МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Б.БАЯРСАЙХАН НАРА МУЖИД АЖИЛЛАВ.
Элчин сайд Б.Баярсайхан 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Нара мужийн Тэнри хотын дарга К.Намикаватай уулзав. Уулзалтаар Монгол, Японы орон нутаг хооронд соёл, спорт, эдийн засгийн харилцааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Тэнри хот нь 1954 онд байгуулагдсан 86.42 км2 газар нутагтай, 59,917 оршин суугчтай, шашны нэрээр нэрлэгдсэн Японы цорын ганц хот юм.
Элчин сайд Б.Баярсайхан Нара муж дахь албан томилолтын хүрээнд Нара Парк аялал жуулчлалын тусгай бүсийн үйл ажиллагаатай танилцлаа. Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Нара мужийн Нара Паркыг 2013 онд анх удаагаа аялал жуулчлалыг сэргээх иж бүрэн тусгай бүс болгон зарласан.
Энэхүү аялал жуулчлалын тусгай бүсийн зохицуулалт нь тухайн бүсийн эдийн засгийг эрчимжүүлэх, бүсийн сэргэлтэд аж ахуй нэгжийг татан оролцуулах, хувийн хэвшлийг бодлогоор дэмжих, паркын үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэх, эдийн засгийн үр нөлөөтэй төсөлд бага хүүтэй зээл олгох, жуулчдын хандиваар бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах гэх мэт улсын хэмжээний нийтлэг зохицуулалтаас ялгаатай бодлого, менежментийг нэвтрүүлдэгээрээ онцлог юм.
Нара Парк аялал жуулчлалын тусгай бүсэд байрлах 1000 гаран жилийн түүхтэй Касүмино сүм, Дайбүцү бурхан багшийн хөшөө, олон улсын хурал, семинар хийх Ноа танхим зэргийг зорин жилд дотоод, гадаадын 12 сая хүн ирдэг аж. Мөн тус паркад 1300 толгой буга, янзага олон зуун жилийн туршид хүнтэй ээнэгшин, аялал жуулчлалын нэг төрлийн брэнд бүтээгдэхүүн болсоор байна.
Монгол Улсын Засгийн газрын аялал жуулчлалыг дэмжих “Go Mongolia” бодлогын хүрээнд тус аялал жуулчлалын тусгай бүсийн сайн туршлагыг судлах, амжилттай хэрэгжиж буй арга хэмжээг загвар төсөл болгон хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжийг судлахаар ярилцаж тохиров.