МОНГОЛ УЛС, ЯПОН УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН СТРАТЕГИЙН V ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ТОКИО ХОТНОО БОЛОВ
Монгол Улс, Япон Улсын Гадаад харилцааны яамд хоорондын V зөвлөлдөх уулзалт 2026 оны 7 дугаар сарын 30-нд Японы эртний түүхт Камакүра хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Стратегийн зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин японы талаас Гадаад хэргийн Тэргүүн дэд сайд Х.Намазү нар тэргүүлж оролцов.
Уулзалтын эхэнд дэд сайд Г.Амартүвшин Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас эрдэнэт хүний амь нас эрсдэж, эд материалын ихээхэн хэмжээний хохирол учирсанд гүн эмгэнэл илэрхийлэв.
Талууд ээлжит Стратегийн зөвлөлдөх уулзалтаар Монгол, Японы “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, хоёр улсын харилцаа, ард түмнүүдийн ойр дотно байдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд Японы Цог жавхлант Эзэн Хаан Эрхэм дээд Хатны хамт Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нэн чухал байсныг онцлон тэмдэглэв.
Мөн түншлэлийн үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөрийг дэс дараатай хэрэгжүүлэх, улмаар цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, бүс нутаг болон олон улсын нөхцөл байдлын талаар санал солилцов.
Түүнчлэн 2027 онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэхийн ач холбогдлыг онцолж, ойг угтан хоёр улсын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөгжлийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын солилцоо зэрэг бүхий л чиглэлээр үр дүнтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар тохиролцлоо.