images

Кюүшү бүсийн Фүкүока мужид Монгол Улсын Өргөмжит консулаар Скай медикал группийн Ерөнхийлөгч Миишо Ёшихико томилогдов

Үйл явдлын мэдээ

2026-05-29

31

Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан 2026 оны 05 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Кюүшү бүсийн Фүкүока мужийн Фүкүока хотод ажиллаж, Өргөмжит консулын газрын үйл ажиллагааг эхлүүлэв.

Элчин сайд Б.Баярсайхан Фүкүока дахь Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсон Скай медикал группийн Ерөнхийлөгч Миишо Ёшихико-д Гадаад харилцааны яамны гаргасан шийдвэрийг танилцуулж, Өргөмжит консулын патент, тамгыг гардуулан өглөө.

Өргөмжит консул Миишо Ёшихико албан ёсны үйл ажиллагаа эхэлж буйтай уялдуулан хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав. Тус арга хэмжээнд Хойд бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Хатояма Жиро, Фүкүока мужийн дэд захирагч Үэда Тэцүко, Нагасаки мужийн Мацү-Үра хотын дэд захирагч Ёшихиро Татэиши нар хүндэт зочноор уригдав.

Мөн энэ үеэр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичигийн захидал-мэндчилгээ, Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү, Япон Улсын Парламентийн төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга Нагашима Акихиса нар цахим мэндчилгээ дэвшүүлэв.

Япон Улсын Аичи, Токүшима, Тояма, Хоккайдо, Хирошима, Нийгата, Фүкүока мужуудад Монгол Улсын Өргөмжит консулууд ажиллаж, Монгол-Япон хоёр улсын боловсрол, соёл, спорт, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбар болон бүс орон нутаг хоорондын хамтын ажиллагааг дэмжин, хоёр улсын харилцааны гүүр болж байна.