Япон дахь Монгол Улсын Өргөмжит консулуудын зөвлөгөөн зохион байгуулагдав
Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан 6 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Япон дахь Өргөмжит консулуудын ээлжит бус зөвлөгөөнийг зохион байгуулав.

Монгол Улсын Өргөмжит консулуудын зөвлөгөөнийг жил бүрийн сүүлээр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Харин энэ оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр Токио дахь Элчин сайдын яамны бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орж шинэчлэгдсэнтэй холбогдуулан Өргөмжит консулуудад шинэ бүрэлдэхүүнийг танилцуулах, хугацаа дуусаж буй албан хаагчдад талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, ажлын уялдаа холбоог сайжруулах асуудлыг хэлэлцэв.
Тус зөвлөгөөнд Токүшима, Кюүшү-Окинава, Нагоя, Хирошима, Нийгата дахь Өргөмжит консулууд болон бие төлөөлөгчид хүрэлцэн ирж, харин Тояма, Хирошима, Хоккайдо дахь Өргөмжит консулын газруудаас цахимаар тус тус оролцов.

Зөвлөгөөний үеэр Элчин сайд Б.Баярсайхан Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Ш.Каваүчи Монголын Үндэсний Олимпын Хорооноос “Аичи-Нагоя 2026 Азийн тэмцээн”-ийг дэмжиж ажиллах “Спортын атташе”-гаар томилогдон, монголын баг тамирчдыг Япон Улсад хүлээн авах, бэлтгэл сургуулилт хийлгэх, байр сууцаар хангах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, мэргэжлийн их дээд сургуулиудтай хамтран ажиллуулах зэрэг бүх талын туслалцаа үзүүлж хамтран ажиллахаар болсоныг танилцуулж, тус ажилд Японд суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудыг бүгдийг уриалж хамтран ажиллахыг хүссэн болно.
