images

“Миний монгол сургууль” 10 жилийн ойгоо тэмдэглэв

Үйл явдлын мэдээ

2026-06-23

26

Япон Улсад оршин суугаа Монгол хүүхэд багачуудад эх хэл, үндэсний өв соёл, ёс заншил, түүх уламжлалаа өвлүүлэн сургах ариун үйлсийг тууштай эрхэмлэн хэрэгжүүлж ирсэн “Миний Монгол” сургууль үүсэн байгуулагдсаны түүхэн 10 жилийн ойн баярыг тус ЭСЯ-нд тэмдэглэн өнгөрүүлэв.

Консулын хэлтсийн дарга бөгөөд Зөвлөх Л.Даваажаргал ойн баярыг нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Япон Улсад 21 мянга гаруй Монгол Улсын иргэн оршин сууж байгаагийн дотор 5 мянга гаруй хүүхэд өсөж, хүмүүжиж байна. Дэлхийн аль ч өнцөгт амьдарч байгаа хүүхэд бүрийн зүрх сэтгэлд Монгол орноо гэсэн хайр, монгол хүн гэдгээрээ бахархах бахархлыг төлөвшүүлэх, монгол хүүхдүүдийг эх хэлээрээ ярьж, монгол ахуй, өв соёл, үндэсний үнэт зүйлээ мэддэг, эх орноороо бахархдаг монгол хүн, Монгол Улсын иргэн болон төлөвшүүлэх нь төр болон иргэдийн хамтын үүрэг хариуцлага, зорилго болж байгаа билээ. Энэхүү эрхэм хүндтэй зорилгыг хэрэгжүүлэх үйлсэд “Миний Монгол” сургууль 2016 оноос хойш өнгөрсөн арван жилийн хугацаанд үнэтэй хувь нэмэр оруулж, Токио, Чиба, Сайтама, Цүкүба зэрэг бүс нутагт салбар сургуулиа байгуулж, Япон Улсад өсөж торниж буй олон арван хүүхдийг хамарсан танхимын болон цахим сургалтыг явуулж, сургалтын өөрийн онцлог бүхий арга барил, хөтөлбөр боловсруулан төлөвшүүлж, эх хэл, соёл, түүх, ёс заншлаа өвлүүлэн сургах үйлсэд тасралтгүй хүчин зүтгэж ирсэнд талархал илэрхийлж байна” гэв.

Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын "Талархлын бичиг”-ийг энэхүү арга хэмжээнд оролцсон “Миний монгол сургууль”-ийн захирал Б.Наранхүү, Боловсролын тэргүүний ажилтан, багш Б.Дэнсмаа, багш З.Бүжин, багш Ж.Аззаяа, Эцэг эхчүүдийн зөвлөлийн дарга Ч.Дэжээхүү, “Миний монгол сургууль”-ийн захиргаанд тус тус “гардуулан, баяр хүргэв. “Миний монгол сургууль”-ийн үе үеийн төгсөгчид, эцэг эхчүүд, одоо суралцаж байгаа хүүхдүүд хүрэлцэн ирж, хүүхдүүд өөрсдийн сурсан монгол дуу, шүлэг, монгол ардын бүжиг бүжиглэж, морин хуур, ятга зэрэг хөгжим дарж, хүрэлцэн ирсэн зочдод бэлэг барив.