ЯПОН УЛСАД МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ӨВ ЗАЛГАМЖЛАХ ТУХАЙ

2026-06-27


Япон Улсад өв залгамжлахад “Өв залгамжлалын татвар” төлөх, цаашид өв хөрөнгийг хэрхэх талаар нухацтай бодож, зохицуулах шаардлагатай. Өв залгамжлах, харилцаа нь нарийн төвөгтэй тул арвин мэдлэг, туршлага, ур чадвар бүхий мэргэжлийн хуульч өмгөөлөгчийн тусламж авах нь чухал юм. 

Япон Улсын өв залгамжлах харилцааг зохицуулдаг гол хууль нь иргэний хууль бөгөөд түүний 5 дугаар бүлэг нь өв залгамжлалын асуудал байдаг. 

Японы иргэний хуулийн 5 дугаар бүлэг. “Өв залгамжлал”
https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/2058#je_pt2

Өв залгамжлалын тухай хууль нь улс орон бүрт өөр байдаг тул “улс орон дамнасан олон улсын чанартай өв залгамжлал”-ын асуудлыг шийдвэрлэхийн тулд олон улсын гэрээ эрхзүйд тулгуурлах шаардлага гардаг. Өөр улсад буй хөрөнгийг хэрхэн өвлүүлэх асуудлыг зохицуулсан олон талт гэрээ хэлэлцээр нэлээд хэд байдгийн дотор хамгийн түгээмэл хэрэглээтэй нь Гаагийн “Гэрээслэлийн хэлбэрт хэрэглэгдэх эрхийн тухай” конвенц   /Hague Succession Convention/ юм. Гэвч манай улс энэ конвенцод хараахан нэгдэн ороогүй байна.

Улс дамнасан өв залгамжлах харилцааг зохицуулахад 1/ Өвлүүлэгчийн хувийн хууль /иргэний харьяалал эсхүл амьдран суугаа газрын хууль/, 2/ Өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа улсын хууль-ийг тус тус харгалзан үзэх шаардлага гардаг.  Япон Улс нь өв залгамжлалд иргэний харьяаллыг үндсэн холбоос болгон ашигладаг бол  Монгол Улс амьдран суугаа газрыг үндсэн холбоос болгон ашигладаг байна. 

Япон Улсын “Хууль хэрэглэх тухай ерөнхий хууль”-ийн 36 дугаар зүйлд дараах заалт байна. Үүнд: 

•    Өв залгамжлалыг өвлүүлэгчийн харьяалсан улсын хуулиар шийдвэрлэнэ. 
•    Гэрээслэл хүчин төгөлдөр болох, түүний үйлчлэх хүрээг өвлүүлэгчийн улсын  хуулиар шийдвэрлэнэ.  
https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/3783/ja

Харин Монгол Улсын Иргэний хуулийн 63-р бүлэг, 552 зүйлд “өв залгамжлалыг өвлүүлэгч хамгийн сүүлд нутаг дэвсгэр дээр нь байнга амьдран сууж байсан улсын хуулиар зохицуулна” гэсэн бол иргэний хуулийн 552-р зүйлийн 552.4-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгийг өвлүүлэх, гэрээслэх, түүнийг өөрчлөхөд Монгол Улсын хуулийг хэрэглэнэ” гэж заажээ.

Олон улсын эрх зүйн хувьд  авч үзвэл “өв хөрөнгө хуваах хэрэг” болон “гэрээслэлээс татгалзах”,  “хязгаарлагдмал хүрээнд хүлээн зөвшөөрөх” талаар гарсан маргааныг өвлүүлэгчийн нас барах үедээ оршин сууж байсан улс буюу эд хөрөнгийн оршин байгаа улсын шүүх байгууллага таслах эрхтэй гэж үздэг. Өвлүүлэгч нь Японд оршин сууж, Японд нас барсан, эсвэл түүний өв хөрөнгө (үл хөдлөх хөрөнгө, хадгаламж, өр зээл) нь Японд байгаа бол өвлөх эрх бүхий этгээд нь “хөрөнгө хуваах” хүсэлтийг Японы гэр бүлийн шүүхэд гаргах буюу “өв залгамжлалаас татгалзах хүсэлт”-ийг гаргах зохицуулалттай байна.

Японы гэр бүлийн шүүхээр өвлүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ  өв хөрөнгө нь Японд болон хилийн чанадын аль алинд байгаа бол гадаадад буй эд хөрөнгийн өвлөх асуудлыг ч давхар авч хэлэлцдэг байна. Ийм тохиолдолд маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, шүүх хурал дуусахаас өмнө нөгөө орны хуулийн талаар зохих зөвлөлгөө авч, судалж шалгадаг аж.

Өмч хөрөнгө өвлөхөд нас барсан хүний өөрийн эд хөрөнгө эзэмших эрхийг үзэмжээрээ хуваарилан бичгээр үйлдэж үлдээсэн гэрээслэл чухал үүрэгтэй байдаг. Япон Улсад гэрээслэлийн хууль зүйн хүчин төгөлдөр шинжийн тухайд “Гэрээслэлийн хэлбэрийг зохицуулах хууль” гэж бий. 

Act on the Law Governing Formalities of a Will
https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/3871