МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Б.БАЯРСАЙХАН ЧИБА МУЖИЙН ШИРАКО ХОТОД АЖИЛЛАВ
Элчин сайд Б.Баярсайхан 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Чиба мужийн Ширако хотын дарга Иши Казүёшигийн урилгаар тус хотод ажиллалаа. Ширако хотын дарга К.Иши болон Иргэдийн хурлын дарга Т.Үмэзава тэргүүтэй хотын удирдлагуудтай Монгол-Япон хоёр орны хооронд орон нутгийн харилцааг өргөжүүлэх, цаашид аялал жуулчлал, боловсрол, спорт, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.
Ширако хот нь Чиба мужийн зүүн хэсэгт байрладаг ба 1955 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан 70 жилийн түүхтэй хот юм. Хот нь Ширако гэдэг сүмийн нэрээр нэрлэгдсэн ба тус сүм нь хотын аялал жуулчлалын зорин очих газруудын нэгд тооцогддог. Хотын хэмжээнд нийт газрын теннисийн 300 талбай байдаг ба теннисийн талбайн тоогоороо Японд нэгдүгээрт ордог тул Ширако хотыг газрын теннисийн өлгий нутаг гэж нэрлэдэг.
Ширако хот нь Номхон далайн эргийн хот тул далайн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны тариалалтаас эдийн засгийн эргэлтийг бий болгодог. Ялангуяа, өнгөрсөн хугацаанд сонгино, улаан лооль тариалалтыг бодлогоор дэмжин, сонгино тариалалтыг тусгайлан хөгжүүлснээр нутгийн брэнд бүтээгдэхүүн болгожээ. Ширако хотод үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүнийг зорин ирж авах үйлчлүүлэгч олон аж. Тус хотын Химавари ханган нийлүүлэлтийн төв нь нутгийн үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүнийг дундын зуучлагчгүйгээр эцсийн хэрэглэгчдэд худалдан борлуулдагаараа онцлогтой.
Цаашид тус хоттой газрын теннисийн чиглэлээр хүүхэд залуучуудыг сургах, хамтарсан тэмцээн зохион байгуулах, хөдөө аж ахуйн чиглэлээр сонгино, улаан лооль тариалалтыг чанаржуулах хүрээнд хамтран ажиллах боломж харагдаж байна.