“Шинэ Монгол” хөрөнгө оруулалтын форум зохион байгуулагдав
Элчин сайдын яам, Токио дахь Улаанбаатар хотын төлөөлөгчийн газар хамтран “New Mongolia” бизнес семинарыг 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулав. Үйл ажиллагааг Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан нээж, хөрөнгө оруулалтын форумд хүрэлцэн ирсэн монголын холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл болон японы хөрөнгө оруулагч нарт талархал илэрхийлэв.
Уг арга хэмжээнд японы Чиба банк, Нихо коүгёо ХХК, LION Брокер дилерийн компани, Сенко холдинг, Даймонд Брокер дилерийн компани, Асахи Үл хөдлөх хөрөнгийн зууч зэрэг хөрөнгө оруулалтын сан болон хөрөнгө оруулалтын банкны 20 гаруй төлөөлөл оролцов.
Форумын үеэр Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК “Нийслэлийн бонд”, “Шинэ Улаанбаатар баруун терминал төсөл”, “Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв төсөл”, “Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь төсөл”, “НЗДТГ-ын хуучин барилгыг хүчитгэж худалдаа-үйлчилгээний зориулалттай барилга барих төсөл”, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх “Сэлбэ дэд төв” төсөл”, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас “Шинэ зуунмод төсөл”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг япон талын хөрөнгө оруулагчдад өгч, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, боломжийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.