МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ДЭРГЭДЭХ МОНГОЛ ИРГЭДИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ БОЛЛОО
"Монгол иргэдийн зөвлөл"-ийн ээлжит уулзалт 2026 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ЭСЯ-ны байранд болов.
2025 оны 11 дүгээр сарын 24-ний Даваа гарагт Япон Улсад үйл ажиллагаа явуулдаг монголчуудын үүсгэн байгуулсан нийгэмлэг, холбоо, клуб, төрийн бус байгууллагуудын чуулга уулзалт болж, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын дэргэд “Япон Улс дахь Монгол иргэдийн Зөвлөл”-ийг байгуулсан билээ.

Япон дахь монгол иргэдийн Зөвлөл нь Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад зөвлөх эрхтэй байгууллага байх бөгөөд Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн аюулгүй байдал, эрх ашгийг нь хамгаалах, Япон дахь монголчуудын байгуулсан нийгэмлэг, холбоо, клуб, төрийн бус байгууллага зэрэг монгол иргэдийн байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог сайжруулах, хоорондын ажлын уялдаа, хамтын ажиллагааг дэмжих, гамшгийн үед болон онцгой нөхцөлд авах арга хэмжээг хамтран зохион байгуулахад оршино.

Өнөөдрийн ээлжит уулзалтаар Элчин сайдын яамнаас эрхлэн хийж буй “Аюулгүй байдлын гарын авлага”-ын тухай, гамшиг, гэмт хэрэг, онцгой байдлын үед иргэдийн зүгээс авах арга хэмжээний тухай Зөвлөлийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын үйл ажиллагааны чиглэлийн талаар санал солилцон, салбарт чиглэсэн дэд хороодыг үүсгэн байгуулах хурал хийлээ. Үүнд, Хөдөлмөр эрхлэх, нийгмийн хамгааллын дэд хороо, Боловсрол, соёл, залуучуудын дэд хороо, Гамшиг, онцгой байдлын үеийн хамтын ажиллагааны дэд хороо зэрэг хороод байгуулагдав. Үүний дараа Дэд хороод хуралдаж, цаашдын үйл ажиллагааны санал солилцов.
