ЯПОН УЛСЫН ЭРХЗҮЙН САЛБАРЫН ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

2026-06-27


              Япон Улс нь өөрийн элссэн эрхзүйн салбарын хамтын ажиллагааны олон улсын гэрээ конвенцийн хүрээнд зарим асуудлыг шийдвэрлэдэг.   

           Япон Улсын Хууль зүйн яамнаас хууль хэрэгжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх талаар Япон Улсын Засгийн гззраас авч явуулж буй бодлого, хуулийн хэрэгжилт, гэмт хэргийн талаарх статистик мэдээг агуулсан “Гэмт хэргийн цагаан ном”-ыг жил бүр хэмээх эрхлэн гаргадаг. Уг номын англи хэл дээрх хувийг доорх холбоосоор орж харна уу. 

WHITE PAPER ON CRIME 2022 /Англи хэл дээр/
https://hakusyo1.moj.go.jp/en
https://www.moj.go.jp

      Уг цагаан ном болон Япон Улсын Хууль зүйн яамны сайт, ГХЯ-ны сайтуудаас шүүн үзвэл Японы Засгийн газар эрхзүйн салбарт гадаад хамтын ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой дараах гэрээ хэлэлцээрийг байгуулсан байдаг ажээ. Үүнд: 

Мөрдөн байцаах ажиллагааны харилцан туслалцаа: 
“Олон улсын хэмжээнд мөрдөн байцаах болон бусад чиглэлээр харилцан туслалцах тухай хууль” 1980 онд гарсан. 69 дүгээр хууль.

国際捜査共助等に関する法律 Act on International Assistance in Investigation and Other Related Matters  /Япон-Англи хэл дээр харьцуулсан/
https://www.japaneselawtranslation.go.jp

       Уг хуульд үндэслэн Япон Улс нь харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр дипломат сувгаар дамжуулан эрүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах, шүүх ажилд шаардлагатай нотлох баримт гаргаж өгөх зэрэгт эрхзүйн туслалцаа үзүүлж, тухайн улс, бүс нутгийн хууль, тогтоомжоор зөвшөөрсөн хэм хэмжээнд Япон Улсын мөрдөн байцаалт, шүүх ажиллагаанд шаардлагатай байгаа нотлох баримт зэргийг гаргуулан авч байна. 

        Гэмт хэргийн мөрдлөг, эрэн сурвалжлах салбарын хамтын ажиллагааг Япон Улсын Хууль зүйн сайд, Олон нийтийн аюулгүй байдлын үндэсний хорооны дарга нар хариуцдаг тул гэрээнд нэгдсэн улсын эрх бүхий байгууллага Япон Улсын Хууль зүйн яамаар дамжуулан Цагдаагийн газар, Прокурор, шүүх зэрэг холбогдох байгууллагуудад хандаж хүсэлт гаргадаг. 

Эрүүгийн хэрэгт харилцан туслалцах тухай гэрээ:

Япон Улс нь хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд “Эрүүгийн хэрэгт харилцан туслалцах тухай гэрээ-Mutual legal assistance treaty” буюу “MLAT”-г 7 улс, бүс нутагтай байгуулсан. Түүнчлэн 30 гаруй улс орон, бүс нутагтай олон улсын конвенцийн хүрээнд харилцан туслалцах тогтолцоо бүрдүүлсэн. Монгол Улстай одоогийн байдлаар ийм хоёр талт гэрээ хэлэлцээ байгуулаагүй.  

Шүүхийн салбарын хамтын ажиллагаа:

           Шүүхийн салбарт Япон Улс болон гадаад улсын шүүхийн хооронд харилцан хүсэлт тавьж, шүүхийн холбогдох баримт бичиг хүргүүлэх, нотлох баримт шалгах зэрэг эрх зүйн харилцан туслалцаа үзүүлдэг. Япон Улсын шүүх нь гадаадын шүүхтэй хамтран ажиллахдаа “Гадаадын шүүхийн хүсэлтийн дагуу шүүхийн харилцан туслалцах тухай хууль” “Law Relating To The Reciprocal Judicial Aid To Be Given At The Request Of Foreign Courts” (Мэйжи 38 оны 63 дугаар хууль)-ийг мөрддөг.  
Гадаадын шүүхийн хүсэлтийн дагуу шүүхийн харилцан туслалцах тухай хууль:

https://www.mofa.go.jp

Эрүүгийн цагдаагийн хамтын ажиллагаа: 

         Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Интэрпол (ICPO:International Criminal Police Organization) нь гишүүн улсуудын цагдаагийн байгууллагын хооронд түргэн шуурхай, найдвартай мэдээлэл солилцох зорилготой мэдээлэл холбооны сүлжээ олон улсын хэмжээний мэдээлэлийн сан бүрдүүлдэг. Тус санд хурууны хээ, ДНХ, гадаадад оргон зайлсан сэжигтэн болон олон улсын гэмт хэрэгтэн, үрэгдүүлсэн болон хулгайлагдсан паспорт, хулгайлагдсан тээврийн хэрэгсэл гэх мэт мэдээллийг цуглуулж, хадгалдаг. 

       Түүнчлэн ICPO-гийн хамтын ажиллагааны хүрээнд олон улсын гэмт хэрэгтэнг саатуулах тогтолцоотой бөгөөд гишүүн улсуудтай хамтран гэмт хэрэгтэй тэмцэх, эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулдаг. Эрэн сурвалжлагдаж буй этгээдийн хаяг тодруулах хүсэлт (эрэн сурвалжлах хөх хуудас), эрэн сурвалжлагдаж буй этгээдийн гэмт хэргийн тухай мэдээлэл, сэрэмжлүүлэг мэдээг гишүүн улсуудын Цагдаагийн байгууллагад өгөх (эрэн сурвалжлах ногоон хуудас) зэрэг мэдээлэл солилцох арга хэлбэр бий. 

Ялтан шилжүүлэх гэрээ хэлэлцээр: 

           Япон Улс нь гадаадын шоронд хоригдож байгаа иргэдээ шилжүүлэн авч, ялыг нь эх оронд нь эдлүүлэх зорилгоор “Ял шийтгүүлсэн этгээдийг шилжүүлэн өгөх тухай олон улсын конвенц”-эд нэгдэн орсон бөгөөд 2003 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж байна. Уг конвенц нь 1983 оны 3 дугаар сард Францын Страсбург хотноо Европын гишүүн улсуудын хооронд анх гарын үсэг зурагдаж, 1985 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон. 2002 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Япон Улсын Парламент соёрхон баталсан. 


            Уг конвенцийг хэрэгжүүлэх үүднээс Япон Улсын дотоодод “Олон улсын ялтан шилжүүлэх тухай хууль” (14-ийн 66 дугаар акт)-ийг баталсан. 国際受刑者移送法 Act on the Transnational Transfer of Sentenced Persons

https://www.japaneselawtranslation.go.jp

            Япон Улс нь Тайланд (2010 онд хүчин төгөлдөр болсон), Бразил (2016 онд хүчин төгөлдөр болсон), Иран  (2016 онд хүчин төгөлдөр болсон ) болон Вьетнам (2020 онд хүчин төгөлдөр болсон) Улсуудтай ялтан шилжүүлэх тухай хоёр талын гэрээг байгуулж, хэлэлцэн тохирогч талуудад ялтан шилжүүлэхэд ашиглаж байна.


            2003 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Хууль зүйн яамны 15 тоот тушаалаар “Гадаадын ялтан шилжүүлэх хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журам” (2010 оны 5 дугаар сард нэмэлт өөрчлөлт оруулсан) батлагдсан. Уг журмын дагуу гадаадын иргэн хорих ял эдлэх болсон тохиолдолд ялын шийдвэр эцэслэн гарч, ялаа эдлэж эхлэх үед нь “Мэдэгдэх хуудас” /хавсралт 1-ийг харах/ гардуулж, “Ял шийтгүүлсэн этгээдийг шилжүүлэн өгөх тухай олон улсын конвенц”-ийн тухай, уг конвенцийн дагуу өөрийн харьяалал бүхий улсад ялаа эдлэх хүсэлт гаргах эрхтэй гэдгийг нь танилцуулдаг журамтай. 

Гэмт хэрэгтэн шилжүүлэх гэрээ хэлэлцээр:

          “Гэмт хэрэгтэн шилжүүлэх гэрээ”-ний хувьд Япон Улсад гэмт хэрэг үйлдэж, гадаадад оргон зайлсан гэмт хэрэгтнийг мөрдөн мөшгөж, баривчлахын тулд зарим онцгой тохиолдлоос бусад тохиолдолд гэмт хэрэгтэнг нөгөө талдаа шилжүүлэх үүрэг харилцан хүлээсэн олон улсын гэрээг АНУ, Бүгд Найрамдах Солонгос Улс (ROK)-тай байгуулаад байна.  

        АНУ-Японы хооронд визээс харилцан чөлөөлөх арга хэмжээний хүрээнд аюулгүй аялах, хоёр улсын иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Онц ноцтой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр” (PCSC гэрээ гэж товчилдог/) -ийг 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдөр байгуулж, 2019 оны 1 дүгээр сарын 5-наас мөрдөж байна. Энэхүү хэлэлцээрийн дагуу онц ноцтой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн байцаах зорилгоор хурууны хээ зэрэг шаардлагатай мэдээллийг харилцан солилцдог байна.