images

МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Б.БАЯРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТОД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРЬСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ХҮНДЭТГЭЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Үйл явдлын мэдээ

2024-01-15

601

Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан Монгол Улсыг сурталчилж, манай улс руу чиглэсэн жуулчдын тоог нэмэгдүүлэх, хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Токио хотын “Нью-Отани” зочид буудлын “Фүёоно ма” танхимд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав.

Элчин сайд Б.Баярсайхан хүндэтгэлийн хүлээн авалтыг нээж мэндчилгээ дэвшүүлэв. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг видео мэндчилгээ дэвшүүлж, Сангийн сайд Б.Жавхлан, Барилга, хот байгуулалтын сайд бөгөөд УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн, Японы Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дэд дарга М.Ивамүра, Гадаад хэргийн дэд сайд Ё.Цүгэ, Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүүдийг төлөөлж Элчин сайд асан Т.Шимизү, Эдийн засгийн хорооны дарга Х.Цүбаи нар тус тус үг хэлэв.

Элчин сайд Б.Баярсайхан хэлсэн үгэндээ Монгол Улс эдүгээ ардчилсан тогтолцоонд шилжсэн 30 жилийнхээ ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэж, улс төрийн тогтолцоогоо улам төгөлдөржүүлэх, сайн засаглалыг хөгжүүлэх, эдийн засгаа төрөлжүүлж, эрчимжүүлэх, үндэсний соёл, боловсролоо орчин үетэй хослуулж хөгжүүлэхийг зорьж, урт хугацааны хөгжлийн “Алсын хараа 2050” бодлогыг батлан хэрэгжүүлж буйг дурдаж, Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутаг болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тэр дундаа ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байгааг тэмдэглэв.

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг 2022 онд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, энэ жилээс ирэх 50 жилийн хоёр улсын харилцааны өнгийг тодорхойлох, цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг тавих үе тохиож байгааг тэмдэглээд шинэ тавин эхэлж буй түүхэн үед Монгол Улсыг төлөөлөн Япон Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаадаа баяртай буйгаа илэрхийлэв. Мөн одоогоос 30 жилийн өмнө 1994 онд Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцахаар ирж байснаа дурсаж, тухайн үед олон зүйлийг суралцаж, хоёр улсын харилцааны гүүр болох ажиллахыг чин сэтгэлээсээ хүсэж байсан мөрөөдөл биелэлээ олж буйд туйлын баяртай байгаагаа онцлов.

Цаашид хоёр улсын Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлж, Монголын соёл, урлаг, зан заншлыг сурталчлах, манай хоёр улсын ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг улам бүр бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцааг тэлэх, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх түншлэлийг Монгол Улсын урт хугацааны хөгжил, хэтийн төлөвтэй уялдуулж, улам бүр гүнзгийрүүлэхийг зорьж ажиллахаа нотлов.

Уг арга хэмжээнд монголын талаас Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн дарга, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид, японы талаас Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн 17 гишүүн, Гадаад хэргийн дэд сайд Ё.Цүгэ, Батлан хамгаалахын дэд сайд Ш.Миякэ, Сангийн дэд сайд М.Канда, манай улстай найрсаг харилцаатай муж, хотын дарга нар, Японы томоохон хувийн хэвшлийн удирдлагууд зэрэг Япон Улсын улс төр, эдийн засаг, хувийн хэвшил, олон нийт, соёл зэрэг бүхий л салбарын 650 гаруй төлөөлөл оролцов.