images

МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД Б.БАЯРСАЙХАН ХИГАШИКАВА ХОТОД ТАНИЛЦАВ

Үйл явдлын мэдээ

2025-06-24

43

Элчин сайд Б.Баярсайхан 06 дугаар сарын 14-ний өдөр Хоккайдо мужийн Хигашикава хотын дарга Ш.Кикүчи болон хотын удирдлагуудтай уулзалт хийв. Уулзалтад Элчин сайд Б.Баярсайхан, Булган аймгийн Баян-Агт сумын Засаг дарга Б.Бямбажав, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн Газрын дарга Д.Мөнхжаргал болон Саппоро хот дахь Өргөмжит консул К.Такэүчи нар байлцаж, бүсчилсэн хөгжлийн хүрээнд орон нутаг хоорондын харилцааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Элчин сайд Б.Баярсайхан Хигашикава хотод ажиллах үеэр Хигашикава хот, Биэй хот, Хигашикагура хотуудын дундын хог ангилан ялгах, боловсруулах “Ширакаба хог цэвэрлэгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцав. Тус төв нь гурван хотын хогийг ангилан ялгаж, анхан шатны боловсруулалтад оруулдаг ба өдөрт 75 тн хог шатаах хүчин чадалтай бөгөөд мөн “Рисайкл плаза” байгууламжид ундаа, пивоны лааз, шил гэх мэт өдөрт 20 тн хатуу хог хаягдлыг дахин боловсруулж байна.

Тус хотод ажиллах үеэр Элчин сайд Б.Баярсайхан Бүх Японы Гоймонгийн холбооны Ерөнхийлөгч Ш.Накатанитай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон хоолны соёлыг Монгол Улсад сурталчлах, иргэдийг эрүүл мэндэд зориулсан монгол-япон хоолны хосолмол төрлийг бий болгох боломжийн талаар санал солилцов. Булган аймгийн Баян-Агт сумын Засаг дарга Б.Бямбажав орон нутгийн иргэдийг япон үндэсний хоолтой танилцах хүрээнд соёл, аялал жуулчлалын хамтарсан арга хэмжээг тус суманд зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Ерөнхийлөгч Ш.Накатанид илэрхийлэн, Баян-Агт сумын 100 жилийн ойд хүрэлцэн ирэхийг урив.

Хигашикава хот нь Хоккайдо мужийн төв хэсэгт оршдог ба 1897 оноос засаг захиргааны хамгийн бага нэгж болж байгуулагдсан, нийт 8712 хүн амтай. 2021 онд хүн амын тоогоороо Хоккайдо мужид тэргүүлсэн хот аж. Мөн Хигашикава хот 1985 онд дэлхийд ховор “Гэрэл зургийн хот”, 2014 онд “Гэрэл зургийн соёлын хот” болж, гэрэл зургаар дамжуулан илүү сайхан хотыг бий болгон хөгжсөөр байна. Сүүлийн жилүүдэд Япон Улсын өнцөг булан бүрээс тус хотыг зорин шилжин ирэх хүний хөдөлгөөн нэмэгдэж байна.