images

"Welcome to Mongolia" форум ТОКИО хотод

Үйл явдлын мэдээ

2023-05-15

442

”Монголд зочлох жил 2023-2025” үйл ажиллагааны хүрээнд аялал жуулчлалын салбарын эдийн засгийн хөгжлийг дэмжихээр Японы зах зээлд ажилладаг Монголын тур компанийн 13, Японы аялал жуулчлалын компанийн 100 орчим төлөөлөлтэй B2B уулзалт хийх, цар тахлын дараах аялал жуулчлалын сэргэлт, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол орны соёл, уламжлалыг сурталчлав. 

Монгол Улсаас Япон Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал, БОАЖ-ын сайдын зөвлөх О.Одбаяр, Япон Улсын “Тоа” судалгааны хүрээлэнгийн дарга Такэбэ Цутомү мэндчилгээ дэвшүүлэв. Мөн Монгол Улсын Засгийн газраас барьж буй бодлого, аялал жуулчлалын чиг хандлага, цаашдын үйл ажиллагааны тухай БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од, Японы жуулчдад зориулсан аяллын шинэ хөтөлбөрийн тухай “Жуулчин” компанийн төлөөлөл илтгэл тавив.
 

Япон Улсын “Тоа” судалгааны хүрээлэнгийн дарга Такэбэ Цутомү хэлсэн үгэндээ “Монгол бол үлэг гүрвэлийн олдвор олддог орны нэг. Ховор ан амьтадтай, хэн ч хөндөөгүй онгон дагшин байгаль, нууцлаг, сүрлэг нутаг юм. Энэ нь Япон хүүхдүүдийн хувьд уран сэтгэмжийг хөгжүүлж, сэтгэлийг нь хөдөлгөнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
 

Форумд Японы талаас Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг, Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Такао Шимокава, Японы аялал жуулчлалын агентуудын холбоо аялал жуулчлалын экспо, Япон Улсыг сурталчлах газрын дарга Фүкүшима Казухико, Японы аялал жуулчлалын агентуудын холбооны гадаад аяллыг дэмжих газрын дэд дарга Касуми Абэ, Японы аялал жуулчлалын агентуудын холбооны Монголд аялал жуулчлалыг дэмжих албаны дарга Хидео Окубо, Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны Японы аялал жуулчлалын агентлагийн зөвлөх Ишида Тацуро, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /UNWTO/ Япон дахь оффисын Олон улсын харилцааны газрын даргын туслах Юхиса Ишизаки, Японы аялал жуулчлалын агентуудын холбооны Дэд ерөнхийлөгч Южи Хара нар болон Япон Улсын тур компаниудын төлөөлөл оролцов.