Азийн нийгмийн халамж, боловсролын сан (FWEAP)-гийн 2023 оны арга хэмжээнд оролцов
Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх А.Дэлгэрмаа Азийн нийгмийн халамж, боловсролын сан/The Foundation for the Welfare and Education of the Asian People/-гийн тусгай хөтөлбөрийн хүндэтгэлийн арга хэмжээнд 9 дүгээр сарын 12-ны өдөр оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.
Тус арга хэмжээнд Камбож, Энэтхэг, Монгол, Непал, Филиппин, Шри ланка, Тайвань, Тайланд, Вьетнам улсаас нийт 18 хүн тусгай урилгаар оролцов. Монгол Улсаас “Нутгийн шийдэл” ТББ-ын тэргүүн Ц.Оюунгэрэл, зөвлөх Д.Баасанжав нар оролцсон бөгөөд Азийн улс орнуудад тулгарч буй хүн ам зүй, нийгмийн халамжийн бодлого, ажиллах хүч зэрэг сэдвээр оролцогч улс орнуудын төлөөлөгчидтэй санал солилцсон гэв.
Азийн нийгмийн халамж, боловсролын сан (FWEAP) нь 1978 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийн төлөө үйл ажиллагаа явуулдаг тусгай сургалтыг Азийн улс орнуудын төр засгийн болон иргэний нийгмийн байгууллагуудын дунд хэрэгжүүлдэг байна. Эдүгээ 40 жилийн турш Азийн 17 улс, бүс нутгийн нийгмийн халамжийн чиглэлийн 1943 ажилтан, албан хаагчдыг дээрх хөтөлбөрт хамруулсан байна. Монгол Улсын төлөөлөгчдийг 2003 оноос энэхүү хөтөлбөрт хамруулж эхэлжээ.