"МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ЗАЛУУ ГИШҮҮДИЙГ ЯПОН УЛСТАЙ ТАНИЛЦУУЛАХ ХӨТӨЛБӨР"-ИЙГ “НИППОН САН”-ТАЙ ХАМТРАН СЭРГЭЭН ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭВ.
Монгол, Япон хоёр улсын Парламентын гишүүдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, манай улсын эдийн засгийн бие даасан, олон тулгуурт хөгжлийн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор "Монгол Улсын Парламентын залуу гишүүдийг Япон Улстай танилцуулах хөтөлбөр"-ийг Япон Улсын “Ниппон сан”-тай хамтран тус ЭСЯ энэ оноос сэргээн хэрэгжүүлж эхлэв.
Манай Улс “Сасакавагийн энхтайвны сан”-тай хамтран 2008-2012 оны хугацаанд Монгол Улсын Парламентын гишүүдийг Япон Улстай танилцуулах хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлагатай бөгөөд 13 жил завсарлаад байсан энэхүү хөтөлбөрийг энэ удаад “Сасакавагийн энхтайвны сан” харьяалагддаг “Ниппон сан”-тай шууд хамтарсан хэлбэрээр зохион байгуулж байна.
Энэ жил “тээвэр, логистик” сэдвийн хүрээнд хөтөлбөрийг зарлаж, Монгол Улсын Их хурлын гишүүн С.Эрдэнэболд, Н.Батсүмбэрэл, Б.Батбаатар, Б.Баярбаатар, Г.Уянгахишиг, Д.Үүрийнтуяа, Г.Хосбаяр нар оролцож байна. Төлөөлөгчид энэ сарын 16-21-ний өдрүүдэд Япон Улсад зочлов.
Хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүд энэ сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо “Монгол Улсын тээвэр, логистикийн салбарын өнөөгийн байдал” сэдвээр семинар зохион байгуулж, Пик Пак Ворлдвайд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Оргил, Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал С.Дашдорж, Жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбооны ТУЗ-ийн дарга С.Цэвэгмэд нар мэдээлэл хийв.
Хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 17-ны өдөр “Монгол, Японы логистикийн хэлхээ холбоог сайжруулах нь” семинар Токио хотноо зохион байгуулж, төр хувийн хэвшлийн 80 орчим төлөөлөгч оролцов. Элчин сайд Б.Баярсайхан тус семинарыг нээж хэлсэн үгэндээ “далайд гарцгүй Монгол Улсын хувьд Япон Улстай эдийн засаг, худалдааны харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд тээвэр, логистикийн салбарын гүйцэтгэх үүрэг үе үеийн үед чухлаар тавигдаж ирсэн, нэн чухал сэдэв юм. Түүний дотор Монгол, Япон хоёр улсын хооронд далай, газраар зохион байгуулж буй тээвэр, логистикийн үйл ажиллагаанд БНХАУ, ОХУ, БНСУ зэрэг бүс нутгийн бусад улстай үйл ажиллагаагаа уялдуулах шаардлага үүсдэг. Агаарын салбарын тухайд, Япон Улсын хөнгөлттэй зээлээр баригдсан Монгол Улсын Улаанбаатар хотын олон улсын нисэх буудал нь бүс нутгийн агаарын тээвэр, логистикийн зангилаа төв болж хөгжих бүрэн боломжтой гэж бид үздэг. Энэхүү нисэх буудлын өргөтгөл, дэд бүтцийн хөгжлийг эрчимжүүлэх яриа хэлэлцээ хоёр талын хооронд эхэлж буй энэ цаг үед энэхүү семинар зохион байгуулагдаж байгаа нь өндөр ач холбогдолтой юм. Агаарын ачаа тээврийн тогтмол нислэгийг бий болгох, агаарын ачаа тээврийг хүлээн авах агуулахын хүчин чадлыг өргөжүүлэх асуудалд онцгойлон анхаарах шаардлага бидэнд бий” гэж онцлон дурдав.
Тус семинарт Япон Улсын тээвэр, аялал жуулчлалын судалгааны хүрээлэн УЗ-ийн дарга Үэхара Жүн “Дэлхийн логистикийн өнөөгийн байдал ба хөгжлийн чиг хандлага” сэдвээр, Япон Улсын газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны Тээвэр логистик, автомашины газрын дэд дарга Кимүра Масарү “Японы дотоодын логистикийн өнөөгийн байдал ба хөгжлийн чиг хандлага” сэдвээр, Класс Трейдинг ХХК-ны захирал Ц.Жүгдэрням “Монгол Улсаар дамжин Төв Ази, Европ руу хүрэх тээвэр логистикийн боломж” сэдвээр, Мон Айр Жапан ХХК-ны Гүйцэтгэх захирал Б.Тэмүүжин “Монгол Японы агаарын тээвэр логистикийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдвээр, Коожицү ХХК-ны Гүйцэтгэх захирал Бэппү Наоки “Монгол Японы далай газрын тээвэр логистикийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдвээр тус тус илтгэл тавьж, панел хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүд энэ сарын 18-20-ны өдрүүдэд Япон Улсын Парламентийн Төлөөлөгчдийн танхим дахь Япон,Монголын найрамдлын бүлгийн дарга А.Нагашима тэргүүтэй бүлгийн гишүүд, Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд А.Икүина, Япон Улсын газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны дэд сайд Я.Фүрүкава, “Ниппон сан”-гийн тэргүүн Ё.Сасакава нартай албаны уулзалт хийж, Нарита, Ханэда нисэх онгоцны буудлуудуудын ачаа тээврийн хэсэг, Ёкохама порт, Эс-Би-Эс компанийн хүйтэн хэлхээ, робот технологийн агуулахууд, Токио хотын аж үйлдвэр, технологийн коллеж зэрэгтэй очиж танилцав. Энэ удаагийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Х.Чиба тэргүүнтэй “Азийн хүний хөгжлийн төв” ТББ оролцов.
Хөтөлбөрийн тайлангийн уулзалтыг 3 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод хийх бөгөөд тус ЭСЯ "Монгол Улсын Парламентын залуу гишүүдийг Япон Улстай танилцуулах хөтөлбөр"-ийг “Ниппон сан”-тай хамтран цаашид жил бүр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-о0о-