images

ТОКИО ХОТНОО "МОНГОЛЫН ӨДӨР - ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Embassy news

2024-11-26

143

Монгол Улсын Анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт 100 жилийн ой, Монгол Улс, Япон Улсын хооронд Соёлын хэлэлцээр байгуулсны 50 жилийн ойг тохиолдуулан 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Токио хотноо “Монголын өдөр - Эдийн засгийн форум” амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан “Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Монгол-Японы харилцаанд тавигдах зорилтууд” сэдвээр илтгэл тавьж, 2024 оны 6 дугаар сард болсон УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газраас явуулах бодлого, хэрэгжүүлэхийг зорьж ажиллах 14 мега төсөл зэргийг танилцуулж, мэдээлэл өгөв.

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт хариуцсан захиргааны газрын ерөнхий менежер Б.Гүнболд Шинэ Зуун мод хотод шинээр байгуулагдах “Олон улсын санхүүгийн төв” -ийн хэтийн төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцууллаа.

Япон талаас “Мизүхо” банкны тэргүүн зөвлөх Н.Оохицү болон Япон-Монголын эдийн засгийн хорооны дарга Х.Цүбай дэлхийн жишиг болсон санхүүгийн төвүүдийн талаар мэдээлэл өгч, шинэ технологи, гарааны бизнес, IPO, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар танилцуулан эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх санал дэвшүүлэв.

Форумд оролцогчид Шинэ Зуун мод хотод байгуулагдах “Олон улсын санхүүгийн төв”-ийн хөрөнгө оруулалтын боломжуудыг нээж, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн чухлыг онцлов.

Форумд нийт 250 гаруй төлөөлөгч оролцож, Монгол, Япон Улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлох, технологи, инновацын шинэ боломжуудыг нээхэд чухал хувь нэмэр оруулав.