Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын Байгаль орчны дэд сайд Ш.Аояма-тай уулзав.
Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Япон Улсын Байгаль орчны дэд сайд Ш.Аояма-тай уулзаж, Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Найдалаагаас түүнийг Монгол Улсад албан ёсоор айлчлан ирэхийг хүссэн урилгыг гардуулах ялдамд цаг үеийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.
Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын Байгаль орчны дэд сайд Ш.Аояма-д Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандын айлчлалын үеэр яригдсан сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр тодорхой саналуудыг тавьсан бөгөөд цаашид бодит ажил хэрэг болгох нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Японы тал Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүчний салбарт дэмжлэг үзүүлэн, хамтарч ажиллахад таатай байгаагаа илэрхийлэв.

Дэд сайд Ш.Аояма JCM буюу Хамтарсан кредит олгох механизмын тал дээр хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлж, энэ сарын 30-ны өдөр JCM-ийн талаарх мэргэжилтнүүдийн түвшний уулзалт болох бөгөөд JCM хэрэгжээд эхэлбэл хоёр орны хувийн хэвшлүүд идэвхжихийг онцлов.
Мөн түүнчлэн Элчин сайд Б.Баярсайхан энэ оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурал “СОР17” уулзалтын үеэр Япон Улсаас өндөр түвшинд төлөөлөгч оролцуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэв.