images

Элчин сайд Б.Баярсайхан, Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Ямада -тай уулзав.

Үйл явдлын мэдээ

2023-10-11

671

Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Ямада Монгол Улсад 10 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд ажиллахаар төлөвлөж байгаатай холбогдуулан 4-ний өдөр хүлээн авч уулзаж, санал солилцов.

Элчин сайд Б.Баярсайхан Монгол Улсын ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад Япон Улсын дэмжлэг, хөнгөлөлттэй зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглэв. Тэрээр ЖАЙКА нь “Нарны гүүр”, “Нарны зам”, “1000 инженер”, “Монгол, Японы сургалтын эмнэлэг”, “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудал зэрэг манай улс орны хөгжилд стратегийн чухал ач холбогдолтой олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсын ардчилсан хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн “Монгол Улс, Япон Улсын Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэл”-ийн Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд шинэ технологи, хөрөнгө оруулалтыг татах, худалдааг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Япон Улсын хөгжлийн бодлого, санаачилгуудтай уялдуулан нягт хамтран ажиллахын төлөө байгааг онцлов.

Дэд Ерөнхийлөгч Ж.Ямада Япон Улсаас сүүлийн жилүүдэд Монгол Улсад хэрэгжүүлж буй ЖАЙКА-ын төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар танилцуулав. Мөн Япон Улсын Хөгжлийн албан ёсны тусламж /ХАЁТ/-ийн хүрээнд “Төв аймгийн Хөшигийн хөндий дэх шинэ хот болон эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл” 2023 онд эхлүүлэхээр ажиллаж буйгаа мэдээлэв.