ЭЛЧИН САЙД Б.БАЯРСАЙХАН МОНГОЛ, ЯПОНЫ ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ШИНЭ, ХУУЧИН УДИРДЛАГА, ГИШҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ.
Энэ сарын 12-ны өдөр Элчин сайд Б.Баярсайхан УИХ дахь Монгол, Японы Парламентын бүлэг, Япон Улсын Парламентын төлөөлөгчдийн танхим дахь найрамдлын бүлгийн гишүүдэд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Их хурлын дэд дарга Б.Булгантуяа, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь найрамдлын бүлгийн шинэ дарга А.Нагашима, Монгол, Японы Парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь найрамдлын бүлгийн дарга асан М.Хаяши, Монгол, Японы Парламентын бүлгийн дарга асан Ц.Даваасүрэн нарын тэргүүтэй хоёр улсын 30 гаруй Парламентын гишүүд оролцов.
Тус арга хэмжээний үеэр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь найрамдлын бүлгийн даргаар 13 жил ажилласан М.Хаяши-д Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалан хүндэт өргөмжлөл илгээснийг УИХ-ын дэд дарга Б.Булгантуяа хүндэтгэлтэйгээр гардуулав.
Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь найрамдлын бүлгийн шинэ дарга А.Нагашима, Монгол, Японы Парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах нар болон Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь найрамдлын бүлгийн дарга асан М.Хаяши, Монгол, Японы Парламентын бүлгийн дарга асан Ц.Даваасүрэн нарт хүндэтгэл үзүүлж, цэцгийн баглаа гардуулав.
УИХ дахь Монгол, Японы Парламентын бүлэг 29 гишүүнтэй, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь найрамдлын бүлэг 42 гишүүнтэйгээр тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.
-о0о-