СУРАГГҮЙ АЛГА БОЛОХ

2026-06-27


Хэн нэгэн иргэн сураггүй болсон тохиолдолд эхний 48 цаг хамгийн чухал бөгөөд эрлийг үр дүнтэй болгохын тулд цагдаад нэн даруй мэдэгдэх, Элчин сайдын яаманд хандах, өөрсдөө олон нийтийн сүлжээ ашиглан зурагтай зар мэдээлэл түгээх зэрэг яаралтай арга хэмжээг авах нь чухал юм. Түүнчлэн найз нөхөд, танил зэрэг илүү өргөн хүрээнд мэдээлэл авах нь олдох магадлалыг нэмдэг. Мөн мэдээллийг үнэн зөв өгөх нь тухайн хүнийг богино хугацаанд олох боломжийг нэмэгдүүлдэг.
Японд сураггүй болсон хүнийг эрэн хайх ажиллагаа нь “Цагдаагийн байгууллагын тухай хууль” болон Цагдаагийн байгууллагаас гаргасан холбогдох журмуудад  тулгуурлан явагддаг.  Үүнд:
警察官職務執行法The Police Duties Execution Act
https://www.japaneselawtranslation.go.jp/en/laws/view/4043/je
Сураггүй алга болсон хүмүүсийг эрж хайх үйл ажиллагааны журам           /Японоор 行方不明者発見活動に関する規則/
https://laws.e-gov.go.jp/law/421M60400000013/
Япон Улсад хэн нэгэн хүн сураггүй алга болсон тохиолдолд авах арга хэмжээг тоймловол: 
1. Хэн хүсэлт гаргах эрхтэй вэ
Цагдаагийн байгууллагад “Сураггүй алга болсон хүн эрж олох хүсэлт” (行方不明者届 ) гаргах эрх нь зөвхөн ойр дотнын хүмүүс, хамаатан саданд нь байдаг. Үүнд: 
【Хүсэлт гаргаж болох хүмүүс】
1.    Алга болсон хүний ойрын хамаатан
 Жишээ нь: Эхнэр/нөхөр, эцэг эх, өвөө эмээ, хүүхэд, ах дүүс гэх мэт
2.    Хамт амьдардаг хүн
 Жишээ нь: Нэг байранд амьдардаг оршин суугч, найз, хамтрагч 
3.    Ажил олгогч эсвэл сургууль
 Ажил, сургууль зэрэг нийгмийн амьдралын хувьд ойр холбоотой хүмүүс
4.    Халамж, асрамжийн байгууллагын ажилтан
Хөгшин настай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд асрамжийн төв, халамжийн ажилтан мэдэгдэл гаргах боломжтой.
 2. Сураггүй алга бологсдын ангилал:
Сураггүй болсон хүмүүсийг ерөнхийд нь хоёр ангилдаг. Нэгдүгээрт, гэмт хэрэгт өртсөн байж болзошгүй, осол, амиа хорлох эрсдэлтэй, эсвэл хүүхэд, өндөр настан зэрэг эмзэг бүлгийн хүмүүсийг “онцгой нөхцөл байдалд сураггүй алга болсон” гэж үзэж, эрүүгийн гэмт хэрэгтэй ижил түвшний идэвхтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Харин хоёрдугаарт, гэрээсээ явсан, холбоо тасарсан зэрэг тохиолдлыг “ердийн сураггүй болсон тохиолдол” гэж ангилж, хайлт хийдэг ч хүний хувийн эрх, нууцыг хамгаалах үүднээс мөрдөн шалгах боломж нь хязгаарлагдмал байдаг.
Онцгой (эрсдэлтэй) сураггүй алга болсон тохиолдол гэж үзвэл 1/ Мөрдөн шалгах тусгай баг (штаб) байгуулах, 2/ Хяналтын камерын бичлэгийг шинжлэх, 3/ Харилцаа холбооны мэдээлэл (шүүхийн зөвшөөрөлтэй) шалгах, 4/ Олон нийтэд зарлан мэдээлж эрэн сурвалжлах зэрэг бараг эрүүгийн хэрэгтэй адил түвшний мөрдлөг явуулах боломжтой. 
Харин ердийн сураггүй болсон тохиолдолд 1/ Гэрч, ойр орчмын хүмүүсээс асууж тодруулах, 2/ Хувийн эд зүйл, амьдралын орчныг шалгах, 3/ Сайн дурын үндсэн дээр албадлагагүй хэлбэрээр мэдээлэл цуглуулах зэргээр хувийн нууц, эрхийг хамгаалах үүднээс мөрдөн шалгах ажиллагаа нь ихээхэн хязгаарлагддаг.

Ангилал Тайлбар Хариу арга
хэмжээ
Онцгой нөхцөл байдлаар сураггүй алга болсон хүн
(特異行方不明者)
Амиа хорлох, гэмт хэрэг, осол, гамшиг, ухаан санаа, мэдрэлийн асуудал гэх мэт амь нас, эрүүл мэндэд нь аюултай нөхцөл байдал үүссэн байх болзошгүй үе Яаралтай, нэн тэргүүнд эрэн хайгуул хийнэ
Ердийн байдлаар сураггүй болсон хүн
(一般行方不明者)
Гэр бүлийн маргаан, сайн дураараа өөрөө орон гэрээсээ оргож зайлах гэх мэт амь насанд нь аюул багатай гэж үзэгдэх үе Нөхцөл байдлаас хамаарч арга хэмжээ авна

3. Хүсэлт гаргахад шаардлагатай мэдээлэл
•    Алга болсон хүний нэр, төрсөн огноо, хаяг
•    Алга болсон огноо, цаг, газар
•    Сүүлд харсан үед өмсөж байсан хувцас, авч явсан эд зүйл
•    Сүүлд хаана, хэнтэй уулзсан тухай мэдээлэл
•    Унаж явсан авто машин  
•    Гар утасны дугаар, социал хаяг
•    Банкны карт, түүний хөдөлгөөн 
•    Ар гэрийнхэнтэй хамгийн сүүлд харилцсан байдал / хүний нэр, ярилцсан болон харилцсан агуулга/  
•    Гэрэл зураг / Хэрэв байгаа бол хамгийн сүүлийн үед авахуулсан зураг/
•    Сураг гаргахад дөхөм болох бусад мэдээлэл
 4. Хүсэлт гаргах газар
•    Хамгийн ойр орших цагдаагийн хэлтэс эсвэл цагдаагийн пост (交番)
 → “Алга болсон хүнийг эрэх тухай хүсэлт гаргах тухайгаа хэлэх
•    Дараах гурван ЦГ-ын аль нэгэнд хүсэлт гаргах 
 1) Мэдэгдэл гаргагчийн оршин суугаа газар
 2) Алга болсон хүний оршин суугаа газар
 3) Алга болсон газар харьяалсан цагдаагийн хэлтэс
5. Холбоо барьж, хамтран ажиллах өөр бусад байгууллага
Шаардлагатай гэж үзвэл дараах байгууллагатай хамтран ажиллах боломжтой.
•    Хот, тосгоны нийгмийн халамжийн хэлтэс (ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн гэх мэт)
•    Хүүхдийн асрамжийн газар (насанд хүрээгүй хүүхдийн хувьд)
•    Цагаачлалын алба, ЭСЯ (гадаад иргэн алга болсон тохиолдолд)

6.    Элчин сайдын яамны оролцоо
Японд “Хувь хүний нууцыг хамгаалах” үүднээс “Алга болсон хүнийг эрэн хайх хүсэлт” (行方不明者届) гаргах эрх нь өмнө дурдсанчлан зөвхөн гэр бүлийн хүн болон ойрын хамаатан саданд л байдаг тул Элчин сайдын яам бие дааж “Алга болсон хүнийг эрэх хүсэлт” гаргах боломжгүй. Гэхдээ Венийн конвенцийн дагуу Элчин сайдын яаманд өөрийн улсын иргэдийн талаар мэдээлэл авах, иргэдийнхээ өмнөөс туслалцаа үзүүлэхийг хүсэх, Японы байгууллагуудтай тэднийг холбож өгөх эрх үүрэг бий. Иймд энэхүү эрх үүргийнхээ хүрээнд Монгол Улсын иргэн Япон Улсад алга болсон тохиолдолд Элчин сайдын яам нь дараах байдлаар ажилладаг. Үүнд:
①    Гэр бүлийн гомдол, хүсэлтийг хүлээн авах:
■ Гэр бүл эсвэл ойр дотнын эрх бүхий хүн нь “Японд сураггүй алга болсон хүнийг эрж хайж өгөх” тухай өргөдөл хүсэлтийг Монгол Улсын ГХЯ-ны Консулын газарт аль эсвэл Элчин сайдын яаманд шууд ирүүлнэ. 
②    ЭСЯ-наас Японы Цагдаагийн газарт хандан дэмжлэг хүсэх, ар гэрийнхнийг төлөөлж “Сураггүй алга болсон хүнийг эрэх хүсэлт” гаргах:
■ ЭСЯ-ны зүгээс иргэний гаргасан өргөдөл хүсэлтэд тулгуурлан шаардагдах бүрэн мэдээллийн хамтаар Цагдаагийн газарт очиж уулзан, аль эсвэл ГХЯ-нд бичгээр хандан “эрж хайх хүсэлт” гаргана. Ингэхдээ Монгол болон Японд байгаа сураггүй алга болсон иргэний ар гэрийнхэнтэй холбоо тогтоож, Японд оршин суугаа ар гэр, хамаарал бүхий аль нэг иргэнээр буюу ЭСЯ-ны хариуцсан ажилтан Монгол дахь ар гэрийн хүнийг төлөөлж “Алга болсон хүнийг эрэн хайх хүсэлт” тавина.  
■ Цагдаад хүсэлт гаргасан тухайгаа болон хариуцсан цагдаагийн хэлтэс, холбогдох хүний нэр, утасны дугаарыг ар гэрийнхэнд мэдэгдэнэ.

③    Эрэл үргэлжилж байх хугацаанд хийх зүйл:
■ Гэр бүл, найз нөхөд, хамт ажиллагсад зэрэг эх сурвалжаас ирүүлсэн нэмэлт мэдээллийг Цагдаагийн газарт цаг тухайд нь өгнө. 
■ Цагдаагийн газар, хариуцсан байцаагчтай байнгын холбоотой байж, мэдээлэл солилцоно.
■ Монголд байгаа болон японд байгаа гэр бүлд явцын талаар байнга мэдээлнэ.
■ Тодорхой хугацаа өнгөрсөн ч эрлийн ажилд үр дүн гарахгүй бол “эрэл үргэлжилж байгаа эсэх тухай” дахин асууж, нэмэлт хүсэлт гаргана 

④    Олдсон тохиолдолд авах арга хэмжээ:

■ Цагдаагаас “Эрсэн хүн олдлоо” гэх мэдээ ирвэл Элчин сайдын яамны ажилтан түүнтэй очиж уулзах аль эсвэл утсаар ярьж мэдээллийг баталгаажуулж, сураггүй байсан шалтгааныг тодруулна. 
■ Сураггүй байсан иргэний аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар мэдээлэл авч, шаардлагатай тохиолдолд эмнэлэг, нийгмийн халамжийн байгууллагатай хамтран зохих тусламж үзүүлнэ.
■ Тухайн иргэн эх орондоо яаралтай буцахыг хүсвэл ЭСЯ-ны зүгээс ар гэрийнхэнтэй нь холбогдож, эх оронд нь буцаах арга хэмжээ авна. / Түр байрлах байр олох, паспортоо үрэгдүүлсэн бол буцах үнэмлэх олгох, буцах нислэгийн зохицуулалт хийх гэх мэт/ 
■ Эрэл дууссан тухай ГХЯ-ны КГ-т илтгэж, ар гэрийнхэнд тайлагнана.
⑤    Япон Улсын Гадаад хэргийн яамтай хамтран ажиллах:
Элчин сайдын яам нь тухайн сураггүй алга болсон хэргийг ноцтой анхаарал татсан зүйл гэж үзвэл Япон Улсын Гадаад хэргийн яамны Консулын газарт хандаж дэмжлэг хүснэ. Ихэнх тохиолдолд ЦГ-т шууд хандаж асуудлыг шийдвэрлэдэг.
⑥    Нас барсан тохиолдолд авах арга хэмжээ:
Эрж байсан иргэн осол, гэмт хэрэг, өвчний улмаас нас барсан байдлаар олдож, Цагдаагийн газраас Элчин сайдын яаманд энэ тухай мэдээлэл ирвэл ЭСЯ-ны зүгээс ар гэрийнхэнтэй нь яаралтай холбоо барьж, тэдний зүгээс хүсэлт гаргавал виз авч Япон Улсад ирэх, иргэний шарилыг таних ажиллагаа хийх,шарилыг авч явах буюу чандарлахад нь дэмжлэг үзүүлнэ. 

7.    Цагдаагийн эрэл хайгуул:

■ Цагдаагийн газар нь холбогдох хууль, журмын дагуу “Японд сураггүй алга болсон хүнийг эрж хайж өгөх” тухай өргөдөл хүсэлтийг хүлээн авна. Хүсэлт гаргагчаас нарийвчилсан байцаалт авч, мэдээллийг шалгах үйл ажиллагаа явуулна. 
■ Сураггүй алга болсон байдлаас нь шалтгаалж, тухайн тохиолдолд нийцүүлж эрэл хайгуул эхлүүлнэ. 
■ Сураггүй болсон хүнийг хайх ажиллагааны эхний шатанд цагдаа тухайн хүнийг хамгийн сүүлд хаана, хэзээ үзэгдсэнийг тогтоож, ойр орчмын хяналтын камерын бичлэгийг шалгана. Мөн тухайн орчимд байсан хүмүүсээс үзэж харсан тухай асууж, мэдээлэл цуглуулна.
■ Цуглуулсан мэдээлэлдээ нарийвчилсан дүн шинжилгээ хийж, гар утасны хэрэглээ, IC карт (жишээлбэл Suica)-ын ашиглалт, банкны картын гүйлгээг нь шалгана. 
■ Шаардлагатай гэж үзвэл эрэн хайх ажиллагааны хүрээг тэлж,  орон нутгийн Цагдаагийн газруудтай хамтран ажиллаж, галт тэрэг, онгоцны буудал, зочид буудал, интернет кафе зэрэг газруудаар шалгалт хийж, найз нөхөд болон ажлын газрын хүмүүстэй уулзаж, холбогдох мэдээлэл цуглуулна.
■ Гадаадын иргэний хувьд оршин суух эрхийн үнэмлэх, паспортын мэдээлэл болон хилээр орж, гарсан бүртгэлийг шалгана.
■ Хууль бус хөдөлмөр эрхлэх, зуучлагчтай холбоотой асуудал үүсэх, эсвэл цалинтай холбоотой маргаан гарсан байх, хүний наймаанд өртөх зэрэг эрсдэлүүдийг давхар авч үзнэ. 
■ Гарсан үр дүнг Японы ГХЯ-аар дамжуулж аль эсвэл Элчин сайдын яаманд шууд мэдэгдэнэ. 
8. Эрлийг хэрхэн дуусгавар болгодог тухай.
Япон Улсын цагдаагийн газрын эх сурвалжаас авч үзвэл сураггүй алга бологсдын ойролцоогоор 80–90 хувь нь олддог бөгөөд ихэнхдээ 1 долоо хоногийн дотор олддог. Ялангуяа эхний 24–48 цагт олдох магадлал хамгийн өндөр байдаг бөгөөд 3–7 хоногийн дотор олдох нь хэвийн зүйлд тооцогддог. Харин 1 сараас дээш хугацаа өнгөрвөл олдох магадлал буурч, сураг нь тасарч, эрж хайхад илүү хүндрэл учирдаг. Хайхад учирдаг гол хүндрэл гэвэл овог нэр нь зөрөх, тухайн иргэн олон удаа нүүж шилжиж хаяг тодорхойгүй байх, гар утсаа унтрааж нийгмийн сүлжээгээ таслах зэргээр холбогдох боломж бүрэн алдагдах, хууль бус орчинд ажиллаж амьдрах зэрэг нь орно. 
Эрж хайх ажиллагаа нь тухайн хүнийг олсон тохиолдолд шууд дуусгавар болно. Харин урт удаан хугацаанд ямар ч ул мөр олдохгүй, амьд байх магадлал маш бага нөхцөлд идэвхтэй эрж хайх нь багасаж, үндсэндээ зогсдог. Гэхдээ сураггүй алга болсон байдал нь гэмт хэргийн шинж чанартай байгаа бол мөрдөн шалгах ажиллагааг олон жилээр үргэлжлүүлсээр байдаг. Харин насанд хүрсэн хүн өөрийн хүслээр ар гэрийнхэнтэйгээ холбогдох хүсэл сонирхолгүй байгаа нь нотлогдвол албадах боломжгүй тул эрэл хайгуулыг дуусгадаг.
Мөн иргэний эрх зүйн хувьд авч үзвэл Иргэний хуулийн 30 дугаар зүйлд зааснаар ямар нэгэн хүн 7 жил сураггүй байгаа бол түүнийг “нас барсан” гэж тооцох боломжтой бөгөөд осол, гамшгийн үед энэ хугацаа нь ойролцоогоор 1 жил байдаг. Энэ нь өв залгамжлал зэрэг үлдэгсдийн эрх зүйн асуудлыг шийдвэрлэх үйл явцтай холбоотой. Дүгнэж хэлэхэд Японд сураггүй болсон хүнийг эрэн хайх ажиллагаа нь хугацаагаар тодорхойлогдох бус, нөхцөл байдал, эрсдэлийн түвшин, шинэ мэдээлэл гарсан эсэхээс хамаарч үргэлжилдэг онцлогтой.