МОНГОЛ УЛС, ЯПОН УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 53 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 53 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Эрх чөлөө, ардчилал, хуульт ёсыг дээдлэх нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улс, Япон Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эдүгээ “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд шат ахиж, өргөжин бэхжиж байна.
Дипломат харилцаа тогтоосноос хойш 1990-ээд оныг хүртэл хоёр орны улс төрийн харилцаа хэдийгээр хумигдмал байсан ч харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндэс суурь тавигдаж, найрамдал, олон нийтийн байгууллагуудын идэвх санаачилга энэ үеийн хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг.
Монгол Улсад ардчилсан өөрчлөлт, шинэчлэлт эхэлсэн 1990-ээд оноос эхлэн Монгол, Японы харилцаа эрчимтэй хөгжлийн үе рүү шилжсэн. Манай улсад тулгарсан шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад Япон Улсын Засгийн газар, японы ард түмэн хамгийн эхэнд дэмжлэг туслалцаа үзүүлэхийн сацуу олон улсын түвшинд Монгол орны хөгжил, шинэчлэлийг дэмжигчдийн эгнээг манлайлж ирснийг бид өндрөөр үнэлж, ямагт талархаж явдаг.
Манай хоёр улсын найрамдалт харилцаа, эрхэм түншлэл ийнхүү гүнзгийрэн хөгжихөд дулаан сэтгэл, уйгагүй зүтгэл үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, ойн баярын мэнд хүргэе.
Түүнчлэн манай хоёр улсын харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэх нэгэн чухал үйл явдал удахгүй болох гэж байна. Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар энэ зун Монгол Улсад залрахаар төлөвлөж буй тухай Япон Улсын Засгийн газраас өнгөрсөн сард олон нийтэд зарлаад байна. Тус айлчлал нь Япон Улсын Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нарын Монгол Улсад хийх анхны төрийн айлчлал юм.
Монгол Улс, Япон Улсын Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл манай хоёр улсын язгуур эрх ашиг, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын тусын төлөө улам бүр хөгжин цэцэглэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.