images

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Үйл явдлын мэдээ

2023-05-12

507

2023 оны 5 дугаар сарын 11-ний өглөө Чиба мужийн өмнөд хэсэгт төвтэй газар хөдлөлт болж, Чиба мужийн Кисаразу хотод 5-аас дээш балл, Токио хотын  23 дүүрэг, Ёокохама хотзэрэгт 4 баллын хүчтэй газар хөдлөлт болов. Энэ газар хөдлөлтөөс болж цунами үүсээгүй байна. Японы цаг уурын агентлагаас хүчтэй чичиргээ мэдрэгдсэн газар нутгуудаар үүнтэй ижил хэмжээний чичиргээ ойрын долоо хоног орчим хугацаанд үргэлжлэн гарах төлөвтэй байгааг анхааруулж байна.

Японы цаг уурын агентлагаас мэдээлснээр, 11-ний өглөөний 4 цаг 16 минут орчимд болсон 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн төв нь Чиба мужийн өмнөд хэсэгт 40 километрийн гүнд байжээ. Энэ газар хөдлөлтийн үеэр Чиба мужийн Кисаразу хотод 5-аас дээш баллын, Кимицу хотод 5 балл орчмын,  Чиба хот, Кацуура хот, Ичихара хот, Камогава хот, Футцу хот, Содегаура хот, Минамибосо хот, Исуми хот, Муцузава хот, Чонан хот, Отаки хот, Михама хот, Токио хотын Чиёда дүүрэг, зэрэгт 4 балл орчмын хүчтэй газар хөдлөлт болжээ.  Токиогийн Шинагава дүүрэг, Йокохама хот, Канагава мужийн Нака,  Тоцука, Сеяа, Сакаэ, Кавасаки хотын Накахара, дүүргүүд, Канто-Кошинецу, Тохоку бүсүүдийн өмнөд хэсэг, Шизүока мужуудад 3 баллаас 1 балл хүртэл хүчтэйгээр газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгджээ.

Сүүлийн жилүүдэд энэхүү бус нутагт болсон томоохон газар хөдлөлтүүдийг авч үзвэл, 2012 оны 3-р сарын 14-нд Чиба мужийн зүүн эрэгт болсон 6.1 магнитудын газар хөдлөлт болж байв. Канто бүс нутаг нь Японы Хоншюү арлын гол хавтангийн доод талаар далай талаасаа зүүн талаас нь "Номхон далайн хавтан", урд талаас нь  "Филиппиний далайн хавтан"-гууд  шургаж орсон байршилтай тул шургаж орсон далайн хавтангийн урсгал хөдөлгөөний улмаас газар хөдлөлтийн идэвхтэй бүс болж байдаг байна.

Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр энэ удаагийн газар хөдлөлт Филиппиний далайн хавтангийн дотор үүссэн байна. Энэ голомтод дөрвөн жилийн өмнө 2019 оны тавдугаар сарын 25-нд Чиба мужийн Чонан хотод төвтэй 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт, 1987 оны 12-р сарын 17-нд Чиба мужийн зүүн эрэгт 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байжээ.

[Канто бүс нутагт болж байсан бусад томоохон газар хөдлөлтүүд]

Канто бүс нутагт шургаж орсон хавтангуудын нөлөөгөөр илүү том хэмжээтэй газар хөдлөлтүүд гарч байв. Одоогоос 100 жилийн өмнө 1923 онд Кантогийн өмнөд хэсгийн эргийн дагуух "Сагами трап”-ыг дагасан зааг дээр 7.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, "Их Канто газар хөдлөлт" хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн том хэмжээтэй гамшиг болжээ. Хавтангийн зааг дээр хүч хуримтлагдах нь дотоод хэсэгт ч газар хөдлөлт үүсэхэд хүргэдэг тул “Их Канто газар хөдлөлт” хүртэлх 200 гаруй жилийн хугацаанд ойролцоогоор 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт нийтдээ найман удаа болж байв.

Эдгээр газар хөдлөлтийн давтамж, газар хөдлөлт хоорондын зайнаас авч үзвэл Токио хотод том хэмжээний газар хөдлөлт болох магадлал жил ирэх тусам улам бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд Засгийн газраас ойрын 30 жилийн дотор асар хүчтэй газар хөдлөлт болох магадлал 70% байна гэж таамаглаж байна.

Энэ үүднээс Чиба муж, Токио хот болон нийт Канто бүс нутагт амьдран суудаг монголчууд газар хөдлөлт болохоос болгоомжилж мэдээлэл цуглуулж, эртнээс бэлтгэлтэй байхыг уриалж байна.

Гамшгаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл авахыг хүсвэл Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-ны вэб хуудаснаас доорх холбоосоор орж мэдээлэл авна уу.

https://tokyo.embassy.mn/page/642