ХУУЛЬ, ЭРХЗҮЙН ТУСЛАЛЦАА ХЭРХЭН АВАХ ВЭ
2026-06-27
Монгол Улсаас Япон Улсад оршин суугч болон түр зорчигч иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, түүний хэрээр хууль тогтоомж зөрчин хууль, хяналтын байгууллагад саатуулагдах, ял эдлэх иргэдийн тоо ч нэмэгдэж байна. Жилдээ 100-120 орчим иргэн гэмт хэрэгт холбогдон саатуулагдаж байгаагийн 40 орчим хувь нь оршин суух хугацаа хэтрүүлсэн, 30 орчим хувь нь танхайрсан /архидан согтуурсан/, 25 орчим хувь нь хулгай хийсэн зэрэг эрүүгийн хэрэг байна. Бусдыг хууран мэхлэх, хар тамхи биедээ авч явах, хар тамхины наймааны сүлжээнд оролцох, залилан хийх, биеэ үнэлэх, хүчин үйлдэх, бүлэглэн хулгай хийх зэрэг ноцтой гэмт хэрэгт холбогдсон тохиолдлууд ч бүртгэгдэж байна.
Манай иргэд гэмт хэрэгт холбогдож, хохирсон үедээ ЭСЯ-д хандаж, хууль эрх зүйн зөвлөлгөө өгөх, өмгөөлөгч олж өгөхийг хүсэх нь нэмэгдэж байгааг харгалзан иргэдэд доорх зөвлөгөөг өгч байна.
Япон Улсад хууль эрх зүйн үйлчилгээ авах боломжтой 3 үндсэн ажил мэргэжил байдаг.
• Өмгөөлөгч(弁護士)
• Шүүхийн хэрэг бүрдүүлэгч /хуульч(司法書士)
• Захиргааны хэрэг бүрдүүлэгч /хуульч (行政書士)
Япон Улсад гэмт хэрэгт холбогдох, сэжигтэн буюу хохирогч болох, ял эдлэх зэргээр хууль эрх зүйн туслалцаа шаардлагатай болсон тохиолдолд эдгээр ажил мэргэжлийн чиг үүргийг зөвөөр ойлгож, тохирсон үйлчилгээгээ авах нь чухал юм.
ӨМГӨӨЛӨГЧ (弁護士)
Өмгөөлөгч нь Японы Өмгөөлөгчийн тухай хууль-д зааснаар хүний үндсэн эрхийг хамгаалах, нийгмийн шударга ёсыг хэрэгжүүлэх үүрэгтэй, хууль зүйн бүх төрлийн ажиллагааг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх эрх бүхий этгээд бөгөөд хууль зүйн бүх төрлийн маргаанд иргэнийг төлөөлөн оролцож, шийдвэр гаргуулах бүрэн эрхтэй байдаг.
Өмгөөллийн хууль 弁護士法 Attorneys Act
https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/4610
Өмгөөлөгчдийн холбоо 日本弁護士連合会Japan Federation of Bar Associations
https://www.nichibenren.or.jp/
Үүрэг, онцгой эрх
• Эрүүгийн хэрэгт хамгаалалт, өмгөөлөл хийх
• Иргэн, захиргаа, гэр бүлийн хэрэгт шүүхийн өмнө иргэнийг бүрэн төлөөлөх
• Иргэний өмнөөс хэлэлцээр хийж, маргаан шийдвэрлэх
• Иргэнийг цагдаа, прокурор, шүүхийн өмнө бүрэн эрхтэй төлөөлөх
• Эрүүгийн хэрэгт яллагдагчтай ганцаарчлан уулзах онцгой эрхтэй (接見 交通権)
Гадаадын иргэн баривчилагдан саатуулагдах, эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдах, шүүхийн маргаанд холбогдогч болох, албадан гаргагдах, виз цуцлагдах, их хэмжээний эд материал, сэтгэл санааны хохирол үзэх, гэрээний маргаан үүсэх зэрэгт өмгөөлөгчийн тусламж авч, эрх ашгаа хамгаалуулах нь үр дүнтэй байдаг.
ШҮҮХИЙН БИЧИГ ХЭРЭГ БҮРДҮҮЛЭГЧ (司法書士)
“Шүүхийн хэрэг бүрдүүлэгч” /“Шихо шооши”/ нь бүртгэл, бичиг баримтын бүрдүүлэлт хийж, нийгмийн шударга ёс тогтооход өөрсдийн хувь нэмрийг оруулдаг "иргэдэд ойрхон хуульч” бөгөөд үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, аж ахуйн нэгжийн бүртгэл хийлгэх, барааны тэмдэгт бүртгүүлэх, шүүх, прокурорын газарт баримт бичиг бэлтгэж өгөх зэрэг дагнасан үйл ажиллагаа явуулж, иргэний өмнөөс онцгой эрх эдэлж, эрхийг нь хамгаалдаг. Тэд иргэдийн өмнөөс өдөр тутмын амьдралд үүсдэг өв залгамжлах, насанд хүрсэн асран хамгаалагч томилох, өр авлагын хэмжээг тодорхойлох, эд хөрөнгө захиран зарцуулах итгэмжлэл хүлээн авах зэрэг хуулийн эрх олж авах үйл явцад голдуу дэмжлэг үзүүлдэг.
https://laws.e-gov.go.jp/
The Japan Federation of Shiho-shoshi's Associations
https://www.shiho-shoshi.or.jp/
https://www.shiho-shoshi.or.jp/global/english/
Outline of the Act Partially Amending the Judicial Scriveners Act and the Land and Building Investigators Act
https://www.japaneselawtranslation.go.jp/outline/17/200901151218_9053103.pdf
Үндсэн чиг үүрэг
• Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл (不動産登記)
• Компани, хуулийн этгээдийн бүртгэл (商業登記)
• Шүүх, төрийн байгууллагад өгөх бичиг баримт боловсруулах
• Хялбаршуулсан шүүх (簡易裁判所)-эд тодорхой хэмжээний үнийн дүнгээс дооших маргаанд иргэнийг төлөөлөх боломжтой
ЗАХИРГААНЫ ХЭРЭГ БҮРДҮҮЛЭГЧ (行政書士)
Захиргааны хэрэг бүрдүүлэгч гэдэг нь “Захиргааны хэрэг бүрдүүлэгчийн тухай хууль”-ийн дагуу мэргэжлийн шалгалтад тэнцэж эрх авсан "тойргийн хуульч" бөгөөд төрийн албан байгууллагад хандсан иргэн, аж ахуйн нэгжээс илгээх бичиг баримтыг боловсруулан бэлтгэж, тэдний нэрийн өмнөөс бүртгүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг. Барилгын ажлын зөвшөөрөл авах, компани байгуулах, гадаад иргэдийн оршин суух хүсэлт тавих, гэрээний бичиг баримт боловсруулах зэрэг нарийн төвөгтэй ажлаар мэргэшсэн эдгээр хуульчид нь хувь хүн, компанийн захиргааны ажлыг илүү хөнгөвчилж өгдөг.
Захиргааны хэрэг бүрдүүлэгчийн тухай хууль /行政書士法 Certified Administrative Procedures Legal Specialist Act/
https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/2842
Захиргааны хэрэг бүрдүүлэгч нь мэргэжлийн шалгалтад тэнцсэний дараа орон нутгийн /муж, сумын захиргаа г.м/ “Захиргааны бичиг хэрэг бүрдүүлэгчийн холбоо”-нд бүртгүүлснээр тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулах эрхээ олж авдаг.
Японы Захиргааны хэрэг бүрдүүлэгчийн нэгдсэн холбоо /日本行政書士会連合会The Certified Administrative Procedures Legal Specialists Association/
https://www.gyosei.or.jp/
Үндсэн чиг үүрэг
• Захиргааны байгууллагад өгөх өргөдөл, хүсэлт боловсруулах
• Оршин суух эрх (виз), зөвшөөрөл авах бичиг баримт боловсруулах
• Лиценз, зөвшөөрөл, мэдүүлэгийн баримт бичиг бүрдүүлэх
• Гэрээ, тайлбар, өргөдлийн төсөл бэлтгэх
ГУРВАН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХАРЬЦУУЛАЛТ (ХҮСНЭГТ)
| Ажил үүрэг | Өмгөөлөгч | Шүүхийн хэрэг бүрдүүлэгч |
Захиргааны хэрэг бүрдүүлэгч |
| Эрүүгийн хэрэгт өмгөөлөх |
✓ Болно | × | × |
| Шүүхэд төлөөлөх | ✓ Бүх шатны шүүх |
△ Хязгаарлагдмал | × |
| Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл |
✓ | ✓ Үндсэн ажил | × |
| Компани бүртгэл | ✓ | ✓ Үндсэн ажил | × |
| Виз авах, зөвшөөрөл авах |
✓ | × | ✓ Үндсэн ажил |
| Хэлэлцээр хийх | ✓ | × | × |
2023 оны байдлаар Японд өмгөөлөгч 45,000 гаруй, шүүхийн хэрэг бүрдүүлэгч 23,000 гаруй, захиргааны хэрэг бүрдүүлэгч 50,000 гаруй байсан бөгөөд Шүүх хурал, эрүүгийн хэрэг, өндөр үнийн дүнтэй төвөгтэй маргаанд→ Өмгөөлөгч, улсын бүртгэл, үл хөдлөх, компани бүрртгүүлэхэд→ Шүүхийн хэрэг бүрдүүлэгч, виз авах, төрөл бүрийн зөвшөөрөл авах, өргөдөл гаргахад→ Захиргааны хэрэг бүрдүүлэгч-ид тус тус хандах нь элбэг байна. Иргэний хэрэгт ч маргаан үүсэх эрсдэл өндөр, үнийн дүн өндөр бол шууд өмгөөлөгчид хандах нь дээр гэж үздэг.
Өмгөөлөгч болохын тулд хууль зүйн их сургууль төгссөн аль эсвэл урьдчилсан шалгалтад тэнцсэн иргэн шүүхийн шалгалтад тэнцэж, шүүхийн дадлага хийж дуусгаад Өмгөөлөгчдийн холбоонд гишүүнээр бүртгүүлдэг.
Шүүхийн хэрэг бүрдүүлэгч болохын тулд шүүхийн хэрэг бүрдүүлэгчийн шалгалтад тэнцэж, Шүүхийн хэрэг бүрдүүлэгчийн Холбоонд гишүүнээр бүртгүүлдэг. Нас, боловсрол хамаардаггүй.
Захиргааны хэрэг бүрдүүлэгч болохын тулд Захиргааны хэрэг бүрдүүлэгчийн шалгалтад тэнцэж, Захиргааны хэрэг бүрдүүлэгчийн Холбоонд бүртгүүлдэг. Нас, боловсрол хамаардаггүй.
ГАДААДЫН ИРГЭДИЙН АНХААРАХ ЗҮЙЛ
Гадаад иргэний эсрэг үүссэн хэрэгт Эрүүгийн хууль, шүүхийн систем болон Цагаачлал, оршин суух эрхийн (入管法) систем давхар үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэгт холбогдсон тохиолдолд Баривчлах, Ял өгөх, Торгууль ногдуулах бол үүнтэй зэрэгцэн Виз цуцлагдах, Оршин суух эрхийг сунгахгүй байх, Албадан гаргах (退去強制) шийтгэл давхар ногдуулах боломж үүсдэг. Иймд өмгөөлөгч эрж олох үедээ доорх зүйлсэд анхаарах нь зүйтэй.
• Тухайн мужийн өмгөөлөгчдийн холбоонд (弁護士会) бүртгэгдсэн эсэхийг тодруулах.
• Дараах чиглэлээр туршлагатай эсэхийг тодруулах:
o Оршин суух эрх, визийн асуудал (出入国在留管理庁-тэй харилцах)
o Хөдөлмөрийн эрх, ажил эрхлэлтийн асуудал
o Эрүүгийн хэрэг
o Иргэний маргаан (гэрээ, түрээс, нөхөн төлбөр гэх мэт)
ГАДААДЫН ИРГЭН ӨМГӨӨЛӨГЧ ХЭРХЭН ОЛОХ ВЭ?
1. Япон Улсын хууль эрх зүйн туслалцааны төв-д хандах:
Гадаадын иргэн өмгөөлөгч авах бол эхний ээлжинд “法テラス(Хо Тэрас)” буюу Япон Улсын хууль эрх зүйн туслалцааны төвд хандах нь зүйтэй. Учир нь уг байгууллага нь орлого багатай иргэд болон гадаадын иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, хөнгөлөлттэй үнээр өмгөөлөгч олох үйлчилгээ явуулдаг. “Хо Тэррас” нь гадаадын олон хэлээр үйлчилгээ явуулдаг.
https://www.houterasu.or.jp/
https://www.houterasu.or.jp/site/english/multilingualinformationservice.html
https://www.houterasu.or.jp/site/foreign-nationals/
Хөдөө орон нутагт ч Хо Тэрас байгууллагын салбар ажилладаг.
https://www.houterasu.or.jp/chihoujimusho/index.html
Утсаар зөвлөлгөө авах бол:
Утас: 0570-078377, 0570-078374 /IP утаснаас дуудлага хийх бол/
Уулзаж зөвлөлгөө авах бол захиалга өгөх утас: 03-6745-5600
2. Гадаад оршин суугчдыг дэмжих төв-д хандах
Гадаадын оршин суугчдыг дэмжих төв /外国人在留支援センター, The Foreign Residents Support Center (FRESC)/ нь Японд амьдарч буй гадаадын иргэдэд хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө өгч, бичиг хэргийн бүрдүүлэлтэд дэмжлэг үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээний төв юм. Гадаадын оршин суугчдыг дэмжих төвийг Хууль зүйн яам, Цагаачлалын алба болон Өмгөөлөгчдийн холбоо, Хөдөлмөрийн яам, орон нутгийн засаг захиргаа зэрэг холбогдох байгууллагууд хамтран ажилуулдаг бөгөөд Япон Улсын хөдөө орон нутагт ч салбар нь байдаг. “Хо Тэрас” байгууллага болон Өмгөөлөгчдийн холбоо уг нэг цэгийн үйлчилгээнд зориулж өмгөөлөгч томилон ажиллуулдаг.
https://www.moj.go.jp/isa/support/fresc/fresc01.html?hl=en
https://www.moj.go.jp/isa/support/fresc/fresc01.html
Уг байгууллагаар үйлчлүүлэхийн тулд урьдчилан захиалга өгөх шаардлагатай бөгөөд урьдчилж утсаар ярих буюу мэйл, чатаар хандан захиалга өгдөг. Манай иргэд виз авах, сунгах, оршин суух статусаа өөрчлөх, ажил, амьдралтай холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эмнэлгийн тусламж авах, халамж, нийгмийн хамгаалал авах зэрэгт ч энэхүү байгууллагын дэмжлэгийг авах боломжтой.
Гадаадын оршин суугчдыг дэмжих төв нь Япон, Англи, Хятад, Солонгос болон бусад олон орны хэл дээр үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай тохиолдолд уг байгууллагын орчуулагч дэмжлэг үзүүлдэг.
3. Япон Улсын Өмгөөлөгчдийн холбоонд хандах, онлайн хайлт хийх:
Японд бусад япончуудын адилаар өмгөөлөгч хөлслөх тохиолдолд Япон Улсын Өмгөөлөгчдийн холбооны вэб сайтаар орж, мэдээлэл авах, өмгөөлөгч хайх хэрэгтэй. Холбогдсон хэргийн нэр, мэргэшсэн салбар, хэлний чадвар (англи, хятад, солонгос гэх мэт) зэрэг түлхүүр үгийг хийж өмгөөлөгч хайх боломжтой
https://www.nichibenren.or.jp/ / япон хэлээр/
https://www.nichibenren.or.jp/en.html /англи хэлээр/
Тухайн мужийн өмгөөлөгчийн холбооны зөвлөгөө өгөх төвд хандах
Муж бүрт ажилладаг өмгөөлөгчдийн холбоо “Гадаад иргэдэд зориулсан эхний удаагийн үнэгүй хууль эрх зүйн зөвлөгөө” өгч, оршин суух эрх, хөдөлмөр, иргэний болон эрүүгийн асуудлаар мэргэшсэн хуульчийг санал болгодог. Тухайлбал Токио хотын Өмгөөлөгчдийн холбооны сайт:
https://www.toben.or.jp/ https://www.toben.or.jp/english/
https://www.toben.or.jp/bengoshi/soudan/foreigner/
Хөдөө орон нутгийн өмгөөлөгчийн холбооны гишүүдээс өөрт тохирох мэргэшсэн өмгөөлөгч хайхад зориулсан өмгөөлөгч олох интернэт сайтууд олог бий. Тэдгээр хайлтын систем ашиглан түлхүүр үгээр хүссэн мэдээлэл болон өмгөөлөгчийн хаягийг олж авч болно. Тухайлбал доорх хайлтын систем өргөнөөр ашиглагддаг. Үүнд.
https://www.bengo4.com/
Түүнчлэн ямар нэгэн хэрэгт холбогдвол вэбсайтаас хиймэл оюун ухаан “чат GBT” зэргийг ашиглан тухайн хэрэгтэй төстэй бодит хэрэг шийдсэн жишээ, тодорхой кейс зэргийг өмнөөс судлан үзсэн байх нь тустай байдаг.
4. Мэргэшсэн байгууллага, ТББ, NGO
Орон нутгийн засаг захиргаа “Олон талт соёлын төв” /多文化共生センター/Multicultural Center/ гэж байгууллагаар дамжуулан гадаадын иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэх боломжтой байдаг тул тэндээс зөвлөлгөө авч болно. Тухайлбал Токио хот дахь төвийн хаяг гэвэл:
Address: Room 201, Maison Arakawa II, 3-74-6 Arakawa, Arakawa-ku, Tokyo 116-0002
Phone/Fax: 03-6807-7937
Web site: https://tabunka.or.jp/
Email: info@tabunka.or.jp
“Токиогийн Гадаад Иргэдэд Дэмжлэг Үзүүлэх Сүлжээ”
“Токиогийн гадаад иргэдэд дэмжлэг үзүүлэх сүлжээ” /Tokyo Supporting Network for Foreign Residents/ нь Токиод амьдарч буй гадаад иргэдэд ахуй амьдрал, ажил сургууль, эмнэлгийн үйлчилгээ, хууль эрх зүйн чиглэлээр дэмжлэг үзүүлдэг чухал байгууллага юм. Тодруулбал, гадаад иргэдэд ахуй амьдралын өдөр тутмын зөвлөгөө өгөх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, япон хэлний сургалт явуулах, хууль зүйн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Мөн гадаад иргэдийг хамарсан соёлын арга хэмжээ, семинар зохион байгуулдаг. Түүнчлэн Токио хотын захиргаанд харьяалагддаг “Гадаад оршин суугчдыг дэмжих төв” /Foreigner Life Support Center/ -тэй хамтран ажиллаж, өргөн хүрээтэй нетворкинг, дэмжлэг үзүүлдэг. Холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу. Үүнд:
https://tabunka.tokyo-tsunagari.or.jp/
https://tabunka.tokyo-tsunagari.or.jp/english
https://tabunka.tokyo-tsunagari.or.jp/soudan/relay.html?fbclid=IwAR0Zhoi9FM-zcxcsYsSjM10Hjrb3YfZ9oESo67vFA3A705y2wRfrN6ppBXU
https://foreigner-lifesupport.com/
5. Захиргааны хэрэг бүрдүүлэгчтэй (行政書士)-тэй хамтран ажиллах
Виз авах, сунгах, баримт бичиг боловсруулахад захиргааны хэрэг бүрдүүлэгч дэмжлэг үзүүлдэг. Хэрэв уг хэрэг маргаан болж, шүүхэд шилжих бол тэд өмгөөлөгч олж өөх боломжтой байдаг бөгөөд ажлаа тэдэнд шилжүүлдэг
ӨМГӨӨЛӨГЧИЙН ХЭРЭГЦЭЭ БА ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ӨМГӨӨЛӨЛ
Гадаад Улсын иргэн Япон Улсад дараахь тохиолдол үүсвэл өмгөөлөгч авах хэрэгцээ гардаг. Үүнд:
• Баривчлагдсан
• Прокурор тухайн иргэний эсрэг хэрэг нээсэн
• Шүүхээс торгууль, ял хүлээсэн
• Цагаачлалын албанаас виз сунгахаас татгалзсан
• Тухайн иргэнийг албадан гаргах шийдвэр гарсан
• Хууль ёсоор оршин суух хугацаа хэтэрсэн
Японд эрүүгийн хэрэгт дараах 3 төрлийн өмгөөлөгч оролцдог.
① Хувийн өмгөөлөгч (私選弁護人)
• Өөрөө эсвэл ар гэрээс нь чөлөөтэй сонгож гэрээ байгуулна.
• Баривчлагдахаас өмнө ч гэрээ хийж болно.
• Эрүүгийн хэрэг болон визийн асуудлыг өргөн хүрээнд хамгаална
Давуу тал:
• Өмгөөлөгчөө өөрөө сонгоно
• Хэрэг үүсэхээс өмнө оролцуулж, баривчилгаа, ял үүсэхээс сэргийлж болно
• Байцаалтын протоколд гарын үсэг зурахаас өмнө зөвлөгөө авах боломжтой
• Гэр бүл, ажлын газартай аль болох эртхэн холбоо тогтоох боломжтой
• Хохирогчтой эрт эвлэрэх боломж олох боломжтой бөгөөд ингэснээр:
o Баривчлагдахгүй байх
o Баривчлагдсан ч хурдан суллагдах
o Прокурор хэрэг үүсгэхгүй байх магадлал нэмэгдэнэ
Сул тал: Хөлс төлбөр нь өндөр байдаг.
② Улсын өмгөөлөгч (国選弁護人)
Төлбөрийн чадваргүй (500,000 иенээс доош хөрөнгөтэй) хүнд Япон Улс өөрийн зардлаар өмгөөлөгч томилж өгдөг. Тэгэхпээ ихэвчлэн баривчлагдсаны дараа болон яллагдагч болсных нь дараа хуулийн дагуу шүүхээс томилдог. Японы Өмгөөлөгчдийн холбооны гишүүд нь улсын өмгөөлөгчөөр жилдээ тодорхой тооны хэрэг дээр ажиллах үүрэг хүлээдэг бөгөөд уг үүргийн дагуу шүүхээс тэднийг томилдог.
Давуу тал: Үндсэндээ үнэ төлбөргүй.
Сул тал: Өмгөөлөгчийг өөрөө сонгох боломжгүй. Эртхэн авч өөрийгөө хамгаалуулах боломжгүй. Гадаад иргэний визийн асуудлаар тухайн өмгөөлөгч мэргэшээгүй байх нь бий.
③ Жижүүрийн өмгөөлөгч (当番弁護士)
• Баривчлагдсаны дараа 1 удаа үнэгүй тухайн өдрийн жижүүр өмгөөлөгч уулзаж зөвлөгөө өгдөг. Энэ үед сэжигтэний эрх үүргийг хэлж өгдөг.
• Өмгөөлөгчдийн холбооноос тухайн өдөр жижүүрт гарч буй өмгөөлөгч ирнэ
Давуу тал: Яаралтай үед эхний удаагийн үнэгүй зөвлөгөө авч болно. Гэр бүл, ажлын газар руугаа хэл дамжуулах боломжтой.
Сул тал: Зөвхөн нэг удаа үйлчилгээг нь авч болно. Цаашдаа улсын буюу хувийн өмгөөлөгч авах шаардлагатай болдог.
ӨМГӨӨЛӨГЧИЙН АЖИЛ ҮҮРЭГ
Өмгөөлөгч нь баривчилгаа, саатуулалтад орсон иргэний хувьд гадаад ертөнцтэй холбоо барих цорын ганц боломж, бие төлөөлөгч нь болдог бөгөөд баривчилгаа, ямар ял авахаас айх сэтгэлзүйн айдас, дарамтыг даван туулахад дэмжлэг болдог.
① Баривчлагдахаас өмнөх тохиолдолд өмгөөлөгчөөр доорх ажил үүргийг гүйцэтгүүлж болно.
• Баривчилагдахаас зайлсхийх баримт нотолгоо бэлтгэх
• Мэдүүлэг өгөх заавар авах (чимээгүй байх эрх гэх мэт)
• Хохирогчтой эвлэрэх боломж олж авах (示談)
② Баривчлагдсаны дараа өмгөөлөгчөөр доорх ажил үүргийг гүйцэтгүүлнэ.
• Баривчлагдан Цагдаагийн газарт ирсэний дараа саатуулах (勾留) үйл явцыг зогсоох талаар ярьж хэлэлцэнэ.
• Эрт суллагдах боломжтой болно.
• Батлан даалт (保釈) гаргаж, гадуур байцаагдана.
③ Яллагдсаны дараа өмгөөлөгчөөр доорх ажил үүргийг гүйцэтгүүлнэ.
• Ял хөнгөрүүлэх талаар баримт нотолгоо бэлдэж, өмгөөллийн стратеги тактик гаргуулж,цагдаа, прокурор, шүүхэд өгөх мэдүүлгийн талаар тохиролцоно.
• Ялыг хөнгөрүүлэх, тэнсэн харгалзах ял авахад дэмжлэг үзүүлнэ.
• Шүүхээс гарсан шийдвэр оршин суух эрхэд үзүүлэх үр дагаврыг багасгана.
ӨМГӨӨЛӨГЧТЭЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭНИЙ (委任契約) ТУХАЙ
Өмгөөллийн гэрээ нь хууль зүйн шинж чанараараа Иргэний хуулийн итгэмжлэлийн гэрээтэй адил бөгөөд үр дүнг 100% баталгаажуулах зүйл биш юм. Гэрээнд заавал тусгах ёстой зүйл нь:
• Ажиллах хүрээ (эрүүгийн хэрэг + оршин суух эрхийг давхар хамрах эсэх)
• Үнийн дүнгийн бүтэц /Төлбөр, үйлчилгээний хүрээ, хугацаа тодорхой байх/
• Төлбөрийн хэлбэрийг тодорхой болгох /Амжилтанд суурилсан, цаг тутмын, тогтмол төлбөр гэх мэт /
• Гэрээг дундаас нь цуцалбал яах вэ гэдгийг тусгах
• Орчуулга, орчуулагчийн зардал тусгах /Харилцах хэл, орчуулгын дэмжлэг/
• Цагаачлалын албанд бичиг баримт гаргаж өгөх бол тусгах
Гэрээний үнийн дүн нь Өмгөөлөгчийн холбооны гишүүдийн хувьд жишиг тогтсон байдаг хэдий ч өмгөөллийн компани, өмгөөлөгчийн нэр хүнд зэргээс хамаарч:
Эрүүгийн хэрэгт:
• Гэрээ байгуулсаны: 300,000 – 800,000 иен
• Амжилтын хөлс: 300,000 – 1,000,000 иен
Оршин суух эрх, албадан гаргах тухайд:
• Гэрээ байгуулсаны : 200,000 – 600,000 иен
• Шүүхийн шатанд: 500,000 иен гэх зэргээр ялгаатай байдаг.
Авто тээврийн ослын үеэр өмгөөлөгч авахад зөвхөн амжилтад суурилсан гэрээ байгуулах боломж илүү өндөр байдаг.