images

ИРГЭД БОЛОН ИРГЭДИЙН ХОЛБООДТОЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Үйл явдлын мэдээ

2023-12-18

711

НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага, Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл болон Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ хамтран Япон Улсад оршин суугаа монгол иргэд, Япон Улсад үйл ажиллагаа явуулж буй Монгол иргэдийн үүсгэн байгуулсан холбоод, ТББ-уудын төлөөлөлтэй уулзалт хийж, тэдний ахуй амьдрал, үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагатай танилцлаа.

 

Уг уулзалтад иргэдтэй санал бодол солилцохоор Монгол Улсаас хүрэлцэн ирсэн НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Даниел Квеку Сэм, төсөл хариуцсан ажилтан М. Бямбасүрэн, ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Ч. Батбилэг, Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөлийн дэд тэргүүн А. Долгион нар, ЭСЯ-ны зүгээс  Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Б.Баярсайхан, ЭСЯ-ны зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Л.Даваажаргал нарын дипломат ажилтнууд оролцов.

 

Уулзалтын эхэнд элчин сайд Б.Баярсайхан нээж үг хэлэхдээ “Монгол Улсыг Япон Улсад төлөөлж буйн хувьд, иргэдэд үйлчлэх, иргэдийн эрх ашгийг хамгаалах, дуу хоолойг нь төр засагт хүргэх үүрэг хүлээдгийн хувьд иргэд болон иргэдийн холбоодтой ойр дотно харилцаа холбоотой байж, Монгол-Японы харилцааг хөгжүүлэх, Монгол Улсын хөгжил цэцэглэлд хувь нэмэр оруулахын төлөө хамтран ажиллах болно” хэмээв.

 

НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Даниел Квеку Сэм, төсөл хариуцсан ажилтан М. Бямбасүрэн нар НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын зорилго, Монгол Улсад болон дэлхий даяар явуулдаг үйл ажиллагаа, дэмжлэг үзүүлж болох төсөл хөтөлбөрийг танилцуулав. ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Ч.Батбилэг, Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөлийн дэд тэргүүн А. Долгион нар хилийн чанадад амьдарч буй монгол иргэдийн тоо болон тэдэн рүү чиглэсэн Засгийн газрын бодлого, хөтөлбөрийн тухай танилцуулав.

 

Хэлэлцүүлгийг ЭСЯ-ны зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Л.Даваажаргал хөтлөн явуулсан бөгөөд хэлэлцүүлгийн эхэнд “Япон дахь монгол иргэдийн өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавив. 

 

Үдээс өмнө болсон “Иргэдтэй хийх уулзалт”-ад 20 гаруй иргэн, үдээс хойш болсон “Иргэний холбоодтой хийсэн уулзалт”-ад  8 байгууллагыг төлөөлсөн 20 гаруй иргэн оролцсон бөгөөд тэд хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож хүн нэг бүр саналаа хэлэв. Иргэд өөрсдийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээлийн талаар бодит жишээ татан ярихын сацуу цаашид ГХЯ, ЭСЯ, ОУБ-ын зүгээс ямар тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа талаар санал хүсэлтээ тавив. Иргэдийн холбоодын зүгээс явуулж байгаа үйл ажиллагаагаа танилцуулж, холбоод хоорондын болон ЭСЯ, ГХЯ, ОУБ-тай иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тал дээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Энэхүү уулзалтад ирж оролцсон иргэд, холбоод, зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага, Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөлд гүн талархал илэрхийлье.