ЯПОН ДАХЬ ЭЛЧИН САЙД НАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН СОЛИЛЦООНЫ СИМПОЗИУМ БОЛЛОО
Энэхүү симпозиум нь Японы Гадаад хүний нөөцийн хамтын амьдралыг дэмжих үндэсний холбоо-NAGOMI байгууллагын санаачилгаар зохион байгуулагдсан бөгөөд Японы шинэ гадаад хүний нөөцийн бодлогын хүрээнд “Гадаад ажилчдыг ажиллах хүч бус, зэрэгцэн хөгжих нийгмийн гишүүн” гэсэн үзэл баримтлалыг гол болгож, Япон болон хүний нөөц илгээгч орнуудын урт хугацааны хамтын ажиллагааг дүгнэн хэлэлцсэн олон улсын форум боллоо.

Энэ симпозиумын сэдэв:
“Гадаад иргэдтэй дэг журамтай зэрэгцэн орших нийгмийг бий болгох”
“Япон улс ба хүний нөөц илгээгч орнуудын хүний нөөцийн хамтын ажиллагаа” байв.
Японы Гадаад хэргийн дэд сайд Ивао Хорий болон Ерөнхий сайдын Гадаад иргэдийн бодлого хариуцсан зөвлөх Мидори Мацушима нар нээлтийн мэндчилгээ дэвшүүлж, NAGOMI байгууллагын дарга Такэбэ Цүтому симпозиумыг нээв.
Симпозиумд Монгол, Вьетнам, Индонез, Шри Ланк, Тайланд, Бангладеш зэрэг 6 улсын Элчин сайд нар оролцож, тус тусын улсынхаа хөдөлмөрийн бодлогын талаар илтгэл тавив. Мөн Японы Засгийн газар, парламентын гишүүд, дипломат корпус, хүний нөөцийн байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улсын Элчин сайд Б.Баярсайхан
Япон дахь монгол иргэдийн тоо эрс өсч, 2025 оны эцсийн байдлаар 21,186 болсоны 3,300 гаруй хүн ур чадварын дадлагажигч болон тусгай ур чадвартай ажилтан тогтолцоогоор ажиллаж байна.
Монгол залуус Японд эзэмшсэн мэдлэг, технологи, ажлын туршлагаа эх орондоо авчирч хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байдаг.
Монголчуудын дасан зохицох чадвар, тэсвэр хатуужил, хамтын ажиллагаанд тулгуурласан нүүдэлчин соёл нь Японы ажлын орчинд амжилттай ажиллах давуу тал болдог.
Монгол, Японы хүний нөөцийн хамтын ажиллагаа нь хоёр улсын стратегийн түншлэлийн чухал хэсэг болж байгааг онцлов.
Вьетнам
2025 оны эцсийн байдлаар Японд оршин суугаа вьетнам иргэдийн тоо 680 мянгаас давсан.
Вьетнам улс ур чадварын дадлагажигч болон тусгай ур чадварын хөтөлбөрийн хамгийн том хүний нөөц илгээгч орон хэвээр байна.
Индонез
Япон дахь индонез ажилчдын тоо 2023-2025 онд 121 мянгаас 228 мянга гаруй болж, 88 хувиар өссөн.
2025 оны байдлаар 87 мянга орчим индонез иргэн тусгай ур чадвартай ажилтан ангиллаар ажиллаж байна.
Шри Ланка
Хүний нөөцийн солилцоо нь эдийн засгийн өсөлтийг дэмждэг “хүний капиталд оруулж буй хөрөнгө оруулалт” гэж тодорхойлов.
Тайланд
Японд 41 мянга гаруй тай иргэн оршин суудаг, 18 мянга орчим хүн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна.
Бангладеш
Бангладешийн хүн амын талаас илүү хувь нь 35-аас доош насныхан байна.
Жил бүр ойролцоогоор 1 сая залуу гадаадад хөдөлмөр эрхлэх боломж хайдаг.
Гадаад ажиллах хүч Японы хөгжлийн зайлшгүй чухал хэсэг болов.
Япон Улсад 4 сая гаруй гадаад иргэн амьдарч байгаагаас 2.5 сая гаруй хүн ажил хөдөлмөр эрхэлж байна.
Япон Улсын хүн амын хөгшрөлт, ажиллах хүчний хомсдолоос шалтгаалан гадаад хүний нөөц нь Японы эдийн засгийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой гэж онцлов.
