images

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Техник, технологийн дээд сургуулийн харьяа “Монгол Коосэн” технологийн коллежид зочиллоо.

Үйл явдлын мэдээ

2025-07-10

11

Эзэн Хаан Нарүхито коллежийн механик инженерчлэлийн ангиар зочлон багш, сурагчидтай уулзаж, чөлөөт ярилцлага хийлээ.

“Монгол Коосэн технологийн коллеж” нь Японы “коосэн” технологийн коллежийн хөтөлбөрийг загвар болгон технологи, инженерийн сургалт, судалгаа, аж үйлдвэрлэлийн салбарт “ноу-хау” нэвтрүүлдэг. Суурь боловсролтой хүүхэд, залуучуудыг 5 жилийн хугацаанд сургаж инженер бэлтгэдэг юм.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотноо ШУТИС-ийн харьяа “Технологийн коллеж”, “Монгол Коосэн технологийн коллеж”, “Шинэ Монгол технологийн коллеж” гэсэн гурван “коосэн” байдаг.Мөн Дархан-Уул, Орхон, Өмнөговь аймагт гурван “коосэн” үйл ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуульд зочиллоо. Японы Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн буцалтгүй тусламжаар 2017-2021 онд “Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах” төсөл хэрэгжсэн.

Энэ хүрээнд Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт 149, 75 дугаар сургуулийг шинээр барьж, Налайх, Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 109, 53 дугаар сургуулийг өргөтгөөд байна.

149 дүгээр сургууль нь 18 анги, танхимтай, 720 хүүхдийн хүчин чадалтай. Сургуулийн барилга, байгууламжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй, зорчиход саад бартаагүй байхаар төлөвлөсөн, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй тул гамшгийн үед түр хорогдох байр болгон ашиглах боломжтой юм.

Эх сурвалж: Монгол Улсын Гадаад харилцааны яам