images

“ЖАТА-2022” Олон Улсын Аялал жуулчлалын үзэсгэлэн болж өнгөрлөө.

Үйл явдлын мэдээ

2023-01-26

627

Японы Аялал жуулчлалын холбоо, Японы Аялал жуулчлалын агентлагуудын холбоо (JATA), Японы үндэсний аялал жуулчлалын байгууллага (JNTO) хамтран 2022 оны 9-р сарын 22-ны өдрөөс эхлэн дөрвөн өдрийн турш Япон Улсын Токио хотын Big Sight-д “Tourism EXPO Japan (TEJ) 2022” үзэсгэлэнг зохион байгуулав.

Энэ удаагийн үзэсгэлэн нь “Шинэ эриний сорилтууд ба дахин сэргэлт” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд аялал жуулчлалыг дахин сэргээх, КОВИД-19 цар тахлын өмнөх үеийн жишигт хүргэхийн тулд илүү аюулгүй аялал жуулчлалыг санал болгов. Нөгөө талаас хэрэглэгчид аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнийг талаарх мэдээллүүдийг түлхүү авч байсан нь энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог байв.

Тус арга хэмжээнд нийт 78 орны аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1014 компани, аж ахуйн нэгж, хамтын ажиллагааны нийгэмлэг болон олон нийтийн байгууллагуудын төлөөлөл оролцож өөрийн улсын аялал жуулчлал, өв соёл, урлаг, уран сайхан, хоол хүнс, үндэсний хувцас зэргийг сурталчилж тус үзэсгэлэнг зорин ирсэн хүмүүст танилцуулав. Нийт 4 өдрийн турш болсон тус үзэсгэлэнг нийт 124,000 гаруй хүн үзэж сонирхсон тоо мэдээлэлтэй байна. 

Монгол Улсын хувьд Монголын Аялал Жуулчлалын холбооны гишүүн Жуулчин, Аса Трэйвэл, Шинэ Зууч, Чандмана Трэйвэл, Монголиан Трэйвэл Сервис, Алтан Тур ХХК-ууд болон Нийслэлийн Аялал Жуулчлалын газар, Монгол Иргэний агаарын тээвэр /МИАТ/ зэрэг байгууллагууд оролцож өөрийн улсын өв соёл, үндэсний урлаг, хоол хүнс, уламжлалт аж ахуй болон аялал жуулчлалын талаар сурталчлан танилцуулахын сацуу КОВИД-19 цар тахлын дараах Монгол Улсад Аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжуудын талаар бусад улс орнуудын компани, олон нийтийн байгууллага болон авиа компаниудтай санал солилцож, харилцан туршлага судалж ажиллав.

Тус үзэсгэлэнгийн 3 дах өдөр буюу 9 дүгээр сарын 24-ны өдөр Монгол Улсаас Япон Улсад Суугаа Бүрэн Эрхт Элчин сайд Д.Батжаргал өөрийн биеэр очиж, газар дээр нь ажиллаж Монгол Улсаас ирсэн төлөөлөгч нартай санал солилцож, Монгол Улсын тохижуулсан павильонтой танилцав.

Мөн үеэр Элчин сайд Д.Батжаргал сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Энэ онд Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож, мөн Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 онд гадаад болон дотоодын аялал жуулчлалыг дэмжих ажлын хүрээнд “Монголд Зочлох жил” болгон зарласан. ЖАТА-2022 аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож байгаа Монгол Улсын төлөөлөгчид маань маш амжилттай үйл ажиллагаандаа оролцож Монгол Улсаа дэлхийд сурталчлах, тэдэнтэй эн зэрэг оролцож байгаад баяртай байна” хэмээв.