цагдаа, прокурорын байцаалтын үед хүн “Асуултад огт хариулахгүй байх”; “Зарим асуултад хариулахаас татгалзах”; “Би дуугүй байх эрхээ хэрэгжүүлж байна” гэж мэдэгдэх эрхтэй.
    Мөн хүчээр, сүрдүүлгээр, эрүүдэн шүүх замаар авсан мэдүүлэг, эсвэл сайн дурын бус гэж үзэгдэх мэдүүлгийг нотлох баримт болгон ашиглахыг хориглодог. Гэхдээ дуугүй байх эрхээ эдэлж байсан ч мөрдөн байцаагч нар байцаалтыг үргэлжлүүлэн явуулж болдог бөгөөд зөвхөн дуугүй байсных нь төлөө ял шийтгэл оногдуулах боломжгүй байдаг. Тиймээс Японд баривчлагдах үед цагдаа нар ихэвчлэн “ あなたには黙秘権があります” буюу “Танд дуугүй байх эрх бий.” гэж хэлдэг бөгөөд энэ нь тухайн хүн асуултад хариулах эсэхээ өөрөө шийдэх эрхтэй гэсэн үг юм.
  • Өмгөөлүүлэх эрх:  Хамгийн чухал эрх бол өмгөөлүүлэх эрх бөгөөд сэжигтэн нь цагдан хоригдох хугацаандаа хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч болох өмгөөлөгч олж авах, түүнтэйгээ холбоотой байхыг зөвшөөрдөг.
    Саатуулагдсан иргэн өмгөөлөгчтэйгөө уулзах эрхтэй. Өмгөөлөгчөөр дамжуулан өөрийгөө хамгаалах, эрх зүйн зөвлөгөө авах эрхтэй. 
  • Хүн ёсоор хандахыг шаардах эрх: Олон улсын хүний эрхийн гэрээ хэлэлцээрээр хүнийг тамлан зовоох, зүй бусаар харьцахыг хатуу хориглосон байдаг. Баривчлагдаж саатуулагдсан иргэн Цагдаагийн газар, прокурор, шүүхэд хандан хүн ёсоор хандахыг шаардах эрхтэй.
  • Шүүхээр шийдүүлэх эрх: Сэжигтэн нь зохих хугацааны дотор хэргээ шүүхээр шийдүүлэх эрхтэй. Шалтгаангүйгээр удаан хугацааны турш шүүх хурал хийхгүй хорих нь хууль бус юм. 
  • Иргэний эрх: Цагдаагийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд иргэний эрхийг хүндэтгэх үүрэгтэй. Хэрэв иргэний эрхийг зөрчсөн нь батлагдвал хуулийн дагуу зохих арга хэмжээг авч болдог. 

Баривчлах, саатуулах үеийн прокурорын гүйцэтгэх үүрэг: 

  • Цагдаагийн газраас зохих үндэслэл, нотолгоо ирүүлсэний дараа “Баривчлах эрхийн бичиг” гаргуулахаар шүүхэд хандах нь прокурорын үүрэг юм. “Баривчлах эрхийн бичиг” нь сэжигтнийг баривчлах албан ёсны баримт бичиг болдог бөгөөд баривчилгаа хууль ёсны болохыг илтгэнэ. Энэ үүднээс прокурор нь цагдаагийн байгууллагаас гаргаж өгсөн нотлох баримтыг нягтлан үзэж, сэжигтэн уг гэмт хэрэгт сэжиглэгдэх үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт хийнэ. Мөн баривчлах, шүүхэд заалдахад шаардлагатай нотолгоо бүрэлдсэн эсэхийг шалгадаг. 
  • Нотлох баримтад үндэслэн сэжигтнийг яллах эсэхийг прокурор шийдвэрлэнэ. Яллах гэдэг нь сэжигтнийг прокурор буруутай гэж үзэж,  хэргийг нь шүүхээр шийдүүлж, шүүх хурлыг зарлан хуралдуулна гэсэн үг юм. Хэрэв ял тулгагдсан бол сэжигтэн шүүхээр хэргээ шийдүүлдэг. 
  • Шүүх хурал хийхээр болсон бол прокурор нь шүүх хурлын бэлтгэлийг хангаж, яллах нотолгоо цуглуулж, гэрчүүдийг дуудаж уулзаж, хууль зүйн баримт бичиг бүрдүүлдэг. 
  • Шүүх хурал дээр шүүхийн үйл ажиллагааг шударга явуулах үүднээс прокурор нь хувийн үзэл бодлыг үл хайхарч, эрх тэгш байр суурь баримтлах ёстой. Шүүх хуралдаанд прокурор нь улсыг болон хуулийг төлөөлж, сэжигтэнд гэмт хэргийн нотлох баримтыг танилцуулж, гэм буруутай эсэхийг нь нотлох үүрэг хүлээдэг.
  • Прокурорын гол үүрэг нь шүүхийн шударга явагдах баталгаа нь болж, гэмт хэрэгтэнг шударгаар хэргээ хүлээхэд хүргэх явдал юм. Гэхдээ прокурор нь хууль ёс болон хүний эрхийг хүндэтгэж, зохих процессыг мөрдөх шаардлагатай.

Японы мөрдөн байцаах ажиллагааны онцлог: 
         Мөрдөн шалгах ажиллагааны хамгийн чухал хэсэг нь байцаалт байдаг. Байцаалт нь ихэвчлэн цагдаагийн байгууллагын доторх тусгай өрөөнд явагддаг бөгөөд мөрдөн байцаагч нар нь тухайн сэжигтнээс хэрэгт холбогдох мэдээлэл авах зорилготой асуулт асуудаг. Энэ үйл ажиллагаа нь “Эрүүгийн хэргийн байцаан шийтгэх тухай хууль”-ийн дагуу явагддаг бөгөөд сэжигтэн нь дуугүй байх эрхтэй, өөрийгөө буруутгах мэдүүлэг өгөхөөс татгалзах боломжтой байдаг.

  • Японы байцаалт нь ихэвчлэн урт хугацаагаар үргэлжилдэг, өдөрт олон цаг үргэлжлэх тохиолдол элбэг байдаг. 
  • Сэжигтнийг олон өдөр дараалан байцааж, нэг ижил асуултыг өөр өөр олон хэлбэрээр цохилдуулан асуух, мэдүүлгийг нарийвчлан бичүүлэх зэрэг арга барил түгээмэл хэрэглэгддэг. 
  • Байцаалтын үеэр өмгөөлөгч байлцуулах нь одоогийн хууль тогтоомжийн дагуу ихэнх тохиолдолд зөвшөөрөгддөггүй. Харин сүүлийн жилүүдэд зарим төрлийн хүнд гэмт хэргийн хувьд байцаалтын бичлэгийг заавал хийх болсон нь ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготой.
  • Байцаалтын үед сэжигтний өгсөн мэдүүлэг нь шүүх дээр чухал нотлох баримт болдог. Ялангуяа хэрэв сэжигтэн өөрийн бурууг хүлээн зөвшөөрвөл прокурорын зүгээс шүүхээр яллуулах магадлал нь өндөрсдөг. Зарим судлаачид Японы арга барилыг “мэдүүлэгт суурилсан мөрдөн байцаах тогтолцоо” гэж тодорхойлдог.
  • Мөн Японы нэгэн онцлог нь шоронгийн оронд цагдаагийн саатуулах байрыг урт хугацаанд ашигладаг явдал юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гарахаас өмнөх 23 хүртэл хоногийн хугацаанд сэжигтэн цагдаагийн хяналтад байдаг. 
  • Японы цагдаагийн байцаалт болон саатуулах байрны нөхцөл нь хууль зүйн хувьд зохицуулалттай, тодорхой дэг журамтай боловч бодит байдалд сэжигтэнд сэтгэлзүйн дарамт учруулж болзошгүй, хатуу орчин гэж үнэлэгддэг. 

Саатуулах газар
        “Саатуулах газар” /留置所/ нь гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч нарыг шүүх хурал болох хүртэл хорих байр юм. “Саатуулах байр” нь цагдаагийн газар, прокурорын газар, шүүхийн байрладаг барилга байгууламжид байрладаг. 

  • Саатуулах /Цагдан хорих/ төвд шүүх хурал болтол суллаж тавьбал оргож зайлах, дахин гэмт хэрэг үйлдэх, нийгэмд аюул учруулах, баримт нотолгоог устгах,  бусадтай үгсэх зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлж, сэжигтэн, яллагдагч нарыг шүүх хурлын явцад хорьж, таслан тусгаарладаг. 
  • Шүүх хуралдаан хүртэл саатуулагдаж буй ялтан болон сэжигтэн нь өмгөөлөгчтөйгөө уулзах, нотлох баримт цуглуулах боломжоор хангагдана.  
  • Саатуулах байрны хорих газарт тодорхой дэг журам үйлчилдэг. Саатуулагдсан иргэн уг дүрэм журмын дагуу амьдрах ёстой болдог. 
  • Саатуулагдсан хүний өдөр тутмын амьдрал маш хатуу хуваарьтай байдаг. Өглөө сэрэх, хооллох, байцаалтанд орох, амрах цаг хүртэл бүгд тогтоосон цагийн дагуу явагдана. 
  • Ихэвчлэн өрөө нь жижиг, нэг эсвэл хэд хэдэн хүнтэй хамт байрлах боломжтой, орны оронд дэвсгэр гудас (футон) голдуу ашигладаг. Өдрийн ихэнх цагийг өрөөндөө өнгөрүүлэх бөгөөд чөлөөтэй хөдөлгөөн хийх боломж хязгаарлагдмал байдаг.
  • Гадаад ертөнцтэй харилцах боломж мөн хязгаарлагдмал. 
  • Өмгөөлөгчтэй уулзах эрх нээлттэй байдаг боловч гэр бүл, найз нөхөдтэй уулзах нь прокурорын зөвшөөрлөөс хамаарах тохиолдол бий. Захидал илгээх, хүлээн авах боломжтой ч мөн хяналттай байдаг. Гадаадын иргэдийн хувьд хэлний бэрхшээл нэмэгдэж, орчуулагч шаардлагатай болдог.
  • Хорих газар нь хүний эрхийг хүндэтгэж, эрүүл мэнд, эрүүл ахуйд анхаарах ёстой. 
  • Хорих газарт саатуулагдаж буй иргэн нь шүүхээр хэргээ таслуулаагүй байгаа тул ялтан биш юм. Шүүх хурлын үр дүнгээс хамаарч цагаатгагдаж ч болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд давж заалдаж болдог. 

Хорих газар /Шорон/: 
       “Шорон” гэдэг нь шүүхийн шийдвэрээр гэмт хэрэгт буруутгагдсан хүмүүс (гэмт хэрэг үйлдсэн ялтан)-ийг хорих байр юм. Шоронд эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг тодорхой хугацаагаар хорьж, ялыг нь эдлүүлдэг. 

  • Шоронд хоригдож буй хүмүүс нь хүнд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс юм. Шоронд хоригдох хугацаа нь гэмт хэргийн хүнд хөнгөн, ялын зүйл ангиас хамаарна. Хорих ял нь хэд хоногоос авахуулаад хэдэн арван жил хүртэл байх бөгөөд дээд тал нь бүх насаар нь хорих ял гэж байдаг.
  • Шоронгийн зорилго нь аюултай гэмт хэрэгтнүүдийг нийгмээс тусгаарлаж, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх явдал төдийгүй хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх, сайжрах боломж олгоход оршино. Энэ үүднээс шоронд хоригдлуудыг нийгэмд дахин ороход нь туслах үүднээс мэргэжлийн сургалт явуулж, боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хоригдогсдын хүний эрх, нэр төрийг хамгаалах үндсэн дээр зохих дүрэм, журам үйлчилдэг. 

Япон дахь гадаадын иргэдийн гэмт хэрэг ба баривчилгаа, саатуулах журам
          Япон Улсад гадаадын иргэн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд түүнийг япон иргэдийн адил Япон Улсын хуулийн дагуу шалгаж, зохих хариуцлага хүлээлгэдэг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн иргэншлээс үл хамааран хууль тэгш үйлчилдэг нь Японы эрх зүйн тогтолцооны үндсэн зарчим юм. Иймд гадаадын иргэн баривчлагдсан тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа нь “эрүүгийн байцаан шийтгэх хууль”-д заасан журмын дагуу явагдана.

  • Японд цагдаад зогсоогдсон үед гадаадын иргэн тодорхой эрхтэй боловч бичиг баримтаа авч явах, хууль ёсны шаардлагад нийцсэн үзлэг шалгалтад хамрагдах зэрэг үүрэг хүлээдэг. 
  • Баривчлах ажиллагаа нь тодорхой хуулийн нөхцөлд үндэслэн явагддаг бөгөөд гадаадын иргэдийн хувьд хууль бусаар оршин сууж байсан тохиолдолд давтан хэрэг гэж үзэж илүү хүндрүүлэн үзэх магадлалтай тул хууль, дүрмийг сайн ойлгож мөрдөх нь өөрийгөө хамгаалах хамгийн чухал арга юм.
  • Япон Улсад гадаадын иргэн нь гудамжинд, буудал дээр эсвэл олон нийтийн газар цагдаад зогсоогдох магадлал харьцангуй илүү байдаг. Энэ нь тэдний хөдөлгөөн, орчны нөхцөл байдал сэжигтэй санагдах, аль эсвэл зүгээр л урьдчилан сэргийлэх шалгалтын хүрээнд явагддаг бөгөөд үүнийг хууль зүйн хувьд “Ажил үүргийн хүрээний асуулт“ /職務質問/ гэдэг. Энэ нь “цагдаагийн ажилтаны тухай хууль”-д заасан цагдаагийн эрх юм. 
  • Цагдаа иргэнийг зогсоож асуулт асуух үед тухайн хүн заавал хариулах хууль зүйн үүрэгтэй биш байдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь сайн дурын шинжтэй бөгөөд тухайн хүн тайлбар өгөхөөс татгалзах боломжтой. Гэсэн хэдий ч бодит нөхцөлд татгалзах нь цагдаагийн анхаарлыг илүү татах, шалгалтыг сунгах шалтгаан болох магадлалтай байдаг.
  • Гадаадын иргэдийн нэг чухал үүрэг нь өөрийн оршин суух эрхийн бичиг баримтыг биедээ байнга авч явах явдал юм. Энэ тухай Японы цагаачлалын хуульд заасан байдаг бөгөөд цагдаа шаардсан тохиолдолд үзүүлэх үүрэгтэй. Хэрэв тухайн иргэн  бичиг баримтгүй явах, аль эсвэл үзүүлэхээс татгалзвал саатуулагдах, зарим тохиолдолд баривчлагдах хүртэл арга хэмжээ авах боломжтой. 
  • Цагдаагийн зүгээс тухайн хүнийг ойрын Цагдаагийн газар хүртэл дагаж явахыг хүсэж болно. Үүнийг “Сайн дураар дагаж явах” /任意同行/ гэж нэрлэдэг. Хэрэв үүнээс татгалзвал олонх тохиолдолд цагдаад түүнийг хүчээр дагуулан авч явах эрх  байдаггүй, зөвхөн гэмт хэрэг үйлдсэн тодорхой сэжиг байгаа үе, үйлдэл дээрээ баригдсан үе зэрэгт л баривчлах боломжтой байдаг. Ер нь Японд хүнийг баривчлахын тулд ихэвчлэн шүүхийн захирамж гаргуулах шаардлагатай байдаг. 
  • Гадаадын иргэд баривчлагдах хамгийн түгээмэл тохиолдол нь визийн зөрчил байдаг. Жишээлбэл, оршин суух хугацаа хэтрүүлэх, зөвшөөрөлгүй ажил хийх зэрэг нь шууд саатуулах үндэслэл болдог. 
  • Хулгай, танхайрах, согтуугаар асуудал үүсгэх зэрэг жижиг зөрчил болон дунд зэргийн гэмт хэрэг нь баривчлах шалтгааны нэлээд хэсгийг эзэлдэг. 
  • Хар тамхи, хүчирхийлэл, залилан зэрэг онц ноцтой гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд баривчлах магадлал маш өндөр байдаг.
  • Гадаадын иргэнийг баривчлах үед түүний эрхийг тодорхой тайлбарлах үүрэг цагдаад байдаг бөгөөд үүнд дуугүй байх эрх, өмгөөлөгч авах эрх орно. 
  • Хэрэв тухайн этгээд япон хэл ойлгохгүй бол орчуулагч заавал оролцуулах ёстой. Энэ нь шударга шүүхийн зарчмыг хангах чухал нөхцөл болдог. 
  • Мөн баривчлагдсан гадаадын иргэн өөрийн улсын Элчин сайдын яам эсвэл консулын газарт мэдэгдэх эрхтэй байдаг бөгөөд энэ тухай олон улсын гэрээ, тухайлбал “Консулын харилцааны тухай Венийн конвенц”-эд тодорхой заасан байдаг. 
  • Баривчилгааны дараах процесс нь үндсэндээ япон иргэдтэй ижил явагддаг. Цагдаа 48 цагийн дотор хэргийг прокурорт шилжүүлж, прокурор 24 цагийн дотор үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэнэ. Хэрэв хорих шаардлагатай гэж үзвэл шүүхээс зөвшөөрөл авч, нийтдээ 23 хоног хүртэл хугацаанд саатуулан шалгах боломжтой байдаг. Энэ хугацаанд байцаалт, нотлох баримт цуглуулах ажиллагаа явагдана.
  • Гадаадын иргэдийн нэг онцлог нь “оргон зайлах эрсдэл” юм. Ялангуяа байнгын оршин суух хаяггүй, визийн хугацаа дууссан, эсвэл тогтвортой ажил эрхэлдэггүй тохиолдолд прокурор болон шүүхээс тухайн этгээдийг суллахгүй хорих магадлал өндөр байдаг. Иймд гадаадын иргэд баривчлагдсан бол батлан даалтаар суллагдах (保釈) боломж харьцангуй бага байдаг. 
  • Хэрэв гадаадын иргэн гэм буруутай нь тогтоогдож ял шийтгүүлсэн бол ял эдэлсний дараа Цагаалчлалын хуульд заасны дагуу Японд цаашид оршин суух эрхгүй болох, албадан гаргагдах эрхзүйн нөхцөл үүсдэг. Энэ ажиллагааг цагдаагаас тусдаа байгууллага болох “Хилийн хяналт, оршин суух хяналтын агентлаг” / Цагаачлалын газар буюу出入国在留管理庁/ хариуцан хэрэгжүүлдэг. 
  • Зарим тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхгүйгээр зөвхөн визийн зөрчил (хууль бус оршин суух гэх мэт)-д үндсэнлэн шууд саатуулж, цагаачлалын төвд байрлуулан албадан гаргах ажиллагаа явуулах нь бий. 
  • Гадаадын иргэдийг саатуулах нөхцөл нь заримдаа олон улсын анхаарал татсан  асуудал болдог. Ялангуяа элдэв шалтгаан дурдан гадаадын иргэдийг илүү урт хугацаагаар саатуулах, батлан даалт олгохгүй байх, орчуулагчийн чанар муу байх зэрэг асуудлыг хүний эрхийн байгууллагууд шүүмжилж ирсэн. Иймээс Япон улс сүүлийн жилүүдэд гадаадын иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хууль, журмаа сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна.
  • Хууль тэгш үйлчлэнэ гэх боловч хэл, соёл, оршин суух статус зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан бодит байдалд япон хүнтэй харьцуулахад тэгш бус, хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Иймд гадаадын иргэд өөрсдөө Япон Улсын хууль, дүрмийг сайтар ойлгож, түүнийг чандлан мөрдөх нь өөрсдийгөө хамгаалах хамгийн чухал арга болдог.